С-хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч З.З-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-, гуравдагч этгээд Т.М-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Х- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 299 дүгээр шийдвэртэй, С-хэвлэл мэдээллийн хэрэгслийннэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Х- сэтгүүл-ийн захирал З.З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 онд М.Туяа нь Х- сэтгүүлийн нэрийн загвар дизайныг өөрөө санаачлан Ц.Э- эхийг бэлдүүлсэн болно. Х- сэтгүүл-ийн нэрийг зөвхөн Х- хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй гэж тодорхой заасан байдаг. Хэдийгээр уг сэтгүүлийг гаргахдаа бид Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн болон барааны тэмдгийн гэрчилгээ аваагүй боловч зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар сэтгүүл анх хэвлэгдсэн цагаасаа уг хуулиар зохиогчийн эрх нь хамгаалагдсан. Гэтэл Т.М- гэгч этгээд 2009 оны 12 дугаар сараас эхлэн Монгол улсад нийтэд түгээмэл болсон С-хэмээх зохиогчийн эрхээр хамгаалагдсан манай бүтээлээс сэтгүүлийн нэрийг, загвар дизайны хамт хуулбарлан 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газарт хандсаныг Монгол улсын Тэргүүн шадар сайд хүлээн авч, 2011 оны 56 дугаар тушаал гарган 9046 тоот барааны тэмдгийн гэрчилгээг олгосон байна. Бидний гол маргаж байгаа зүйл бол Т.М- нь манай оюуны өмчийг хулгайлж, бараа тэмдгээр бүртгүүлэхээр Оюуны өмчийн газар хандсаныг бүртгэн авч, 9046 тоот барааны тэмдгийн гэрчилгээ олгуулсан, улмаар Х- нэрийг сонин, сэтгүүл бусад хэвлэлд ашиглах онцгой эрх авсан явдал юм. Иймд Оюуны өмчийн газрын 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9046 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга Д.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Тэргүүн Шадар Сайдын 2011 оны 56 дугаар тушаалаар Бараа, үйлчилгээний 16 дугаар ангиллаар сонин, сэтгүүл болон бусад хэвлэл, 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн анхдагч огноотойгоор, Х- үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч иргэн Т.М-т 9046 тоот Барааны тэмдгийн гэрчилгээг олгосон болно. Оюуны өмчийн газарт иргэн Т.М- нь Х- үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлгийн улсын бүртгэлийн 9995 тоот дугаартайгаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын өргөдөл өгсний дагуу 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайлан гарч мэдүүлгийн улсын бүртгэлийн 9995 дугаар мэдүүлэгтэй тэмдгийг бүртгэхээр шийдвэрлэсэн болно. Иймд С-хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ерөнхий захирал З.З-гийн гомдолд үндэслэл болон заагдсан нөхцөл байдлыг эрх бүхий байгууллага шалган тогтоосны дараа Барааны тэмдгийн гэрчилгээ-г хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ. Гуравдагч этгээд Т.М- шүүхэд гаргасан тайлбартаа: 2008 онд Ди Эс Ар ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн үед сэтгүүлээ хийж үйл ажиллагаагаа явуулах үүднээс н.Ууганбатыг эх бэлтгэгчээр ажилд авсан. Гэтэл н.Ууганбат миний компьютерийг авч алга болсон бөгөөд сэтгүүлээ хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүний дараа 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газарт хандаж мэдүүлэг гарган өөрийн санаа болон барааны тэмдэгээ зохих журмын дагуу бүртгүүлж Х- үг, дүрсний хосолмол барааны тэмдэгийг эзэмших 9046 дугаар бүхий барааны тэмдгийн гэрчилгээ, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10484 дугаар бүхий барааны тэмдгийн гэрчилгээг тус тус гардан авсан болно. Иймд Х- гэх нэр нь миний өмч юм. Зохиогчийн эрхийн хувьд зохиогчийн эрх нь аливаа хэвлэлийн тухайн хэвлэгдсэн дугаарт хамаарч, хувилж олшруулсан үед яригдахаас бус нэрний хувьд хамаарахгүй бөгөөд миний зүгээс зохиогчийн эрхийг зөрчиж хувилан олшруулсан тохиолдол байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.8, 5.2.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С-хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 9046 тоот барааны тэмдгийн бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гуравдагч этгээд Т.М- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2009 оны 10 дугаар сарын 21-нд Шинэ С-үүсгэн байгуулагдаж мөн оны 12 дугаар сард Х- сэтгүүлийн анхны дугаарыг гарган 4-н жилийн хугацаанд нийт 94 дугаар сэтгүүл хэвлэн нийтэд түгээсэн үйл баримт тогтоогдсон байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т зааснаар нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдэгтийг хэлнэ гэж заасан талаар шийдвэрт дурдсан байна. С-барааны тэмдэгтийг миний бие 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр анхдагч огноог төрийн захиргааны байгууллагад гаргаж Х- үг дүрсний хосолмол барааны тэмдэгтийг эзэмших эрхийн 9046 тоот гэрчилгээг авсан юм. Нэхэмжлэгч нь 2009 оны 12 дугаар сараас 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 94 дугаар гаргаагүй тухайн сэтгүүл нийтэд түгээмэл болоогүй байсан. Барааны тэмдэгтийг нийтэд түгээмэл болсон эсэхийг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага журам гарган батлах үүргийг хуулиар хүлээсэн. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.4.1-д Монгол Улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарын хэрэглэгчийн хүрээнд танил болсон байдал ба үүнийг тогтоохдоо бие даасан мэргэжлийн судалгааны байгууллагын тухайн бараа, үйлчилгээний хэрэглэгчдийн дунд хийсэн санал асуулга, судалгааны дүн харгалзан үзэх ёстой гэж заасан байна. Энэхүү журмыг батлахаас өмнө нь Монгол Улсын нэгдэн орсон Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр буюу Трипсийн хэлэлцээрт нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтийг тооцох шаардлагыгтогтоож өгсөн. Олон улсын өмнө Монгол улс барааны тэмдэгтийг нийтэд түгээмэл болох шаардлагыг хүлээн зөвшөөрч түүнийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Тухайлбал : Трипсийн хэлэлцээрт 16 дугаар зүйлийн 2-т Парисийн конвенцийн 6-bis зүйл mutatus mutandis байдлаар үйлчилгээнд хэрэглэгдэнэ. Барааны тэмдэг нийтэд танил эсэхийг тодорхойлохын тулд гишүүд нийгмийн тодорхой хүрээнд барааны тэмдгийн танил эсэхийг анхаарах бөгөөд уг танил байдал гишүүн оронд сурталчилгааны дүнд бий болсон байдлыг хамааруулна. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын конвенцоор барааны тэмдэгтийг нийтэд түгээмэл болсон эсэхийг захиргааны байгууллага урьдчилан тогтоох, хуулиар маргаан таслах комисс маргааныг шийдвэрлэхээр байхад шүүх эрх зүйн дүгнэлт өгч байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т Захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг баримтлана гэсэн заалтыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь 2009 оны 12 дугаар сараас гэрчилгээг авсан 2011 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд өөрсдийн сэтгүүлийн нэр нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгт болсон гэж үзэж байгааг Төрийн захиргааны байгууллагаар тогтоолгох ёстой байсан. Хэдийгээр журам нь батлагдаагүй байсан бол анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээс нэг жилийн өмнө тус журам батлагдсан байх тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7-дурьдчилан шийдвэрлүүлэхгүй шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Төрийн захиргааны байгууллагын дэргэд барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой дор дурдсан гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэх эрх бүхий маргаан шийдвэрлэх комисс ажиллана, шийдвэрлэх комисс нь 32.1.4-т тухайн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрхтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-д Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ гэж заасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэргийн журмаар шүүх хэргийг шийдвэрлэж Х- барааны тэмдэгтийг нийтэд түгээмэл болсон гэж үзэхээр байна гэж дурдаж шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь харшилж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Нэхэмжлэгчээс Х- сэтгүүлийн эрхлэгчээс загвар дизайныг нь санаачилж гарган 2009 онд анхны дугаарыг гаргасан тэр цагаас эхлэн зохиогчийн эрх нь хамгаалагдсан, нэр нь нийтэд түгээмэл болсон байхад 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.М-т Х- барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 9046 тоот барааны тэмдэгтийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн байх тул тус гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгуулах гэж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нэр загвар дизайн санаачилж, эх бэлдүүлсэнтэй холбоо бүхий нөхцөл байдлыг эрх бүхий хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллагаар шалган тогтоогдсоны дараа барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэл бүрдэнэ гэж тус тус маргажээ. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг ойлгохоор, 5 дугаар зүйлийн 5.2-т Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй:, 5.2.8-д бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар, 5.2.9-д Монгол Улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр гэж тус тус заасан. Төрийн эрх бүхий байгууллага буюу энэ тохиолдолд Оюуны өмчийн газар нь барааны тэмдгийг бүртгүүлэхээр гаргасан иргэн, хуулийн этгээдийн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн аваад Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд зааснаар мэдүүлгийн бүрдлийн хяналт, шүүлтийг хийхдээ тус хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг буюу нэхэмжлэгчийн энэхүү маргаанд дурдагдаж буй үндэслэл болох хүсэлт гаргасан нэр томъёо, илэрхийлэл нь тухайн салбарт нийтэд танил болсон тэмдэгтэй ижил эсэх, нийтэд түгээмэл болсон зохиогчийн эрхтэй илэрхий зөрчилдөх эсэхийг шалгаж тодруулснаар бүртгэх эсэхийг шийдвэрлэх хуулиар тогтоосон үүрэгтэй гэж үзэхээр байна. Гэтэл 2009 оны 12 дугаар сард анхны дугаар нь гарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл Х- сэтгүүлийн нэртэй давхцаж байхад гуравдагч этгээд Т.М-т 9046 тоот барааны тэмдгийг олгосон нь дээр дурдсан хуульд нийцээгүй байна. Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн шүүх Оюуны өмчийн газраас гаргасан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр журмын дагуу эхлээд хүсэлтээ гаргаж Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх комиссоор шийдвэрлүүлсний дараа бүртгүүлэх байсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно..., Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Шинэ С-хэвлэл мэдээллийн хэрэгсэл 2009 оны 10 дугаар сарын 21-нд үүсгэн байгуулагдаж, мөн оны 12 дугаар сард Х- сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэж байнга үйл ажиллагаа явуулж байгаа болох ньтогтоогдож байгааг дүгнэж, тус хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Х- барааны тэмдгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 51 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн гомдолд дурдсан 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр журам гарсан байх ба энэ журмыг гарахаас өмнө буюу 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн анхдагч огноо бүхий Х- үг, дүрсний хосолмол барааны тэмдэг эзэмших онцгой эрхийн гэрчилгээ гуравдагч этгээд Т.М-т олгогдсон байх тул тус журмын дагуу урьдчилж шийдвэрлүүлэх шаардлагагүй, нөгөөтэйгүүр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх үүрэгтэйг хуульчлан тогтоосон тул Х- барааны тэмдгийг Шинэ Х- хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 51 дүгээр тогтоол байгааг шүүх шийдвэртээ дурдсан нь буруугүй. Харин 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр С-хэвлэл мэдээллийн хэрэгслийн Ерөнхий захирал З.З- шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх С-хэвлэл мэдээллийн хэрэгсэл-ийн нэрээр хэрэг үүсгэсэн байх боловч Шинэ С-хэвлэл мэдээллийн хэрэгслийн Улсын бүртгэлийн 9073010005 дугаар гэрчилгээг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан, анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...нэхэмжлэгч нь Шинэ С-хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм... гэсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч нь Шинэ С-хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон: ТОГТООХ нь: 1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 299 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг С-хэвлэл мэдээллийн хэрэгслийн гэснийг Шинэ С-хэвлэл мэдээллийн хэрэгслийн гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ШҮҮГЧ О.НОМУУЛИН ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ |