Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1689

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01689

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Солонгос улсын 406-7 Сегёо-Донг, Пёонг тейк сити, Гёонгидо, хаягт оршин суух, БНСолонгос улсын иргэн Чой Чун Ёны /Паспорт дугаар:М82943776/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн хорооны байр 206 тоотод байрлах “Пи Ай Си” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүрийн 15 дугаар хороо, Үйлдвэр-2, ХД 52-6 тоотод  оршин суух Боржигон овогт Гантулгын Оюун /РД:ХЖ62120360/ нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 320 000 ам.доллар гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Монгол, хариуцагч Г.Оюун, хариуцагч “Пи Ай Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Чой Чун Ён шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Миний бие Чой Чун Ён нь 2015 оны 7 сарын 19-ний өдөр Гантулгын Оюунтай 200 000 ам.долларын зээлийн гэрээг 12 сарын хугацаатай, сарын 2%-ийн хүүтэйгээр 2015 оны 7 сарын 19-ний өдөр №01 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн ба зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан 3,5 тэрбум төгрөгтэй тэнцэх орон сууцыг зээлдэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгчид учирсан хохирлыг барьцааны хөрөнгөөр бүрэн барагдуулах баталгаа болгож барьцаалах гэрээг тухайн өдөр хамтад нь байгуулсан. Гэтэл энэ нь миний итгэлийг далимдуулан зальт аргаар хийсэн, хууль зөрчсөн баталгаа байсныг хожим олж мэдсэн. Одоо Г.Оюун гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн, зээл, хүү, алданги төлөхгүй байгаа болно.Зээлдэгч   Г.Оюуны хүсэлтээр 2016 оны 9 сарын 19-нд гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээг 2016 оны 7 сарын 19-нөөс 2016 оны 12 сарын 31-нийг хүртэл дээрхи гэрээнд заасан нөхцөлтэйгээр харилцан тохиролцож байгуулсан болно. Уг гэрээний хамт Г.Оюун нь зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 12 сарын 31-ний дотор төлөхөөр баталгаа гаргаж өгсөн боловч биелүүлээгүй. Гэтэл миний бие нь Г.Оюунаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна. Би зээлийн гэрээний дагуу төлбөрөө авахаар Монгол улсад 3 удаа ирсэн, зардал чирэгдэл маш их гарч хохирч байна. Зардлыг нэхэмжлэх болно. Үүнээс гадна Г.Оюун нь барьцаа хөрөнгөө албан ёсоор Улсын бүртгэлийн  газарт бүртгүүлээгүй, гэрээнд зааснаар надад шилжүүлээгүй болно. Г.Оюун нь барьцаа хөрөнгийг гэрээ байгуулсаны дараа өөрийн 100% эзэмшлийн “Пи Ай Си” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэдгээ бичгээр баталгаажуулсан тул түүний “Пи Ай Си” ХХК-г хамтран хариуцагчаар татаж байгаа болно.

Иймд “Пи Ай Си” ХХК-ийн болон иргэн Г.Оюунаас үндсэн зээл болох 200 000 ам.доллар, хүү 20 000 ам.доллар, гэрээний хугацаа хэтэрсний алданги болох 38 943 ам.доллар нийт 258 943 ам.долларыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.  


            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Монгол шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чой Чун Ён нь нь Г.Оюун, “Пи Ай Си” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч үндсэн нэхэмжлэлд алдангийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тооцсон байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа учир 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 113 хоногийн алдангид 67,800 ам.долларыг хариуцагчаас нэмж гаргуулахаар нэхэмжилж байна. Нийт алданги 106,743 ам.доллар болж байгаа бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульд заасан. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үнийн дүн 200 000 ам.долларын 50 хувь нь 100,000 ам.доллар болж байгаа тул үндсэн нэхэмжлэлээр алдангид 38,493 ам.доллар нэхэмжилсэн байгаа бөгөөд нэмж 61,057 ам.долларын алдангийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Талууд хоорондоо харилцан тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан тул гэрээг баталгаажуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Бид тооцоо нийлээд гэрээгээ байгуулсан тул эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн болно. Мөн хариуцагч Г.Оюунаас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар эвлэрсэн гэв.

                                                                                                                                                                                                                                                                                        

Хариуцагч Г.Оюун шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч Г.Оюун миний бие 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чой Чүн Ёнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч нэхэмжлэлтэй холбоотойгоор эвлэрэн хэлэлцсэн тул хариу тайлбарыг гаргах шаардлагагүй болно.

            Маргаанаа эвийн журмаар шийдвэрлэхээр болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг би төлөх болно гэв.

           

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн Иргэний хэргийн нэхэмжлэгч Солонгос улсын иргэн Чой Чун Ёнын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Монгол, нөгөө талаас Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Олимпийн хорооны байр 206 тоот хаягт оршин суух иргэний хэргийн хариуцагч Гантулгын Оюун нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. Үүнд:

            1.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200 000 ам.доллар, хүү 20 000 ам.доллар, гэрээний хугацаа хэтэрсний алданги 100 000 ам.доллар, нийт 320 000 ам.долларыг Гантулгын Оюунаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөв.

            2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нийт 320 000 ам.долларыг гэрээний 2.1-т заасан төлбөрийн хуваарийн дагуу 1.6 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулах, нэхэмжлэгч нь төлбөр төлөх нэг жил, зургаан сарын хугацаа олгохоор эвлэрэн хэлэлцэв.

            2.1-д Төлбөрийн хуваарь: 2017.08.25-нд 10 000 ам.доллар, 2017.09.25-нд 10 000 ам.доллар, 2017.10.25-нд 20 000 ам.доллар, 2017.11.25-нд 20 000 ам.доллар, 2017.12.25-нд 20 000 ам.доллар, 2018.01.25-нд 20 000 ам.доллар, 2018.02.25-нд 20 000 ам.доллар, 2018.03.25-нд 20 000 ам.доллар, 2018.04.25-нд 20 000 ам.доллар, 2018.05.25-нд 20 000 ам доллар, 2018.06.25-нд 25 000 ам.доллар, 2018.07.25-нд 25 000 ам.доллар, 2018.08.25-нд 25 000 ам.доллар, 2018.09.25-нд 25 000 ам.доллар, 2018.10.25-нд 10 000 ам.доллар, 2018.11.25-нд 10 000 ам.доллар, 2018.12.25-нд 10 000 ам.доллар, 2019.01.25-нд 10 000 ам.доллар, нийт 16 сар 320 000 ам.доллар.

            3.Төлбөрийг ам.доллараар анх авсан, нэг тал нь гадаадын иргэн байгаа тул зээлийг авсан ам.доллараар нь эргүүлэн төлөх ба Голомт банк дахь ам.долларын 1102171432 тоот /эзэмшигч Ц.Монгол/ дансанд сар бүр хуваарийн дагуу шилжүүлнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Монгол нь төлбөр хүлээн авагч Солонгос улсын иргэн Чой Чун Ёнд уг төлбөрийг шилжүүлэн өгнө.

            4.Эвлэрлийн гэрээг баталгаажуулсны дараа хариуцагч нь төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг хугацаа хоцроолгүй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гүйлгээний утга дээр “Гантулгын Оюунаас Шүүхийн шийдвэрийн дагуу” гэж тодорхой бичнэ.

            5.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.24-ны өдрийн 183/ШЗ2017/04718 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх ба төлбөр нь графикийн дагуу хэвийн төлөгдөж байх нөхцөлд, дутуу үлдэж байгаа төлбөрийн үлдэгдлийг үнийн дүн, барьцаа хөрөнгийн үнийн дүнгийн харьцааг харгалзан зарим битүүмжлэгдсэн хөрөнгийг тухайн үед нь тохиролцож чөлөөлөх талаар тохиролцов.

            6.Нэхэмжлэгч нь “Пи Аи Си ” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзах

            7.Гэрээ нь талуудын нууцад хамаарах бөгөөд гуравдагч этгээдэд ямар нэг хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хүлээнэ.

            8.Улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлыг хуульд заасны дагуу талууд төлнө. 50%-иар хөнгөлөхөөр тохиров.

            9.Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр хийгдсэн ба аливаа гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

            10.Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэж, Шүүхэд нэг хувь өгч тал тус бүр нэг хувийг авна. Гэрээний хувиуд нь адил хүчинтэй бөгөөд Эвлэрлийн гэрээг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Чой Чун Ён нь хариуцагч Г.Оюун, “Пи Ай Си” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 320 000 ам.долларыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Пи Ай Си” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чой Чун Ён хариуцагч Г.Оюун нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

            Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 320 000 ам.долларыг хариуцагч Г.Оюун нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч уг 320 000 ам.долларыг “Эвлэрлийн гэрээ”-ний 2.1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.        

            Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь хариуцагч “Пи Ай Си” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч “Пи Ай Си” ХХК-нд холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар хөнгөлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 262 644 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 2 131 322 төгрөг, хариуцагч Г.Оюунаас 2 131 322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д дугаар зүйлд заасныг удирдлага болгон               

                                                                                                   ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Чой Чун Ён-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Оюунд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 320 000 ам.долларыг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 320 000 ам.долларыг хариуцагч маргаангүйгээр зөвшөөрч, уг 320 000 ам.долларыг  2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 16 сарын хугацаанд /2017 оны 8 сарын 25-нд 10 000 ам.доллар, 2017 оны 9 сарын 25-нд 10 000 ам.доллар, 2017 оны 10 дугаар 25-нд 20 000 ам.доллар, 2017 оны 11 дүгээр сарын 25-нд 20 000 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 25-нд 20 000 ам.доллар, 2018 оны 1 дүгээр сарын 25-нд 20 000 ам.доллар, 2018 оны 2 дугаар сарын 25-нд 20 000 ам.доллар, 2018 оны 3 дугаар сарын 25-нд 20 000 ам.доллар, 2018 оны 4 дүгээр сарын 25-нд 20 000 ам.доллар, 2018 оны 5 дугаар сарын 25-нд 20 000 ам доллар, 2018 оны 6 дугаар сарын 25-нд 25 000 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 25-нд 25 000 ам.доллар, 2018 оны 8 дугаар сарын 25-нд 25 000 ам.доллар, 2018 оны 9 дүгээр сарын 25-нд 25 000 ам.доллар, 2018 оны 10 дугаар сарын 25-нд 10 000 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 25-нд 10 000 ам.доллар, 2018 оны 12 дугаар сарын 25-нд 10 000 ам.доллар, 2019 оны 1 сарын 25-нд 10 000 ам.долларыг/ төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрслийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2.Нэхэмжлэгч Чой Чун Ён-ийн хариуцагч “Пи Ай Си” ХХК-нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 320 000 ам.долларыг гаргуулахыг хүссэн хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Чой Чун Ён-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 262 644 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данснаас 2 131 322 төгрөг, хариуцагч Г.Оюунаас 2 131 322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН