Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/459

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч: Э.Ц- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ц-од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905020590591 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ц-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Ц- нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн арын авто замын явган хүний гарцан дээр иргэн Д.А-ийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч түрж явсан тэргээрээ машиныг зурсанаас үүдэж уг хэрэг гарсан” гэв.

Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Барс худалдааны төвд бараа өгөөд гарч явсан чинь явган хүний гарцан дээр цагаан Кровн маркийн машин ширүүн ирээд тулж зогссон. Би “чи зөөлөн яваач” гэж хэлсэн чинь машин дотроос юм яриад байсан. “Чи одоо зөөлөн явалдаа, пиздаа чинь” гэж хэлээд цаашаа явж байсан чинь явган хүний гарцан дээр уг машинаас 20-25 орчим насны эрэгтэй бууж ирээд нүүр рүү гараараа 3 удаа цохьсон. Ингээд зогсож байтал хажууд байсан замын цагдаа ирж салгаад хэв журмын цагдаа дуудсан. Хажууд хүн байгаагүй. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч О.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цагийн үед нөхрийн хамт машинтай явж байсан чинь явган хүний гарцан дээр 20-25 орчим насны эрэгтэй хүн зам хөндлөн тэрэг түрсэн гарч байсан. Нөхөр машинтай тулж ирээд тоормослоод “болгоомжтой яваач” гэж хэлээд цааш явах гэж байтал уг хүн түрж байсан төмөр тэргээрээ машины жолооч тал руу нэг удаа мөргөсөн. Нөхөр Цогт чи “яаж байгаа юм” гээд машинаас буугаад очтол нөгөө эрэгтэй “чи яаж байгаа юм” гээд хэл амаар доромжилсон. Энэ үед нөхөр Цогт уг хүний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Би очоод салгах гэтэл хувцаснаас уг эрэгтэй зуураад нөхрийг тавихгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Шинжээчийн 5380 тоот дүгнэлтэд: “...Д.А-ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун далны орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 22/,

Яллагдагчаар Э.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Хөдлөөд явах гэсэн чинь түрж байсан тэргээрээ машины баруун хойд хаалга руу 1 удаа хүчтэй мөргөсөн. Машинаа чөлөөлж зогсоод “чи яах гээд байгаа, пизда вэ” гээд би буугаад очсон. “Яасан ч яадаг юм” гээд өөдөөс хүрээд ирсэн. Намайг цохих гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь би нүүр рүү нь нэг удаа цохьсон. Гэтэл хүрч ирээд зүүн хөлнөөс бариад авсан, энэ үед нь би өөрийгөө хамгаалаад мөрөөрөө түлхээд гарнаас бариад үүрээд шидсэн. Газар унасан байхад нь явах гэсэн чинь хүзүүнээс зуураад байхаар нь гараараа нүүр рүү нь нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-52/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-44, 46/, Хохирогчийн хүсэлт /хх-н 65/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ц- нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн арын авто замын явган хүний гарцан дээр иргэн Д.А-тэй машин тэргээрээ мөргөлөө гэх зүйлээс маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.А-ийн: “...Би “чи зөөлөн яваач” гэж хэлсэн чинь машинд дотроос юм яриад байсан. “Чи одоо зөөлөн явалдаа, пиздаа чинь” гэж хэлээд цаашаа явж байсан чинь явган хүний гарцан дээр уг машинаас 20-25 орчим насны эрэгтэй бууж ирээд нүүр рүү гараараа 3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрч О.Х-ын: “...Нөхөр машинтай тулж ирээд тоормослоод “болгоомжтой яваач” гэж хэлээд цааш явах гэж байтал уг хүн түрж байсан төмөр тэргээрээ  машины жолооч тал руу нэг удаа мөргөсөн. Нөхөр Цогт чи “яаж байгаа юм” гээд машинаас буугаад очтол нөгөө эрэгтэй “чи яаж байгаа юм” гээд хэл амаар доромжилсон. Энэ үед нөхөр Цогт уг хүний нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Би очоод салгах гэтэл хувцаснаас уг эрэгтэй зуураад нөхрийг тавихгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, шинжээчийн 5380 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ц- нь хохирогч Д.А-тэй түрдэг тэргээрээ машин мөргөлөө гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 65/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Ц-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц-од хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР