Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0460

 

 

2020 оны 07 сарын 03 өдөр         Дугаар 128/ШШ2020/0460             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, шүүгч М.Батзориг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О, нэхэмжлэгч “ГШ” ХХК-ийн төлөөлөгч С.Э , итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Ч.Д, нэхэмжлэгч “Э“ ХХК-ийн төлөөлөгч, “ЦЖ” ХХК, “Э” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, “ЭГБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У, иргэдийн төлөөлөгч Х.Х нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: ГШ ХХК /РД:../,

Нэхэмжлэгч: ЦЖ ХХК /РД:.../,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:...

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:...

Нэхэмжлэгч: ЭГБ ХХК /РД:... /,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн 1, 2 дахь заалтаас “ГШ” ХХК /РД:..., “ЦЖ” ХХК /РД:..., “ЭДМ” ХХК /РД:..., “Э” ХХК /РД:.../, “ЭГБ” ХХК /РД:.../-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”[1]-аар тодруулж, өөрчилсөн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэр бүхий 5 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, захирал Ч.Д, Э.А, Ч.Б, Б.Н, Д.Ч нар шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ[2]: Хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмуудад үндэслэн, нэхэмжлэгч нэр бүхий компаниуд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус авч эзэмшин, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б 2017 оны 08 сарын 21-ний өдөр Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан 63 аж ахуйн нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсугай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 33 аж ахуйн нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосугай" гэсэн заалт бүхий А/******* дүгээр захирамж гаргаж нийт нэхэмжлэгч 26 компанийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож компаниудын субьектив эрхэнд халдсан, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан байна.

Дээрх А/******* дүгээр захирамж, захиргааны актыг гаргасан процессын хувьд, Нийслэлийн Засаг дарга, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж заасан заалтууд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-27.7-д заасан сонсох ажиллагаа явуулах талаарх заалтууд, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг заана" гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй, хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийн санал, дүгнэлтийг аваагүй, сонсгох ажиллагааг явуулалгүй дээрх А/******* дүгээр захирамжийг шууд гаргасан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байсан манай компаниудын хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн бусармаг үйлдэл болохоос гадна уг захиргааны актыг хууль ёсны дагуу гаргаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, захиргааны акт гаргаснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд "захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага захиргааны акт хаяглагдсан этгээд болон эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ", мөн хуулийн 43.4-т захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно" гэж хуульчилсаар байхад Нийслэлийн Засаг дарга, нэр бүхий нэхэмжлэгч компаниудын нэгэнд ч хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй хууль бус үйл ажиллагаа гэж үзнэ. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь ийнхүү хуулийн заалт, зарчмуудыг ноцтой зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д заасан Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг мөн Нийслэлийн Засаг дарга өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, бидэнд захирамжийг хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүй тул захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэр бүхий компаниуд өнөөдрийг хүртэл энэ захирамжийг албан ёсоор гардаж аваагүй, бидэнд мэдээгүй байгаа болно. Захиргааны актын агуулга, хэлбэрийн хувьд, Захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийг дараах үндэслэлээр агуулга, хэлбэрийн хувьд илэрхий алдаатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна, бичгээр гаргасан захиргааны акт нь мөн хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамж нь "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", "захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.3, 40.2.5-т заасан үндсэн шаардлагуудыг хангаагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь хамгаалалтын бүсэд орсон бол цуцална" гэж хуульчилсан байхад Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон" гэх хуульд заагаагүй үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцалж олон аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж хохироолоо. Байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх эдгээр үндэслэлийг аж ахуйн нэгж тус бүрээр хэзээ, хэн, хэрхэн нотолж тогтоосон нь ойлгомжгүй байна. Тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, төлбөр төлөх, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх, хуульд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж явуулж буй эсэх, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ундны усны хамгаалалтын бүсэд орсон талбайтай хир хэмжээтэй давхцаж байгаа талаар тус бүрд нь шалгаж тогтоож, дүгнэлт гаргалгүйгээр, зааглаж эрэмбэлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсныг захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож тогтоогдсон тохиолдолд энэ талаарх нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргаж уг дүгнэлт, санал, үндэслэлийг захирамжид тодорхой тусгаж үндэслэсэн байх ёстой ба ийм дүгнэлт, саналыг дээрх байгууллагууд огт гаргаагүй, захирамжид ч тусгаагүй байна...

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/******* дүгээр захирамжийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “ГШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн нэхэмжлэгч байгууллагууд хүлээн зөвшөөрөх байгаа бөгөөд тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу хууль ёсны үйл ажиллагаа явуулсан ба тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй гэж ГШ ХХК-ийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж холбогдох байгууллагын санал дүгнэлтийг авсан ба ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хууль дүрэмд заасан эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Бидний тусгай зөвшөөрлийг ундны усны хамгаалалтад орсон гэсэн үндэслэлээр цуцалсан, энэ шийдвэрийг гаргахдаа геодези зураг зүйн газраас авсан 1/1541 тоот бичгийг үндэслэсэн гэдэг боловч тус албан бичиг нь тусгай зөвшөөрөл цуцалснаас 15 хоногийн дараа гарсан байсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолыг үндэслэсэн гэтэл түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглагч, нэхэмжлэгч компаниудын үйл ажиллагааны бодит нөхцөл байдлыг тодруулаагүй байдаг” гэжээ.

Нэхэмжлэгч “ГШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн бүсийн энгийн хамгаалалтын бүсэд хууль бус үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаар захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тус захирамжийн нэхэмжлэгч байгууллагуудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч “ЭДМ” ХХК-ий төлөөлөгч, “ЦЖ” ХХК, “Э” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбартай санал нэг, тайлбаруудыг дэмжиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нэр бүхий 5 компанийн өмгөөлөгч Б.Ц  шүүхэд болон хуралдаанаар хэлсэн тайлбартаа: “2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 95 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч байгууллагууд 10 сард хүлээж авсан. Иймээс захиргааны байгууллага сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбар өгдөг. Яаж хийсэн бэ гэхээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийж сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарладаг. Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болгосон шалгалтын өмнө цуцлах гэж байгаа талаар мэдэгдэл хийснийг сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбар өгч байгаа юм. Харин Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар 26.2-т “Энэ хуулийн 26.1-т заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан байхад хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийгээд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг цуцлах талаар ярьсан яриаг сонсох ажиллагаа хийсэн гэж дүгнэж болохгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Энэ боломжийг нэхэмжлэгч 5 байгууллагад олгоогүй. Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байгууллагууд нөхөн сэргээлт хийсэн эсэх талаар шалгалтыг 2017 оны 4, 5 сарын үед хийсэн ба тухайн шалгалтын үр дүнд эдгээр байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай хариуцагч тал тайлбарладаг. Тухайн шалгалтын үр дүн гараагүй байхад буюу 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байна. Энгийн хамгаалалтын бүсэд орж буй газруудад усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасны дагуу мөрдөх дэглэмийг тогтоосон. 2012 онд Засгийн газрын 194 тогтоол үүний дараа 289 дүгээр тогтоолуудыг баталсан ба дээрх дурдсан мөрдөх дэглэмийн дагуу энгийн хамгаалалтын бүсэд орсон газарт нэхэмжлэгч байгууллага үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хориглолт хязгаарлалтын тухай болон тусгай зөвшөөрөл цуцлах зохицуулалт огт байхгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дугаар тогтоолын нэхэмжлэгч байгууллагуудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдан гарснаар Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэргийг шилжүүлж, тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой хуулиар хүлээсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг мөн шилжүүлсэн байна. Ингэснээр нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг тус хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах хууль зүйн боломж бүрдсэн байна.

Нийслэлийн Засаг дарга Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/******* дүгээр захирамжийг гаргахдаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах

тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийг батлан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Уг шалгалтаар эдгээр аж ахуйн нэгжүүд нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчилд Улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ундны усны хамгаалалтын бүстэй тусгай зөвшөөрөлтэй талбай нь давхцалтай, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу, мөн олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол болон эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэн удирдлага болгон ажиллахыг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тус тус чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг ажлын хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна ундны усны хамгаалалтын бүс, түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо улам ихэссэн нь Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдол ч мөн Нийслэлийн Засаг даргад ирсний дагуу Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дах заалтад заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий боловч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох талаар мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд огт мэдээгүй болон сонсоогүй гэх тайлбар болохгүй юм. Тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэлээр сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэж байна.

Дээрх удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авсны эцэст тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дүгээр захирамжийн “ГШ" ХХК нарын 26 аж ахуйн нэгжид холбогдох хэсэг нь хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа [3]: “Нэр бүхий компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл, түүнийг хэрхэн шалгаж тогтоосон талаарх тайлбарыг Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр гаргасан.

Нэхэмжлэгч компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлийн талаар тодруулбал,

1. “ГШ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан,

2. “ЦЖ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан,

3. “ЭДМ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан,

4. “Э” ХХК -ийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан,

5. “ЭГБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан гэсэн үндэслэлээр цуцалсан болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанаар хэлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч аж ахуй нэгж байгууллагуудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрууд нь Нийслэлийн ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн үндэслэлээр цуцалсан нь үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сонсох ажиллагаа хийгээгүй гэж ярьж байна. 95 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд үүний талаар Нийслэлийн Засаг дарга мэдэгдэл хийсэн бөгөөд үүгээр бид сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Мөн бид тухайн байгууллагуудад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т 3 бүсийг тодорхойлсны дагуу дахин гэрээ байгуулбал ажиллаж болно гэж мэдэгдсэн. Бид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зарчмуудыг баримтлан бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан болно” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Х.Х шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ Нэхэмжлэлийн шаардлагыг үнэн шударга шийдвэрлэнэ гэж дүгнэлээ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь “Нийслэлийн Засаг даргыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн 1, 2 дахь заалтаас “ГШ” ХХК /РД: .../, “ЦЖ” ХХК /РД:.../, “ЭДМ” ХХК /РД:.../, “Э” ХХК /РД:.../, “ЭГБ” ХХК /РД:.../-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэрэгт дүгнэлт өгч, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017/16 дугаар удирдамжийг [4] батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэсэн, улмаар Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн [5] 1 дэх заалтаар Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр нийт 62 аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2010 онд “ГШ” ХХК-д олгосон MV-155... , 2008 онд “Э ” ХХК-д олгосон MV-02...., 2008 онд “ЭГБ” ХХК-д олгосон MV-037.... , 2007 онд “ЦЖ” ХХК-д олгосон MV-01..., 2009 онд “ЭДМ” ХХК-д олгосон MV-014... дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дүгээр захирамжаар нэхэмжлэгч “ГШ” ХХК, “ЦЖ” ХХК, “ЭДМ” ХХК, “Э ХХК, “ЭГБ” ХХК-иудын тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан талбайнууд нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр цуцалсан үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалт, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалыг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ.

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсацыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундрага, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургийг, 2 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицолын жагсаалтыг, 3 дугаар хавсралтаар Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн зургийг, 4 дүгээр хавсралтаар эргэлтийн цэгийн солбицолын жагсаалтыг, 5 дугаар хавсралтаар Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг, 6 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицолын жагсаалтыг, 7 дугаар хавсралтаар Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг, 8 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицолын жагсаалтыг, 9 дүгээр хавсралтаар Газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зургийг, 10 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицолын жагсаалтыг тус тус баталжээ.

Дээрх тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон Улаанбаатар хотын усны “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй нэхэмжлэгч “ГШ” ХХК-ийн MV-0155... дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 41.88 гектар талбай нь 39.63 гектар талбайгаар буюу 94.6 хувиар, нэхэмжлэгч “ЦЖ” ХХК-ийн MV-012... дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 28.65 гектар талбай нь 28.65 гектар талбайгаар буюу 100 хувиар, нэхэмжлэгч “ЭДМ” ХХК-ийн MV-014...  дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 27.86 гектар талбай нь 27.86 гектар талбайгаар буюу 100 хувиар, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн MV-020... дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 99.01 гектар талбай нь 99.01 гектар талбайгаар буюу 100 хувиар, нэхэмжлэгч “ЭГБ” ХХК-ийн MV-013... дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан 51.41 гектар талбай нь 51.41 гектар талбайгаар буюу 100 хувиар тус тус давхацжээ [6].

Нэхэмжлэгч нараас дээрх Улаанбаатар хотын усны “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй давхацсан хэмжээтэй маргаагүй бөгөөд зөвхөн уг тогтоолоор Улаанбаатар хотын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо хэтэрхий өргөн хүрээгээр тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.    

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас гадна тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор тус хэргийн нэхэмжлэгч “ГШ” ХХК, “Э” ХХК, “ЦБ” ХХК, “ЭГБ” ХХК-иудаас гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр [7] бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тухайн нэхэмжлэгчдийг “…Туул, Бөхөг голын усны энгийн, онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж  байсан, мөн  компаниудын ашиглалтын  тусгайзөвшөөрөл  бүхий  талбай  нь  усны хамгаалалтын бүсэд багтсан нь тогтоогдсон …” талаар  дүгнэснээс гадна дээрх тогтоол нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэж гарсан, нийтийн ашиг сонирхолд  эерэг  нөлөөлөл  бүхий захиргааны акт гэж үзжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох бүрэн эрхтэй, энэ ч хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол гарсан байх бөгөөд энэхүү тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай нэр бүхий 5 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 37.1. “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:”, 37.1.3. “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзвэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилжээ.

Гэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд “тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн давхацсан” гэсэн зохицуулалт байхгүй ч, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгохоор, харин “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар байна.

Иймд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасныг хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсгох үүргээ ...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй боловч дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь анх 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хамтран нийт 26 компаний нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нэг л удаа төлсөн байх бөгөөд “СХ” ХХК-ийн нэрээр төлсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим нэхэмжлэгч нарын хэргийг нэгтгэж, тусгаарлах явцад улсын тэмдэгтийн хураамж төлсөн “СХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг тусгаарлагдаж, тусдаа шийдвэрлэгдсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, тус хэргийн нэхэмжлэгч “ГШ” ХХК, “ЦЖ” ХХК, “ЭДМ” ХХК, “Э” ХХК, “ЭГБ” ХХК-иуд нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх ...” гэж зааснаар нэхэмжлэгч нэр бүхий 5 компаниар улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актын улмаас өөрт бодитоор учирсан хохирлоо хариуцагчаас гаргуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.        

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дүгээр захирамжийн “ГШ” ХХК, “ЦЖ” ХХК, “ЭДМ” ХХК, “Э ХХК, “ЭГБ” ХХК-иудад холбогдох хэсгийн хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг тус тус баримтлан “ГШ” ХХК, “ЦЖ” ХХК, “ЭДМ” ХХК, “Э” ХХК, “ЭГБ” ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дүгээр захирамжийн “ГШ” ХХК, “ЦЖ” ХХК, “ЭДМ” ХХК, “Э” ХХК, “ЭГБ” ХХК-иудад холбогдох хэсгийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасны дагуу нэхэмжлэгч нараар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нөхөн төлүүлж, төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ

                                                ШҮҮГЧ                                М.БАТЗОРИГ

 ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ 

 


[1] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 70 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 2-7 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 137-138 дугаар хуудас,

[4] Хавтас хэргийн 3 дугаар хавтас, 200-207 дугаар хуудас.

[5] Хавтас хэргийн 3 дугаар хавтас, 235-237 дугаар хуудас.

[6] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 145 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн 2 дугаар хавтас, 175-184 дүгээр хуудас.