Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/535

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжав,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Тэд холбогдох эрүүгийн 1711000000227 дугаартай хэргийг 2017 оны 11  сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 1973 оны 12 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-674 тоотод оршин суух, урьд Дорнод аймгийн шүүхийн 1991 оны 3 сарын 20-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, Дорнод аймгийн шүүхийн 1992 оны 1 сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 9 сарын 12-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 8 сарын 29-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлэн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 

Шүүгдэгч А.Т нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-10 тоотод С.Оюунбилэгийн толгойн тус газарт заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Тээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ..Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-674 тоотод оршин суух Галдандавгын гэрт 2017 оны 10 сарын 29-ний өдрийн 21 цагт Оюунбилэг, Галдандавга бид 3 “Стандарт” 0.75 граммын архи 1 шилийг хувааж уусан. Архи ууж байхад Оюунбилэг нь надтай виза картнаас болж маргалдаж муудалцсан. Галдандагва, Оюунбилэг бид хоёрыг маргалдсан чинь гараад зугтаасан.  Оюунбилэгийг хэрэлдээд байхаар нь ширээн дээр байсан заазуур аваад Оюунбилэгийг чиглүүлээд түлхсэн чинь Оюунбилэг доошоо тонгойгоод толгойгоо зүсүүлсэн.  Оюунбилэгийг өөр цохиж зодсон асуудал байхгүй.  Оюунбилэг толгойгоо заазуураар зүсүүлээд эгчийгээ утсаар дуудаад цагдаа, эмнэлэг болсон юм. Би Оюунбилэг, Галдандагва нартай архи уухаас өмнө нь бага зэрэг архи уучихсан байсан юм. Оюунбилэг одоо ямар нэг гомдол саналгүй болсон. Би уучлал гуйсан. Хэрэг асуудлаа хурдан хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.. гэсэн мэдүүлэг /хх 38-39/

 

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ..2017 оны 10 сарын 29-ний өдөр 18 цагийн орчим Төмөрсүхийн гэрт очсон. Төмөрсүхийн хажуу талын айлд ороход Төмөрсүх, дүү Сумъяасүхийн хамт байсан. Тэдний гэрт Төмөрсүх лаа асаагаад юм хийгээд, архи уучихсан халамцуу сууж байсан. Би Төмөрсүхэд хандан “виза картаа танайд орхисон байна” гэхэд Төмөрсүх аваагүй гэж надтай маргалдсан. Би хоёрыг маргалдаж эхлэхэд Сумъяасүх гараад явчихсан. Төмөрсүх заазуур аваад над руу чичих шиг болсон чинь миний толгойн зүүн дээд хэсэгт заазуураар зүссэн. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Төмөрсүх бид 2 найз нөхдийн холбоотой, олон жил үерхэж нөхөрлөж байгаа. Гомдолгүй. гэсэн мэдүүлэг /хх 19/

 

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ..Орой гэртээ очиход ах Төмөрсүх халамцуу байдалтай сууж байсан. Би галаа түлээд мах чанах гээд үнсээ асгахаар гэрийн гадаа гараад зогсч байхад Оюунбилэг утсаар яриад халамцуу байх шиг байсан. Дараа нь тэр 2 манай гэрт орж ирээд маргалдаад байсан. Удалгүй ах гэрээс гарч ирээд намайг харанхуйд таниагүй бололтой “хэн бэ” гээд гарт нь нэг зүйл гялтагнаад байх шиг харагдсан. Тэгэхээр нь би тэр зүйлийг нь аваад хашаан дотроо ертөнцийн зүгээр баруун тйишээ шидсэн. Дараа нь Оюунбилэг гэрээс гарч ирээд “толгой заазуурдчихлаа гээд толгойгоо бариад байсан. Толгойны дээд хэсгээс нь цус гарсан байсан. гэсэн мэдүүлэг /хх 22/

 

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: ..Оюунбилэгийг харахад толгойны зүүн дээд хэсэгт цус болчихсон байхыг хараад би өөрөө цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд дүүгээсээ болсон зүйлийг асуухад огт юм ярихгүй байсан. Хамт явсан эмэгтэй нь манай ах, Оюунбилэгийг ийм болгочихлоо гэхээр нь гэрийг нь заалгаад очсон. Намайг гэрт ороход  Оюунбилэгийн гар нь цус болчихсон, согтуу байсан, яасан гэхэд гараа зүсчихсэн гэж байснаа угаачихсан. гэсэн мэдүүлэг /хх 25/.

 

  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  ¹13599 дугаартай дүгнэлтэнд: ..С.Оюунбилэгийн биед духанд шарх, зүүн нүдний дээд зовхинд  шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх духны шарх гэмтэл нь хурц, зүүн нүдний дээд зовхины шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох эурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.. гэсэн дүгнэлт. /хх 31/

 

Шүүгдэгч А.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 42/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 45-67, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 5-10/, хутгах,  “Төрийн банкны баримыг” эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-10 тоотод С.Оюунбилэгийн толгойн тус газарт заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагджээ.

 

Шүүгдэгч А.Т нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд, уг хүсэлтийг прокурор хүлээн авч түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнийг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг саналыг танилцуулж, гарын үсэг зуруулж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэг нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж, хохирогчтой эвлсэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг хуульд заасан шаардлага хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэг, Төрийн банкны хуулга 1 ширхэгийг тус тус устгах нь зүйтэй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тэд 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуур, Төрийн банкны баримт 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шүүгдэгч А.Тэд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МӨНХБАЯР