Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 04

 

Г.Шд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга              Н.Энхнаран   

            Прокурор                                   Б.Догмиддорж

            Шүүгдэгчийн өмгөөлөгч            М.Энхтуяа

            Шүүгдэгч                                    Г.Ш нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Д.Сугар, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШТ/16 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлээр Г.Шд холбогдох эрүүгийн 1821001660152 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Шнь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Бг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос  шүүгдэгч Г.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр 29-ний өдрийн 2018/ШТ/16 дугаар тогтоолоор:

1/ Шүүгдэгч Г.Шд холбогдох 1821001660152 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Прокурорт буцааж, ...

3/ Хэргийг прокурорын газарт очтол шүүгдэгч Г.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, ...шийдвэрлэжээ.

Прокурор Б.Догмиддорж 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан эсэргүүцэлдээ: “...1. Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутагт амь хохирогч Ц.Бн биед учирсан гавал тархины гэмтлийг учруулсан гэдгийг хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогоогүй байна гэх заалтын тухайд:

Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ц.Бын гэрт 13-14 цагийн орчимд өөрийн эхнэр Б.Эийн хамт очиж, хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар Ц.Быг гэрийн гадна талд толгойн тус газарт гараараа цохиж, зодсон болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Г, Ж.Ц, гэрч Д.Б, Б.Б, Б.Э, Г.Т нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт зэрэг бусад бичгийн баримтуудаар тогтоогддог. ...амь хохирогчийн биед үүссэн гэмтлийг Г.Ш учруулсан болох нь хөдлөшгүйгээр тогтоогдож байх тул дахин шалгах шаардлагагүй болно.

2. Амь хохирогч хэдэн цагийн орчимд нас барсныг заавал тогтоох шаардлагатай тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дээрх нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох, мөн шүүгдэгч, хохирогч нар маргалдсанаас хойш гэртээ ганцаараа байсан эсэх, цаг хугацаа, явсан маршрутыг нарийн тогтоох заалтын тухайд: ...амь хохирогч Ц.Б нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагаас хойш 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 цагийн орчимд нас барсан болох нь тогтоогддог, мөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед амь хохирогч Ц.Б нь шүүгдэгч Г.Штай зодолдсоны улмаас түүний хамар, амнаас цус гарсан, толгойн тус газартаа ил болон далд байдлаар гэмтэл авсан болох нь гэрч нараас авсан мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар бүрэн тогтоогддог бөгөөд талийгаачийн тухайн хугацаанд хэн, хэнтэй уулзаж, юу гэж ярьж байсан, нас барсан цаг хугацаа, явсан маршрут зэргийг бүрэн тогтоосон тул дахин шинжээч томилох, дахин гэрч нараас мэдүүлэг авах шаардлагагүй болно.

3. Шүүгдэгч Г.Ш, амь хохирогч Ц.Б нарын хувийн байдлыг огт шалгаагүй орхигдуулсан заалтын тухайд: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Шгийн хувийн байдлыг эхнэр Э, эгч Г, ангийн хүүхэд, хадам эгч болон бусад бичгийн баримтаар тогтоосон бөгөөд амь хохирогчийн хувийн байдлыг эхнэр Г, хадам ээж Н, өөрийн ээж Ц нараас мэдүүлэг авч тогтоосон тул дахин шалгах шаардлагагүй болно.

4. Шүүгдэгч Г.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухайд:

Шүүхээс шүүгдэгч Г.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна. Учир нь Г.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэх заалтад хамаарч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь тодорхойгүй байна. Мөн хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Г.Ш нь үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээдэггүй, гэм буруугийн асуудал дээр маргаантай, хэргийн гол үйл баримтыг нотлох гэрчүүд нь шүүгдэгчтэй нэг нутаг усны танил иргэд, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байх тул шүүгдэгч Г.Ш нь гэрч болон бусад хүмүүст субьектив байдлаар шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой байх тул шүүгдэгч Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авахуулах саналтай байна.

Иймд Г.Шд холбогдох эрүүгийн 1821001660152 дугаартай хэргийг прокурорт буцаасан Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр 29-ний өдрийн 2018/ШТ/16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Г.Шгийн гэм буруутайг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Г.Ш прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: “Миний бие прокурорын бичсэн эсэргүүцэлд гомдолтой байна. Би болсон хэргийн талаар хуулийн байгууллагад анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж байсан. Мөн гэрч нар гэрчилж хэлсэн. Би хүргэн ахтай өмнө нь муудаж сайдаж байсан удаа байхгүй. Өмнө өдөр нь маргалдсаны үндсэн дээр надад 10.1 гэх зүйл анги тулгаж байгаад гомдолтой байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэг. Прокурор эсэргүүцэлдээ Г.Ш нь Ц.Быг олон удаа цохиж гавал тархины гэмтлийг учруулсан нь хөдлөшгүй тогтоогдсон гэж бичжээ. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Ш, Ц.Б нарыг маргалдан ноцолдох, зодолдох үед байсан, салгасан, харсан бүх гэрчүүдийг оролцуулсан. ...Эдгээр гэрчийн мэдүүлэг, шинжээчийн тайлбараас үзэхэд Г.Ш талийгаачийн тархи толгойд үхэлд хүргэх гэмтэл учруулсан гэх байдал тогтоогдохгүй байсан. ...

Хоёр. Амь хохирогчийн нас барсан цагийг мөрдөн байцаалтаар нарийвчлан тогтоож чадаагүй нь үнэн. Прокурор 07 цагийн орчимд нас барсан болох нь тогтоогдсон гэжээ. Энэ дүгнэлт үндэслэлтэй биш. ...Үүнийг тогтоох нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийн шалтгаант холбоотой асуудал тогтоогдохыг ч үгүйсгэх аргагүй.

Гурав. Амь хохирогч, сэжиглэгдэж буй Г.Ш нарын хувийн байдлыг тогтоосон боловч шүүх хангалтгүй гэж үзсэн байж болно.

Дөрөв. Г.Шг бүтэн 6 сар цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шаардлагатай бүх ажиллагааг хийсэн, өөр зүйл шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэлдээ удаа дараа дурдсан атлаа хэргийн гол үйл баримтыг нотлох гэрчүүд нь Г.Шгийн нутгийн хүмүүс, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд учир Г.Ш нөлөөлж болзошгүй тул цагдан хорино гэжээ. Хэргийн гол үйл баримтыг нотлох бүх гэрч шүүх хуралд оролцож ...тодруулах зүйлийг асууж хуралдааны тэмдэглэлд мэдүүлгүүд нь баталгаажсан байгаа. Ийм байхад нөлөөлнө гэж үзэж, цагдан хорих арга хэмжээ авах хүсэлт санал гаргасныг зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэстэй ба харин Г.Шг гэм буруутай нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан ял төлөвлөсөн асуудлыг хүчингүй болгох ёстой гэж үздэг” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч гэм буруутай эсэхийг тогтоохын тулд ач холбогдол бүхий зарим үйл баримтыг шалгах зайлшгүй шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болсон байна.

Тухайлбал, амь хохирогч Ц.Быг үхэлд хүргэсэн гэмтлийг шүүгдэгч учруулсан эсэхийг дүгнэхийн тулд дараах баримтыг нэмж шалгах нь зүйтэй байна.

  • Амь хохирогч тухайн өдрийн хэдэн цагийн орчим нас барсныг тогтоох боломжтой эсэх,
  • Гэрч нар Г.Ш, Ц.Б нарын зодооныг эхнээс нь дуустал бүрэн гүйцэд харсан эсхүл зарим хэсгийг нь л харсан эсэх,
  • Тухайн орой амь хохирогч Ц.Б нь эхнэр Г.Гтэй утсаар  ярих оролдлого хийж байсан талаар гэрчийн мэдүүлэгт тусгагдсан байх тул Г.Ганчимэгийн гар утсанд ирсэн дуудлага бүрийг нягтлан шалгах ажиллагаа тухайн үед хийгдсэн эсэх, одоо энэ талаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх,

Эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулахын тулд шүүхийн тогтоолд заасан нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай байх тул прокурорын эсэргүүцлийг хангах боломжгүй байна. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2018/ШТ/16 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                       З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                          Л.НАРАНБАЯР