Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 0425

 

2020 оны 06 сарын 17 өдөр          Дугаар 128/ШШ2020/0425            Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “ГТЛ” ТӨААТҮГ

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х,  нар.

Гомдлын шаардлага: “Согинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Хэргийн оролцогч: Гомдол гаргагч “ГТЛ” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагч Д.Х, Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц  нарыг оролцуулав.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

“ГТЛ” ТӨААТҮГ-аас шүүхэд гаргасан гомдолдоо: “Гомдлын шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шаардлагын үндэслэл: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.Мнар “ГТЛ” ТӨААТҮГ-ын 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэлийн 275,461,264.80 төгрөг, хохирлын 144,792,881.20 төгрөг, нөхөн төлбөрийн 2,646,425.0 төгрөг, нийт 422,300,571.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараахь хууль, журмыг зөрчиж байна.

1. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 467 дугаартай тогтоолоор Э овогтой Т-ыг “ГТЛ” ТӨААТҮГ-ын захирлаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон байтал татварын улсын байцаагч нар 03030... дугаартай Шийтгэлийн хуудас, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /04/ болон бусад баримт бичигт ажлаас чөлөөлөгдсөн, эрх зүйн чадамжгүй этгээд болох Ө овогтой О-ыг холбогдогчоор тогтоосон нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.3 “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө”, 20 дугаар зүйлийн 1 “Захирал дараахь эрх, үүрэгтэй: 1/ тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох”, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 14 дүгээр зүйлийн 14.1 “Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй”, 14.2” Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана”, 27.1 “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасныг,

2. Дээрх хуулийн заалтуудаар “ГТЛ” ТӨААТҮГ-ын гүйцэтгэх удирдлага Э.Т би холбогдогчоор тогтоогдохоор байна. Би хуульд заасан эрхийн дагуу Шийтгэлийн хуудасны хавсралтууд, холбогдох баримт бичигтэй танилцахаар Сонгинохайрхан дүүргийн Татварын албанд хандсан боловч өгөөгүй болно. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 “татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах”, 17.1.7 “татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1 “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 32.1 “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно” гэж заасныг,

3. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /04/-ийн 1 дүгээр хуудсанд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх үүрэг, Татварын ерөнхий хуулийн 17, 18 дугаар зүйлийг уншуулж, танилцуулан, тайлбарлан өгч гарын үсэг зуруулав” гэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан ЗШША... маягтаар гарсан зөрчил, холбогдогчийн эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл байхгүй, Шийтгэлийн хуудсанд хавсаргаагүй, гарын үсэг зурсан нь нотлогдохгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 15.1.4 “захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх”, 15.1.8 “хуульд заасан бусад эрх”, 26.1 “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.5 “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасныг,

4. 03030... дугаартай Шийтгэлийн хуудас болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /04/-д зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах этгээд болон хугацааг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2 “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасныг,

5. 03030... дугаартай Шийтгэлийн хуудсанд Зөрчил илрүүлсэн тухай, Холбогдогч, гэрч тогтоосон тухай, Холбогдогчид эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлүүд, албан татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо, Татварын ногдуулалт төлөлтийн тооцоо, Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт торгууль алданги ногдуулсан тооцоо зэрэг хавсралтууд, Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын акт зэргийг хавсаргаагүй, татвар төлөгчид танилцуулаагуй нь “Татварын албаны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.5 “Акт, дүгнэлт”-нд хавсаргах маягт болон бусад хавсралтын баруун дээд талд нь: “Татварын улсын /ахлах/ байцаагчийн ....тоот акг, дүгнэлтийн хавсралт...., Татварын ерөнхий газрын даргын ... тоот тушаалаар батлагдсан Маягт ХШ №...” гэсэн тэмдэглэл бүхий татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын /ахлах/ байцаагч, татвар төлөгч, түүний албан ёсны төлөөлөх эрх бүхий ажилтны гарын үсгийг зуруулан тамга, тэмдэг дарж баталгаажуулсан Маягт, хавсралтуудыг хавсаргана..., 7.5.12 “Акт, дүгнэлт”-нд хавсаргах бусад холбогдох маягтуудын баруун дээд талд нь: “Татварын улсын байцаагчийн ... тоот акт, дүгнэлтийн хавсралт /Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш “шийтгэлийн хуудас” гэх болсон/ гэсэн тэмдэглэл хийж хавсаргана” гэж заасныг,

6. 03030... дугаартай Шийтгэлийн хуудсыг гардуулсан тухай тэмдэглэл /06/-д ... /Сонгинохайрхан дуүргийн 18 хороонд байрлах шуудангийн салбараар илгээв/ гардуулав гэсэн нь “ГТЛ” ТӨААТҮГ-ын ирсэн бичиг, баримтын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” заалтыг тус тус зөрчсөн байх тул 03030... дугаартай Шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д "захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх", 15.1.8 "хуульд заасан бусад эрх", 26.1 "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 27.5 "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1. "Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана" гэж заасныг, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн хуулийн зөвлөх А.Т-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан тайлбарын 4-т "Татварын хяналт шалгалтаар гарсан зөрчлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "ГТЛ" ТӨААТҮГ-ын захирал Ө.О-т танилцуулан, холбогдогчийн мэдүүлэг авч гарын үсэг зуруулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд хавсаргасан болно" гэснээс харахад сонсох ажиллагаа огт хийгдээгүй болох нь харагдаж байна.

... Шийтгэлийн хуудасны тогтоох хэсэгт ... хохирлын 144,792,881.70 төгрөг гэж заасан байдаг. Зөрчлийн тооцооны хүснэгтээс харахад хохирол буюу нөхөн татварын дүн 4,169,592.10 төгрөг байгаа нь шийтгэлийн хуудас илт алдаатай байгааг харуулж байна.

Шийтгэлийн хуудасны хавсралт Нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаандаа төлөөгүй татварт торгууль алданги бодсон талаар:

Торгууль алданги бодох хугацааг 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1 "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1 ”тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө" гэж заасныг зөрчсөн байна.

2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу үлдэгдэлд алданги тооцохдоо 355 хоногоор тооцох байтал 324 хоног, 2018 онд 2017 оны 193,235,237.10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу үлдэгдэлд алданги тооцохдоо 355 хоногоор тооцох байтал 320 хоногоор тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д Алданги тооцох хугацааг дор дурдсанаар тодорхойлно: 60.3.1 “энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор” гэж заасныг зөрчсөн.

2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу үлдэгдэл 226,868,965.10 төгрөгт 45.373,793.02 төгрөгийн алданги тооцох байтал 1,576,293.91 төгрөгөөр илүү буюу 46,950,086.93 төгрөгийн алданги, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу үлдэгдэл 236,773,022.00 төгрөгт 47,354,604.40 төгрөгийн алданги тооцох байтал 892,938.11 төгрөгөөр илүу буюу 48,247,542.51 төгрөгийн алданги бодсон нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна" гэж заасны зөрчсөн байна.

2016, 2017, 2018 онуудад нэмэгдсэн өртгийн албан татварын төлөөгүй үлдэгдэлийг тооцохдоо тухайн сарын төлөх ногдлыг оруулж тооцоогүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1 "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, уйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө" гэж заасныг зөрсөн байна.

... Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж энэ удирдамжийн 7.13 дахь хэсэгт гарах дүгнэлт татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, тасгийн дарга баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Хэрэв татвар төлөгч зөвшөөрөхгүй, гарын үсэг зурсан бол энэ талаар хаана ямар хугацаанд гомдол гаргаж болохыг тайлбарлан, татвар төлөгч нь тайлбар өгснөөр хүчин төгөлдөр болно. Гэтэл үүнд тайлбар тэмдэглэгээ байхгүй. Баримтын баруун дээд буланд татварын улсын байцаагчийн акт гэсэн бичиг байдаг. Энэ нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь Зөрчлийн тухай хуулиа үндэслэдэг ба үүнд шийтгэлийн хуудас байх ёстой. Татварын улсын байцаагч нараас акт гарахгүй шийтгэлийн хуудас гарна. Татварын хяналт шалгалт хийх удирдамжийн 3.2 дахь хэсэгт тооцоолол материалуудыг татварын актад хавсаргана гэсэн нь байхгүй. Мөн журмын 3.2 дахь хэсэгт гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулна гэж заасан. Гэтэл нягтлан бодогч н.Хоролсүрэнд эрх, үүрэг тайлбарлаж өгсөн гэдэг бөгөөд энэ хүн нь харин байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Байгууллагын захиралд эрх үүргийг нь тайлбарлаж тэмдэглэл хөтлөх ёстой. Хөтөлсөн зүйл тэмдэглэл дээр нь н.Хоролсүрэнтэй санхүүгийн талаар ярилцлага хийсэн. Тооцооллын илтэд алдаатай байна. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын тухай хуульд заагдсанаар Нэмэгдсэн өртгийн албан татвар нь сар бүрийн 10-ны өдөр ногдол нь гарч төлж байх ёстой. 10-ны өдрөөс хойш төлөөгүй бол алданги, торгууль, хугацаа хэтрэлтийг төлнө. Татварын улсын байцаагч нар тооцооллыг хийхдээ 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүү, алданги, торгууль бодсон. Энэ нь нийт 226,869,968.10 төгрөг нь 2015 оны үлдэгдэл юм. ... Нэгэнт өр үүссэн бол түүнээс хойш бодох ёстой бөгөөд бодсон хоног нь 324 биш 365 хоногоор бодох ёстой байтал бүгдийг нь буруу бодож, ногдлыг нь оруулаагүй 2019 онд өр тэглэгдсэн гэж үзвэл 365 хоногоор бодох ёстой. Энэ нь хуульд зааснаар тооцооллын илт алдаатай байна.

... Тооцоолол нь татвар төлөгчийн эдийн засаг, санхүүтэй холбогдож байдаг учир үнэн, зөв байх ёстой. Тооцооллын алдаатай гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын илэрхий алдаатай байна гэж үзэхээр байна. Мөн хуулийн 47.2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн үйлчлэлгүй, илт хууль бус юм. Татварын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 103703176 бичигт Маргаан таслах зөвлөлд чиглэл хүргүүлсэн. Иймд нэгдүгээр процессын ажиллагаа зөрчсөн, хоёрдугаарт бичиг баримт нь агуулгын хувьд алдаатай, татвар төлөгчийг эрхээ эдлэх, хариу тайлбараа хэлэх боломжоор хангаагүй, ямар хэрэгт холбогдоод байгаа талаар тайлбар аваагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хяналт шалгалтын ажил дуусаж “ГТЛ” ТӨААТҮГ-ын нягтлан бодогч М.Х-д анхан шатны баримтуудыг хүлээлгэн өгч, захирал Ө.О-т шалгалтын ажил дууссаныг мэдэгдэн гарсан зөрчлийг танилцуулан, холбогдогчоос мэдүүлэг аван гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Холбогдох бичвэр болон FISHER SYSTEM-т зөрчлийг оруулан хэвлэж холбогдогчоор гарын үсэг зуруулж, тамга даруулахаар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр удаа дараа утсаар холбогдохоор залгасан боловч холбогдоогүй тул шийтгэлийн хуудсыг маргааш өдөр болох 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар илгээсэн. “ГТЛ” ТӨААТҮГ-ын захирал солигдсон нь шийтгэлийн хуудас хүчингүй болох үндэслэл болохгүй.

2. Татварын хяналт шалгалт “ГТЛ” ТӨААТҮГ дээр хийгдсэн бөгөөд аль нэг захирал дээр хийгдээгүй. Гүйцэтгэх удирдлага Э.Т нь “Шийтгэлийн хуудасны хавсралтууд, холбогдох баримт бичигтэй танилцахаар Сонгинохайрхан дүүргийн Татварын албанд хандсан боловч өгөөгүй болно” гэсэн байна. Э.Т нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 401 тоот өрөөнд ирж уулзсан бөгөөд баримт материалтай танилцах бус зөвхөн Татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нартай ганцаарчлан уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан нь байцаагчийн 99187010 утасны дугаар луу залгасан ярианаас илт байна.

3. “Татварын албаны татварын хяналт шалгалт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 6.3.8. Татварын хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид нэр, албан тушаалаа хэлж, Татварын улсын (ахлах) байцаагчийн үнэмлэх, “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж” эсвэл ... үзүүлэн татварын хяналт шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлан танилцуулсны дараа татвар төлөгчөөс тодруулах зүйл байгаа эсэхийг асууж энэ тухай “Ярилцлагын тэмдэглэл” “Маягт ХШ-03”-д бичнэ гэж заасан. Татварын хяналт шалгалтад хамрагдах болсныг мэдэгдсэнээс хойш “ГТЛ” ТӨААТҮГ-ын нягтлан бодогч М.Х 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирж Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл. Татвар төлөгчийн эрх, 18 дугаар зүйл. Татвар төлөгчийн үүрэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэг 3.1 дүгээр зүйл. Холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж ярилцлага аван гарын үсэг зуруулсан.

4. Татварын хяналт шалгалтаар гарсан зөрчлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “ГТЛ” ТӨААТҮГ-ын захирал Ө.О-т танилцуулан холбогдогчийн мэдүүлэг авч гарын үсэг зуруулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд хавсрагдсан болно.

5. Шийтгэлийн хуудас болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл ЗШША-2-ыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 тоот тогтоол /шийтгэлийн хуудасны маягт батлах тухай/, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу бичигдсэн.

6. Тав дахь зүйл нь 2 ба 4 дэх хариулттай утга нэг.

7. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны 03030... дугаартай Шийтгэлийн хуудсыг “ГТЛ” ТӨААТҮГ-ын ирсэн бичиг, баримтын бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн нь тухайн байгууллагын асуудал бөгөөд /бүртгэх эсэх нь/ шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор гардуулна гэсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шуудангаар илгээсэн.

Иймд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримтлан шийтгэврийн хуудас бичсэнийг харгалзан үзэж гомдол гаргагчийн гомдлыг хүчингүй болгож, 03030... дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.дэх хэсэгт 7 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн чадамжгүй байна гэж заасан. Мөн хуулийн 18.2 дахь хэсэгт Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцно гэсэн байдаг. Гэтэл энэ хүн нь эрх зүйн чадамжтай хүн гэж үзэж байна.

Тогтоосон актын он, сар, өдөр нь өөр өөр гарч байна гэсэн тайлбар хэлсэн. Тухайн үед ярилцлага хийгээд оруулсан зүйлс нь програм дээр тухайн өдрийн он, сар, өдрөөрөө байгаа. Хэвлээд хамгийн сүүлийн байдлаар чеклэхэд тэр өдрийн он, сар, өдрөөр гардаг. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Э.Т захирлыг томилогдоход манай хэлтэс дээр шийтгэлийн хуудасны материалтай танилцсан. Уулзахдаа албан өрөөнд уулзмааргүй байна, ганцаарчлан уулзмаар байна гэсэн.

Програм одоо хүртэл акт гэсэн бичиг баруун дээд буланд байдаг. Энэ нь өнөөдрийг хүртэл програм шинэчлэлт хийгдээд явж байна. Хяналт шалгалтын программ хуучин ба бусад програм шинэчлэгдэж байгаа, татварын улсын байцаагч нартай хамааралгүй системийн хэмжээнд хийгдэж байгаа ажил юм.

... Дараа оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийгддэг. 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл татвар төлөгч хамгийн сүүлийн хугацаанд тайлангаа илгээж, програм дээр борлуулалт болон зардлаа хасаад төлөх татвар нь гарч ирдэг  бөгөөд тэр хугацаанаас хойш бодогддог. ... Ө.О захирал нягтлан бодогч 2 нь эцсийн үр дүнтэй танилцсан. Захирлыг эхлээд бүх процесс, зөрчлийг танилцуулаад программд оруулсны дараа захирал нь солигдсон. Сүүлд нь захирлыг шалгаагүй, харин “ГТЛ” ТӨААТҮГ-ыг шалгасан. Хоёр захирлын хэнд ч танилцуулсан адилхан байна.

... 2016 оны 2,646.000 төгрөгийн алдагдлыг бууруулсан. Алдагдлыг бууруулахаар нөхөн татвар тавигдахгүй тэглэнэ. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 190 тоот тогтоолоор бүгд бичигдсэн.

Нэг удаа гараар бичсэн гэж байгаа нь өөрөө албадан дуудаад ажил дээр ирээгүй учир 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “ГТЛ” ТӨААТҮГ-ын захирлын өрөөнд нь очиж гараар тэмдэглэл бичсэн.

... Гомдол гаргагчийн баримтыг үзэхэд эцсийн хэрэглэгч буюу хөрсний шинжилгээ хийлгэдэг ба түүн дээр Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж авсан байсан. Үндсэн үйл ажиллагааны төлбөрөө аваад дээрээс нь Нэмэгдсэн өртгийн албан татварыг авсан. Эцсийн хэрэглэгчээс авсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг улсын төсөвт шилжүүлээгүй бусад үйл ажиллагаандаа хэрэглэсэн ... хугацаандаа төлөөгүй буюу хугацааны алданги юм. Жилийн эцсийн үлдэгдэл, энэ нь төлөгдөхгүйгээр 310 хоног хойшилсон ба хоног тутамд 0,1 хувийн торгуультай, алданги нь 1,200.000 төгрөг байгаа. ... Хугацаанд төлөөгүй буюу 310 хоног хэтрүүлсний торгууль, алданги нэмэгдэж төлнө. 3,500.00 төгрөг нь актаар тогтоогдож байгаа ба 10,600.000 төгрөг нь тайлангаараа төлөх ёстой байсныг төлөөгүй эргэлдүүлж өөр зүйл ашигласан учир торгууль, алданги тавьсан.

Татварын хяналт шалгалт хийгдэх үндэслэл нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт гэж Татварын ерөнхий газраас чиглэл ирдэг. Төлөвлөгөөт шалгалт гэдэг нь таван жилд нэг удаа аж ахуй нэгжүүдийг шалгадаг. Төлөвлөгөөт бус шалгалт нь эрсдэлтэй аж ахуй нэгжүүдийг шалгадаг. Гомдол гаргагчийн шалгасан нь төлөвлөгөөт шалгалтад орсон. Томилолт ирсний дагуу татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 34, 35, 36 дугаар зүйлүүдэд заасны дагуу процесс ажиллагаагаа хийгээд, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүх тооцоог дуусгаад “ГТЛ” ТӨААТҮГ дээр очиж захирал Ө.Оюунбаатар, нягтлан бодогч н.Хоролсүрэн хоёроор нь гарын үсэг зуруулж, эцсийн шийдвэр гаргасан. Ингээд тухайн өдөр захирал болон нягтлан бодогч нараар гарын үсэг зуруулж баталгаажуулаад “ГТЛ” ТӨААТҮГ-аас ажил дээр ирээд сүүлийн байдлаар үйлдсэн баримтуудыг программ дээрээс хэвлэж албан ёсоор Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу шууданд хийсэн. Иймд татварын улсын байцаагч шийтгэлийн хуудас бичихдээ хууль зөрчөөгүй учир гомдлын шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

“ГТЛ” ТӨААТҮГ-иас “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдол гаргажээ[1].

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зэргийг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нар нь “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 341909002... дугаартай томилолтын дагуу 2120755 регистрийн дугаартай тус хэргийн нэхэмжлэгч “ГТЛ” ТӨААТҮГ-ын 2014-2018 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн татварын хяналт шалгалтыг хийж, нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11.2., Татварын ерөнхий хуулийн /2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн/ 74 дүгээр зүйлийн 74.1.-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 422.900.571 төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалтаар нийт 1.291.051.693.60 төгрөгийн зөрчилтэй байсан үнийн дүн дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ “тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд солигдсон байхад тухайн этгээдийн оролцоог хангалгүйгээр шийдвэрлэсэн, гомдол гаргагчийг маргаан бүхий захиргааны актын талаар гомдол гаргах эрхээр хангаагүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийлгүйгээр актыг гаргасан, татвар төлөгчид ногдуулсан шийтгэл болох 422.900.571 төгрөг хэрхэн гарч ирсэн нь тодорхойгүй тооцооллын алдаатай, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны холбогдох баримтуудад оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй” гэж тайлбарлажээ.

I. “Тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд солигдсон байхад тухайн этгээдийн оролцоог хангалгүйгээр шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд;

Тус хэргийн хариуцагч нар болох татварын хяналт шалгалтын улсын байцаагч нар нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” 02 дугаар тогтоолыг үйлдэж, Зөрчил шалган шийдвэрлэх явцад оролцогч “ГТЛ” ТӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгчөөр Ө.О-ыг тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна.

Хариуцагч нар хяналт шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар тухайн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ө.О-т танилцуулсан байна.

Ийнхүү танилцуулахад хууль ёсны төлөөлөгч Ө.О нь хяналт шалгалтаар гарсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах талаар мэдүүлгийг өгчээ[2].

Гомдол гаргагч “ГТЛ” ТӨААТҮГ-ын захирал нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр солигдсон байх боловч шинээр томилогдсон захирлыг тухайн байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгасан болох нь тогтоогдож байх бөгөөд хяналт шалгалтын дүнг тухайн үед захирлаар ажиллаж байсан тухайн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ө.О-т шалгалтын дүнг танилцуулсан үйл баримт нь тогтоогдож байх тул тухайн байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн оролцоог хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч улсын байцаагч нар нь хяналт шалгалтаа 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгаад, дотоод зохион байгуулалтын ажлын улмаас шийтгэлийн хуудасны дугаарыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авсан нь шинээр томилогдсон захирлын оролцоог хангаагүй байна гэж үзэхээргүй байна.

Учир нь хяналт шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгасан болох нь тогтоогдож байна.

II. “Нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актын талаар гомдол гаргах эрхээр хангаагүй” гэх үндэслэлийн тухайд;

Хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч байгууллагад баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

Шуудангаар хүргүүлсэн маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч “ГТЛ” ТӨААТҮГазар нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг, шүүх хүлээн авч, хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Иймд мөн нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актын талаар гомдол гаргах эрхээр хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

III. “Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийлгүйгээр актыг гаргасан” гэх үндэслэлийн тухайд;

Хариуцагч нар нь хяналт шалгалтыг хийх явцдаа 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тухайн байгууллагын нягтлан бодогч М.Х-тэй гарч байгаа зөрчлийн талаар ярилцлага хийсэн[3], хяналт шалгалтын дүнгийн талаар тухайн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ө.О-т танилцуулсан байх тул сонсох ажиллагааг хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан гэх тайлбар нь мөн үндэслэлгүй байна.

IV. “Татвар төлөгчид ногдуулсан шийтгэл болох 422.900.571 төгрөг хэрхэн гарч ирсэн нь тодорхойгүй тооцооллын алдаатай” гэх үндэслэлийн тухайд;

Тооцооллын хувьд алдаатай гэх үндэслэл нь эсрэгээрээ нэхэмжлэгч байгууллагад ашигтай, тухайн байгууллагын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зүйл болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь нийт 1.291.051.693.60 төгрөгийн  татварын өртэй, хуулийн этгээд өөрөө тайлагнасан өр үнийн дүн дээр маргаан байхгүй гэж тайлбарладаг.

Анх дээрх хяналт шалгалтаар илэрсэн нийт 1.291.051.693.60 төгрөгийн  зөрчилд нь нөхөн татвар, торгууль, алданги нийт 425.185.321.65 төгрөгийн шийтгэл ногдуулахаар тооцоолол гаргажээ[4].

Шийтгэлийн хуудсыг гаргахдаа хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагын 2016 оны алдагдлыг бууруулж тооцож, нийт 425.185.321.65 төгрөгийн шийтгэл ногдуулахаар тооцоолсон байсныг нийт 422.900.571 төгрөг болгон бууруулж шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгч байгууллагын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үйл ажиллагаа болжээ.

V. “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдох баримтуудад оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй” гэх үндэслэлийн тухайд;

Хариуцагч нар нь хяналт шалгалтыг явуулахдаа нэхэмжлэгч “ГТЛ” ТӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгчөөр Ө.О-ыг тогтоосон, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар тухайн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ө.О-т танилцуулж гарын үсэг зуруулсан байх тул[5] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдох баримтуудад оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нарын нэхэмжлэгч байгууллагад хийсэн хяналт шалгалт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нь шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийсэн байх тул гомдол гаргагчийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холболдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03030... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй шийтгэлийн хуудсын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг өршөөлд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11.2., Татварын ерөнхий хуулийн /2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн/ 74 дүгээр зүйлийн 74.1.-т заасныг тус тус баримтлан “ГТЛ” ТӨААТҮГ-аас Согинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан баримтлан “ГТЛ” ТӨААТҮГ-ыг Согинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03030... тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг зохих ёсоор тооцон өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гомдол гаргагч “ГТЛ” ТӨААТҮГ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ