Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 221/BG2015/0458

 

С.Л-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-, А.С- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 357 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Л-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-ы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-25 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийндаргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-, О.Б- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын а-д зааснаар манай яамны бүтцэд өөрчлөлт орж тус яам нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болж өөрчлөн байгуулагдсан бөгөөд тус хэлтэс Санхүү, эдийн засгийн хэлтэс болсон, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын Орон тоо батлах тухай А-05 дугаар тушаалаар С.Л-гийн ажлын байрны орон тоо хасагдсан юм.

Гэсэн хэдий ч С.Л-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу өөр ажлын байр албан ёсоор санал болгон ажиллуулахыг хүссэн боловч тэрээр тэтгэмж аван ажлаасаа гарах хүсэлт гаргасан учир Төрийн нарийн бичгийн даргын дээрх тушаалаар ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 357 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хууль бус захиргааны акт болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-ы 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-25 дугаар тушаал-ыг хүчингүй болгож, С.Л-г 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан С.Л-гийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгож, С.Л-гийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийндаргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-, О.Б- нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 357 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн тайлбарыг үл хайхарсан, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б-39 дүгээр тушаалаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэнээр С.Л- анх ажилд орж ажиллаж байсан бөгөөд Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-25 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3 547 308 /гурван сая таван зуун дөчин долоон мянга гурван зуун найман/ төгрөгийг олгосон.

Учир нь Засгийн газар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоол батлаж, уг тогтоолын а-д зааснаар манай яамны бүтцэд өөрчлөлт орж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болж өөрчлөн байгуулагдаж, хуучин бүтцээр Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийг нь Санхүү, эдийн засгийн хэлтэс болгон өөрчилж Төсвийн тухай хуульд заасны дагуу бүтцийн өөрчлөлт хийгдсэн болно. Тус тогтоолд нийцүүлэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Орон тоо батлах тухай А-05 дугаар тушаал гаргасан.

Уг тушаалаар С.Л-гийн ажлын байрны орон тоо хасагдсан юм. Гол үндэслэл нь 2014 он дуустал Төсвийн тухай хуулиар Төвлөрсөн арга хэмжээ гэсэн төсвийн зардлын ангилал батлагдаж, мөрдөгдөж байсан бөгөөд 2015 оны улсын төсвийн тухай хууль 2014 оны 11 дүгээр сарын 15-нд батлагдахад уг Төвлөрсөн арга хэмжээ гэсэн төсвийн зардлын ангилал хасагдаж батлагдсан.

Ийм учраас С.Л-гийн хариуцан ажиллаж байсан төвлөрсөн арга хэмжээний зардал гэсэн ангилал байхгүй болсон тул Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор ажлын байрны чиг үүргийг давхардуулахгүй, төрийн байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтийг 15 хувиар цомхотгох, төсвийг хэмнэх үүргийг төрийн бүх байгууллагуудад өгөгдсөн билээ.

Гэсэн хэдий ч С.Л-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу өөр ажлын байр албан ёсоор ажил олгогчоос санал болгон ажиллуулахыг хүссэн боловч тэрээр тэтгэмж авч ажлаасаа гарах хүсэлт гаргасан /Энэ талаар хавтас хэрэгт нотлох баримт байгаа/ учир Төрийн нарийн бичгийн даргын дээрх тушаалаар ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон болно.

Төрийн нарийн бичгийн даргын дээрх шийдвэр нь хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 357 дугаар шийдвэрийг магадлан шалгаж хүчингүй болгон С.Л-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч С.Л-г ажлаас чөлөөлөх тухай Б-25 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан.

Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын 1-ийн а-д зааснаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам болж нэр болон зарим чиг үүргийн хувьд өөрчлөгдсөний дотор нэхэмжлэгчийн ажиллаж байх үед 7 орон тоотой байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс нь нэрийн хувьд Санхүү, эдийн засгийн хэлтэс болж харин бүтцийн хувьд 10 орон тоотой болж өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс болон албан тушаалын орон тоо нь хасагдаагүй, харин ч нэмэгдсэн, түүнчлэн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А-07 тоот тушаал[1], 2014 оны А-05 тоот тушаал[2], нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудас[3], ажлын байрны тодорхойлолт[4], нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалтай ижил чиг үүрэг бүхий ажлын байрны 2015 онд батлагдсан тодорхойлолт[5] зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч С.Л-гийн ажлын байр, орон тоо хасагдсан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэл болгон маргаан бүхий тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2015 оны улсын төсвийн

тухай хууль 2014 оны 11 дүгээр сарын 15-нд батлагдахад Төвлөрсөн арга хэмжээ гэсэн төсвийн ангилал хасагдаж батлагдсанаас С.Л-гийн хариуцан ажиллаж байсан төвлөрсөн арга хэмжээний зардал гэсэн ангилал байхгүй болсон ... Төсвийн тухай хууль, Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор ажлын байрны чиг үүргийг давхардуулахгүй, төрийн байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтийг 15 хувиар цомхотгох, төсвийн хэмнэх үүрэг төрийн бүх байгууллагуудад өгөгдсөн ч С.Л-д өөр ажлын байр ажил олгогчоос санал болгон ажиллуулахыг хүссэн боловч тэрээр тэтгэмж авч ажлаасаа гарах хүсэлт гаргасан тул ажлаас нь чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон... гэх тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь,

Засгийн газрын 147 дугаар тогтоолоор ...ажлын байрны чиг үүргийг давхардуулахгүй, төрийн байгууллагын орон тоо, бүтцийн өөрчлөлтийг 15 хувиар цомхотгох, төсвийн хэмнэх үүрэг төрийн бүх байгууллагуудад өгөгдсөн нь ажлын байрны орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүйн дээр хариуцагчаас хавтаст хэрэгт авагдсан утсаар бичсэн мессежийн хуулбар гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг зааж нэхэмжлэгч С.Л- ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж тайлбарлахаас өөрөөр түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нотлоогүй байна. Түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах байтал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдвал зохих нэмэгдэл баталгааг алдагдуулсан, төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй, хууль бус шийдвэр болсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тэрээр 11 сартай хүүхэдтэй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцээгүй талаар дүгнэж, мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу тооцож олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасантай нийцсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 72 дугаар тал

[2], Хавтаст хэргийн 29 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 48 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 57 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 64 дүгээр тал