Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч Б.Амарзаяа, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батбаасангийн Амарзаяад холбогдох эрүүгийн 2107 00097 0217 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, халх, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо Уу булан Гялаан мөс 4-4а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

/РД:ИЦ80111018/, Тайж овогт Батбаасангийн Амарзаяа.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

Шүүгдэгч Б.Амарзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Гялаан мөс” гэх газарт 5963 УБИ улсын дугаартай Nissan Caravan маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 5963 УБИ улсын дугаартай Nissan Caravan маркийн тээврийн хэрэгслийн доор иргэн М.Батсүхийг унтаж байхад нь Б.Амарзаяа нь хөдлөхдөө дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Амарзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Урьд өдөр нь ахын тэжээлд нь явж өгсөн. Ахынхтай байнга харилцаатай байдаг байсан. Тэгээд урьд өдөр нь гэрийнх нь гадаа буулгах гэсэн боловч чи шатахуун түгээх станц явах гэж байвал цуг явъя гэсэн. Тэгээд буцаж ороод гаргахдаа дэлгүүрээс архи авсан. Тэгээд замдаа авсан архиа уугаад хоносон. Тэгээд өглөө босоод харихгүй бол гээд дэлгүүр ороод 1 шил архи уугаад больё гээд машин дотор уусан. Тэгээд ах айлын хүнтэй маргалдаад байсан. Эсвэл гэртээ хариад ууя гэсэн чинь загнана гээд айлаас холдож ууя гээд явсан. Тэгээд ууж байгаад тасарсан. ... босоод хаалга онгорхой байхаар нь хаалгаа хаагаад хөдөлсөн. Ах тэр үед тэр хавьд хэдэн айл байсан. Тийш ээ явна гээд байсан. Тэгээд гэртээ очоод унтаж байгаад орой сэрээд байж байсан чинь тэр ойрхон байсан айлын хүн над руу залгасан. Тэгээд очиход өнгөрсөн байсан болохоор цагдаа дууд гээд цагдаа дуудсан...” гэв.

 

Хохирогч Б.Бат-Оргил нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хамгаалалтад гарч байсан. Тэгээд Азчулуун над руу залгаад аав чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тухайн үед хэргийн газар очоод эмнэлгийн байгууллага руу залгаад байгаа байдлыг нь хэлэхэд нас барсан байна гэсэн. Тэгээд цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Мөн гомдолтой байна. Оршуулгын зардал болон материалыг жижиг худалдааны төвүүдээс авсан. Зарлагын баримтгүй зүйл маш их байгаа. Эдийн засгийн хувьд маш их хохиролтой байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-16/,

Хохирогч Б.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл орой 18 цагийн үед байх харуулын байран дээрээ байж байтал Азчулуун над дээр харуулын байран дээр ирээд аав чинь өнгөрсөн байна гэхээр нь би шууд өөрийнхөө машинтай Азчулууны араас дагаад Гялаан мөс нэртэй газар иртэл Азчулууны гэрээс баруун хойно 20-с 30 метрийн зайтай талийгаач газар хэвтсэн цээж нүцгэн бие нь хөхөрсөн, ташаанаас нь цус гоожсон байдалтай, цээжний эргэн тойронд нь гүн хөхрөлттэй, баруун духнаас нь баруун шанаа хүртлээ нэлээн гүн хөхрөлттэй, баруун чихний урд талдаа нэлээн гүн шархтай байдалтай, доод уруулын баруун хэсэг нь сэтэрсэн 2 гар нь цус болсон, толгойн орой хэсэгт нь юмаар хатгасан юм уу гэмээр цоорсон байдалтай Амарзаяа хажууд нь зогсож байхаар нь би шууд эмнэлэг рүү залгахад надаас байгаа байдал шинж тэмдгүүдийг нь асуугаад зүрхний цохилтыг нь асуухаар нь зүрх нь цохилохгүй, судас мэдрэгдэхгүй байна гэдгийг хэлэхэд нас барсан байна шууд цагдаад дуудлага өг гэж хэлсэн...” /1-хх-41/ гэх мэдүүлэг,

 

Гэрч В.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө малдаа тэжээл авчрахаар хамт нутагладаг Амарзаяагийн хамт түүний цагаан өнгийн микро автобустай Улаанбаатар хот руу 06 цагийн үед явсан. Ингээд 10 цагийн үед талийгаач руу залгахад Улаанбаатар хотод тэжээлийн үйлдвэр дээр байна мөнгө төгрөгөө тушаасан, тэжээлээ ачих гээд хүлээгээд байж байна гэхээр нь утсаа тасалсан. ... Өглөө босоод иртэл талийгаач ирээгүй байхаар нь босоод үнээ малаа саачхаад талийгаач руу 11 цагийн үед залгахад мөн адил холбогдохгүй байхаар нь 14 цагийн үед дахиад талийгаач руу залгахад утсаа авахгүй байхаар нь Амарзаяа руу залгахад мөн адил утсаа авахгүй байхаар нь дахин дахин залгахад таслаад байхаар нь орхисон.  Тэгээд 18 цагийн үед үхэр малаа оруулах гээд байж байтал миний утас дуугарахаар нь аваад ярихад Амарзаяа байсан ба Батсүхийн бие муу байна гэхээр нь чи чинь одоо юу яриад байна аа, хамт явчхаад юу яриад байгаа юм гэсэн чинь доор улаан байшингийн ард байна хүрээд ир гэхээр нь утсаа таслаад шууд явган алхаад яваад очтол талийгаач газар дээшээ хараад хэвтсэн байдалтай хажууд нь Амарзаяа, талийгаачийн хүү Бат-Оргил, дүү Пүрэвдорж нар байсан. Тэгээд би Амарзаяагаас юу болоод байна аа, чи зүгээр гэрээс дагуулаад гарсан биз дээ гэж асуухад өдөр нь энд үлдсэн гэхээр нь чи яагаад хамт явчхаад дагуулаад гэрт нь авчраад өгөөгүй юм гэсэн чинь энд үлдээсэн юмаа, би орхиод явсан юм гэхээр нь би талийгаачийн биеийг хараад эмнэлэг болон цагдаа дууд гээд зогсож байтал удалгүй цагдаа нар ирсэн...” /1хх-43/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Баачка Амарзаяа нарын хамт архи уугаад зогсож байсан чинь манай хүү Азчулуун гэрээс гарч ирээд архи уулаа гэж бид хэдийг загнасан. Тэгээд Амарзаяа Баачка хоёрыг яв гэсэн тэр хоёр машинтайгаа хөдлөөд явсан би гэртээ ороод унтсан. Тэгсэн орой харанхуй болсон байхад манай хүү Азчулуун “Баачка ах нас барсан байна” гэхээр нь би хаана нас барсан байна гэсэн чинь манай гэрийн хойно цагаан хашааны ард байна. Би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Миний үе мөч өвддөг учраас гарч очиж хараагүй...” /1хх-45/ гэх мэдүүлэг,

 

 Гэрч М.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би городокын гялаан мөс гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 08 ны өглөө 05 цагийн орчим ажлаа хийхээр боссон.  Өглөө босоод гараад харахад манай байрлаж байссан хашааны урдхан талд Амараа гэх танил залуугийн цагаан өнгийн  микроавтобус шиг автомашин нь үерийн далангийн шаварт суучихсан байсан. Надтай хамт байсан Дүгэрээ ах машиныг шавраас татаж гаргасан. ...Тэгээд тэр 2 ирж зогсоод бараг 1 цаг орчим болсон байх . ажлаа хийгээд м анзаараагүй орж гараад л явж байгаад өдөрхөн 14 цагийн орчимд болов уу усанд явахаар гарахад ямартай нөгөө шаварт суусан автомашин бол байж байсан. /хх-58/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн үед Амарзаяа над руу өөрөө залгаад шаварт суучхаад арай чүү нэг юм гарлаа, одоо очлоо, чи Гордокын төвд байдаг гэрт хэзээ очих юм гэхээр нь би ингэсгээд очно чи яах гээд байгаа юм, гэр орондоо ир битгий архи уугаад бай гэхэд одоо очноо гэж хэлээд тасалсан. Тэгээд би босоод Гордок орох гээд гэрээсээ гартал манай баруун талд байх Азчулууны гэрийн гадна Амарзаяагийн микро машин харагдахаар нь за гэр рүүгээ дөхөж яваа юм байна, удахгүй ирэх юм байлгүйдээ гэж бодоод өглөө, оройдоо сүүгээ айлд хүргэж өгч зардаг болохоор Гордокын төв рүү 09 цаг 30 минутын үед хөдөлсөн. ... гэр рүүгээ явж байтал Амарзаяагийн микро Азчулууны гэрийн хажуухнаас зам руу орж яваа харагдсан ба би араас нь яваад бараг зэрэг шахуу гэрийнхээ гадаа ирээд Амарзаяа машинаасаа буугаад надаас түрүүлээд гэр рүү орсон. Би араас нь ороход хүйтэн юм байна уу гээд ус уугаад миний авчирсан ундаанаас бас хэд балгаад шууд баруун талын орон дээр гараад хэвтээд унтаад өгөхөөр нь би бас зүүн талын орон дээрээ гараад хэвтээд манай хүүхдүүд хоол хийгээд байж байтал миний утас дуугарахаар нь авахад Азчулуун байсан. Батсүх ах сонин болчхож Амарзаяа байна уу гэхээр нь би унтаж байна гэхэд сэрээ дээ гэхээр нь очоод татаж сэрээгээд утсаа өгөхөд Азчулуун цаанаас нь энэ Батсүх ах сонин болчихож бараг явчихсан юм шиг байна гэж хэлэхэд Амарзаяа тэр дороо босоод шууд гараад машинаа унаад яваад өгсөн...” /1хх-55-56/ гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүргэн Амарзаяад миний эзэмшилд байдаг 5963 УБИ улсын дугаартай Ниссан караван маркийн тээврийн хэрэгслээ 2021 оны 06 дугаар сарын эхээр 2 бяруугаар бартер хийж зарсан. Би 2 бяруугаа заалгаад авсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. 5963 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч надаар яваа болохоос бүрэн гүйцэд Амарзаяа руу шилжсэн. Нэрээ шилжүүлэх гээд зав гарахгүй явсаар өнөөдрийг хүрсэн...” /1хх-70/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Азчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би гэр лүүгээ буцаж ороод шалаа угаагаад цаг орчмын дараа харахад Б.Амарзаяа, М.Батсүх хоёр манай гэрийн гаднаас хөдлөөд дахиад шаварт суусан байсан. Тэр хоёр машинтайгаа шавраас гарах гэж оролдож хэсэг хаазлаж байгаад 5 орчим минутын дараа машинаа унтраагаад чимээгүй болчихсон. Тэгээд би 10 орчим минутын дараа үхрээ хойшоо далан давуулах гээд туугаад явж байхдаа хартал Б.Амарзаяа, М.Батсүх хоёр машин дотроо унтаж байх шиг байсан. Тэгээд би нэг тугалаа аргамжчихаад дахиад тэр хоёрын машин руу хартал хоорондоо ямар нэгэн юм ярьж сонсогдсон зүйлгүй, унтацгааж байх шиг байсан. Тэрний дараа би гэр лүү ороод сүү хөөрүүлчхээд 11 цаг өнгөрөөд 12 болж байхад би үнс асгах гээд машины зүг хартал М.Батсүх машины зүүн талын урд талын суудлаас буугаад газар хэвтэж байсан. Би тэрийг хараад Батсүх ах халууцаад машинаас бууж байгаа юм байна даа гэж бодоод гэрүүгээ буцаад орсон. ... Тэгээд 2 цаг 30 минутын орчимд тэр мотокицольтой хүн буцаж ирээд тэр машины урд талд нэг хүн ёстой сайхан унтаж байна, халуун наранд хэцүүдэж байгаа байх гэж хэлчхээд хүйтэн цай уучхаад яваад өгсөн. ... би машиныхаа хагарсан дугуйг солиод эхнэр хүүхдүүдээ очиж авахаар болоод гарахад 17 цаг орчим болж байхад гарсан. Намайг гарахад Амарзаяагийн машин байхгүй болчихсон. Батсүх ах унтаж байгаад босох гээд ирээд Амарзаяа гээд дуудаад байсан. Тэгээд би хүүхдүүдээ авах замаараа худаг орж ус авчхаад хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд 18 цаг 30 минут орчим болж байсан яг тэр үед би гэрлүү явж байх замдаа Батсүх ахыг хартал нуруун дээр нь ялаа шавчихсан байх шиг байхаар нь би бараг нас барчихсан юм шиг байна гэж сэжиглээд хүүхдүүдтэй явж байгаа болохоор мэдээгүй юм шиг хажуугаар нь аяархан яваад ажиглатал амьсгалахгүй байх шиг байсан...” /1хх-61/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эхнэртэйгээ үхрээ хураахаар Азчулууны гэрийн хажуугаар явж байтал Азчулууны гэрийн ард одоо бодоод байхад 200 орчим метр зайтай хүн доошоо хараад хэвтсэн нуруу нь цус болчихсон хэвтэж байхаар нь юун хүн юм бол согтуу хүн л хэвтэж байна гэж бодоод зөрсөн. Ингээд үхэр дээрээ очоод буцаад яваад иртэл Азчулуун гэрийнхээ гадаа зогсож байхаар нь очоод энэ хэн хэвтэж байгаа юм гэхэд Батсүхийг байх түрүүн Амарзаяатай архи ууж байсан гэхээр нь нуруу нь цус болчихсон ямар ч хөдөлгөөнгүй байна даа гэхэд Азчулуун сандраад цагдаад мэдэгдье гээд цагдаагийн хэлтэс рүү залгахаар нь би ах нь явлаа гэж хэлээд хөдөлсөн...” /1хх-66/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед хүүхдүүдээ усанд оруулахаар мотоцикл дээрээ сундлаад Азчулууны гэрийн араар гараад явтал нэг цагаан микро шиг машин зогссон нэг хүн машины урд гуперийн доор сүүдэрт нь унтаж байгаа харагдсан ингээд хүүхдүүдээ усанд оруулчихаад 1 цаг орчим л болсон байх буцаад хажуугаар нь гараад явахад яг тэр байрандаа нөгөө машин зогссон доор нь нөгөө хүн унтаж байхаар нь Азчулууны гэрээр ороод танай хойно машин зогссон урд нь хүн унтаж байна гэхэд архи уусан хүмүүс юмаа, тэгэж байгаад босоод явах байлгүй гэхээр нь шууд гэрлүүгээ явсан... /1хх-68/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт:

  1. Талийгаач нь олон хавирганы хугарлын улмаас цээжний хөндийд цус хуралдаж, баруун уушги унаж /агааргүй болж/ нас баржээ.
  2. Талийгаачийн цогцост баруун 3,4,5,6-р хавирганы суганы шугмаар:”х шууд хугарал, зүүн 2,3,4,5-р хавирганы шууд бус хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн өгзгөнд шарх, толгойн хуйх, нүүр, цээж, баруун мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаа, баруун өгзөг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээжний урд болон хажуу талаас дарах, шахах, шахагдах үед бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.
  3. Талийгаач нь дээрх цээжний битүү гэмтлийн улмаас үхэлд хүржээ.
  4. Талийгаач нь дээрх гэмтлийн аваад хэсэг хугацааны дараа нас баржээ.
  5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  6. Талийгаачийн цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
  7. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Талийгаачийн цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна...” /1хх-78-79/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторийн ахлах шинжээч Б.Галбадрахын: ”2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1969 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Эрээн хагас ханцуйтай цамц 125мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, эрээн хагас ханцуйтай цамц 1x1 мм, 1х2мм, саарал өмд 7х9мм дулаан илчийн үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлт, эрээн хагас ханцуйтай цамц 90мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, эрээн хагас ханцуйтай цамц 10x10 мм, улаан хагас ханцуйтай цамц 5х2мм, хөх дотоож 30х30мм, 15х15мм эдэлгээний явцад цооролт, саарал бэлтгэлийн өмд 25мм, ногоон алчуур 20мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэлт, ягаан дотуур өмдөнд гарсан 15х10мм гогдогдон татах хүчний үйлчлэлээр гарсан гогдолт гэсэн тус тус гэмтлүүдтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан гэмтлүүдийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үүссэн эсэхийг криминалистикийн шинжилгээний арга аргачлалаар тодорхойлох боломжгүй. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно” /1хх91-92/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3319 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Батбаасан Амарзаяа 41 нас эр” гэж хаягласан цусанд спирт илрээгүй” /1хх-92/ гэх дүгнэлт,

 

Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3320 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Амарзаяагийн гэх цус нь АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай байна” /1хх-94/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3318 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Амарзаяагийн гэх 10 ширхэг хумсан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” /1хх-98/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн    Шинжилгээний  Үндэсний    Хүрээлэнгийн   Тусгай  шинжилгээний

газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3295 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2 хэсэг марльд боосон өвс шорооны хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна” /1хх-118-119/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн    Шинжилгээний  Үндэсний    Хүрээлэнгийн   Тусгай  шинжилгээний

газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3296 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 79-34 УНЭ Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч талын хойд хаалганы гадна талаас авсан дээж гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр цус илрээгүй” /1хх-122/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3294 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн босоо захтай куртик, Улаан өнгийн фудболк, шар эрээн шоон хээтэй захтай цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, дотуур өмд, дотоож, эрээн хос оймс, цагаан өнгөтэй хос даавуу, хар өнгийн түрийтэй хос гутал, бор өнгийн түрийвч, цэнхэр өнгөтэй маск, ногоон иштэй хайч, улаан шонхор тамхины хайрцаг, шар өнгийн асаагуур тус бүрээс шатах тослох материалын агуулга илрэхгүй байна” /1хх-134-135/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээч Б.Гантуяагийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3242 дугаартай “ шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай 1.5 мл –ийн 2 ширхэг тюбэнд хийсэн эдэд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. №1, №2 дугаартай 1.5 мл –ийн 2 ширхэг тюбэнд хийсэн эдэд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач М.Батсүхийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна ” /1хх-151-152/ гэх дүгнэлт,

 

            59-63 Улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 155 р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3293 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футболка, шоотой шар ногоон өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цайвар ягаан өнгийн дотуур өмд, цэнхэр алаг өнгийн дотоож, хар эрээн өнгийн хос оймсон дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Шоотой шар ногоон өнгийн цамц, цайвар ягаан өнгийн дотуур өмд, цэнхэр алаг өнгийн дотоож дээрх цус нь АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн. Улаан өнгийн футболка, саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар эрээн өнгийн хос оймсон дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй. Ногоон алаг өнгийн куртик, түрийтэй хар өнгийн хос гутал, 59-63 УБИ улсын дугаартай автомашины урд хөндлөн тэнхэлгээс бэхжүүлсэн арчдас №1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн марль, 59-63 УБИ улсын дугаартай автомашины копудны суурь хөндлөвч төмөрнөөс бэхжүүлсэн арчдас №2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн марль, 59-63 УБИ улсын дугаартай автомашины арын бөгсний гол хэсгээс бэхжүүлсэн арчдас №3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн марль дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” /1хх-140-141/ гэх дүгнэлт,

 

Шинжээч С.Төгсбуяны мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэсэг хугацаа гэж хариулсан нь цаг хугацааны хэмжигдэхүүнээр үнэлэх боломжгүй учраас хэсэг хугацаа гэж хариулсан. Дээрх гэмтэлүүдийг аваад тодорхой буюу хэсэг хугацаанд ухамсарт үйлдэл хийх, ярих боломжтой. Архи хоол боловсруулах замаар орж ходоодонд орсоноос эхлээд цусанд 40-60 минутанд шимэгдэж 96-180 минутанд цусанд дээд хэмжээндээ хүрэх бөгөөд харин биеэс ялгарч гарах хугацаа нь согтууруулах ундааны хэмжээ, шинж чанараас хамаарч өөр өөр байдаг. Уусан спиртийн 90 хүртэлх хувь нь элгэнд задарч үлдсэн 10 орчим хувь нь өөрчлөгдөхгүй хэвээр шээс, хөлс, амьсгалаар гадагшилдаг. Задлан шинжилгээгээр талийгаачийн хэсэг газрын үзлэгт толгойн зулайн баруун талд хуйханд босоо байрлалтай зураасан хэлбэрийн 5см урттай хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, духны баруун тал, баруун шанаанд 10х5см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, баруун чихний урд талд 5x1 см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт гэмтлүүд байсан ба эдгээр нь амь насанд аюулгүй мөн зам бусад гэмтлүүдтэйгээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Талийгаачийн цогцост баруун 3,4,5,6-р хавирганы суганы шугмаарх шууд хугарал, зүүн 2,3,4,5-р хавирганы шууд бус хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн өгзгөнд шарх, толгойн хуйх, нүүр, цээж, баруун мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаа, баруун өгзөг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтэлүүд нь хөдөлгөөнтэй мохоо зүйлийн дарах, шахах, шахагдах үед бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдэх буюу тээврийн хэрэгсэлийн эд ангиудиас үүссэн байх боломжтой. Учир нь тээврийн хэрэгсэл нь өргөн учраас хүний биеийн толгой, цээж хэсэгт нэг зэрэг нэг хүчээр үйлчлэх боломжтой” /1хх-159/ гэх мэдүүлэг,

 

Эд мөрийн баримтаар тооцсон баримтын фото зургийн үзүүлэлт /1хх-140-141/,

 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-155-156/,

 

Налайх дүүргийн Цагдаагийн мөрдөгч С.Мөнхбаярын 2021 оны 09 дүгээр сарын 21 ны өдрийн №6 дугаартай мөрдөгчийн магадлагаанд:”Налайх дүүргийн 5 дугаар хороо Гялаан мөс нэртэй газар 2021 оны 07 дугаар сарын 08 ны өдөр М.Батсүх, Б.Амарзаяа нар нь 59-63 УБИ улсын дугаартай Ниссан караван маркийн тээврийн хэрэгсэл дотор архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж унтсан гэх үйлдэлд амь хохирогч М.Батсүх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.улмаар М.Батсүхийг тээврийн хэрэгслийн доор сүүдэрлээд унтаж байхад нь Б.Амарзаяа нь тээврийн хэрэгслийг жолоодоод хөдлөхдөө дайрч амь насыг нь хохироосон гэх үйлдэлд нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Амарзаяа нь МУ-н ЗХД-ийн 3.7 дахь хэсэгт заасан жолоочид дараах зүйлийг хориглоно.

а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа  хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох,

10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх  бүх  нөхцлийг хангана гэх заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна гэсэн магадлагаа /хх-160 р тал/,

 

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 202144 дугаартай дүгнэлт:

  1. Зам тээврийн осол болсон газар нь автомашин явахыг хориглосон газар биш байна. Замын хөдөлгөөнд оролцогчийг автомашинаар дайрсан уйлдэл нь зам тээврийн осол мөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгуй байдлын тухай хуулинд “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж заасан байна.
  2. Ниссан караван маркын 5963 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Амарзаяа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд “замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг гэж заасан. Талийгаач М.Батсүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” заалтыг зөрчин автомашин дор хэвтсэн нь аюултай нөхцөл байдал бий болгосон гэж үзэж байна.

  1. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь автомашинтай явж байхдаа архи хэрэглэсэн явдал юм. Ниссан караван маркын 5963 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Амарзаяа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт, талийгаач М.Батсүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “27.2. г/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон.
  2. Дүгнэлт гарах явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр илэрсэн зүйлгүй болно” /2хх-4-5/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Амарзаяа яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед анх бид 2 Гордокоос 1 шил хараа 0,5 литрийн архи авч тэрийгээ хувааж ууж дуусгаад дахиад 0,5 литрийн хараа нэртэй архи аваад ууж дуусгаад орой 22 цагийн үед дахиад 0,5 литрийн хараа нэртэй 2 шил архи аваад тэрийгээ уугаад машиндаа хоносон. Ингээд маргааш өглөө 06 цагийн үед босоод 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архиа уугаагүй унтсан байсан болохоор тэрийгээ задлаад уугаад дэлгүүр онгойхоор нь дахиад 0,75 литрийн хараа нэртэй архи авсан. Тэгээд тэр архиа задлаад ууж байснаа санаад байдаг тэрнээс хойш архиндаа согтоод юу болсон талаар мэдэхгүй байж байгаад нэг сэртэл ганцаараа машин дотор байж байхаар нь шууд хөдлөөд гэртээ очоод унтаж байтал утас дууграад сэртэл Азчулуун залгаад аваад ярихад талийгаачийг нас барсан гэдгийг хэлсэн. Азчулууны гэрийн гадна очоод 0,75 литрийн хараа нэртэй архийг задалсан. Тэгээд хэзээ Азчулууны гэрийн хойно очсоноо мэддэггүй. Тэгээд нэг сэртэл Азчулууны гэрийн хойно машин дотроо унтаж байхаар нь хартал талийгаач байхгүй байхаар нь гэр рүүгээ явсан гэж бодоод машинаа асаагаад хөдлөөд гэр рүүгээ явсан. Би хөдлөхдөө ойр орчимыг хараагүй. Шууд хөдөлсөн. Жолоочийн эсрэг талын хаалга онгорхой би өөрөө жолоон дээрээ сууж байсан. Тэгээд машинаасаа буулгүй шууд хаалгаа татаж хаагаад хөдөлсөн...”/1хх-173/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судална гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Гэрч Г.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэгсэн орой харанхуй болсон байхад манай хүү Азчулуун “Баачка ах нас барсан байна” гэхээр нь би хаана нас барсан байна гэсэн чинь манай гэрийн хойно цагаан хашааны ард байна. Би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Миний үе мөч өвддөг учраас гарч очиж хараагүй...” /1хх-45/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Азчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17 цагийн үед байх би усанд явах гээд яг гэрээсээ гараад явж байхад талийгаач хэвтээгээрээ гэхдээ гараараа тохойлдоод цээжээ өндийлгөх маягтай толгой нь доошоо унжсан Амарзаяа хайчсан бэ гээд үглэх маягтай дуудаад байсан. Тэгэхээр нь би одоо архи нь гараад сэргэж байгаа юм байна гэж ойлгоод шууд усанд яваад буцаад ирэхдээ талийгаачийн хажуугаар зөрөхдөө босоогүй юм байхдаа гэж бодоод лавлаад сайн хартал нуруун дээр нь баахан ялаа суусан байхаар нь би гайхаад амьд хүний нуруун дээр ялаа сууна гэж байхгүйдээ гэж бодоод сайн харах гээд зогсож байтал Ганхуяг ах улаан машинтайгаа ирээд энэ яасан хүн юм гэхээр нь талийгаачийг гэдгийг нь хэлээд өдөр архи уугаад согтуу унтаад байна гэж бодсон юм гэхэд Ганхуяг ах бас наадах чинь ямарч хөдөлгөөнгүй нэг л эвгүй байгаа юм биш үү гэхээр нь би бас харин тиймээ өнгөрсөн юм биш биздээ ерөөсөө цагдаа дуудья гээд тэр дороо цагдаа руу залгасан...2021 оны 06 дугаар сарын эхээр байхаа бас л хоёулаа архи ууж яваад Амарзаяагийн машинд талийгаач шээсэн гэж Амарзаяагийн эхнэр хэлж байсан. Би яг шээснийг нь хараагүй хоорондоо маргалдсан эсэхийг нь мэдэхгүй байна. Зүгээр урьд өмнө нь мэдүүлэг өгөхдөө тэр 2 хоорондоо маргах шалтгаан байгаа юу гэхээр нь урьд амна нь машинд нь шээж байсан гэдгийг сонссоноо л хэлсэн...”/1хх-64/ гэх мэдүүлэг,

Шинжээч С.Төгсбуяны мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...Задлан шинжилгээгээр талийгаачийн хэсэг газрын үзлэгт толгойн зулайн баруун талд хуйханд босоо байрлалтай зураасан хэлбэрийн 5см урттай хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, духны баруун тал, баруун шанаанд 10х5см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, баруун чихний урд талд 5x1 см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт гэмтлүүд байсан ба эдгээр нь амь насанд аюулгүй мөн зам бусад гэмтлүүдтэйгээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Талийгаачийн цогцост баруун 3,4,5,6-р хавирганы суганы шугмаарх шууд хугарал, зүүн 2,3,4,5-р хавирганы шууд бус хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн өгзгөнд шарх, толгойн хуйх, нүүр, цээж, баруун мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаа, баруун өгзөг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон” /1хх-159/ гэх мэдүүлэг,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-86/,

Мөрдөгчийн магадлагаа /1хх-160/,

Хохирогчийн ял шалгах хуудас /1хх-218/,

Хохирлын баримт /1хх-225/,

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 202144 дугаартай

дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулав .

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амарзаяагийн өмгөөлөгч Д.Мартын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5-7/,

Гэрч П.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүргэн Амарзаяад миний эзэмшилд байдаг 5963 УБИ улсын дугаартай ниссан караван маркийн тээврийн хэрэгслээ 2021 оны 06 дугаар сарын эхээр 2 бяруугаар бартер хийж зарсан. Би 2 бяруугаа заалгаад авсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. 5963 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч надаар яваа болохоос бүрэн гүйцэд Амарзаяа руу шилжсэн. Нэрээ шилжүүлэх гээд зав гарахгүй явсаар өнөөдрийг хүрсэн...” /1хх-70/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Д.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Амарзаяа даруу төлөв зантай, янз бүрийн догшин ширүүн ааш араншин байхгүй. Элдэв хорт зуршилгүй. Архи хааяа нэг уудаг. Тамхи татдаг. Машин тэрэг их сайн засаж янзалдаг авъяастай. Малд нүдтэй хүн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь жоохон. Том нь 11 дүгээр ангид суралцдаг. Бага нь 5 настай, тогтсон ажил байхгүй. 20 гаруй тооны үхэртэй. Тэрийгээ маллаад цагаан идээ хийгээд зарж борлуулаад амьдрал ахуйгаа авч явдаг. Өөр амжиргаагаа залгуулах зүйл байхгүй....”/1хх-74/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлуудыг харуулсан баримт /1хх-176-187/,

Хохирлын баримт /1хх-226-233/,

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 202144 дугаартай дүгнэлт,

 

Хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-28, 30/ гэх зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амарзаяад холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаар хангалттай тогтоогдож байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч нь: “шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй гэж үзэж байна”  гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “миний үйлчлүүлэгч нь өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа. Хохирол төлбөр дээр маргах зүйл байхгүй гэсэн гэм буруугийн талаарх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох: Хохирогч Б.Бат-Оргилын өгсөн: “...Азчулууны гэрээс баруун хойно 20-с 30 метрийн зайтай талийгаач газар хэвтсэн цээж нүцгэн бие нь хөхөрсөн, ташаанаас нь цус гоожсон байдалтай, цээжний эргэн тойронд нь гүн хөхрөлттэй, баруун духнаас нь баруун шанаа хүртлээ нэлээн гүн хөхрөлттэй, баруун чихний урд талдаа нэлээн гүн шархтай байдалтай, доод уруулын баруун хэсэг нь сэтэрсэн 2 гар нь цус болсон, толгойн орой хэсэгт нь юмаар хатгасан юм уу гэмээр цоорсон байдалтай Амарзаяа хажууд нь зогсож байхаар нь би шууд эмнэлэг рүү залгахад надаас байгаа байдал шинж тэмдгүүдийг нь асуугаад зүрхний цохилтыг нь асуухаар нь зүрх нь цохилохгүй, судас мэдрэгдэхгүй байна гэдгийг хэлэхэд нас барсан байна шууд цагдаад дуудлага өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч В.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд 18 цагийн үед үхэр малаа оруулах гээд байж байтал миний утас дуугарахаар нь аваад ярихад Амарзаяа байсан ба Батсүхийн бие муу байна гэхээр нь чи чинь одоо юу яриад байна аа, хамт явчхаад юу яриад байгаа юм гэсэн чинь доор улаан байшингийн ард байна хүрээд ир гэхээр нь утсаа таслаад шууд явган алхаад яваад очтол талийгаач газар дээшээ хараад хэвтсэн байдалтай хажууд нь Амарзаяа, талийгаачийн хүү Бат-Оргил, дүү Пүрэвдорж нар байсан....”гэх мэдүүлэг, Гэрч Г.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Амарзаяа Баачка хоёрыг яв гэсэн тэр хоёр машинтайгаа хөдлөөд явсан би гэртээ ороод унтсан. Тэгсэн орой харанхуй болсон байхад манай хүү Азчулуун “Баачка ах нас барсан байна” гэхээр нь би хаана нас барсан байна гэсэн чинь манай гэрийн хойно цагаан хашааны ард байна..” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний утас дуугарахаар нь авахад Азчулуун байсан. Батсүх ах сонин болчхож Амарзаяа байна уу гэхээр нь би унтаж байна гэхэд сэрээдээ гэхээр нь очоод татаж сэрээгээд утсаа өгөхөд Азчулуун цаанаас нь энэ Батсүх ах сонин болчихож бараг явчихсан юм шиг байна гэж хэлэхэд Амарзаяа тэр дороо босоод шууд гараад машинаа унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Гэрч П.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...5963 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч надаар яваа болохоос бүрэн гүйцэд Амарзаяа руу шилжсэн. Нэрээ шилжүүлэх гээд зав гарахгүй явсаар өнөөдрийг хүрсэн...” гэх мэдүүлэг, Гэрч С.Азчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...11 цаг өнгөрөөд 12 болж байхад би үнс асгах гээд машины зүг хартал М.Батсүх машины зүүн талын урд талын суудлаас буугаад газар хэвтэж байсан. Би тэрийг хараад Батсүх ах халууцаад машинаас бууж байгаа юм байна даа гэж бодоод гэрүүгээ буцаад орсон....Тэгээд 2 цаг 30 минутын орчимд тэр мотокицольтой хүн буцаж ирээд тэр машины урд талд нэг хүн ёстой сайхан унтаж байна, халуун наранд хэцүүдэж байгаа байх гэж хэлчхээд хүйтэн цай уучхаад яваад өгсөн. Би 16 цаг 30 минут хүртэл гэрээс огт гараагүй. Тэгээд би машиныхаа хагарсан дугуйг солиод эхнэр хүүхдүүдээ очиж авахаар болоод гарахад 17 цаг орчим болж байхад гарсан. Намайг гарахад Амарзаяагийн машин байхгүй болчихсон Батсүх ах унтаж байгаад босох гээд ирээд Амарзаяа гээд дуудаад байсан. Тэгээд би хүүхдүүдээ авах замаараа худаг орж ус авчхаад хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд 18 цаг 30 минут орчим болж байсан яг тэр үед би гэрлүү явж байх замдаа Батсүх ахыг хартал нуруун дээр нь ялаа шавчихсан байх шиг байхаар нь би бараг нас барчихсан юм шиг байна гэж сэжиглээд хүүхдүүдтэй явж байгаа болохоор мэдээгүй юм шиг хажуугаар нь аяархан яваад ажиглатал амьсгалахгүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр эхнэртэйгээ үхрээ хураахаар Азчулууны гэрийн хажуугаар явж байтал Азчулууны гэрийн ард одоо бодоод байхад 200 орчим метр зайтай хүн доошоо хараад хэвтсэн нуруу нь цус болчихсон хэвтэж байхаар нь юун хүн юм бол согтуу хүн л хэвтэж байна гэж бодоод зөрсөн. Ингээд үхэр дээрээ очоод буцаад яваад иртэл Азчулуун гэрийнхээ гадаа зогсож байхаар нь очоод энэ хэн хэвтэж байгаа юм гэхэд Батсүхийг байх түрүүн Амарзаяатай архи ууж байсан гэхээр нь нуруу нь цус болчихсон ямарч хөдөлгөөнгүй байна даа гэхэд Азчулуун сандраад цагдаад мэдэгдье гээд цагдаагийн хэлтэс рүү залгахаар нь би ах нь явлаа гэж хэлээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай дүгнэлтэд талийгаач нь олон хавирганы хугарлын улмаас цээжний хөндийд цус хуралдаж, баруун уушги унаж /агааргүй болж/ нас баржээ, Талийгаачийн цогцост баруун 3,4,5,6-р хавирганы суганы шугмаарх шууд хугарал, зүүн 2,3,4,5-р хавирганы шууд бус хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн өгзгөнд шарх, толгойн хуйх, нүүр, цээж, баруун мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаа, баруун өгзөг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цээжний урд болон хажуу талаас дарах, шахах, шахагдах үед бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна, Талийгаач нь дээрх цээжний битүү гэмтлийн улмаас үхэлд хүржээ, талийгаач нь дээрх гэмтлийн аваад хэсэг хугацааны дараа нас баржээ..” гэх дүгнэлт, Шинжээч С.Төгсбуяны мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...Задлан шинжилгээгээр талийгаачийн хэсэг газрын үзлэгт толгойн зулайн баруун талд хуйханд босоо байрлалтай зураасан хэлбэрийн 5см урттай хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, духны баруун тал, баруун шанаанд 10х5см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт, баруун чихний урд талд 5x1 см хар хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт гэмтлүүд байсан ба эдгээр нь амь насанд аюулгүй мөн зам бусад гэмтлүүдтэйгээ нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Талийгаачийн цогцост баруун 3,4,5,6-р хавирганы суганы шугмаарх шууд хугарал, зүүн 2,3,4,5-р хавирганы шууд бус хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн өгзгөнд шарх, толгойн хуйх, нүүр, цээж, баруун мөр, нуруу, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, зүүн ташаа, баруун өгзөг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба гэмтэлүүд нь хөдөлгөөнтэй мохоо зүйлийн дарах, шахах, шахагдах үед бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдэх буюу тээврийн хэрэгсэлийн эд ангиудиас үүссэн байх боломжтой. Учир нь тээврийн хэрэгсэл нь өргөн учраас хүний биеийн толгой, цээж хэсэгт нэг зэрэг нэг хүчээр үйлчлэх боломжтой” гэх мэдүүлэг, Эд мөрийн баримтаар тооцсон баримтын фото зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  Шүүгдэгч Б.Амарзаяагийн  өгсөн: “...Тэгээд тэр архиа задлаад ууж байснаа санаад байдаг тэрнээс хойш архиндаа согтоод юу болсон талаар мэдэхгүй байж байгаад нэг сэртэл ганцаараа машин дотор байж байхаар нь шууд хөдлөөд гэртээ очоод унтаж байтал утас дуугараад сэртэл Азчулуун залгаад аваад ярихад талийгаачийг нас барсан гэдгийг хэлсэн. ...Тэгээд нэг сэртэл Азчулууны гэрийн хойно машин дотроо унтаж байхаар нь хартал талийгаач байхгүй байхаар нь гэр рүүгээ явсан гэж бодоод машинаа асаагаад хөдлөөд гэр рүүгээ явсан. Би хөдлөхдөө ойр орчимыг хараагүй. Шууд хөдөлсөн. Жолоочийн эсрэг талын хаалга онгорхой би өөрөө жолоон дээрээ сууж байсан. Тэгээд машинаасаа буулгүй шууд хаалгаа татаж хаагаад хөдөлсөн...”гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторийн ахлах шинжээч Б.Галбадрахын ”2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 1969 дугаартай дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээч Б.Гантуяагийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3242 дугаартай дүгнэлт,

 

            59-63 Улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 155 р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3293 дугаартай дүгнэлтэд “...59-63 УБИ улсын дугаартай автомашины урд хөндлөн тэнхэлгээс бэхжүүлсэн арчдас №1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн марль, 59-63 УБИ улсын дугаартай автомашины копудны суурь хөндлөвч төмөрнөөс бэхжүүлсэн арчдас №2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн марль, 59-63 УБИ улсын дугаартай автомашины арын бөгсний гол хэсгээс бэхжүүлсэн арчдас №3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн марль дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэх дүгнэлт,

 

Налайх дүүргийн Цагдаагийн мөрдөгч С.Мөнхбаярын 2021 оны 09 дүгээр сарын 21 ны өдрийн №6 дугаартай мөрдөгчийн магадлагаа,

 

Техникийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 202144 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Шүүгдэгч Б.Амарзаяа нь хохирогч М.Батсүхийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 08 ны өдөр 16 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хороо “Гялаан мөс” гэх газарт  өөрийн эзэмшлийн 59-63 УБИ улсын дугаартай Nissan Caravan маркийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байгаад хохирогч М.Батсүхийг өөр тийшээ явсан байх гэж итгэн түүнийг машин доор сүүдэрт унтаж байхыг шалгахгүйгээр 5963 УБИ улсын дугаартай Nissan Caravan маркийн тээврийн хэрэгслийг жолоодож машины урд унтаж байсан М.Батсүхийг дайрч амь насыг хохироож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1. “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам , орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх “  гэсэн заалтуудыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримттай холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 08 ны өдөр хохирогч М.Батсүхийн амь насаа алдсан шалтгаан нөхцлийг тогтоохоор  мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторийн ахлах шинжээч Б.Галбадрахын дүгнэлт,

Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3320 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Амарзаяагийн гэх цус нь АВО системээр O/I/ бүлгийн харьяалалтай байна”  гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3318 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Амарзаяагийн гэх 10 ширхэг хумсан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэх дүгнэлт,

Шүүхийн    Шинжилгээний  Үндэсний    Хүрээлэнгийн   Тусгай  шинжилгээний

газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3295 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 2 хэсэг марльд боосон өвс шорооны хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна”  гэх дүгнэлт,

Шүүхийн    Шинжилгээний  Үндэсний    Хүрээлэнгийн   Тусгай  шинжилгээний

газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3296 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 79-34 УНЭ Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч талын хойд хаалганы гадна талаас авсан дээж гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр цус илрээгүй”  гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цогбаярын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3294 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн босоо захтай куртик, Улаан

өнгийн фудболк, шар эрээн шоон хээтэй захтай цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, дотуур өмд, дотоож, эрээн хос оймс, цагаан өнгөтэй хос даавуу, хар өнгийн түрийтэй хос гутал, бор өнгийн түрийвч, цэнхэр өнгөтэй маск, ногоон иштэй хайч, улаан шонхор тамхины хайрцаг, шар өнгийн асаагуур тус бүрээс шатах тослох материалын агуулга илрэхгүй байна” гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3293 дугаартай гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн шинжтэй үйл баримтанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Амарзаяад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “ гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж  заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан буюу хүний амь нас хохирсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гарган улмаар хүний амь насанд хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн дээрх үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

            Иймд шүүхээс шүүгдэгч Б.Амарзаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Амарзаяад холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан дүгнэлтүүдийг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч тухайн зүйлд зааснаас доогуур хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хянаад  гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх тухай өмгөөлөгчдийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Амарзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Оргил нь уг гэмт хэргийн улмаас учирсан 9 840 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд бүрэн нөхөн төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхэд гаргасан” төлбөр барагдуулсан тухай” бичгэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн түрийтэй бакалан гутал, хиртэж бохирлогдсон цагаан өнгийн даавуун хос хөлийн ороолт, хиртэж бохирлогдсон улаан өнгийн фудволк, ногоон эрээн хагас ханцуйтай нимгэн цамц, ногоон өнгийн алчуур, өнгийн маск, саарал өнгийн бэлтгэлийн сул өмд, ягаан өнгийн дотуур өмд, хөх өнгийн дотоож, эрээн хос оймс, ногоон өнгийн босоо захтай нимгэн күртик, бинтэнд дээж болгон авсан цус мэт зүйл 2 ширхэг, бинтэнд дээж болгон авсан цус мэт зүйл 1, шар ногоон өнгийн бариултай хайч, 0,75 литрийн хараа нэртэй архины шил зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэхээр, 1 ширхэг Си-Ди хэрэгт хадгалахаар, Б.Амарзаяагийн “ВС” ангилалын №711421 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №03247567 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь шилжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Тайж овогт Батбаасангийн Амарзаяаг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг  хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Амарзаяад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарзаяад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарзаяад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Амарзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн түрийтэй бакалан гутал, хиртэж бохирлогдсон цагаан өнгийн даавуун хос хөлийн ороолт, хиртэж бохирлогдсон улаан өнгийн фудволк, ногоон эрээн хагас ханцуйтай нимгэн цамц, ногоон өнгийн алчуур, өнгийн маск, саарал өнгийн бэлтгэлийн сул өмд, ягаан өнгийн дотуур өмд, хөх өнгийн дотоож, эрээн хос оймс, ногоон өнгийн босоо захтай нимгэн күртик, бинтэнд дээж болгон авсан цус мэт зүйл 2 ширхэг, бинтэнд дээж болгон авсан цус мэт зүйл 1, шар ногоон өнгийн бариултай хайч, 0,75 литрийн хараа нэртэй архины шил зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэхээр, 1 ширхэг си-диг хэрэгт хадгалахаар, Б.Амарзаяагийн “ВС” ангилалын №711421 дугаартай жолоочийн үнэмлэхийг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэхээр, №03247567 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид нь шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амарзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД