Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1946

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, ** тоотод оршин суух Б овогт Ч.А /РД:**********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** өөрийн байранд байрлах “З*******” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 658 031 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар   сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/000734 тоот шийдвэрээр З******* ОНӨААТҮГ-аас кондуктор Ч*******ын А*******д 7 570 995 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн боловч З******* ОНӨААТҮГ-ын захиргаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс Ч*******ын А******* нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд 80 000 төгрөг төлж мөн урамшууллын зардал 578 031 төгрөгийг төлж гэрээ байгуулж 658 031 төгрөгийг төлж хохирсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, урамшууллын зардал 578 031 төгрөг, нийт 658 031 төгрөгийг З******* ОНӨААТҮГ-аас гаргуулан олгуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч болох З******* ОНӨААТҮГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэрт дурдсан мөнгийг шууд өгчихсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж 658 031 төгрөгийг төлж хохирохгүй байсан юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Б*******  шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ч.А******* нь тус үйлдвэрийн газарт 2000 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар  тушаалаар кондуктороор ажилд орж 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/1973 дугаар  тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг гардан аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олголгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээгээр нотлогдоно. Хариуцагч болох З******* ОНӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд байгууллагын санхүү, бэлэн мөнгө нь шугамын орлогоос хамааралтай тул зардлаа сар сараар төлөвлөн дотоод ажлаа зохион байгууллан ажилладаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг нэхэмжлэгч нар байгууллагад олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан. Иймд нэхэмжлэгч Ч.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр гарсан боловч бидэнд урьдчилан хэлэлгүйгээр, мэдэгдэлгүйгээр шууд шүүхэд хандаж албадан биелүүлэхээр захирамж гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн тул хохирол гарсан байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, бид энэ мөнгийг төлөх үүрэггүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А******* нь хариуцагч “З*******” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 658 031 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №183/ШШ2017/00734 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “З*******” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болон 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүүд 7 570 995 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.А*******д олгохоор шийдвэрлэсэн байна. /хэргийн 9-10-р хуудас/

 

Уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу “З*******” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч буюу Ч.А*******д 7 570 995 төгрөгийг олгоогүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №183/ШЗ2017/05356 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, №183/ГХ2017/00488 дугаартай гүйцэтгэх хуудас, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 7-8-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг урьдчилан хэлээгүй, байгууллагыг шийдвэрийг биелүүлэх боломж олголгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан гэж маргаад нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн шийдвэр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж урамшуулал төлсөн тул нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлсөн мөнгийг хариуцагч гаргах үндэслэлгүй гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-д “шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар мэдэгдээгүй, урьдчилан хэлээгүй, биелүүлэх боломж олгоогүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №17290540 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах №17/2703 тоот гэрээ, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай №17/2703 тоот гэрээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу 578 031 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн зардалд 80 000 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээг нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр байгуулсан гэсэн боловч уг хохирол нь хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүссэн болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч “З*******” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 658 031 төгрөгийг /578 031+ 80 000=658 031/ гаргуулж, нэхэмжлэгч Ч.А*******д олгохоор шийдвэрлэв.

  

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “З*******” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 658 031 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.А*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20 342 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ХУЛАН