| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2017/00106/И |
| Дугаар | 163 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: банкны аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: йн р баг, тоотод оршин суух, Ц овогт Дгийн Б //-д холбогдох зээл, зээлийн хүү, нотариатын зардал 1420334 /нэг сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банкны аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.М Д.Б нар нь банкны албараас 220000176511 тоот зээлийн гэрээ байгуулан жилийн 18 хувь /сарын 1,5 хувь/-ийн хүүтэй 16 сарын хугацаатай 3483319 /гурван сая дөрвөн зуун наян гурван мянга гурван зуун арван ес/ төгрөгийн тэтгэврийн зээлийг авсан юм. Зээлдэгч Б.М 2015 оны 07 сард нас барсан болно. Хамтран зээлдэгч Д.Бд санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байтал банкны итгэл найдварыг эвдэж зээлийн гэрээний 2.2.3, 2.3.1, 2.3 дахь заалтыг зөрчиж үндсэн болон зээлийн хүүний төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй, энэ талаар зээлдэгчид удаа дараа боломж олгож өөрийнх гаргасан хүсэлтийг хүлээн авсан хэдий ч хүсэлтэд заасан хугацаанд төлж барагдуулахгүйгээр банкийг хохироож байна.
Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй тул зээлийн хүү зогсох үндэслэл байхгүй бөгөөд харин ч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй билээ. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хүүнээс чөлөөлөх ямар ч үндэслэлгүй юм. Хариуцагч уг зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээнд заасан эрх үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл юун дээр гарын үсэг зурж, ямар үр дагавар бий болгохыг ухамсарлаж, сайн дураар уг гэрээг байгуулсан нь зээлийн гэрээгээр нотлогдож байна. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т ‘’үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхийнхээ дагуу хамтран зээлдэгч Д.Бгаас гэрээний үүргийг шаардаж байгаа бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас үндсэн зээлийн үлдэгдэл 1229640 төгрөг, зээлийн хүү 169214 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 1403354 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Бшүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараахи тайлбарыг гаргаж байна. Миний ээж Б.М нь тэтгэврийн зээл авах гэсэн юм заавал гарын үсэг зурах хүн хэрэгтэй гээд байна, чи ирээд гарын үсэг зураадах гэхээр нь гарын үсэг зурсан юм. Ээж маань уг зээлийг авч өөрийн эмчилгээндээ зарцуулж байсан. Гэтэл ээж маань 2015 оны 07 сарын 16-нд өвчний учир нас барьж энэ үед бид тус банкинд очиж зээлийн үлдэгдэлийг сураглахад 2800000 төгрөгний үлдэгдэл байна гэсэн. Тэгээд ажил явдал өнгөрсний дараа буяны хөрөнгийн үлдэгдэл 800000 төгрөгийг 2015 оны 07 сарын 21, 22-ны үед тус банкны нягтлан бодогч С.Эд зээл төлөх дансанд нь хийгээрэй гэж бэлнээр өгсөн. Тэгээд бидний ах дүүс 5 өрх айл нийлээд үлдэгдэл 2000000 төгрөгийг 400000 төгрөгөөр тус тус хувааж төлөхөөр ярилцаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу манайх 400000 төгрөгийг 2015 оны 08 сарын 27, 28-ны үед тус банкны нягтлан бодогч С.Эын дансруу мобайл банкаар шилжүүлсэн. Мөн сүүлд нь 11 сарын 25-ны үед С.Эд манай дүү Д.Б мөн 400000 төгрөгийг бэлнээр өгсөн. Сүүлд нь дүү Д.Н 2016 оны хавар талийгаачийн зээлийн дансанд 400000 төгрөгөө хийсэн байсан. Ингээд бид бүгд манай дүүгийн төлөх ёстой 800000 төгрөг үлдсэн. Гэтэл гэнэт уг банкнаас 1352417 төгрөгийн нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн байсан. Ингээд шүүх хурал 2017 оны 01 сарын 05-ны өдөр хуралдахад нэхэмжлэгч байгууллагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан. Сая 2017 оны 03 сарын 06-ны өдөр уг банкнаас дахин нэхэмжлэл гаргаж нөгөө 1352417 төгрөг нь 1420334,06 төгрөг болж нэмэгдүүлэн нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Зээлийн хүүгийн хувд бид анх талийгаачийг нас барахад банкинд мэдэгдсэн тул зээлийн хүүг нь тэр үед зогссон гэж ойлгож байгаа. Мэдээжийн хэрэг зээл авсан хүн нь нас барсан байхад зээлийн хүү тооцох нь буруу гэж үзэж байна. Бид зээлийг төлөөд явж байхад нэмж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Ер нь банк янз бүрийн эрсдэлээс хамгаалсан ямар нэгэн даатгалын байгууллагатай гэрээ хийсэн баймаар. Уг даатгалын байгууллага нь уг хохирлыг барагдуулдаг баймаар. Бид ярилцаад зээлийн хүүг төлөх боломжгүй. Харин үндсэн зээл болох 800000 төгрөгийг төлж банкны хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд дээрх хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан үзэж зээлийн хүүгээс чөлөөлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банкны салбар нь хариуцагч Д.Бгаас үндсэн зээлийн үлдэгдэл 1229640 төгрөг, зээлийн хүү 169214 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 1403354 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч үндсэн зээл 800000 төгрөг төлнө үлдсэнийг төлөхгүй гэж маргажээ.
Банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл нь зориулалттай, тодорхой хугацаанд буцаан төлөгддөг, хүүтэй бөгөөд хамгаалагдсан байх зарчимд үндэслэгддэг. Зээлдэгч, зээлдүүлэгчид зээлийн гэрээнд заасан хэмжээгээр зээлийг ашигласан хугацаанд хариу төлбөр төлөхийг зээлийн хүү гэдэг. Зээлийн хүүг бичгээр байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлнө. Төрийн банкны Дундговь салбар зээлдэгч Б.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б нарын хооронд 2015 оны 4 сарын 21-ний өдөр нэмж 196200 төгрөгийн зээл авч нийт 3483319 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэргийн 5-6 хуудсанд авагдсан тэтгэврийн зээлийн өргөдөл болон тэтгэврийн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Тус зээлийн гэрээ нь 2016 оны 8 сарын 5 өдөр хүртэл хугацаатай бөгөөд тэтгэвэр, тэтгэмжээс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр байгуулагдсан гэдэг нь зохигчийн тайлбараар нотлогдож байна. Зээлдэгч Б.Мгийн тэтгэврийн зээлийн эцсийн үлдэгдэл нь 2016 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар 1229640 төгрөг үлдсэн болох нь банкны салбараас ирүүлсэн Депозит дансны харилцагчийн монгол хуулгаар нотлогдож байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүүг тооцож болдог. Гэвч тус тэтгэврийн зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Монгол банкын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 12-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д зааснаар зээлийн эргэн төлөгдөх дүн гэж үндсэн дүн болон хүүгийн нийлбэрийг хэлнэ гэжээ. Зээлдэгч Б.Мгийн тэтгэврийн зээлийн эргэн төлөгдөх дүн нь 2016 оны 12 сарын 28-ны өдрийн байдлаар 1229640 төгрөг үлдсэн бөгөөд тус зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 сарын 5 өдөр дууссан бөгөөд зээлдэгч Б.М 2015 оны 7 сарын 16-нд нас барсан байх тул гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т ‘’үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэсний дагуу банкны салбар нь хамтран зээлдэгч Д.Бгаас гэрээний үүргийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бгаас зээлийн үлдэгдэл буюу зээлийн эргэн төлөгдөх дүн 1229640 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг, нийт 1234140 төгрөгийг гаргуулж банкны салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд тооцогдох 34169 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Баас 1234140 төгрөгийг гаргуулж банкны салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ