| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1806/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1828 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1828
2020 10 21 2020/ШЦТ/1828
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий ,
Нарийн бичгийн дарга Ц. Хосбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2006 00000 2463 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Алтан Өлгий 29-472в тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.О-ийг хардалтын улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр,толгой хэсэг рүү нь гараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би хамт ажилладаг дүүтэйгээ архи уугаад муудалцаад тэгээд Баянзүрх дүүргийн 2-р хэлтсийн цагдаа нарт баригдаад тэгээд тэнд торгуулаад тэгээд эхнэрээ дуудсан. Эхнэр бид 2 машинтай ажлын хүмүүсийг Дөлгөөн нуур хүргэж өгөөд замдаа машин дотор би ажлынхантайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд буцаад гэртээ харих замдаа эхнэр бид 2 гэр бүлийн маргаанаас болж машин дотор жоохон маргасан. Тэгээд гэртээ ороод эхнэртэйгээ хэрэлдээд би 93, 95 оныхонтой чат бичээд сайхан юмаа гэж хэлээд уур хүрээд согтуу байхдаа гараараа тэрний нүүр лүү 1-2 удаа цохиод авсан. Дараа нь хүүхдүүдийг урд талын айлын хүмүүсийг дууд гээд эхнэр гэрээс гарахаар нь би гэрийн үүдний довжоон дээр маргалдаад 1-2 удаа цохиод авсан. Тэгсэн чинь урд талын айлын Зулаа, Солонгоо 2 ирээд Баатараа ах боль, боль гээд гараад явсан. Тухайн үед болсон зарим үйл явдлыг би нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд цагдаа нар ирээд намайг аваад явсан....” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр орой 19 цагийн намайг гэртээ байж байх үед нөхөр над луу залгаад Сансарт цуг ажилладаг хүмүүстэй архи уусан байна хурдан ирж ав гэхээр нь би машинтайгаа яваад очсон. Тэгсэн чинь манай нөхөр өөрөө зодуулсан гээд нөгөө хүн манай нөхөр 2 торгуулаад явсан. Тэгээд тэр ажлынх нь хүмүүсийг би гэрт нь хүргэж өгөөд тэд нар замдаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд буулгачхаад нөхөртэйгөө хамт Баянзүрх дүүргийн 22-хороо Алтан-Өлзий 29-472в тоот гэртээ ирсэн. Гэр лүү ирж байх замдаа тэр намайг айхтар их хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гэртээ орж ирээд би том охиноо аав чинь намайг зодох гээд байна чи гар утсаараа бичлэг хийгээд аваарай гэж хэлсэн. Тэгээд охин өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн байна лээ. Гэрт ороод нөхөр ширээн дээр сууж байснаа дэлгүүрээс авсан ундаагаа над луу шидээд, бас над руу дайраад байсан. Тэгээд намайг 2 удаа гараараа миний толгой нүүр хэсэг рүү 2 удаа алгадаад авсан. Би гал тогооны өрөө лүү орсон чинь нөхөр миний араас орж ирээд зүүн хацар луу бас гараараа 2 удаа алгадсан. Тэгээд би гэрээс зугтаагаад гарсан чинь нөхөр хөөгөөд хашаан дотор намайг барьж аваад тонгороод унагаасан. Тэгээд намайг газар унасан байх үед миний толгой руу 3 удаа өшиглөсөн. Тэр миний дээр суучхаад миний толгой гар луу нэлээн олон удаа цохисон. Бас миний гэдэс, зүүн хөхний доод хэсэг рүү өвдөглөөд байсан. Тэгээд би охиноо цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан. Тэр үед манай гэрийн урд талын хашаанд байдаг Солонго Зулаа гэх эмэгтэй нар ирээд намайг нөхрөөс салгаад нөхрийг гэр лүү оруулсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар ирэх үед нөхөр машинаа бариад хашаанаасаа гарч ирээд цагдаа нар зогсоох үед зугтаачихсан...” гэх мэдүүлэг[3],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10686 дугаартай:
“1. Д.О -н биед зүүн зовхи, хөмсөг, чамархайн урд хэсэг, зүүн чихний дэлбээ, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салст, зүүн бугалга, баруун мөр, хоёр гуя, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт[4]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өлзий 29-472в тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.О-ийг хардалтын улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл нүүр толгой хэсэг рүү нь гараа цохиж ,өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Отгончимэгийн нүүр лүү 1-2 хоёр удаа цохисон...” гэх[7],
Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь намайг 2 удаа гараараа миний толгой нүүр хэсэг лүү 2 удаа алгадсан. ...зүүн хацар луу бас гараараа 2 удаа алгадсан би гэрээс зугтаагаад гарсан чинь нөхөр араас хөөгөөд хашаан дотор намайг барьж аваад тонгороод унагаасан. Миний толгой руу 3 удаа өшиглөсөн. Тэр миний дээр суучхаад миний гар луу нэлээн олон удаа цохисон бас миний гэдэс, зүүн хөхний доод хэсэг рүү өвдөгдөөд байсан. Тэгээд би охиноо цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан..” гэх мэдүүлгүүд[8], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дугаар сарын 21-ны өдрийн 10686 дугаартай дүгнэлт[9] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.О-ийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д.О Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дугаар сарын 21-ний өдрийн 10686 дугаартай дүгнэлтээр “зүүн зовхи хөмсөг,чамархайн урд хэсэг, зүүн чихний дэлбээ, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал дээд уруулын дотор салст зүүн бугалга,баруун мөр,хоёр шилбэнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.О цохисон, өшиглөсөн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.О бусадтай хардан зодож, буюу түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, шинжтэй үйлдэл хийж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.О нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Б 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас