Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

-улсын яллагч П.Даваасүрэн,

-шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дт холбогдох эрүүгийн 2034004390515 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилладаг, ам бүл 4, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Д.Д  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Пын биед нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Д нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Л.Пын мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, хохирогч Л.Паар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/, хохирогч Э.Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, хохирогч Э.Золжаргалаар таньж олуулах ажиллагаа хийлгэсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-32 тал/, шинжээч эмч И.Ганболорын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 тал/, шүүгдэгч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Д нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Пын биед нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт гэмтлүүд учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хохирогч Л.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22 цаг 30 минутын үед манай найз болох Э.Золжаргал бид хоёр гэртээ харих гээд Төв аймгийн Зуунмод сумын нутагт байрлах Од кабедийн хажуу талд байх харанхуй газар явж байхад араас үл таних 3 эрэгтэй хүн дуудаж зогсоогоод, хүрж ирээд тамхи байна уу гэж Э.Золжаргалаас тамхи аваад, гал асуугаад тэр гурван залуу намайг таних уу, би МСҮТ төгссөн намайг н.Пүрэвдаваа гэдэг, та хоёр аймгийнх юм уу, хэддүгээр анги юм, хаана сурдаг юм бэ гэж байсан. Бас нэг залуу нь яагаад халаасандаа гараа хийгээд пээдийгээд байгаа юм бэ гэж хэлээд нэг залуу нь нүдэн тус газар нэг цохиод араас нь нэг залуу нь үсэрч орж ирээд дахиад эрүү тус газар гараараа нэг удаа цохисон ба газар унасан байхад баруун талын гуя тус газар 2 удаа өшиглөсөн. Тэр залуу нь н.Даш гэсэн байх. Удалгүй та хоёр яв гээд Э.Золжаргал бид хоёр цааш явж байхад дахиад араас дуудаад тэр гурван танихгүй залуу Э.Золжаргалаас 10.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
  • Хохирогч Э.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би тухайн 3 залууг таньдаггүй байсан. Харин одоо харвал танина. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, миний биеийн байдал хэвийн байгаа, миний биед гэмтэл учраагүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Барзгар нүүртэй залуу надаас 10.000 төгрөг авсан юм. Хоёр пивоны мөнгө өгчих гээд байхаар нь айсандаа дахиж зодож, цохичих вий гэж бодоод өөрт байсан 10.000 төгрөгийг өгсөн юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
  • Хохирогч Л.Пын таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 тал/,
  • Хохирогч Э.Золжаргалын таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/,
  • “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-37 тал/,
  • Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Л.Пын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,
  • Шүүгдэгч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 300.000 төгрөг өгсөн санагдаж байна. Гомдол, санал байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Дын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Л.Пын биед “ зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт”  гэмтэл учруулсан Д.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Л.Пын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Д.Раднаарагчааг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Л.Пд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгч Д.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна. 

 

Шүүгдэгч Д.Дын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар нь ял шийтгэлгүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 23.1, 22.4.1, мөн хуулийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА