Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0404/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч С.Нц,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Н.Нид холбогдох эрүүгийн 1918004990514 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Н.Н /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулgах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ....... аймгийн ........н сумын ..... дүгээр багийн ..... 14 дүгээр гудамж ..... тоот иргэн Б.Бийнд хамтран амьдрагч С.Нцийг зодож эрүүл мэндэд нь зүүн бөөрний няцрал, доод уруулд шарх, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Нийн өгсөн: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээнд эм авч өгсөн. Цаашид хохирогчийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлнэ гэх мэдүүлэг,

Хохирогч С.Нцийн өгсөн: Б бид хоёр орой 00 цагийн үед ирэхэд Н гадаа унтаж байсан. Б “миний хоёр найз наанаа байж бай, би хоол хийе” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэвтэж байснаа гэнэт Н намайг зодсон. Н нь цаашид миний бөөрийг эмчлүүлж өгнө гэж хэлсэн. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Бийн өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Нц бид 2 гэртээ ирэхэд Н вагончикт согтуу байж байсан. Тэгээд Н нь “архи дарс ууж явлаа, миний өгсөн гар утсыг яасан юм бэ” гэж уурлаад Нцийг вагончикийн гадна байсан матрас дээр толгой руу нь цохиод зодоод байсан. Би салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Өглөө нь Нцийн нүүр битүү хавдаад хөхөрсөн байдалтай харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Гэрч О.Вийн өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө нэг хүн манай хашааны хаалгыг нүдээд “энд нэг залуу авгайгаа зодоод алах гээд байна. Та цагдаа, эмнэлэг дуудах арга байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад утас алга, манай гэрт надаас өөр хүн алга” гэж хэлээд тэр хүнийг явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Шүүгдэгч Н.Нийн яллагдагчаар өгсөн: ...Нцийг согтуу ирэхээр нь би уурлаад “чамайг архиа гаргаад эрүүл болоод байж байгаарай гэж хэлсэн биз дээ? Миний өгсөн гар утас хаана байна вэ?” гэж маргалдаад түүний нүүр рүү 2-3 удаа цохиод бөөр рүү нь 1 удаа өшиглөж зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Хэрэг учрал болсон гэх газар нь ..... аймгийн ..... сумын ..... дүгээр багийн ..... ..... дүгээр гудамжны ..... гэх газар ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай 2х4 метр харьцаатай төмөр вагончик байна ... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Наранбилэгийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 12 оноо буюу дунд зэрэг” гэх үнэлгээ /12-13/

Хохирогч С.Нцийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай 8399 дугаартай өвчний түүх /хх-ийн 45-52/,

С.Нцийн нүүр хавдар ихтэй, тархи доргилттой, зүүн бөөр няцралттай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 55-56/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ..... дугаартай “С.Нцийн биед зүүн бөөрний няцрал, доод уруулд шарх, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Нцийн доод эрүүний урд доод хэсэгт сорви тогтоогдлоо. Уг сорви нь ямар хүчин зүйлээр болон цаг хугацааны хувьд хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. С.Нцийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бөөрний няцрал гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Бусад гэмтэл нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Н, хохирогч С.Нц нар нь хамтран амьдрагч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Б, Ц.Б, Н.М, Б.Ц нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Нийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ..... аймгийн ..... сумын ..... дүгээр багийн ..... ..... дүгээр гудамж ..... тоот иргэн Б.Бийнд хамтран амьдрагч С.Нцийг зодож эрүүл мэндэд нь зүүн бөөрний няцрал, доод уруулд шарх, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Н.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Нцийн биед зүүн бөөрний няцрал, доод уруулд шарх, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамар, хацар, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт, зулгаралт, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн “...Н нь цаашид миний бөөрийг эмчлүүлж өгнө гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Н.Н нь ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/, шийтгэх тогтоолуудын хуулбар, хорих ангиас суллагдсан тухай тодорхойлолт /хх-ийн 98-105/ зэргээр тогтоогдож байгаа ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 18 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас 270.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 330.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 55.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийн цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаас 270.000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Нид оногдуулсан 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 55.000 /тавин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР