Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0132/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин, Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгч С.Эын өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Д.Г, С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Д.Г, Б овогт С.Э нарт холбогдох эрүүгийн 1918000000160 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Х овогт Д.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй.

2. Монгол Улсын иргэн, Б овогт С.Э /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Д.Г, С.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Г, С.Э нар нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр .......... аймгийн ....... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэр “..........” худалдааны төвийн орчимд явж байхдаа С.Э нь иргэн Л.Оын цүнхнээс бэлэн 360.000 төгрөг болон бусад бичиг баримт бүхий түрийвчийг авсан, Д.Г нь С.Этай хамт хохирогчийн түрийвч дэх мөнгөөр архи худалдан авч уусан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Гын өгсөн: 3 дугаар сарын 22-ны өдөр Э бид хоёр .......... урд таараад 100 граммын Хараа шилтэй архийг нэг нэг хамт уусан. Тэрийгээ уучхаад би “.......” төвийн урд өргөмөл ахтайгаа уулзсан. Тэгтэл шүүгдэгч С.Э намайг дуудаад архи хамт ууя гэж хэлсэн. Тухайн үед би уурлаад “яагаад мөнгөтэй байж худлаа ярьсан юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч С.Э түрийвч гаргаж үзүүлэн мөнгө гаргаж ирсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Эын өгсөн: 3 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Д.Г ахтай таараад архи уусан. Тэгээд Гтай хамт явж байхад хохирогчийн түрийвч ил харагдаад байхаар нь би авсан. Шүүгдэгч Д.Г ахыг дуудаад архи авъя гэж хэлсэн. Тэгтэл надаас мөнгөтэй байсан юм уу? гэхэд нь би байсан гэж хэлээд архи худалдаж авсан. Хохирогчийн түрийвчээс мөнгө аваад шүүгдэгч Д.Гд хэлээд 20.000 төгрөгөөр архи авахуулсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Л.Оын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа гараад “......” нэртэй ахуйн хэрэглээ худалдаалдаг дэлгүүрээс нүүрийн тос худалдаж авчхаад ХААН банкны бэлэн мөнгөний машинаар мөнгө шилжүүлэх гээд ороход цүнхэн дотор байсан түрийвчтэй мөнгө байхгүй байсан. Тэгээд нүүрийн тос авсан дэлгүүр рүү ороод хяналтын камерын бичлэг шүүхэд би түрийвчээсээ тосны мөнгө авч өгчхөөд түрийвчээ буцаагаад цүнхэндээ хийгээд гарч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд хажуу талынх нь “.....” төвийн хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд “......”, ХААН банк хоёрын хооронд миний араас 2 хүн явж байгаад нэг нь миний урдуур хөндөлсөж байх үед араас нэг нь миний цүнхнээс түрийвч хулгайлж байгаа бичлэг бичигдсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

.......” төвийн 4 дүгээр камерын бичлэгт үзлэг хийсэн: “...камерын бичлэгээр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18:15 цагаас 18:16 цагийн хооронд Л.О нь “......” худалдааны төвийн хойд талаас төв зам дагуу алхаж байх үед хар өнгийн саравчтай малгай, ногоон өнгийн урт куртик, хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн араас нь дагаж, саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн Л.Оын урд талд нь явж хөдөлгөөнийг нь саатуулж, улмаар ногоон өнгийн урт куртиктэй эрэгтэй хүн Л.Оын цүнхнээс ямар нэгэн эд зүйл авч байх бөгөөд уг 2 эрэгтэй хүн буцаад хамтдаа ирж байгаа байдал бичигдсэн бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 8/,

Шүүгдэгч С.Эаас хүрэн өнгийн түрийвч, “.......” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, “Би Эс Би” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “И март” гэх карт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Л.Энхтөр гэх нэрийн хуудас 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, урагдсан долларын дэвсгэрт 1 ширхэг, ХААН банкны виза карт 2 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/,

Шүүгдэгч С.Эаас хураан авсан хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, “Номин” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “Би Эс Би” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “И март” гэх карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хохирогч Л.Од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “иргэн Л.Оын эзэмшлийн эмэгтэй хүний хэрэглэж байсан улаан хүрэн өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлс нь 143.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г, С.Э нар нь хохирогч Л.Оын цүнхнээс түрийвчтэй эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба улсын яллагч яллаж буй үндэслэлээ шүүгдэгч Д.Г хохирогчийн урд орж хөдөлгөөнийг саатуулах үед хохирогчийн хойно явж байсан шүүгдэгч С.Э нь түрийвчийг нь авсан үйл баримт камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгийг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Д.Г нь хохирогч Л.Оын анхаарлыг сарниулах, хөдөлгөөнийг нь саатуулах зэргээр идэвхтэй үйлдэл хийж, шүүгдэгч С.Эт хохирогчийн цүнхнээс түрийвчийг нь авах нөхцөлийг бүрдүүлэн өгч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.Этай үйлдэхээр санаатай нэгдсэн гэх үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.  

Гэвч шүүгдэгч Д.Гын шүүгдэгч С.Эын хохирогч Л.Оын цүнхнээс авсан мөнгөөр хамт архи авч уусан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгтэл шүүгдэгч С.Э намайг дуудаад архи хамт ууя гэж хэлсэн. Тухайн үед би уурлаад “яагаад мөнгөтэй байж худлаа ярьсан юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч С.Э түрийвч гаргаж үзүүлэн мөнгө гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Эрднэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Шүүгдэгч Д.Г ахыг дуудаад архи авъя гэж хэлсэн. Тэгтэл надаас мөнгөтэй байсан юм уу? гэхэд нь би байсан гэж хэлээд архи худалдаж авсан. Хохирогчийн түрийвчээс мөнгө аваад шүүгдэгч Д.Гд хэлээд 20.000 төгрөгөөр архи авахуулсан” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар хураан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...ногоон өнгийн урт куртиктэй эрэгтэй хүн Л.Оын цүнхнээс ямар нэгэн эд зүйл авч байх бөгөөд уг 2 эрэгтэй хүн буцаад хамтдаа ирж байгаа байдал бичигдсэн бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 8/-ээр тогтоогдож байх ба түүний энэ үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан шинжээрээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр могой” худалдааны төвийн орчимд иргэн Л.Оыг араас нь дагаж цүнхнээс нь бэлэн 360.000 төгрөг болон бусад бичиг баримт бүхий түрийвчийг хулгайлж, Л.Од нийт 503.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь будын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг, шүүгдэгч Д.Гын С.Эын хохирогч Л.Оын цүнхнээс авсан мөнгөөр хамт 2 шил архи авч уусан, тамхины мөнгө гэж 3000 төгрөг авсан үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан шинжээрээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч С.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Од 503.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгч нараас 503.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэтэл хохирогч Л.О нь 143.000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрэн өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсээ буцаан авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч С.Эаас хураан авсан хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, “Номин” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “Би Эс Би” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “И март” гэх карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хохирогч Л.Од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/-ээр нотлогдож байна.

Иймд хохирогчийн 503.000 төгрөгийн нэхэмжлэлээс 143.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 360.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэж зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна.

Хохирогчийн түрийвчид байсан бэлэн 360.000 төгрөгөөс шүүгдэгч нар нь 20.000 төгрөгөөр архи худалдаж авч уусан ба энэ мөнгийг Д.Г, С.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй юм.

Харин үлдэх 340.000 төгрөгийг шүүгдэгч С.Э нь дангаараа хариуцан төлөх үүрэгтэй.  

Иймд шүүгдэгч С.Эаас 350.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Гаас 10.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Л.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э нь өмнөх 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор ял эдэлж байх хугацаандаа хөдөлмөр эрхэлж, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 445 дугаар нээлттэй хорих ангийн дансанд 360.000 төгрөгийг хуримтлуулсан болох нь  тус хорих ангийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч С.Э нь уг хуримтлагдсан мөнгийг хохирол төлбөрт тооцуулан төлөхөө илэрхийлж байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Э, Д.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч С.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлогогүй, ам бүл 4-үүлээ амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар, шүүгдэгч Д.Г нь ам бүл 5-уулаа амьдардаг, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч С.Эт 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Гд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч С.Эын өмгөөлөгчөөс С.Э нь ял эдэлж байх хугацаандаа хуримтлуулсан 360.000 төгрөгөө хохирол төлбөрт тооцуулж байгаа байдлыг харгалзаж 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Иймд шүүгдэгч С.Э, Д.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний хүртэл хугацаанд цагдан хоригдсон 247 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Гд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоосон тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Эт оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсннийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овогт Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 247 /хоёр зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Д.Гд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Эаас 350.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Гаас 10.000 /арван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б овогт Л.О /РД:, утас: /-д олгож, 143.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдусгай.

10. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Эт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР