Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2046

 

 

 

  2020         12         14                                       2020/ШЦТ/2046

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Шүүгдэгч Ч.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Зд холбогдох 1906 05469 0918 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Оросын Холбооны Улсын Иркутск хотод 1971 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамжны 196 тоотод түр оршин суух,

Улаанбаатар хотын шүүхийн 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 171 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нутаг заахгүйгээр 8 жилийн хугацаагаар хорих ял,

Улаанбаатар хотын Ажилчны районы Ардын шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жил 7 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 2 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 5 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Чгийн З /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.З нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмнэлгийн 13 дугаар гудамжны 196Б тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Золжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Зын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Золжаргалын өгсөн: “... 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр миний хамтран амьдрагч З манай гэрт согтуу орж ирээд хэрүүл маргаан хийж агсам тавиад, намайг хэл амаар доромжилж, намайг болон өөрийгөө ална гэж айлган сүрдүүлж, биеэсээ хутга гаргаж ирээд намайг алчхаад өөрийгөө ална гэж сүрдүүлэн миний зүүн мөрөн тус газар хутгаараа 1 удаа хатгасан. Бас зүүн талын дал, толгойн тус газар хутгаараа хатгасан. Мөн зүүн талын шанаа тус газар хутгаараа зүссэн. Би айсандаа хутгыг нь хоёр гараараа барьж аваад булаацалдаж байгаад хутганд нь зүүн гарын долоовор хуруу, баруун гарын долоовор хурууны гадна талд, эрхий хурууны дотор талд нь хутгаар зүссэн. Тэгсэн З хутгаа ширээн дээр тавиад надаас уучлалт гуйсан. Тэгээд би цонхоо онгойлгож байгаад хүн харагдахаар нь “цагдаа дуудаарай намайг хүн алах гэж байна” гэж хэлээд орилсон чинь миний хамтран амьдрагч З гэрээс гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх.12-20/,

Хохирогч Г.Золжаргалын хүсэлт /хх.22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11310 дугаартай:

          “1. Г.Золжаргалын биед зулай, чих, цээж, мөр, бугалга, сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн угаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.З нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмнэлгийн 13 дугаар гудамжны 196Б тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Золжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Золжаргалын өгсөн: “... миний зүүн мөрөн тус газар хутгаараа 1 удаа хатгасан. Бас зүүн талын дал, толгойн тус газар хутгаараа хатгасан. Мөн зүүн талын шанаа тус газар хутгаараа зүссэн. Би айсандаа хутгыг нь хоёр гараараа барьж аваад булаацалдаж байгаад хутганд нь зүүн гарын долоовор хуруу, баруун гарын долоовор хурууны гадна талд, эрхий хурууны дотор талд нь хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг /хх.12-20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11310 дугаартай:

          “1. Г.Золжаргалын биед зулай, чих, цээж, мөр, бугалга, сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн угаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Зын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хэргийг ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ч.Зын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Г.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ч.Зыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ч.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ч.Зын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч Г.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ч.Зд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Зыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс цагдан хорьсон 41 хоногийн 1 хоногийг найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.11 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Чгийн Зыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Ч.Зыг цагдан хорьсон 41 хоногийг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцож эдлэх ялаас хассугай.   

4. Ч.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Ч.З нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Золжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР