Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/870

 

 

 

 

 

 

 

      2020          10           07                                    2020/ШЦТ/870

 

 

 

                              

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Үүлэн,

шүүгдэгч Б.А-,

хохирогч Г.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005021111299 дугаартай хэргийг  2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...  дүгээр хороо ...  дугаар гудамжны ... дүгээр тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.А-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.А- нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд хүүхдийг нь эмчид үзүүлэх шаардлага тавьсан хохирогч Г.Наранцэцэгийн биед халдан, гарыг нь хазаж зүүн бугуй, шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Би тэр өдөр эмнэлэг дээр хүүхдээ унагаасан. Манай дүүгийн тархины зургийг авхуулах гэж очсон юм. Тэгээд манай дүү уйлсан гараад ирэхээр нь би яасан бэ гэтэл энэ эмч нар чинь зодоод байна шүү дээ гэсэн. Би тэгээд бичлэг хийсэн юм. Тэр үед энэ хохирогч гэх эмч байгаагүй. Хүзүүн дээрээ шивээстэй жижигхэн туранхайдуу эмч байсан. Тэгээд бүдүүн эмч ах манай дүүг цохиод, шивээстэй эмч намайг үсдээд байсан юм. Манай хүүхдийг 108-д өгнө гэсэн. Би утсаараа бичлэг хийсэн чинь миний утсыг авах гэж булаацалдаад би тэр үед гараас нь хазсан юм шиг байна лээ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Наранцэцэг мэдүүлэхдээ: “2020 оны 5 дугаар сарын 27-ноос 28-ны өдөр шилжих шөнө 03 цаг 30 минутад энэ хүн ирсэн. Хүүхдээ газар унагаасан, өөрөө согтуу, 13 настай дүү нь бас согтуу ирсэн. Тэр үед корона вирус гэж үүдэнд хамгаалалтад гарсан байсан. Бид нарт агсан тавиад байсан. Хажуу талд рестентийг алгадаад унагаасан. 108-ын үүдийг бас цохиод байсан. Би 5 дугаар сарын 27-ны шөнө хазуулсан. Тэгээд 28-ны өдөр 10 натри тавиулсан. Вакцин хийлгэсэн. Маргааш нь хавдаад, нөгөөдөр нь идээлээд яаралтай хагалгаанд орсон. 3 удаа хагалгаанд орсон. Би 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэл ажил хийгээгүй. Ямар ч чадвар байгаагүй. Би гурван хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй” гэв.

 

Шүүгдэгч Б.А- нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд хүүхдийг нь эмчид үзүүлэх шаардлага тавьсан хохирогч Г.Наранцэцэгийн биед халдан, гарыг нь хазаж зүүн бугуй, шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Наранцэцэгийн “... 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн орой Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд корона вирусын улмаас шаардлагагүй иргэдийг нэвтрүүлэхгүй гэж үүд баригчаар ажиллаж байсан юм. Тухайн өдрийн шөнө 03 цаг 40 минутын орчим согтуу хүн хүүхдээ газарт унагаасан гэж 10 сартай хүүхдийг үзүүлэхээр цагдаагийн байгууллагаас манай эмнэлэгт авч ирсэн. Бид нар хүүхдийг авч эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь 20 орчим насны архи согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй 14 настай дүүтэйгээ хамт 10 сартай хүүхдийг авч зугтаад үүдээр орилоод байхаар нь би яваад очсон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 20 орчим насны эмэгтэй хүүхэд миний зүүн гарын бугуйны гадна хэсгийг шүдээрээ хазчихсан юм. Тухайн үедээ би нээх анзаараагүй ажлаа хийж байгаад маргааш орой нь харахад миний гар улайсан байсан. Тэгээд би тариа хийлгээд 10 натри спирт тавьж явж байгаад харсан чинь миний зүүн гарын бугуйн гадна тал буюу хазсан хэсэгт хавдаж улайсан байхаар нь эмчид үзүүлсэн чинь буглаа болсон байна. Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гээд хагалгаанд орсон. Би тэр хүүхэдтэй маргалдаж муудсан зүйл огт байхгүй. Хүүхдийг чинь үзэх шаардлагатай байна гээд учирлаж хэлээд байж байх үед миний гарыг хазсан юм. Миний гарын бугуй хэсэгт бохир орж буглаж мэс засалд орсон. Би шүүх эмнэлэгийн дүгнэлттэй танилцсан. Би мэс засал орохын өмнө эмчид үзүүлсэн дахин нэмэлтээр дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Тухайн эмэгтэй маш их хэмжээний согтолттой байсан ерөнхийдөө өөрийн биеийг авч явах чадваргүй байсан. Би гомдолтой байна өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Жэнжидгаравын  “... Тухайн эмэгтэй 10 сартай хүүхдээ газар унагаасан гэх тул үзэх гэж мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүн дахин хүүхдээ унагааж гэмтээх эрсдэлтэй тул хүүхдийг нь авах гэтэл өгөхгүй бид нарыг элдвээр харааж доромжилсон. Тэгээд халуун үзэж байсан манай ресент эмчийг алгадаж, хүүхдийг нь хамгаалах гэсэн сувилагч Наранцэцэгийн гарыг нь хазсан. Тухайн эмэгтэй Наранцэцэгийн зүүн гарын шууны гадна талд нь хазсан. Маргааш нь харахад маш их хавдаж улайсан байсан” гэсэн мэдүүлэг. / хэргийн 14 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6703 дугаартай:

 “... 1. Г.Наранцэцэгийн биед нь зүүн бугуй, шуунд нь зөөлөн эдийн няцрал гэмтэл, зүүн бугуйн идээг гадагшлуулах, мэс ажилбарын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон нэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. / хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний №23619 дугаартай түүх. /хэргийн 32-40 дүгээр хуудас/

 

Б.А-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн орой миний нөхөр, дүү хоёр муудалцсан. Тухайн үед цагдаа болон түргэний эмч ирсэн. Түргэний эмч та нар дундаас гэмтсэн хүн байна уу гэж асуухад манай дүү Чинзориг би сая толгойгоороо газарт уначихсан гэсэн чинь түргэний эмч эмнэлэг дээр очоод зургийг нь аваад өгье гээд би Чинзориг дүүгийн хамт 1 настай охиноо авч Гэмтэл согог судлалыг үндэсний төв рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд би үүдэнд охинтойгоо хамт үлдээд Чинзориг эмнэлэг рүү орсон. Гэтэл хэсэг хугацааны дараа Чинзориг, эмч намайг зодоод байна гээд гарч ирсэн. Тэгээд эмч нарт яасан гэж хүүхэд зодож байгаа юм гээд эмч нартаа маргаан үүссэн. Эмнэлэгээс явах гэтэл хүүхдээ чи сая унагаасан биздээ хүүхдээ өг гээд дайраад байсан. Би тэр үед хүүхдээ өгөхгүй би өөрийн хүүхдээ газарт унагаасан зүйл байхгүй би мэдрэл муутай биш гэсэн чинь тэгвэл хүүхдийн чинь халууныг үзье гээд аваад явсан. Ирэхгүй болохоор нь орж өөрийн хүүхдээ авсан. Тухайн үед тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Жимстэй лаазтай Сэнгүр пивоноос 2 ширхэгийг уусан байсан. Би өөрийн биеийг авч явах чадвартай байсан болсон явдлыг бүрэн санаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-31 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.А- нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдэнд хүүхдийг нь эмчид үзүүлэх шаардлага тавьсан хохирогч Г.Наранцэцэгийн биед халдан, гарыг нь хазаж зүүн бугуй, шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.А- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Наранцэцэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт  ажилгүй байсан хугацааны цалинэ 3.000.000 төгрөг, эмчилгээний төлбөр 3.000.000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй тул тооцож гаргуулах боломжгүй юм.

 Харин хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.Наранцэцэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсөн хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ