Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хүрээ овогт Дэлгэрсайханы Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811023131060 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “БАТ ЗЭВ” ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн хаягтай, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хүрээ овогт Д.Ц

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Д.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайлаастын” эцсийн буддлын орчим  хамтран амьдрагч Ц.Сайнжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "....Би нүүр лүү нь гараа атгаж байгаад цохисон. Мөн үсдээд алгадсан. Би Сайнжаргалын биед дээрх гэмтлийг цохиж, үсдсэнээс болж учруулсан гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28х/

хохирогч Ц.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны 20-692 тоотод гэртээ байж байхад Ц залгаад Хайлаастын Сургалтын төв дээр уулзья гээд би очсон юм. Ц ирээд намайг аваад шугаманд явж байгаад Хайлаастын эцсийн буудал руу явж байхад манай найзын эрэгтэй дүү нь залгаад байхаар нь би дугаарыг нь блоколсон. Удалгүй Хайлаастын эцэс дээр ирсэн юм. Ц машинаа зогсоогоод утсаа өг гээд миний утсыг авчихаад залгаад байсан дугаарыг хараад энэ дугаарыг яагаад блоколсон юм гэж асуухаар нь манай найзын дүү нь байгаа юм гэхэд Ц өөрийнхөө утаснаас залгаад эрэгтэй хүн байна гээд салгасан. Тэгээд энэ эрэгтэй хүн чамтай холбоотой гэж хэлээд намайг зодсон. Тэгээд миний нүүр рүү хэдэн удаа цохиод үснээс зулгаасан. Би Цтай хардалтаас болоод маргалдсан юм. Миний нүүр лүү гараараа болон тохойгоороо цохиж учруулсан. Мөн намайг үсдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн гаргасан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №10114 /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Хүрээ овогт Д.Цийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Цийг 480 нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ