Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2015/0364

 

Ш.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ЦЕГ-н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Г-ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайд болон ЦЕГ-н даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЦЕГ-н даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 551 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг биелүүлээгүйгээс Ш.Г-ын төрийн алба хаах, цалин орлоготой байх эрхийг зөрчиж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээ хийхийг Хууль зүйн сайдад даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хоёр дах шаардлагын тухайд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмнө ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчээс тухай үеийн нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийджээ. Нэгэнт нэхэмжлэгч Ш.Г- нь өмнө эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоолгож холбогдох тушаалыг хүчингүй болгосон тул ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ шаардлагыг хүлээн авч, харьяалах байгууллага болох Цагдаагийн ерөнхий газраас уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэжээ.

Хариуцагч ЦЕГ-н дарга Р.Ч- шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Г- 2014 оны 07 дугаар сард 55 нас хүрсэн бөгөөд түүний цаашид алба хаах хугацааг сунгаагүй, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг хүссэн тул ЦЕГ-н даргын 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 551 дүгээр тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг олгож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, мөн хуулийн 18, 19 дүгээр зүйлд зааснаар 36 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор тус тус шийдвэрлэсэн нь түүний эрх ашгийг зөрчөөгүй байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг биелүүлэхийг Хууль зүйн яаманд даалгасан бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 18.4 дэх хэсэгт зааснаар ЦЕГ-н тэргүүн дэд даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлөхөөр заасан тул цагдаагийн төв байгууллагын даргын эрх хэмжээнд хамаарахгүй асуудал байх тул нэхэмжлэлд дурдсан алба хаах эрх ашгийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрээр: Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан ЦЕГ-н даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тэтгэлэг олгох, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгох тухай 551 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хууль зүйн сайд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг биелүүлээгүйгээс Ш.Г-ын төрийн алба хаах, цалин орлоготой байх эрхийг зөрчиж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээ хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, түүнд холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд буюу дүйцэх албан тушаалд томилон, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, тухайн олговроос нь холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч ЦЕГ-н даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон давж заалдахгомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах эрхтэй,... гэжээ.

Гэтэл зарим төрийн албаны онцлог байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаарыг тогтоохдоо Хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн тодотголыг хуульчилсан байдаг.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, комиссар, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нь цэргийн алба хаагч бөгөөд тэдгээрт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг тус хуулиар зохицуулна гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар цагдаагийн байгууллагын комиссар, офицер, ахлагч, нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах алба хаагчид хамаарах эрх зүйн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ алба хаагч боловч Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт тогтоолгох харилцаа нь нарийвчлан зохицуулагддаг цагдаагийн алба хаагч юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг бус Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2009 оны 32 дугаар тогтоолыг удирдлага болгожээ.

Хууль зүйн сайд 2012 онд А/22 дугаар тушаал гаргаж, өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлахыг даалгасан.

Харин Улсын дээд шүүхийн 2009 оны 32 дугаар тогтоол нь хуулиар эрх олгогдсоны дагуу цагдаагийн алба хаагчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох асуудлыг шийдвэрлэхэд хязгаарлалт тавих үндэслэлийг тогтоогоогүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д Захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг баримтална гэж заасан.

Мөн Шүүхийн шийдвэрийн тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүх Үндсэн хуулиас бусад хуулийн талаарх Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэхэд ашиглах ба харин тэрхүү тайлбарыг хэрэг, маргааны талаар шийдвэр гаргах үндэслэл болгож баримтлахгүй гэж тайлбарласантай анхан шатны шүүхийн шийдвэр нийцэхгүй байна.

Монгол Упсын үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч...гагцхүү хуульд захирагдана , 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэж заасан.

Анхан шатны шүүх хуулиар нэгэнт тогтоосон буюу тухайн хуулийн үйлчлэлд хамааруулж зохицуулсан харилцааг Улсын дээд шүүхийн тайлбарыг баримтлаж өөрөөр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлсөн Хууль зүйн сайдын 2014 оны Б/24 дүгээр тушаал үндэслэлгүй болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, холбогдох тушаалыг хүчингүй болгосон тул ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг цалинг Хууль зүйн яамнаас олгох нь зүйтэй байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Ш.Г-од олгох ажилгүй байсан хугацааны цалин олговрыг Хууль зүйн яамнаас олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр /цаашид "цэргийн алба хаасны тэтгэвэр" гэх/, 4 дүгээр зүйлийн 4.1-т Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй: 4.1.5-д цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч, 8 дугаар зүйлийн 8.1-д Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 8.1.1-д 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй гэж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д Цэргийн албан хаагч нь: 13.1.3-т офицерын албыг: дунд офицер 45 нас хүртэл, ахлах офицер 50 нас хүртэл, дээд офицер 55 нас хүртэл тус тус хааж болно гэж тус тус заажээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Ш.Г- нь Хууль зүйн сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЦЕГ-н тэргүүн дэд даргын албан тушаалаас халсан Б/22 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан хэдий боловч тус албанаас халагдсанаас 2 хоногийн дараа буюу 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-н даргын 490 дүгээр тушаалаар ЦЕГ-н даргын зөвлөх гэх албан тушаалд томилсныг хүлээн зөвшөөрч, тус албан тушаалыг эрхлэн, цалин хөлс авч байжээ.

Харин 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаар тушаалаар ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ЦЕГ-н даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөж улмаар 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т ...Төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших ... гэсэн заалтын дагуу ...7.609.000 төгрөгийг хуулийн дагуу байгууллагаас олгож өгнө үү... гэсэн хүсэлт[1]-ийг ЦЕГ-н даргад гаргаж байснаас үзвэл нэхэмжлэгч нь ЦЕГ-н дэд даргын албан тушаалаас халагдсан талаарх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 69 дүгээр тогтоолыг биелүүлэх талаар бус харин ЦЕГ-н даргын зөвлөхийн албан тушаал хасагдсантай холбоотой хуульд заасан баталгааг хангуулахаар хандаж байсан нь тогтоогдож байх ба хариуцагчаас нэгэнт хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд буюу 2014 оны 07 дугаар сарын 30-нд 55 нас хүрсэн нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргаж, хуульд зааснаар тэтгэмж, өөрийнх нь хүсэлтийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,   Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4,1.5, 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох, олгох асуудлыг тухайн байгууллага эрхлэн гүйцэтгэхээр заасан 21 дүгээр зүйлийн 21.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцжээ.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж заасан. Харин төрийн албаны нэг төрөл болох цагдаагийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох, олгохтой холбоотой харилцааны хувьд Хуульд өөрөөр заасан-ыг буюу Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөхөөр байна.

Тодруулбал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь ... цагдаа, ... байгууллагын генерал, офицер, .../энэ хуульд цаашид "цэргийн албан хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад  оршино гэж зааснаас үзвэл цагдаагийн байгууллагын албан хаагчийг цэргийн албан хаагч байхаар, цагдаагийн байгууллагад алба хаасны тэтгэврийг цэргийн тэтгэврийн төрөл байхаар /хуулийн 3 дугаар зүйл/, цагдаагийн байгууллагын офицер нь цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрхтэй албан хаагч байхаар заасан /хуулийн 4 дүгээр зүйл/, харин цэргийн албан хаагч буюу офицерийн алба хаах насны дээд хязгаарыг Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд /13 дугаар зүйл/ зааж зохицуулжээ.

Харин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд цэргийн албан хаагч /цагдаагийн байгууллагын албан хаагч/ тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах эсэх тухай асуудлыг тусгайлан зохицуулаагүй байх тул энэ харилцааны хувьд Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг баримтлахаар байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Төрийн захиргааны албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж болох буюу өөрөө хүсвэл гаргах гэсэн агуулгыг илэрхийлээгүй, харин насны дээд хязгаарт хүрмэгц хүсэлтээ гаргах, түүнийг нь тухайн төрийн байгууллага,албан тушаалтан шийдвэрлэхийг үүрэг болгосон агуулгатай байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Энэ зүйлийн 1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цэргийн өндөр мэргэжил, дадлага сайтай зарим офицер, ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг батлан хамгаалах болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр 5 хүртэл жил сунгаж болно гэж заасны дагуу ЦЕГ-н даргын саналыг үндэслэн Хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ...офицерийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нэр бүхий 43 офицерийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг нэг жилээр сунгаж ажиллуулах-аар шийдвэрлэсэн А/246 дугаар тушаалын хавсралтад нэхэмжлэгч Ш.Г-ын нэр ороогүй нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч энэ талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай ч энэ тохиолдолд нэхэмжлэгч Ш.Г- нь ЦЕГ-н тэргүүн дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа ЦЕГ-н даргын зөвлөхийн албан тушаалыг хүлээн зөвшөөрч тус албыг эрхэлж, цалин хөлс авч байсан, тус орон тоо хасагдсаны улмаас хуульд заасны дагуу албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд эдлэх төрийн албан хаагчийн баталгаа болох 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг авах талаар ЦЕГ-н даргад хүсэлт гаргасан, цэргийн /цагдаагийн/ жинхэнэ албан тушаал хаах хугацааг сунгах тухай эрх бүхий субьект болох Хууль зүйн сайдын тушаалын хавсралтад нэр нь ороогүй байхад энэ талаар маргаагүй гэх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хариуцагчаас 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 551 дүгээр тушаалаар нэгэнт төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нэхэмжлэгчийг цагдаагийн алба хаасны тэтгэвэрт гаргаж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д зааснаар буюу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний /3 жил буюу хэрэв ажилласан бол 58 нас хүртэлх хугацаа/ нэг удаагийн тэтгэмж, өөрийнх нь хүссэнээр төрийн албаны орон тоо хасагдсан тохиолдолд олгох 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлгийг тус тус олгож, шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 2.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг баримтална гэж тус тус заасан байх тул хариуцагчийн ... шүүх хуулийг бус тогтоолыг баримтлан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэстэй.

Нэхэмжлэгчээс гаргасан ...нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 564 дүгээр шийдвэрийг биелүүлээгүйгээс Ш.Г-ын төрийн алба хаах, цалин орлоготой байх эрхийг зөрчиж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, цалинтай холбогдох зохих тэмдэглэгээ хийхийг Хууль зүйн сайдад даалгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр хариуцагч хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэгэнт хүлээн зөвшөөрснөөр шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, нэхэмжлэлийн тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцжээ.

Иймд шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ЦЕГ-н даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тэтгэлэг олгох, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгох тухай 551 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, мөн шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 


[1] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас