Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/460

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

           Шүүгдэгч: М.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт М.Н-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903002450192 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн талын замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зурагтын “Сод Монгол” ШТС-ын урд талд зам гарах гээд машин харахад нилээн зайтай явж байхаар нь амжих юм байна гээд зам гартал машин мөргөөд түүнээс хойшхи зүйлийг санахгүй байна. ...Тухайн автомашин маш их хурдтай явж байсан. Намайг зам гарахад их цаана гэрэл гарч байсан их хурдан ороод ирсэн...Жолоочид маш их гомдолтой байна. Тухайн үедээ намайг мөргөөд зугтаагаад явчихсан анхны тусламж үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Зурагтын шинэ эцсийн тэнд явж байхад Сод Монгол ШТС-ын хажуу талд явж байхад суудлын жижиг тэрэг хүн мөргөөд зугтаасан. Би тэр үед нь буцаж эргээд араас нь хөөх гэж байтал зам дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар нь салаад унасан байсан. Тэгэхээр нь дугаарыг нь хараад цагдаагийн 102, 103-т өөрийн гар утсанаас /88024614/ дуудлага өгсөн... Миний харсанаар осол аваар хийсэн жолооч нь хүн мөргөөд нөгөө хүнээ тээврийн хэрэгслийнхээ урд талын хамар дээр нь байгаад байхад зогсохгүй явсаар байгаад хүнээ унагачихаад хурдаа нэмээд яваад өгсөн. Уг тээврийн хэрэгслийн жолооч нилээн хурдтай явж байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэрч М.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би гараад очиход нөгөө залуу гартаа машины номер барьчихсан, энэ машины жолооч нь хүн мөргөөд зугтаачихлаа ах нь эмнэлэг, цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн...Өрөөндөө сууж байсан болохоор харж чадаагүй. Харин маш хүчтэй дуу чимээ гарахыг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шинжээчийн 3475 тоот дүгнэлт: “...Б.О-ийн биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, баруун, зүүн шилбэ ясны сэлтэрхий үүсгэсэн далд хугарал, тархи доргилт, дух, доод уруулд шарх, дух, дээд уруул, эрүү, баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэнд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 36-37/,

Мөрдөгчийн 155 дугаар магадлагаанд: “...Т.Приус маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Мөнхбаяр овогтой Нямбаяр нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан ”Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, б/Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт /тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад мэдэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Бат-Очир овогтой Очирхуяг /35 настай, эрэгтэй/ нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно”, а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 54-55/,

Яллагдагчаар М.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгож байгаа зүйл ангийг ойлгож байна. Санал хүсэлт алга. 2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын үед ажил тараад найз охиноо ажилаас нь аваад гэрт нь хүргэж өгөхөөр өөрийн Т.Приус маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож найз охины ажил дээр очсон. ...02 цаг 30 минутын орчимд байх Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж, Зурагтын “Сод Монгол” ШТС-н зүүн замд явж байтал гэнэт замын хажуугаас нэг согтуу хүн гүйж гарч ирээд машины урдуур орсон. Би тухайн үед тоормоз гишгэсэн боловч нэгэнт тулсан учир мөргөсөн. Тэгээд хүн мөргөсөн учир би айгаад, мөн утасны цэнэг дууссан учир шууд явсан. Тэгээд зүүн тийш жаахан яваад айж сандарч байсан учир машинаа гудамжин дунд үлдээгээд, ажил руугаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 4-7/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-12/, техникийн шинжээчийн 59 тоот дүгнэлт /хх-н 44-51/ тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хуулбар хх-н 52/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 67-81/, хохирогчийн өвчний түүх /хх-н 94-106/, Хохирлын баримтууд /хх-н 107-118/, хохирогчийн хүсэлт /хх-н 119-120/, хохирол барагдуулах тухай хэлцэл /хх-н 121-125/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Н- нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн талын замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-ийн: “...Зурагтын “Сод Монгол” ШТС-ын урд талд зам гарах гээд машин харахад нилээн зайтай явж байхаар нь амжих юм байна гээд зам гартал машин мөргөөд түүнээс хойшхи зүйлийг санахгүй байна. ...Тухайн автомашин маш их хурдтай явж байсан. Намайг зам гарахад их цаана гэрэл гарч байсан их хурдан ороод ирсэн... Тухайн үедээ намайг мөргөөд зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч Ж.С-гийн: “...Зурагтын шинэ эцсийн тэнд явж байхад Сод Монгол ШТС-ын хажуу талд явж байхад суудлын жижиг тэрэг хүн мөргөөд зугтаасан. Би тэр үед нь буцаж эргээд араас нь хөөх гэж байтал зам дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар нь салаад унасан байсан. Тэгэхээр нь дугаарыг нь хараад цагдаагийн 102, 103-т өөрийн гар утсанаас /88024614/ дуудлага өгсөн... Миний харсанаар осол аваар хийсэн жолооч нь хүн мөргөөд нөгөө хүнээ тээврийн хэрэгслийнхээ урд талын хамар дээр нь байгаад байхад зогсохгүй явсаар байгаад хүнээ унагачихаад хурдаа нэмээд яваад өгсөн. Уг тээврийн хэрэгслийн жолооч нилээн хурдтай явж байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, гэрч М.Д-ын: “...би гараад очиход нөгөө залуу гартаа машины номер барьчихсан энэ машины жолооч нь хүн мөргөөд зугтаачихлаа ах нь эмнэлэг, цагдаа дуудлага өгчихлөө гэж хэлсэн... Өрөөндөө сууж байсан болохоор харж чадаагүй. Харин маш хүчтэй дуу чимээ гарахыг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, шинжээчийн 3475 тоот дүгнэлт, мөрдөгчийн 155 дугаар магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Н- нь хохирогч Б.О-ийг мөргөж хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ийн биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 115-116/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Н-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жил хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч хохирол хор уршгийг сайн дураараа арилгасан, хохирогчид 12.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ”, гэж тус тус хуульчилжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2-т “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчид үйлдсэн хоёр гэмт хэргийн нэгэнд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял, торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.Н-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял болон тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... улсын дугаартай автомашины номер 1 ширхгийг шүүгдэгч Б.Н-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Н-ын жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Н-ыгавтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэм буруутайд тус тус тооцсугай.  

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Н-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... улсын дугаартай автомашины номер 1 ширхгийг шүүгдэгч Б.Н-т буцаан олгосугай.
  4. Шүүгдэгч М.Н-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР