| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0002/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/148 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/148
2020 01 31 2020/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Солонго
Улсын яллагч: Н.Булганчимэг
Шүүгдэгч: М.Ш, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрал,
Шүүгдэгч: Т.Ө, Д.Б, Б.Ч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал,
Хохирогч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш, Б.Ч,.Т.Ө, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1811 0272 50639 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, .... биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1., 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, М.Ш
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ч
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Т.Ө
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... ХХК-д усан фааз бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, охин, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ..дугаар хороо, Нисэхийн .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Д.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг, .. дүгээр байрны гадаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин бусдад хүч хэрэглэн хохирогч П.Э Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан П.Э Самсунг ноте-3 гар утасны дэлгэцийг гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Б.Д.Б шүүхийн хэлэүцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эдгээр 4 залуу өөрөө өөрсдийгөө өмөөрч ярьж байна. Хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн. Хохирол төлбөр жилийн дараа төлж барагдуулсан..” гэв.
Хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 23 цагийн үед Б бид хоёр манай гэрт хоол идээд Б гэр рүүгээ явах гээд ахыгаа дуудсан. Тэгээд ах ирчихлээ гээд гэрээс түрүүлээд гарахаар нь ах нь гаргаж өгье гээд хувцасаа өмсөөд хойноос нь гартал 14 дүгээр байрны машин зогсоол дээр хэсэг залуучууд Быг зодож байсан. Тэгэхээр нь би больцгоо гээд очтол хажуунаас 3-4 залуу намайг цохихоор нь тонгойх үед нөгөө залуучууд зугатаагаад явсан. Нэг эмэгтэй, нэг эрэгтэй нь үлдсэн байсан. Б тэр хоёртой уулзаж байхад нь би цагдаа дуудсан. ...Машины гэрэл туссан байсан болохоор хэн нь цохисоныг харж чадаагүй. Тал талаас миний толгой, нүүр, гар руу цохисон. Хөл рүү өшиглөсөн. ...Цохисон хүнийг харж амжаагүй. Быг хүмүүс зодож байхаар нь салгах гээд хүмүүсийн дундуур ортол хажуунаас нүүрэнд нэг удаа гар утас юм уу өөр хатуу зүйлээр цохисон. Дараа нь тал талаас толгой, гар, хөл рүү цохисон. ...Хоёр хөмсөгний голд язарч цус гоожсон, хамарнаас бага зэргийн цус гоожсон, баруун гарын шуу хэсгээр жаахан хөндүүртэй байсан. ...Намайг орцноос гарч ирэхэд Быг 5-6 залуучууд тойрсон зодож байгаа байдалтай зогсож байгаад Бsu 5-6 залуучууд тойрсон зодож байгаа байдалтай зогсож байгаад Б газар унасан. Тэгээд би салгах гэж очсон. Хэн нь хаашаа цохисоныг хараагүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 23-24-р хуудас/
Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хуурай ах Этой уулзаад гадуур хамт ажил хөөцөлдөж явж байгаад 22 цагийн үед Э ахын гэрт нь очсон. Э ахын гэрт нь 30 орчим минут болоод Эр ахыг гэрт нь хүргээд өгөөч гэж утсаар ярьсан. 5-10 минутын дараа Эр ах байрны гадаа ирчихсэн гэж утсаар нь залгахаар нь би гарсан. Орцны үүдэнд өөдөөс гэрэл нь асаалттай нэг машин зогсож байхаар нь Эр ахыг байна гэж бодоод машин дээр очоод жолоочийн талын цонх руу тонгойгоод хартал Эр ах биш байсан. Машины хажууд 5-6 залуучууд зогсчихсон яах гээд байгаа пизда вэ гэхээр нь би юун сүртэй юм бэ гэж хэлэхэд нэг залуу нь над руу дайраад намайг заамдаж авсан. Би зөрүүлээд тэр залууг заамдаж авахад хойноос нэг залуу гараараа миний хоолойг боосон. Тэгээд тал талаас нөгөө залуучууд цохисон. Би нэг хэсэг ухаан алдаад босоод ирэхэд машинтай залуучууд байхгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэй үлдсэн байсан. Тухайн үед Э, Эр ах нар хажууд ирчихсэн байсан. Би босч ирээд явган суугаад цусаа гоожуулаад тэр залууд та нар яаж байгаа юм бэ гэхэд тэр залуу яадаг юм чиний буруу гэж хэлсэн. ...эмэгтэй нь үлдсэн. Эр ах тэр залуугийн хойноос такси барьж дагаж явж байгаад тэр залуучуудыг цагдаагаар бариулж авсан. Тэр эмэгтэй би тэр хүмүүсийг танихгүй таксигаар хүргүүлсэн юм, хүн зодож байхаар нь хүн аллаа гээд болиулсан гээд явах гээд байхаар нь цагдаад болсон асуудлыг хэлчихээд яв гээд байлгаж байгаад цагдаа ирээд тэр эмэгтэйгээс биеийн байцаалтыг нь аваад явуулсан ...улаан цамцтай залуу түрүүлж ирээд заамдалцсан. Тэгээд араас намайг хүн бооход тэр залуу нүүр рүү гараараа цохисон. Өөр хэн хэн хаашаа цохисоныг сайн харж чадаагүй. ...Намайг хойшоо боолгоод унаж байхад Э ах гарч ирж байсан ...би эмчилгээний зардалаа гаргуулж авна, баримтаа авчирч өгнө. Цаашид шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тухайн үед 10 орчим хоног ажлаа хийж чадаагүй ажлаа алдсан хоногийн мөнгийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 41-42-р хуудас/
Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр эхлээд гэртээ байж байтал манай нөхөр М.Ш нь хөдөө ажлаасаа буугаад ирлээ гэж орж ирж байсан тэр үед манай нөхөр Өмнөговь аймагт .... тэсэлгээчний ажил хийж байсан. ...оройн 22 цагийн үед надтай утсаар ярьж байсан тээврийн товчооны тэнд байна гэж хэлж байсан удахгүй очноо гэж байсан тэгэж байгаад шөнийн 23:00 цагийн үед гэртээ ирж байнаа гадаа ирлээ чи гараад ирээч гэхээр нь би гэрээсээ гараад ирсэн чинь манай нөхөр орцны үүдэнд нэг жижиг тэрэгний хажууд зогсон байсан. Би оръё гэсэн чинь хоёулаа тамхи татаад оръё гэхээр нь хоёулаа тамхи татаад зогсож байсан. Хажуудах машин дотор нөхрийн найзууд нь болох Эр Д.Б, Б.Ч, Т.Ө нар байсан. Тэр үед манай нэгдүгээр орцноос нэг өндөр махлагдуу залуу гараад ирсэн. Тэр үед манай нөхөр найзуудтайгаа чанга чангаар яриад байсан. Манай нөхрийг гэртээ үлд гээд байсан. Харин манай нөхөр тэд нартайгаа хамт явцгаана гээд байсан юм байна лээ. Тэр үед нөгөө махлаг залуу гарч ирж таараад манай нөхрийг чи ямар том дуутай залуу вэ гэж хэлээд хоёулаа эхлээд заамдалцаад авсан. Тэгэж байгаад тэр залуу манай нөхрийг цохиод унагаасан тул би очиж нөгөө залууг цааш нь түлхсэн. Тэгээд нөхрөө босгоод машин тойруулаад цаашаа яв гэж хэлсэн харин машин дотроос хамгийн түрүүнд Д.Б бууж ирээд нөгөө манай нөхрийг цохисон залуутай барьцалдаж авсан. Тэгэж байтал манай орцноос нөгөө залуугийн араас нь өндөр ах гарч ирээд хэрүүл маргаан үүсгэж байсан тэр хоёр хүн өөрсдөө бас огтуу байж байсан. Тэгтэл машин дотроос Т.Ө, Б.Ч хоёр бууж ирээд нөгөө хоёр хүнтэй зодолдсон би наанаас нь очоод та нар больцгоо гэж хэлээд салгах гэж оролдсон. Хамгийн түрүүнд би Д.Б-тэй таарсан. Түүний хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэр үед Эр машинаа унаад хойшоо явсан байсан ...нэг машинтай залуу ирж байсан тэр бас надтай нийлээд тэд нарыг салгаж байсан тэгээд ерөнхийдөө салцгаасан. Тэгэж байтал манай нөхрийн найзууд нь Т.Ө, Б.Ч, хоёр манай нөхрийг аваад Эрын араас нь явсан. Харин Д.Б надтай үлдсэн. Нөгөө хоёр согтуу залуутай үлдсэн байсан өндөр ах нь согтуурхаад агсам тавьж байсан баахан хүмүүс рүү залгаж яриад байсан. Д.Б гүйгээд яваад өгсөн. Би гэртээ орох гэтэл нөгөө хоёр намайг оруулахгүй байсан тэгж байтал нөгөө хоёр согтуу залуу дээр ирсэн машинтай хүн Д.Б-н араас нь хөөгөөд яваад өгсөн ...Ямар ч байсан тэр эхэлж гарч ирсэн залуу нь манай нөхрийг цохиж унагаасан. Тэрнийг нь би сайн мэдэж байна. Бусад үед нь нөгөө хэд бүгдээрээ зууралдаад адилхан л харилцан зодолдож байсан. Тэр хооронд Эр машинаа унаад хойшоо яваад өгсөн байсан оролцоогүй бусад нь бүгд оролцож байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 56-57-р хуудас/
Гэрч Т.Эрын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр би Багахангай дүүргээс хотруу орж ирж байсан тэр өдөр би аав болсон гээд хэсэг найзуудынхаа хамтаар уулзах гэж байсан тэрнийгээ хоёр гурав хоногийн өмнөөс эхэлж товлосон байсан тэгээд тэр орой манай найзууд болох Б.Д.Б, Т.Ө, Б.Ч бид нар эхлээд хотод уулзаад М.Шийг хүлээж байсан тэгээд нэлээн орой болсон тул түүнийг байгаа газарт нь очиж авсан чинь эр нэлээн согтуу байж байсан. Ажлын газрынхантайгаа уусан гэж байсан. Хөдөөнөөс ирлээ гэж байсан. Тэгээд М.Шийг аваад нэг газар орж сууцгаая гэтэл М.Ш нь нэлээн согтуу байсан тул түүнийг гэрт нь хүргэж өгч байсан. Түүний гэр нь Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ... давхар шар байшинд байдаг тул тэр газарт нь хүргэж өгч байсан ...бүгдээрээ миний машинд сууж байсан тэгээд М.Ш орохгүй байсан тэр үед нь М.Ш-н орцноос нь хоёр эрэгтэй хүн гараад ирсэн тэгээд тэр хоёр залуу М.Ш-г чи яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь өөдөөс нь М.Ш нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлтэл хоёр залуугийн намхан залуу нь М.Ш-г чи яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь М.Ш өөдөөс нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлтэл хоёр залуугийн намхан залуу нь М.Шийг цохиод унагаасан. Тэгтэл манай найзууд бүгдээрээ миний машинаас буугаад яаж байна гээд тэд нар бүгдээрээ хоорондоо зодолдоод эхэлсэн. Би хөөе машинаас холдоцгоо гэж хэлээд өөрийнхөө унаж явсан машинаа цааш нь холдуулсан. Ертөнцийн зүгээр хойшоо жоохон явж байгаад машинаа байрнуудын голд байрлуулж зогсоосон. Тэгээд машинаасаа буусан чинь өөдөөс М.Ш, Б.Ч хоёр ирж байсан. Яасан бэ гэж асуутал тэд нар ярилцаад үлдсэн явъя гэж хэлэхээр нь би тэр хоёрыг машиндаа суулгаад хөдөлсөн ...хоёр согтуу залуугийн намхан залуу нь эхлээд М.Шийг цохиж унагаасан тэгтэл өндөр залуу нь бас ирээд нэгнийгээ өмөөрч зодолдож байсан. Тэгээд манай найзууд бүгдээрээ машинаас буугаад тэр хоёртой адилхан зодолдоод үлдсэн. ...сүүлд нь энд ирсэн байхад тэр хоёр ирсэн байсан өндөр залуугийн дух нь шалбарсан байсан, намхан залуу нь амнаас нь цус гарч байсан өөр бусдыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 62-64-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлтэнд: 1. П.Э биед хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй. /1-р хавтаст хэргийн 26-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Бын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /1-р хавтаст хэргийн 45-р хуудас/\
Яллагдагч М.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр би Өмнөговь аймагт ажиллаж байгаад Улаанбаатар хотод орж ирсэн. Уг өдөр манай ажлын залуу тушаал дэвшсэн гээд нарын гүүрний орчимд зочид буудалд орж пиво ууцгаасан. ...Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо .. дүгээр байр руу манай гэр рүү явсан. 22-23 цагийн орчимд манай гэрийн гадаа ирсэн. Би эхнэртээ хандаж тамхи татчихаад оръё гэж хэлээд найзуудынхаа машины хажууд налаад зогсож байтал манай орцноос өндөр биерхүү махлаг залуу гарч ирээд надад хандаж чи ямар том дуутай пизда вэ гэж хэлээд намайг заамдсан. Тэгэхээр нь би түүнийг яаж байна аа гэтэл тэр залуу миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан. Би газар уначихаад толгой манараад сууж байгаад бостол манай найзууд машинаас буучихсан намайг цохисон залуу болон өөр нэг залуутай хоёр хэсэг газарт бужигналдаад байсан ...манай найзууд тэд нартай бужигналдаад орилж хашгичаад зодолдоод л байсан. Би хэн нь ямар хамааралтай оролцсоныг мэдэхгүй байна. Уг маргаанд Эр л оролцоогүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-76, 77-78-р хуудас/
Яллагдагч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тухайн үед би машины хажууд зогсож байсан. М.Шийн талын хойд талд бол Д.Б сууж байгаад хамгийн түрүүнд машинаас буусан. Би нөгөө талаар нь буух гэтэл хаалга нь нээгдэхгүй байхаар нь Д.Б-н хойноос машинаас буусан. Тэгээд намайг буугаад очиход Д.Б, М.Ш хоёр уначихсан байхаар нь би М.Шийг цамцнаас нь татаад холдуулж аваад Эрын машины зүг рүү явсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 112-113-р хуудас/
Яллагдагч Т.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр 20 цагийн орчимд би багын найзууд болох Эр Д.Б, Б.Ч нартай уулзсан ...Чингэлтэй дүүргийн ::дүгээр хороо, :: дүгээр байрны гадна машинтайгаа ирцгээгээд М.Шийн эхнэрийг нь дуудсан. М.Шийн эхнэр гарч ирмэгц М.Ш машинаас гарч ирээд бид нартай хамт явна, гэр рүүгээ орохгүй гээд чанга чанга орилж хашгичаад ярьж байтал М.Шийн орцноос үл таних хоёр залуу гарч ирээд арай махлаг биетэй намхан нуруутай залуу нь бид нар руу зүглэж ирээд М.Шийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод унагаачихсан. Тэгэхээр нь бид нар машинаас буугаад уг залуу дээр очтол тэр залуу манай найз Б.Чийг мөн адил цохиж байсан. Тэр үед цаанаас нь дахин нэг өндөр залуу ирэхээр нь би цээж рүү нь түлхэж холдуулаад эргээд хартал Д.Б газар уначихсан босч байсан. ...Уг хэрэг 1 минут ч хүрэхгүй хугацаанд хурдан бужигналдаад л дууссан. Мэдээж найзыгаа цохиулчихаад бид нараас тэр хоёр залууг цохих нь цохисон л байх. Гэхдээ харанхуйд бужигнаад хэн нь ямар оролцоотой байсныг хараагүй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 123-124-р хуудас/
Яллагдагч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр манай багын найзууд уулзалдаж Эрыгоо аав болсныг тэмдэглэхээр ярьж тохиролцсон. ...23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Ш-н гэрийн гадаа ирцгээсэн. ...М.Шийн байрны орцноос үл таних хоёр том биерхүү залуу гарч ирээд нэг нь М.Ш дээр ирээд шууд нүүр рүү нь цохьчихсон. Энэ үед бид нар машин дотор сууж байсан бөгөөд машинаасаа буугаад М.Ш-г цохисон залууг нь хойш нь түлхээд хоёр гарыг нь баглаад тэвэрсэн. Тэгтэл уг залуу их том биетэй байсан учир гараа амархан мултлаад миний баруун шанаа руу шанаадсан. Би энэ үед газарт унаад манарчихсан байж байгаад босч иртэл Б.Ч намайг босгосон” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 141-142-р хуудас/
Шүүгдэгч М.Ш-н иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 79-р хуудас/
Шүүгдэгч Б.Ч-н иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 79-р хуудас/
Шүүгдэгч Т.Ө-н иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 125-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 143-р хуудас/
Шүүгдэгч Б.Ч-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 115-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 144-р хуудас/
Шүүгдэгч М.Ш-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 93-р хуудас/
Шүүгдэгч Т.Ө-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 130-р хуудас/
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн №549 тоот тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 81-р хуудас/
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй байна.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянан магадлаж үнэлэн шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэн шийдвэрлэв.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч М.Ш нь Б.Ч, Т.Ө, Б.Д.Б нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг, .. дүгээр байрны гадаа хохирогч П.Э Б.Б нарыг зодож хохирогч П.Э биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Бын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Э Б.Б нарын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ч нь М.Ш, Т.Ө, Д.Б нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг, .. дүгээр байрны гадаа хохирогч П.Э Б.Б нарыг зодож хохирогч П.Э биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Бын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Э Б.Б нарын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.О мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ө нь М.Ш, Б.Ч, Д.Б нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа хохирогч П.Э Б.Б нарыг зодож хохирогч П.Э биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Бын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Э Б.Б нарын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.О мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь М.Ш, Б.Ч, Т.Ө нартай бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа хохирогч П.Э Б.Б нарыг зодож хохирогч П.Э биед хамарт шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Бын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, үүдэн дээд баруун, зүүн нэгдүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Э Б.Б нарын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.О мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11211 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №11148 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэжээ. Гэмт хэрэгт хамтран оролцох нь объектив шинжийн хувьд 1) гэмт хэрэг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд оролцсон, 2) нэгдсэн оролцоо гэсэн хоёр шинжээс бүрдэх бол субъектив шинжийн хувьд 1) санаатай оролцоо, 2) санаатай гэмт хэрэгт оролцсон гэсэн хоёр шинжээс тус тус бүрдэж байна.
Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогч П.Э Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэлд үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн оролцсон байна.
Прокуророос шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн зүйлчлэлийн талаар болон шүүгдэгч нарын гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргасан байна.
Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Даган мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” шинжтэй байна.
Нийтийн хэв журмыг зөрчсөн буюу олон нийтийн амгалан тайван байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд бүлэглэн халдсан үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн шинжтэй буюу нийтийн хэв журмыг зөрчиж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, олон нийтийн амгалан тайван байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэхүйц нөхцөл байдлыг бүрдүүлсэн байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тодорхой хугацаанд үргэлжилсэн, цаашлаад энэхүү гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд халдаж хохирол учруулах, ноцтой хор уршиг бий болгоход хүргэх шинжтэй байгаа нь мөн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээс тодорхой харагдаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл чиглэгдэж буй хохирогчоос гадна тухайн хэрэгт хамааралгүй, гуравдагч этгээд буюу нийгмийн, хүн амын хэсэгт чиглэсэн хохирол учруулах, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд нь халдсан шинжтэй байдаг.
Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарын хувьд хохирогч П.Э Б.Б нарын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн, бүлэглэн халдаж, улмаар зодож цохисон үйлдэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр 1 минутаас хэтрэхгүй хугацаанд үргэлжилсэн талаар мэдүүлдэг. Дээрх хугацаанд нийтийн хэв журам хэрхэн зөрчигдсөн, эд хөрөнгө устаж гэмтсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн энэхүү нийтийн хэв журам зөрчсөн үйлдлийг цааш үргэлжлүүлсэн, эдгээр үйлдэлд бусдыг өдөөн турхирсан, татан оруулсан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинж тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу тухайн орчны оршин суугчдаас цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан эсхүл дээрх оршин суугчдын буюу иргэдийн амгалан тайван байдал алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан талаар баримт авагдаагүй байгаа юм.
Иймд прокуророос шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэв.
Прокуророос шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинж нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг тухайн хуулийн дотор алгасуулан иш татаж хэрэглэсэн, шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нар нь бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дахь заалтанд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нар нь хохирогч Б.Бд 949.000 төгрөгийн, хохирогч П.Эод 1.181.500 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн байна. Хохирогч Б.Б нь 21 дүгээр шүдний гоо сайхан, үйл зүйг сэргээх зорилгоор циркон бүрээс хийх, циркон бүрээс хийхэд бэлтгэх зорилгоор 21 дүгээр шүдэнд сурвалжийн сувгийн эмчилгээ хийх, 31 дүгээр шүдэнд өнгийг сэргээх, үйл зүйг хадгалах зорилгоор циркон бүрээс хийх, циркон бүрээс хийхээс өмнө гэмтлийн улмаас 31 дүгээр шүдний үхжсэн сувгийн мэдрэлийг цэвэрлэн сурвалжийн сувгийн эмчилгээ хийх шаардлагатай. Дээрх эмчилгээний нийт өртөг 1.070.000 төгрөг болно гэх ... ХХК-ийн тодорхойлолтыг ирүүлсэн байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлсөн байна. Хохирогч Б.Баас цаашид хийлгэх эмчилгээний зардал 1.070.000 төгрөг нэхэмжилсэн нь санхүүгийн баримтаар тогтоогдохгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдүүдээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн; 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй, мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар М.Ш нь Б.Ч, Т.Ө, Д.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа хохирогч П.Э Б.Б нарыг зодож хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2., 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1811 0272 50639 дугаартай хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасугай.
2. Шүүгдэгч М.Ш , Б.Ч, Т.Ө, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол, төлбөрт хохирогч Б.Бд 949.000 төгрөг, хохирогч П.Эод 1.181.500 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж, танилцуулснаар хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ш, Б.Ч, Т.Ө, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР