| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 183/2017/01259/и |
| Дугаар | 2148 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2148
М.Ц-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01359 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ИНЕГ-т холбогдох
Ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 21 887 400 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичил хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц 1981 оноос МИАТ компанид, 2003 оноос ИНЕГ-т ахлах мэргэжилтэн, менежер, газрын даргаар ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байтал ИНЕГ-ын даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/594 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01411 дүгээр шийдвэрээр М.Ц-ийг ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговорт 10 985 335 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч тал шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/215 дугаар тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр томилсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй тул сарын дундаж цалин 2 138 740 төгрөгийг ажилгүй байсан 10 сараар тооцон 21 387 400 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулал цалин 500 000 төгрөг нийт 21 887 400 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Ц-ийг урьд эрхэлж байсан Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэрийг биелүүлэхээр ИНЕГ-аас удаа дараа санал тавьсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саналыг хүлээн авахаас татгалзсан. Иймд М.Ц-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч ИНЕГ-аас 20 841 770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-д олгон, үлдсэн 1 035 630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Ц-ийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 262 159 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал: анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн, оролцогчдод хуулиар олгосон эрхийг эдлүүлэхгүйгээр хариуцагчийн өмгөөлөгч авч эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч тал 2 өмгөөлөгчтэй байхад хариуцагчийн өмгөөлөгч авч эрх, ашгаа хамгаалах эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн томилогдсон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 4 сарын хугацаа өнгөрсөн байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэдийд дуусах эсэхэд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч М.Ц ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 21 887 400 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 500 000 төгрөг нийт 21 887 400 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ИНЕГ эс зөвшөөрчээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01411 дүгээр шийдвэрээр М.Ц-ийг ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговорт 10 985 335 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Зохигч талууд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар “М.Ц-д ажлын санал тавьсан боловч хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/215 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Ц-ийг өмнөх ажилтай адил чанарын өөр ажил албан тушаал буюу Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын мэргэжилтний ажилд авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар зохицуулагджээ.
Хуулиар тусгайлан тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалах учиртай.
Нэхэмжлэгч М.Ц хуулиар тогтосон хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзнэ.
Ийм учраас анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01359 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор 21 887 400 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичил хийлгүүлэх тухай нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ИНЕГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 159 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА