Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1002

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч: Д.Пүрэвдавга,

Өсвөр насны шүүгдэгч: Л.Б- , түүний хууль ёсны төлөөлөгч Б.С, тэдгээрийн өмгөөлөгч Г.Бат-Отгон /ҮД:05-09/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Равдан овогт Лхагважавын Баярсайханд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905040681111 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 9 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өнөр бүл асрамжийн газарт хүмүүждэг, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн, /РД: / Р овогт Л-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Насанд хүрээгүй яллагдагч Л.Б-  нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дако 53 дугаар байрны орцон дотроос Cannodale брендийн улаан өнгийн уулын дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Б-д 2.482.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б-  нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дако 53 дугаар байрны орцон дотроос Cannodale брендийн улаан өнгийн уулын дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Б-д 2.482.000 /хоёр сая дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Б- ы өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Буруу зүйл хийснээ ухаарч байгаа. Асрамжийн газраасаа гараад болохгүй хүүхдүүдтэй нийлээд ийм зүйл болоод байгаа...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн үед өөрийн дугуйгаа байрны 3 давхар шатнаас цоожлоод тавьсан. 11 цагийн үед гарч ирэхэд дугуй байхгүй байсан. Би дугуйгаа 2 жилийн өмнө найзаасаа 3.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан Cannodale брендийн улаан өнгийн уулын дугуй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн ТҮЦ-ндээ байж байхад манайд орж ирж үйлчлүүлдэг О  гэх залуугаас 165.000 төгрөгөөр Cannodale маркийн улаан өнгийн унадаг дугуй худалдаж авсан. О  манай дүүгийн дугуй гэж хэлээд зарсан. Хоёр долоо хоногийн өмнөөс манай дэлгүүрээс орж ирж юм авч байгаад танилцсан. Эхлээд 10 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим дүү болох Баярсайхан нь орж ирээд зарна гэж хэлээд гарсан. Дараа нь үдээс хойш 15 цаг өнгөрч байхад ах О  нь ганцаараа орж ирээд Cannodale гэж бичсэн улаан өнгөтэй унадаг дугуйг 165.000 төгрөгөөр зарсан. Би өөрийн Хаан банкны картыг өгөөд тэндээс бэлнээр 150.000 төгрөг авсан. Надад 15.000 төгрөгийн өртэй байсан тэрийг нэмж бодуулсан...” /хх-ийн 13 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ПС-ний газрын эгчтэй хамт барилгын материал аваад ирэхэд төрсөн дүү Баярсайхан улаан өнгийн Cannodale гэх бичигтэй дугуй түрчихсэн зогсож байсан. Хаанаас авсан юм гэхэд гудамжнаас олсон гэсэн. Би Депогийн автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг Казак ахад 165.000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө хоол авч идэж, пс тоглоод дуусгасан. ...Манай дүү 15 настай болохоор Өнөр бүл асрамжын газар байдаг. 6 хоногийн өмнө над дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б-  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар пласын ар талд байрлах 53-р байрны хажууд ганцаараа явж байгаад 2-р орцны подволь руу орсон. Ороод шүүрний ишээр тоглох гэж авч гараад уг байрны 3 давхарт гарсан чинь улаан өнгийн 2 амаржинтай унадаг дугуй шатны хажуу талаас түгжсэн байсан. Тэгэхээр нь шүүрний ишээрээ дугуйны цоожийг хөшиж онгойлгоод унаад гараад явсан. Би дугуйг хулгайлахдаа ганцаараа байсан. Намайг хэн нэгэн уруу татаж хулгай хийлгээгүй. Дугуй хулгайлсны дараа ах О т руу очоод энэ миний дугуй байгаа юм, та зараад өгөөч гэж хэлээд заруулсан. Дугуй зарсан мөнгөөрөө ах О тай хамт хоол идээд, РС тоглоод дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

 

Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн БГ2-19-906  дугаартай тайланд: ...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.482.000 /хоёр сая дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-24 тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дако 53 байрны орцны нэг давхарыг харуулсан хяналтын камерын ...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ...11 цаг 01 минут 02 секундэд дээгүүрээ хар өнгийн цамц өмссөн 15-20 орчим насны эрэгтэй хүн, толгойдоо хар өнгийн цамц саравчтай малгай арагшаа харуулж өмссөн, хар өнгийн өмд өмссөн хүн шатаар доошоо бууж подваль руу буюу В1 давхар руу бууж байгаа бичигдсэн байна. ...Бичлэгийн 4 минут 3 дахь секундэд хар өнгийн цамц өмссөн 15-20 орчим насны эрэгтэй хүн, толгойдоо хар өнгийн цамц саравчтай малгай арагшаа харуулж өмссөн, хар өнгийн өмд өмссөн хүн улаан өнгийн унадаг дугуй аваад шатаар бууж байгаа бичигдсэн байна...” тэмдэглэл /хх-ийн 44-45 тал/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 41, 43, 46-47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Б-н: “...Би кристина нобле олон улсын хүүхдийн хүмүүнлэгийн байгууллагад нийгмийн ажилтнаар ажиллаад 10 орчим жил болж байна. Л.Б-  нь 2008-2015 онд манай асрамжийн төвд амьдарч байсан. 2015 онд Баярсайханы төрсөн ээж өөрөө авна гэсэн хүсэлт гаргасны дагуу манай байгууллага гаргаж ээж Оюунцэцэгт нь хүлээлгэн өгсөн. Хүлээлгэж өгсний дараа ээж нь хаяж яваад Баярсайхан гудамжинд очих газаргүй одоог хүрсэн. 2018 оны эхээр Нарт хангай хараа хяналтгүй хүүхдийн асрамжийн газарт очиж амьдрах болсон. Нарт хангайд амьдарч байх хугацаанд Баярсайхан төлөв томоотой байсан. Удалгүй нарт Хангай асрамжийн газар татан буугдаад Өнөр бүл асрамжийн газар руу Баярсайхан шилжсэн. Өнөр бүлд очсоноос хойш асрамжийн газраас гарч гадуур их тэнэдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/, гэрч Л.О-н: “...Л.Б-  нь бусдын нөлөөнд маш их автамтгай, хүн хүнтэй их өөрөөр харьцдаг, өмнө газ болон спирт үнэрлэж байсан, тамхи байнга татдаг. 2018 оны 12 дугаар сараас хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр дугуйн хулгайн хэргээр шалгагдаж байгаа. Саяхан хурал нь болсон. ...Зөөлөн сэтгэлтэй үеийн хүүхдүүдтэйгээ маргалдсан тохиолдолд зодолдож цохилцоод байдаггүй. Манай асрамжийн төвөөс 3 удаа гараад алга болж байсан. Хаагуур яваад байгаа юм гэхэд О  ахтай уулзсан юм гэж хэлдэг. Ахынхаа талаар тодорхой сайн ярьдаггүй. Хүнтэй хаалттай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18 тал/, Л.Б- ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-83 тал/, Кристина Ноблийн Хүүхдийн сангийн тодорхойлолт /хх-ийн 48-49 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50 тал/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 53-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

         Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Л.Б-  хохирогч Б.Батжаргалын эзэмшлийн “Cannodale” брэндийн улаан өнгийн уулын дугуйг хохирогчид мэдэгдэхгүйгээр авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- ы бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Батжаргалд нийт 2.482.000 төгрөгийн хохирол учирсан болох нь алдагдсан эд зүйлс болох “Cannodale” брэндийн уулын дугуйг 2.482.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл, хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирчээ.   

       

    Иймд өсвөр насны шүүгдэгч Л.Б- ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

              Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 2.482.000 /хоёр сая дөрвөн зуун наян хоёр мянга/-н төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Т.Хуандых-д 165.000 /нэг зуун жаран таван мянга/-н төгрөгийн хохирол тус тус учирсан.

 

              Хохирогч Б.Б нь өөрийн унадаг дугуйг биет байдлаар буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Т.Х-х өөрт учирсан 165.000 /нэг зуун жаран таван мянга/-н төгрөгийн хохирлыг барагдуулж авсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Л.Б- аас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн

талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б-  нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон.

            

             Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Т.Х-с хулгайн эд зүйл болох улаан өнгийн уулын унадаг дугуйг хураан авч, хохирогч Б.Б-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгээр иргэний нэхэмжлэгчид Т.Х-д учирсан 165.000 төгрөгийн хохирлыг Кристина Ноблийн Хүүхдийн сангаас нөхөн төлж барагдуулсан, энэ төлбөрийг өсвөр насны шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн болох нь нотлогдож байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж шүүх дүгнэв. 

 

             Түүнчлэн, өсвөр насны шүүгдэгч Л.Б-  өмнө нь 2018 оны 9, 10 дугаар сард бусадтай бүлэглэн дээрх аргаар хулгайн гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдсон талаарх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 442 тоот шийтгэх тогтоол хэрэгт авагдсан байх ба уг шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Л.Б- д оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

            

             Тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өсвөр насны шүүгдэгч Л.Б-  дахин хохирогч Б.Б-н эзэмшлийн Cannodale” брэндийн 2.482.000 төгрөгийн үнэ бүхий уулын дугуйг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.  

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Л.Б- ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрлөөс хорих ял оногдуулах нь өсвөр насны шүүгдэгчийн гэмт үйлдэлд нийцнэ гэж дүгнэн, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн материалд авагдсан нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 53-54 тал/-ээр өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг сургалт хүмүүмжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн эсэх нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу дээрх 442 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болоод эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд нь оруулан тооцно” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Б- ы 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, хэргийн үйл баримтыг тогтоосон хяналтын камерын бичлэг бүхий Сидиг хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар тогтлоо.

 

Өсвөр насны шүүгдэгч Л.Б- ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Өсвөр насны шүүгдэгч Р овогт Л-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Б- д 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Б- д оногдуулсан 5 /тав/ сарын хорих ялыг сургалт хүмүүмжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Л.Б- ы 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 442 тоот шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.   

 

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг Сидиг хэрэгт нотлох баримтаар хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Л.Б- д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА