Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/913

 

 

 

 

 

 

 

 

    2020           10           19                                     2020/ШЦТ/913

 

 

 

                              

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Б.Ганболд,

хохирогч С.Содномдаржаа түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005021591409 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар  сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 18-наас 19-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны гадаа иргэн С.Содномдаржаагийн биед халдан зодож эрүүл мэндэд нь дагз ясны цууралт, дагзны хуйх, зүүн мөрний ар хэсэг, зүүн дал, нуруунд шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэнд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би эхнэрийгээ ажлаас тараад  гэртээ хүүхдүүдтэйгээ хүлээгээд байж байсан юм. Тэгээд удаад байхаар нь хүүхдүүддээ хоол хийж өгөөд унтуулчихаад цонхоор хараад байж байтал манай эхнэр дэлгүүрээс хоёр тортой архи, пиво авч өгөөд 3, 4 хүмүүстэй байсан юм. Тэгээд гэртээ орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би гараад орцны хажуу талд хүлээгээд байж байсан. Гэртээ орох шинжгүй цаашаагаа явах шинжтэй ярьж байсан. Манай эхнэр 20 жил хамт амьдрахдаа намайг хайраа гэж дуудаж байгаагүй хэрнээ, энэ хүнийг хайраа гэж яриад сууж байсан. Тэгээд би очоод дэл сул зүйл яриад харилцан зодоон болсон. Энэ хэрэг яагаад үүссэн болсон гэхээр энэ хүмүүс миний эхнэртэй уулзаад гэр бүл үймүүлээд эдийн засгаар хүртэл хохироосон. Манай гэр бүл одоо салах шатандаа хүрсэн байна. Цаашдаа 4 хүүхдийн минь амьдрал яах вэ, ямар ч баталгаа байхгүй. Эцэст нь би өөрөө шүүхээр ороод амьдралдаа хар толбо суулгаад явж байна. Хохирогчид хохирол учруулсан нь миний буруу. Миний буруу үйлдэл байгаа. Гэхдээ цаад талд нь нэг биш удаа тийм зүйлүүд болсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Содномдаржаа мэдүүлэхдээ: “Би 6 дугаар сарын 18-ны өдөр Буянбаатарын эхнэр, эхнэрийн найз Сайнтуяа хоёр намайг дуудсан. Тэр өдөр л би энэ хүний эхнэртэй танилцсан. Гранд плаза дотор байрлах ресторанд 5 шил пиво ууж байгаад 21 цаг дөхүүлээд гарсан. Тэгээд манай дүү ирээд бид нарыг хүргэж өгсөн. Тэгээд Сарантуяаг хүргэж өгчихөөд найзыг нь буулгачихаад харих гээд байтал эдний эхнэр залгасан. Тэгээд байрныхаа хажууд орцны хавьцаа 2, 3 пиво уучих гэсэн. Тэгээд явж очоод пиво уугаад манай дүү намайг авч явах гээд хүлээж байсан. Тэрнээс ямар ч холбогдолгүй. Би эдний эхнэртэй ямар ч холбоо байхгүй. Найз Сайнтуяаг нь таньдаг юм. Тэгээд пиво уугаад байж байх үед энэ нөхөр гарч ирсэн шилээр толгой руу цохиод, нуруу руу хутгалсан. Бас нэг найз нь гээд залуу хамт гарч ирсэн. Би 2.904.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч С.Содномдаржаагийн “... 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Гранд плазагийн эсрэг талын Хятад рестораны 3 давхарт 18 цагийн үед Сайнтуяа намайг дуудаад очиход тэнд Сайнтуяа найз Аглагтуяа гэх эмэгтэйгийн хамт пиво уугаад сууж байсан. Би очоод 0,5 граммын шилтэй 5 шил пиво ууссан. Тэгээд 20 цагийн үед бид гурав гараад би дүү Одхүүгээр гэртээ хүргүүлэх гэж дуудсан байсан. Тэгээд Аглагтуяа гэх эмэгтэйг арктай шар байранд буулгаад бичил рүү Сайнтуяаг хүргэж өгөөд Сайнтуяагийн гэрийн гаднаас дүү Одхүүг явуулсан. Манай гэр хороололд ойрхон байсан учраас гэр лүүгээ алхаад явж байтал миний утас руу Аглагтуяа залгаад буцаад хүрээд ирээч пиво ууя гэхээр нь 22 цагийн үед Аглагтуяаг буулгасан газраа очиход Аглагтуяа Энхүүш гээд байрныхаа залуутай суугаад орцны гадна пиво ууж байсан. Тэгээд би очоод 2-3 лаазтай пиво уугаад юм ярилцаад арктай шар байрны гадна талын сааданд сууж байтал 23 цаг өнгөрч байх үед Одхүү над руу залгаад би очиж авах уу гээд ярьж дуусаад сууж байтал танихгүй хоёр эрэгтэй ирээд миний ар нуруу руу 5 удаа хутгалсан. Толгойны  дагз хэсэг рүү шилээр нэг удаа цохисон. Тэр эмэгтэйгийн нэг нь намайг гэмтээсэн үү, хоёулаа намайг цохисон уу гэдгийг мэдэхгүй. Араас цохисон бас харанхуй газар байсан. Тэгээд би гүйгээд шууд зугтаасан. Араас хүн ирээгүй. Би өөрөө цагдаа руу залгаад тэгээд Гэмтлийн эмнэлэгт явсан.

... Ямар ч байсан хоёр танихгүй эрэгтэй байсан. Намхан махлаг, бордуу  царайтай эрэгтэй байсан. Дахин харвал танина. Би ямар нэг хүнтэй маргалдаагүй. Намайг бэртээх өш санасан хүн байхгүй. Би тухайн үед Аглагтуяатай сандал дээр сууж байсан. Энхүүш босоод зогссон байсан учраас Аглагтуяатай намайг хардаад гэмтээсэн байх гэж ойлгоод facebook-с Аглагтуяагийн зургийг харахад намайг гэмтээсэн эрэгтэй Аглагтуяагийн нөхөр байсан. Гэмтлийн эмнэлэгт 6 хоног эмчилгээ хйилгэсэн. Тархины судас гэх эмнэлэгт зөгийгөөр хатгуулж тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийлгүүлсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-                     14 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн “... 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 30 минутын үед миний оршин суудаг байрны гадаа Аглагтуяа гэх эмэгтэй жоохон согтуу сууж  байсан. Бид хоёр ярилцсан. Тэгээд дэлгүүр хаахаас өмнө манай байрны гадна байрлах Энхжин хүнсний дэлгүүрээс 6 ширхэг Hite нэртэй пиво авсан. Тэгээд бороо орохоор нь арктай шар байрны 6 дугаар байрны гадаа байрлах модны доор сандал дээр очсон. Тэгээд удалгүй Аглагтуяагийн нэг дүү охин ирсэн. Тэгээд үл таних эрэгтэй хүн ирсэн. Тэр тухайн үл таних эрэгтэйг Содномдаржаа гэдэг байсан. Тэгээд бид нар хоорондоо танилцсан. Тэгээд дэлгүүрээс авсан пивоо ууцгаасан. Тэгээд пиво ууж байтал машинаас үл таних эрэгтэй бууж ирээд Содномдаржааг шууд цохисон. Содномдаржаа тухайн үл таних эрэгтэйтэй зодолдсон. Тэгээд Содномдаржаа нь зугтаасан. Би Содномдаржаагийн араас зугтаасан”  гэсэн мэдүүлэг, /хэргийн 15-17 дугаар хуудас/

“... Содномдаржааг зодсон гэх хүнийг би танина. Манай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 08 дугаар байрны долоон давхарт байдаг. Аглагтуяагийн нөхөр Жоохоноо хочит Буянбаатар байсан. Манайх хоёр давхарт байдаг болохоор би 3, 4 жилийн өмнөөс таних болсон. ... Зодоон болохоос өмнө ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Дараа нь зугтааж байгаад дэлгүүрийн гадаа таарахад дагз, нурууны ар хэсгээс маш их цус гарч байхаар нь Гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. ...” гэсэн мэдүүлэг.  /хэргийн 19-20  дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 920 дугаартай:

“1. С.Содномдаржаагийн биед дагзны цууралт, дагзны хуйх, зүүн мөрний ар хэсэг, зүүн дал, нуруунд шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүр болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-39 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1029 дугаартай:

“1. С.Содномдаржаагийн биед дагзны цууралт, дагзны хуйх, зүүн мөрний ар хэсэг, зүүн дал, нуруунд шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дүгнэлтэд дурдсан гэмтлүүд хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 44-49 дүгээр хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн №19888 дугаартай өвчний түүх. /хэргийн 53-62 дугаар хуудас/

 

        Б.Б-ын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 6 дугаар сарын 18-ны шөнө гэртээ эхнэрээ хүлээгээд ирэхгүй байхаар нь шөнө 23 цагийн үед хүүхдүүддээ хоол хийж өгчихөөд унтуулчихаад цонхоор хартал орцны гадаа манай эхнэр Аглагтуяа, танихгүй 4 залуугийн хамт гадаа сууж байсан. Тэгээд дэлгүүрээс манай эхнэр 2 тортой юм авч ирээд торноос архи пиво гаргаж ирээд ууцгаагаад байсан. Тэгээд би 40 орчим минут цонхоор харж хүлээж сууж байхад тэд нар бөөндөө цаашаа явцгаасан. Тэгээд  би гэрээсээ ганцаараа гараад очтол 06 дугаар байрны гадаа бөөндөө сууцгааж байсан. Би зайнаас 15 орчим минут хэсэг харж тамхи татаж сууж байхад тэд нар цаашаа буудал орно гэж ярилцаад байхаар нь би явж очоод та нар одоо больцгоо л доо наад эмэгтэй чинь нөхөр, хүүхэдтэй амьдралтай эмэгтэй уруу татаад байх юм гэхэд урдаас чи хэн бэ гээд 2 залуу босоод ирсэн. Тэгээд би тэд нартай муудалцаад 2 залуутай зодолдсон. Тэгээд газар байсан пивоны шилээр 1 залууг хаана нь цохисоноо санахгүй байна. Тухайн үед би нэлээд ууртай биеэ барьж чадаагүй байсан. Тэгэхэд  тэд нар болон манай эхнэр хамт тараад зугтаасан. Тэгээд би ганцаараа гэр лүүгээ орсон. Би өөрийн хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний бодит зардлыг бүрэн барагдуулах болно. Тухайн үед байсан хүмүүс миний эхнэрийг байнга уруу татаж байсанд би уурласан. Би энэ асуудлаар урьд нь цагдаагийн байгууллагад хандаж байсан. Манай гэр бүлийн амгалан тайван байдал болон гэр бүл үймүүлж байгаа асуудалд гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-71 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Содномдаржаагийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нийт 1.984.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Харин Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан дагзны цууралт, дагзны хуйх, зүүн мөрний ар хэсэг, зүүн дал, нуруунд шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй Вест массаж газраар үйлчлүүлсэн 920.000 төгрөгийн баримт нь хамааралтай гэж үзэх боломжгүй байна.

Гэхдээ хохирогч С.Содномдаржаа нь дээрхи баримттай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-аас 1.984.000 /нэг сая есөн зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулж  Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байр 161 тоотод оршин суух Ойдов овогт Содномын Содномдаржаад /РД:ЧА84041112/ олгож, С.Содномдаржаа нь бусад хохирол, хор уршигаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ