Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Э.Мянгандүгэр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун хохирогч С.Үхэрч, хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Мянгандүгэрт холбогдох эрүүгийн  201621000105 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 153/2016/0058/Э дугаарын индекстэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн  хамт Ховд аймгийн Цэцэг сум Цэцэгнуур багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ПМ93040116 дугаарын  регистртэй Буурлууд овогт Эрдэнэбилэгийн Мянгандүгэр.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Мянгандүгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болгоомжгүй, хөнгөмсгөөр найдсаны улмаас 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн баруун талын асьфалтан замд өөрийн өмчлөлийн 09-79 ХОҮ улсын дугаартай Хюндэй Аванте /Hyundai Avante XD/ маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх явцад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5/А-д заасан "Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ", 2.5/Б-д "Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", 2.5/В-д "Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх". мөн дүрмийн 2.7/А-д заасан "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөпөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч буюу хохирогч С.Үхэрчийг мөргөж, улмаар түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 9-10 дугаар хуудас/.

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч: /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч: С.Үхэрчийн өгсөн "...2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн үед би Ховд аймгийн Жаргалант сумын эмнэлгийн урд байрладаг ХААН банк руу орж тэтгэврийн мөнгөө авчихаад гарч ирэхэд үүдэнд цагаан өнгийн 09-79 ХОҮ улсын дугаартай суудлын жижиг автомашины жолооч машинаа арчаад зогсож байсан /маркийг нь мэдэхгүй байна/. Тэгээд би хар зам дээр гараад цагаан шугам давж байтал гэнэт нөгөө цагаан машин хойшоо ухарч ирээд миний зүүн талын хөл рүү мөргөөд намайг зам дээр унагаачихаад машинаас нь ямар нэгэн хүн гарч ирэлгүй шууд хөдлөөд явчихсан. Би араас нь: "хөөе" гэж хашгираад машины дугаарыг нь сайн харж амжсан юм. Жолоочийг нь сайн танихгүй харж байгаагүй хүн байсан. 23 орчим насны залуу байсан..."Миний баруун талын сүүжний толгой хугарсан гэмтэлтэй байгаа одоогийн байдлаар 6500000 төгрөгийн зардал гарсан байгаа. Цаашид 2000000 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ.  Үүнийг нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/.

Мөрдөн байцаалтад гэрч Я.Батболдын өгсөн: “… Э.Мянгандүгэр нь миний эхнэр Б.Ууганзаяагийн авга эгчийнх нь хүүхэд байгаа юм. Э.Мянгандүгэр нь  2001 оноос 2011 онд Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч 11 дүгээр ангиа төгссөн, 2012 оноос 2013 онд Ховд аймгийн политехник коллежид сурч хүнд машин механизмын операторчний мэргэжил эзэмшсэн, одоо Ховд аймгийн Цэцэг суманд эцэг, эхийн хамт амьдардаг, Эцэг Эрдэнэбилэг нь тус сумын цаг уурт техникч, Ээж Саруултуяа нь цэцэрлэгийн багш ажилтай. Э.Мянгандүгэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хүний үгнээс гардаггүй, даруу төлөв зантай хүүхэд байгаа юм. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй… гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ууганзаяагийн өгсөн: “…Э.Мянгандүгэр нь миний авга эгчийн хүүхэд байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. Э.Мянгандүгэр нь 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. 2001 оноос 2011 онд Ховд аймгийн Цэцэг сумын  Ерөнхий боловсролын сургуульд сурч 11 дүгээр анги төгссөн, 2012 оноос 2013 онд Ховд аймгийн Политехник коллежид сурч хүнд машин механизмын операторчний мэргэжил эзэмшсэн, нэг ахтай ах нь тусдаа гараад Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Э.Мянгандүгэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, одоо Ховд аймгийн Цэцэг суманд эцэг, эхийн  хамт амьдардаг. Эцэг Эрдэнэбилэг нь тус сумын цаг уурт техникч, Ээж Саруултуяа нь цэцэрлэгийн багш ажилтай, амьдралынх нь түвшин дундаж. Э.Мянгандүгэр нь хүүхдээрээ, элдэв муу зуршилгүй, хүний үгнээс гардаггүй, даруу төлөв зантай хүүхэд байгаа юмаа. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг  /хх-ийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Цагааннохойгийн өгсөн"… Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 16 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр БОЭТөвийн дээд талд байрлах ХААН банкны салбар дээр Л.Ганзориг, Э.Мянгандүгэр нарын хамт түүний  эзэмшлийн цагаан өнгийн Хюндэй Аванте Икс Ди маркийн тээврийн хэрэгсэлтэй мөнгө авахаар очоод зогсоол дээр автомашинаа тавиад бид гурав банк руу орсон. Дараалал ихтэй байхаар нь буцаж гараад авто машиндаа суугаад зогсоолоос ухарч гараад захын дээд талын ХААН банкны салбар дээр очсон. Э.Мянгандүгэр рүү цагдаагаас яриад: "зам тээврийн осол гаргасан байна. БОЭТөвийн дээд талд хүрээд ир" гээд дуудсан. Машинаа Э.Мянгандүгэр өөрөө жолоодож байсан. Л.Ганзориг, Э.Мянгандүгэр бид гурав 11 цагийн орчим 2 литрийн "Боргио" нэртэй нэг пиво хувааж уусан. Л.Ганзориг бид хоёр Э.Мянгандүгэрийг зам тээврийн осол гаргасныг мэдээгүй. Учир нь тухайн зогсоолоос ухарч гарахад тээврийн хэрэгслийн хөгжмийг чанга тавьчихсан байсан учраас мэдэгдээгүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтад гэрч Л.Ганзоригийн өгсөн"...Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 16 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр БОЭТөвийн дээд талд байрлах ХААН банкны салбар дээр Г.Цагааннохой, Э.Мянгандүгэр нарын хамт Э.Мянгандүгэрийн эзэмшлийн цагаан өнгийн Хюндэй Аванте Икс Ди маркийн 09-79 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөнгө авахаар очоод зогсоол дээр автомашинаа тавьсан. Бид гурав банк руу ортол дараалал ихтэй байхаар нь буцаж гараад авто машиндаа суугаад зогсоолоос ухарч гараад захын дээд талын ХААН банкны салбар дээр очтол Э.Мянгандүгэр рүү цагдаагаас яриад: "зам тээврийн осол гаргасан байна" гэж дуудсан. Бид гурав буцаж цагдаагийн байгууллагын ажилтан дуудсан газар буюу БОЭТөв дээр очсон. Бид гурав 11 цагийн орчим 2 литрийн "Боргио" нэртэй нэг пиво хувааж уусан. 16 цагийн орчим бид гурав бага зэрэг согтуу байсан. Э.Мянгандүгэр автомашинаа жолоодоод би хойд талын суудал дээр Г.Цагааннохой урд талын жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан. Бид гурав ухарч байхдаа хүн мөргөснөө мэдээгүй, учир нь тухайн үед тээврийн хэрэгслийн хөгжмийг чанга тавьчихсан байсан болохоор мэдэгдээгүй байх..." гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар хуудас/.

Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №179 дугаартай С.Үхэрчийн биед баруун дунд чөмөг гадна дотно төвгөр дайрсан хугарал, зүүн талын ууц сүүжний дэлбэнгийн үе салсан, баруун өвдөгт 2x2 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- С.Үхэрчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

- С.Үхэрчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 23.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.

            - Цаашид бие эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/.

Ховд аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Жанчивдоржийн шинжээчээр гаргасан 2016 оны 05 сарын 15-ны өдрийн №17 дугаартай

- 09-79 ХОҮ дугаартай Аvаnte ХD маркийн автомашин жолоодож явсан жолооч Э.Мянгандүгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5/А-д  согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д зам тээврийн осолд нэрвэгдсэн жолооч доорхи үүрэг хүлээнэ.

 а/ заасан жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т эаасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх".

2.5/Б-д "Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээ үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх",

 2.5/В-д "Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг зөрчсөн.

4. Явган зорчигч С.Үхэрч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/.

Яллагдагч Э.Мянгандүгэрийн өмчлөлийн 09-79 ХОҮ улсын дугаартай Хюндэй Авантэ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”  түүний гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 33-34, 35 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтад Э.Мянгандүгэрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн. "...Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 16 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр БОЭТөвийн дээд талд байрлах ХААН банкны салбар дээр найз Г.Цагааннохой, Л.Ганзориг нарын хамт өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Хюндэй Аванте Икс Ди маркийн тээврийн хэрэгсэлтэй мөнгө авахаар очоод зогсоол дээр машинаа тавьсан. Бид гурав банк руу ортол дараалал ихтэй байхаар нь буцаж гараад автомашиндаа суугаад зогсоолоос ухарч гараад захын дээд талын ХААН банкны салбар руу явсан. Захын дээд талын ХААН банкны салбар дээр байж байтал Цагдаагаас над руу залгаж зам тээврийн осол гаргасан байна. БОЭТөв дээр ирэх шаардлагатай гэхээр нь би шууд дуудсан газар нь очсон. БОЭТөвийн дээд талын ХААН банкны зогсоолоос ухарч гарахдаа би хөгжмөө чанга тавьчихсан байсан болохоор зам тээврийн осол гаргасан гэдгээ мэдээгүй, би осол гаргасан газраас зугтаагаагүй. Би хэн нэгэнд жолоогоо  шилжүүлээгүй  өөрөө жолоодож явсан.  Би бага  зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар 11 цагийн орчим "Боргио" нэртэй хоёр литрийн нэг пиво хувааж уусан. Г.Цагааннохой, Л.Ганзориг нар намайг зам тээврийн осол гаргасныг мэдээгүй. Өөрийн хийсэн гэмт хэрэгтэй гэмшиж байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42, 47-48 дугаар хуудас/

Яллагдагч Э.Мянгандүгэрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 43, 44-45 дугаар хуудас/.

Хохирогч С.Үхэрчийн өвчний түүхийн хуулбар: /хх-ийн 52-60 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч БОЭТ-ийн 103-ийн их эмч Д.Гэрэлчимэгийн өгсөн"... 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би БОЭТөвийн 103 хүлээн авахын их эмчээр өдрийн ээлжээр гарсан. Тэгтэл 16 цагийн орчим дуудлаганд яваад ирж байтал БОЭТ-ийн дээд талд байрлах Нийгмийн даатгал, Хаан банкны салбар 2-ын хар засмап зам дээр баруун хажуугаараа хэвтсэн байдалтай С.Үхэрч гэх хүн байсаныг үзэхэд хэвтэж болохгүй байна гэж хэлээд маш их зовиуртай, орчиндоо харьцаатай ухаан санаа саруул, амин үзүүлэлтүүд тогтвортой байсныг тээвэрлэж хүлээн авах дээр хүргэж өгсөн. "Замаар ухарч байтал машин ирээд мөргөчихлөө" гэж хэлсэн. Ил харагдах гэмтэл байхгүй харин "ерөөсөө хөдөлж болохгүй байна" гэж хэлж байсан. Тухайн үед нь нэг яс нь хугарсан байна гэж бодоод тээвэрлэсэн. Хүлээн авах дээр хүргэж ирээд рентген зураг авахуулсан. Рентген зурагны хариу юу гэж гарсныг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 73 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтад гэрч Д.Жанчивдоржийн өгсөн: “.. би 2016 оны 05 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан 16 цагийн орчим БОЭТөв дээр тээврийн хэрэгсэлд хүн шүргүүлээд ирсэн байна гэх утгатай дуудлагын дагуу БОЭТ дээр очиход С.Үхэрч гэх эмэгтэй хүн байсан. БОЭТ-ийн дээд талын Хаан банкны зогсоол дээр зогсож байсан 09-19 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл намайг зам гарч байхад ухарч ирээд мөргөчихлөө гэж хэлсэний дагуу уг тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж ажиллахад Цагдаагийн газрын дотоод сүлжээгээр автомашиныг эрэн сурвалжилж улсын дугаараар лавлагаа авахад Э.Мянгандүгэр Цэцэг сум, утас 94983812 гэж дуудан ирсэний дагуу утсаар нь холбогдож БОЭТ-д ирэхийг мэдэгдсэн. БОЭТ-ийн хүлээн авахад эмчид үзүүлж байсан, тухайн үед их зовиуртай байсан. БОЭТ-ийн дээд талын Хаан банкны урд талын зогсоолоос ухрахад хөгжмөө чанга тавьсан байсан учраас осол гаргаснаа мэдсэнгүй гэж хэлж байсан”… гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газрын Албадан саатуулах байрны эмч ажилтай, цагдаагийн дэслэгч Б.Мөнхтуяа яллагдагч Э.Мянгандүгэрийн согтуурлыг "А1ХОЗТЕ5Т $810" буюу Драгер багажаар шалгасан тухай " 0.84 хувийн тоон үзүүлэлт согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэх тэмдэглэл /хх-ийн 80 дугаар хуудас/.

Хохирлын мөнгө хүлээн авсан баримтаар: 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т  заасан  гэмт хэрэг үйлдсэн яллагдагч Э.Мянгандүгэрээс, хохирогч  С.Үхэрч нь 5 сая төгрөг хүлээн авсан… гэх баримт /хх-ийн 89 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мянгандүгэрийн өгсөн...  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим 2 литр пиво уусан. Машинаа засварт өгөөд авчихаад явж байгаад тийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Миний буруу. Эмээгийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Зүүн гар талыг харах боломжгүй хязгаарлагдмал байсан. Өмнө нь согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй.  Хохиролд 5700000 төгрөг төлсөн. Ухрах явцад ямар нэгэн зүйл мөргөж байгаагаа мэдээгүй. 2 талын  толинд харах боломж байсан. Манай найз арагшаа харж байсан боловч  хараагүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна  ... гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 10-11 тоотод оршин суух / Захчин овогт Сүхийн Үхэрчийн өгсөн...  2016  оны 05 дугаар сарын 04-ний өдөр банкнаас тэтгэвэрээ аваад гарч явсан. Гэтэл араас машин ухарч байгаад мөргөсөн.  Би номерийг нь хараад л  үлдсэн, босох гэсэн боловч чадахгүй байсан. Дунд чөмөгний толгойны доод хэсгээр хугарсан байсан. Ар талаас ирж дайрна чинээ санаагүй. Хөлөндөө татлага хийлгэсэн. 2  удаа  гипс хийлгэсэн. Эмч,  эмнэлгийн ажилтны буянаар босож ирсэн. Маш их зүдэрсэн. Хойшид цаг үргэлж урд хойдхоо харж яваарай гэж хэлмээр байна. Эм тариа гаднаас авч хийлгэсэн. Би гэртээ ажлаа хийгээд байдаг байсан  боловч одоо тогоогоо барьж чадахгүй боллоо. Хотод нэг охин асарч байсан. Хохирол төлөөд өгвөл гомдол алга байна.  Намайг 12 сар хүртэл хэвтрийн дэглэмд байх шаардлагатай гэсэн. Өндөр үнэтэй кальци авч хэрэглэж байна. Улаанбаатар хотод байхад зардлын мөнгө 700000 төгрөг өгсөн. Сүүлд  2016 оны 07 дугаар сарын 29-нд 5000000 төгрөг өгсөн. Нийт 5700000 төгрөг төлсөн.  Шүүхэд хэрэг ирсэний дараа  нийт 7142058 төгрөгийн хохирол нэхэмжилснээс  төлсөн 5700000 төгрөгийг хасаж үлдэх 1442028 төгрөгийг  нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Э.Мянгандүгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн баруун талын асьфалтан замд өөрийн өмчлөлийн 09-79 ХОҮ улсын дугаартай Хюндэй Аванте /Hyundai Avante XD/ маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7/А-д заасан "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", мөн дүрмийн  7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч буюу хохирогч С.Үхэрчийг мөргөж, улмаар түүний биө махбодид ... баруун дунд чөмөг гадна дотно төвгөр дайрсан хугарал, зүүн талын ууц сүүжний дэлбэнгийн үе салсан ... хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогч С.Үхэрчээс хураан авсан 3 ширхэг рентген зураг, хохирогч С.Үхэрчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үүдэн тус газар цагаан өнгийн машин ухрах үйлдэл хийх үедээ миний баруун талаас мөргөж, улмаар миний  баруун талын гадна дунд чөмөг хугарч, зүүн талын ууц сүүжний дэлбэнгийн үе салж хүндэвтэр гэмтэл учирсан. Энэ гэмтлийн улмаас Ховд аймагт болон Улаанбаатар хотод эмчлүүлж, өнөөдрийг хүртэл хэвтэрт байна ... гэх мэдүүлэг, гэрч Г.Цагааннохойгийн ... 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим найз Э.Мянгандүгэрийн хамт түүний цагаан өнгийн суудлын машинтай БОЭТ- ийн дээд талын ХААН банкны салбар ороод зогсоолоос ухарч гараад явсан... тухайн үед машины хөгжим чанга тавьсан байсан тул мэдээгүй. Захын дээд  талын  ХААН банкны салбар дээр очтол Цагдаагийн газраас Э.Мянгандүгэр лүү яриад “зам тээврийн осол гаргасан байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг,  мөн гэрч Л.Ганзоригийн... 2016 оны 05 сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим БОЭТ-ийн дээд талын ХААН банк ороод мөнгө авах гэсэн боловч дараалал их байсан тул ухарч гараад явцгаасан. Захын дээд талын ХААН банкны салбар дээр очтол Цагдаагийн газраас Э.Мянгандүгэр лүү яриад “зам тээврийн осол гаргасан байна” гэж хэлсэн ... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Цагдаагийн газрын албадан саатуулах байрны эмч Б.Мөнхтуяагийн... Э.Мянгандүгэрийн  согтуурлыг  ALCOSTEST 6810  буюу драгер багажаар шалгасан  тухай “ 0,84 хувийн тоон үзүүлэлттэй согтууруулах ундаа хэрэглэсэн  болох нь тогтоогдсон гэх баримт, гэрч Д.Гэрэлчимэгийн... 2016 оны 05 сарын 04-ний өдөр БОЭТ- ийн 103 хүлээн авахын эмчээр ажиллаад дуудлаганд яваад ирж байтал 16 цагийн орчим Нийгмийн даатгал, ХААН банкны салбар хоёрын  засмал зам дээр баруун хажуугаар хэвтсэн байдалтай С.Үхэрч гэх эмэгтэй байсныг үзэхэд хэвтэж болохгүй байна гэж байсныг тээвэрлэж хүлээн авах дээр авчирсан. Машин ухарч мөргөсөн гэж байсан ... гэх мэдүүлэг, гэрч Д.Жанчивдоржийн ...  Ховд аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 05 сарын 04- ний өдөр БОЭТ-д тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн хүн ирлээ гэсэн дуудлага ирсний дагуу очиж үзэхэд С.Үхэрч гэх эмэгтэй байсан. ХОҮ 09-19 дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл намайг ухарч мөргөсөн гэсний дагуу эрэн сурвалжлахад Э.Мянгандүгэр, 94983812 дугаарын утастай байсан. Тухайн утсаар холбогдож дуудсан. Нийгмийн даатгал болон ХААН банкны үүднээс ухрахдаа хөгжмөө чанга тавьсан байсан тул осол гаргаснаа мэдсэнгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг

Ховд аймаг дахь  Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 179 дугаартай дүгнэлт, Ховд аймгийн Цагдаагийн газрын  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагчийн шинжээчийн 17 дугаартай дүгнэлт, хохирогч С.Үхэрчийн өвчтөний түүхийн хуулбар, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мянгандүгэрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, сэжигтэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мянгандүгэрийн дээрхи үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч Э.Мянгандүгэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж улмаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь  шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Цагааннохой, Л.Ганзориг нарын мэдүүлэг, жолоочийн согтуурлыг ALCOSTEST 6810   багажаар шалгасан  тухай  тэмдэглэл, хохирогч С.Үхэрчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 179, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн шинжээчийн  17 дугаартай дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл  зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Э.Мянгандүгэрийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.Мянгандүгэр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 49 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Хохирогч С.Үхэрчийн хохиролд тооцож нэхэмжилсэн нотлох баримтаас 105 дугаар хуудас дахь эм тарианы үнэ 5100 төгрөг, 26100 төгрөг, 107 дугаар хуудас дахь эм тарианы үнэ 6000 төгрөг, 38500 төгрөг, 108 дугаар хуудас дахь эм тарианы үнэ 109600 төгрөг, 186300 төгрөг, 110 дугаар хуудас дахь 18070 төгрөг, 20100 төгрөг, 111 дүгээр хуудас дахь эм тарианы үнэ 145000 төгрөг, 112 дугаар хуудас дахь эм тарианы үнэ 20000 төгрөг, 17500 төгрөг, 115 дугаар хуудас дахь Мажигсүрэнгийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн  замын зардал 65000 төгрөг, 117 дугаар хуудас дахь Мягмардуламын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар явсан унааны зардал 65000 төгрөг,  шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Мажигсүрэн, С.Үхэрч нарын Ховд аймгаас Улаанбаатар явсан онгоцны тийзний үнэ 613200 төгрөг, хэргийн 127 дугаар хуудас дахь эм тарианы үнэ 70800 төгрөг, 129 дүгээр хуудас дахь эм тарианы үнэ 19500 төгрөг, 1850 төгрөг, хэргийн 136 дугаар хуудас дахь гэрээ болон каноны зардал 14900 төгрөг, хэргийн 137 дугаар хуудас дахь 14500 төгрөг, 15000 төгрөг, мөн хохирогч Улаанбаатар хотод  байрны түрээслэсэн зардал 1650000 төгрөг, мөн Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн онгоцны тийзний үнэ 217900 төгрөг, 332900 төгрөг бүгд  3672820 төгрөг , өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг нийт 4172820 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан байна.

Иймд шүүгдэгч Э.Мянгандүгэр нь хохиролд тооцож 5700000 төгрөг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирол төлөгдсөн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь байр түрээслэсэн зардал нь шууд бус зардал гэж үзэж байгаа боловч хохирогч  С.Үхэрч нь  өндөр настай, түүний биед  баруун дунд чөмөг гадна дотно төвгөр дайрсан хугарал, зүүн талын ууц сүүжний дэлбэнгийн үе салсан  хүндэвтэр зэргийн гэмтэл учирсны улмаас шүүх хуралдаан  хүртэл хэвтэрт байгаа,   2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл эмчлүүлж байсан нь хохирогчийн өөрийн мэдүүлэг,  2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3 сарын хугацаатай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, хөлслөгчид 1650000 төгрөг төлсөн баримт, нотариатчийн гэрээ баталсан  мөнгөний тасалбар  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул байрны түрээсийн зардал нь  хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах  зайлшгүй зардал гэж үзсэн болно.

Харин нэхэмжлэгчийн шүүхэд  ирүүлсэн  бусад нотлох баримт нь Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан  шаардлага хангаагүй, гаргацгүй,  эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байна.

Хохирогч С.Үхэрчийн охин П.Мягмардулам, П.Мажигсүрэн нар нь эхийгээ асрах чөлөөтэй байсан хугацааны зардалд 1500000 төгрөг  нэхэмжилсэн боловч П.Мажигсүрэн нь Ховд аймгийн БОЭТ-д ажилладаг, сарын 680000 төгрөгийг цалинтай байсан, чөлөө авсан нь үнэн  гэх тодорхойлолт ирүүлснийг шүүх үнэлэх боломжгүй байна. 

П.Мягмардулам, П.Мажигсүрэн  нар нь  хэдий  хугацаанд захиргааны чөлөөтөй байсан, ямар цалин хөлс  байснаа нотлох баримтаар нотлоогүй байна.

 Мөн Улаанбаатар хот доторхи унааны зардалд 183000 төгрөг,  бусад зардалд 197500 төгрөг, орон сууц хөлслөх явцад авсан эд зүйлийн үнэ  87337 төгрөг нийт 467837 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нөгөөтэйгүүр хохирогчийг асарч сувилахад гарах зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй.

П.Мягмардулам, П.Мажигсүрэн  нарын  ажилгүй байсан хугацааны цалин болон хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд баримтаар хураагдсан 3 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Үхэрчид буцаан олгох нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Мянгандүгэр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Мянгандүгэр нь бусдад учруулсан   хохирлоо  нөхөн төлсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар түүний өмчлөлийн  HYUNDAI Avante XD маркын 09-79 ХОҮ дугаартай тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Буурлууд овогт Эрдэнэбилэгийн Мянгандүгэрийг согтуугаар  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Буурлууд овогт Эрдэнэбилэгийн Мянгандүгэрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/ нэг / жил 06 сарын сарын  хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Буурлууд овогт Эрдэнэбилэгийн Мянгандүгэрийг  оногдуулсан 01 /нэг жилийн  хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч С.Үхэрчид буцаанд олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад 5700000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон П.Мягмарсүрэн, П.Мажигсүрэн нарын ажилгүй байсан хугацааны зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Буурлууд овогт Эрдэнэбилэгийн Мянгандүгэрт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Буурлууд овогт Эрдэнэбилэгийн Мянгандүгэрт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сар хүртэл хугацаагаар хассан нэмэгдэл ялын эдлэх хугацааг шийтгэл тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн  тоолж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1024814 дугаартай үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  шүүгдэгч Э.Мянгандүгэрийн  өмчлөлийн  HYUNDAI Avante XD маркын 09-79 ХОҮ дугаартай тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “- ыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА