Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1680

 

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2017/01680

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412-12 тоотод оршин суух, Хөгнө овогт Цэгмидийн Мартгэрэлийн /РД:ЖЮ78030807/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Засгийн газрын 14 дүгээр байр, “Диспетчерийн үндэсний төв” Төрийн өмчит ХК-нд холбогдох

 ажилгүй байсан хугацааны цалин болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардалд 22 262 963 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Мартгэрэл намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар шийдвэрээр “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон. Уг шийдвэрийг Давж заалдах журмаар хянан хэлэлцээд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1606 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл тус “Диспетчерийн Үндэсний төв" Төрийн өмчит ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хандаж, албадах ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ийнхүү нэг жил орчим хугацаанд шийдвэрийг биелүүлэхгүй байснаар энэ хугацаанд авах ёстой байсан цалин хөлсөө авч чадаагүй  байна. Миний бие шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон тул 2016 оны 6 дугаар сарын 21-нээс 2017 оны 5 дугаар сарын 22-ныг хүртэлх ажиллаагүй хугацааны  цалин хөлсөө гаргуулж авах хүсэлтэй байна.

Мөн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх урамшууллын гэрээний хөлсөнд 7,5 хувь буюу 560 475 төгрөг надаас суутган авсан тул энэ мөнгийг нэмэлтээр гаргуулахыг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 2016 оны 6 дугаар сарын 30-ний хүртлэх цалин 581 818 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын цалин 1 600 000 төгрөг, 2016 оны 13 дахь сарын цалин 3 680 000 төгрөг, шүүхийн шийдвэр албадан биелүүлэх урамшууллын гэрээний хөлсөнд 7,5 хувь буюу 560 475 төгрөг, нийт 22 422 293 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны шийдвэрээр 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх цалин, хөлс болон ажлын байранд эгүүлэн тогтоох гэсэн шийдвэр гарсан байдаг. Түүнээс хойш тухайн ажлын байранд эгүүлэн ажиллуулах шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан биелүүлэх талаар хүсэлт тавиад хүсэлтийн дагуу ажиллагаа явуулсан боловч надад тавьсан ажлын байрны санал бол үйлчлэгч нарыг хянаж ажиллах ажил байсан. Миний хувьд удирдлага, санхүүгийн албаны дарга байсан хүн. Тиймээс тухайн ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс 22 422 000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлын хөлс болох 560 476 00 төгрөгийг хасахад татгалзах зүйл байхгүй, учир нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусаагүй, үүнийг хариуцагч зөвшөөрч байгаа. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш дахиад 3 сар өнгөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх боломжтой байсан. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх хуралдаан хойшлох байх гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй. Өнөөдрийн байдлаар ажил байхгүй, цалин байхгүй, хүнд хагалгаанд орсон байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Мөнгө төгрөгний хэрэгцээ надад маш их байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХК-ийн захирлаар ажиллаж байсан Х.Цогтбаатарын шийдвэрээр ажлаас халагдсан. Үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасаныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 3/3325, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3/6450, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11089 дугаартай албан мэдэгдлүүдийн хариуг тухай бүрт нь “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХК өгсөн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийг удирдлага, санхүүгийн албаны даргын албан тушаалд эргэн томилохоор заасан байдаг. Харин “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХК-ийн эрх барих дээд байгууллага болох төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор тус тус удирдлага, санхүүгийн алба гэсэн бүтцийг татан буулгасан тул шүүхийн шийдвэрт заасан удирдлага, санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй болсон. Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн тус заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшинийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно” гэсэн заалтуудыг тус тус удирдлага болгон төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралд олгосон эрх хэмжээний хүрээнд Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчийн орон тоог гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр үүсгэн, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилсон тушаал гаргасан. Уг тушаалыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх албанаас тушаалыг Ц.Мартгэрэлд танилцуулсан байдаг. “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХК-ийн зүгээс уг албан тушаалыг Ц.Мартгэрэлд санал болгон, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг компанийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан өрөөнд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор танилцуулсан. Харин Ц.Мартгэрэл нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын төслийг өөрийн өмгөөлөгчийн хамт уншиж танилцаад эргэж хариу өгнө гэсэн хэдий ч эргэж холбоо бариагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд тухайн ажлын байрны тодорхойлолтын төслийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хүсэлт гаргасан байсан. Энэ дагуу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Н.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгч Ц.Мартгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Давааням, “Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит ХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Намчиндорж, хуулийн зөвлөх Ж.Ариунболд гэсэн бүрэлдэхүүнтэй хамтран хэлэлцсэн.

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл эрүүл мэндийн буцалтгүй тусламж авах хүсэлт гаргасан. Хүсэлтийн нөхцөл байдлыг үзэхэд хамтын гэрээнд заасан төв эмнэлгийн дүгнэлт гэсэн бичиг баримт бүрдээгүй байсан. Бичиг баримтын бүрдэл дутуу байгаа талаар хэлэхэд Солонгос руу эмчилгээнд явах гээд цаг хугацааны хувьд давчуу байсан учраас эмнэлгийн дүгнэлт байхгүй гэсэн хариу өгсөн. Байгууллагын хувьд бол баримт бичиг дутуу байгаа тохиолдолд мөнгө олгох нь санхүүгийн зөрчилд орно гэдгийг тайлбарлаж хэлсэн. Хөдөлмөрийн хөлсний дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 3 дахин нугалсан буцалтгүй тусламж олгож болох тухай хэлсэн. Ажилгүй байсан үеийн цалин хөлсний тооцооллын хувьд бол 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрийн тооцоолол, мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а заалтыг удирдлага болгон нийт 12.543.972 төгрөгөөр тооцоолох саналтай байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл хариу тайлбарт дурдсан 12 543 972 төгрөгөөр ажиллагаагүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход татгалзахгүй. Мөн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар адил чанарын өөр ажил, албан тушаал болох Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчаар томилсон боловч өөрөө ажилдаа ирэхгүй байгаа. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу тохиролцоод томилсон, энэ талаар шийдвэр гүйцэтгэлийн газраас Ц.Мартгэрэлд мэдэгдсэн байгаа. Тиймээс 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилсон хүртлэх хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй байгаа тул урамшууллын зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 13 дахь сарын цалинг ажиллаагүй тул бодож олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэл нь хариуцагч “Диспетчерийн үндэсний төв” ТӨХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 21 862 818 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшуулал 560 475 төгрөг, нийт 22 422 293 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, ажилд эгүүлэн авахгүйгээр хохироосон тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллыг олгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөөр татан буугдсан тул түүнийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар адил чанарын өөр ажил, албан тушаал болох Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчаар томилсон, мөн өөрөө ажилдаа ирэхгүй шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй гэж маргаж байж зардлаа нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тушаал гарсан өдрийг хүртэл тооцоход татгалзахгүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №183/ШШ2016/00107 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Деспитчерийн үндэсний төв" ТӨХК-ийн Удирдлага санхүүгийн албаны даргын ажилд буюу өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №1606 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хэргийн  6-21-р хуудас/

Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу ажил олгогч “Деспитчерийн үндэсний төв” ТӨХК нь нэхэмжлэгч буюу ажилтан Ц.Мартгэрэлийг өмнө эрхэлж байсан Удирдлага санхүүгийн албаны даргын ажилд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон Удирдлага, санхүүгийн албаны даргын ажил, албан тушаал нь бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсны улмаас татан буугдсан тул Захиргааны удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчийн ажилд томилох тушаал гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №45 тоот тушаал, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №1/242 тоот мэдэгдлээр нотлогдоно гэсэн. /хэргийн 46-47-р хуудас/

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №45 тоот тушаал гарсан эсэхийг танилцуулаагүй, уг тушаалаар томилсон Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчийн албан тушаал нь Удирдлага санхүүгийн албаны даргын ажилтай адил чанарын албан тушаал биш, энэ талаар надтай тохиролцоогүй гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан “Диспетчерийн үндэсний төв” компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №45 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.2, 47 дугаар зүйлийн 47.1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00107 дугаар шийдвэр, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3/6450 дугаар мэдэгдэл, хөдөлмөрийн дотоод журмын 4.6, 4.7 заалтууд компанийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээний 5.1, 5.2 дахь заалтуудыг үндэслэн шүүхийн шийдвэрт заасан Удирдлага, санхүүгийн албаны даргын орон тоо компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцээс хасагдсан тул Ц.Мартгэрэлийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчаар томилон ажиллуулсан байна. /хэргийн 47-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон буюу урьд эрхэлж байсан удирдлага санхүүгийн албаны даргын албан тушаал нь зохион байгуулалтын бүтцээс хасагдсан, албан тушаал нь цомхотгогдсон гэдгийг хариуцагч нь баримтаар нотлоогүй болно.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №15 тоот тогтоолоор компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батласан байгаа боловч уг бүтцэд нэхэмжлэгчийн Удирдлага санхүүгийн албаны даргын бүтэц байхгүй, өмнөх бүтцэд байсан гэж тайлбарласан, мөн Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ий төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №25 тогтоолоор компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батласан боловч орон тоог хасагдсан гэдэг нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэв. /хэргийн 51-54-р хуудас/

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Удирдлага, санхүүгийн албаны даргын албан тушаал нь Захиргаа удирдлагын хэлтсийн үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчтай адил чанарын албан тушаал гэж тайлбарласан боловч ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд ирүүлээгүй байх тул адил чанарын ажил, албан тушаал гэж тодорхойлох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №45 тоот тушаал гарсан эсэхийг танилцуулаагүй, тохиролцоогүй гэж маргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын заасан хугацаанд ажил албан тушаалд томилсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “...ажил олгогч нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр” гэж заасан байх бөгөөд хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсэн гэдгийг ажилтан буюу нэхэмжлэгч Ц.Мартгэрэлтэй тохиролцсон гэж үзэхгүй болно.

Мөн ажил олгогч буюу “Деспитчерийн үндэсний төв” ТӨХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийг томилсон ажилд ирээгүй, хөдөлмөрийн гэрээтэй танилцаад гарын үсэг зураагүй, өөрөө буруутай гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй” бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн талаараа хариуцагч шүүхэд нотлоогүй, Ц.Мартгэрэлийг ажилд эгүүлэн тогтоосон бол цагийн бүртгэл, цалин олгосон эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна.  

Нэхэмжлэгчийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилд аваагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч дундаж цалинг 1 600 000 төгрөгөөр тооцохоор, мөн 2016 оны 13 дахь сарын цалинг гаргуулахаар нэхэмжлэлдээ дурдсан боловч тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №183/ШШ2016/00107 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийн дундаж цалинг 1 467 912 төгрөгөөр тооцож гаргуулсныг нэхэмжлэгч маргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалинг 1 467 912 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

            Харин нэхэмжлэгч нь 2016 оны 13 дахь сарын цалинд 3 680 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хамтын гэрээнд энэ талаар тохиролцсон гэсэн боловч тайлбараа нотлох баримтыг ирүүлээгүй тул 13 дахь сарын цалинг гаргуулах үндэслэлгүй байна.    

Хариуцагч “Деспитчерийн үндэсний төв” ТӨХК-иас нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийн ажилгүй байсан хугацааны буюу 11 сар 2 хоногийн цалин хөлс 16 280 478 төгрөгийг /1 467 912 төгрөг х 11сар =16 147 032, 1 467 912 : 22 хоног=66 723 төгрөг, 66 723 х 2 хоног=133 446 төгрөг, 16 147 032+133 446=16 280 478 төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           

            Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын зардалд төлсөн 560 475 төгрөгийг нэхэмжилж, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №17290032 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухй тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтыг ирүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан урамшууллын гэрээ болон гэрээний дагуу урамшууллын зардалд 560 475 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд нэхэмжилсэн мөнгийг гаргуулах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэн аль нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэсэн болно.  

            Иймд хариуцагч “Деспитчерийн үндэсний төв” ТӨХК-иас нэхэмжлэгч Ц.Мартгэрэлийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 16 280 478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 141 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч "Диспетчерийн үндэсний төв" ТӨХК-наас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 16 280 478 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мартгэрэлд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 141 815 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 352 төгрөгийг гаргуулж нэхэмжлэчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН