Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2019/0742/з |
Дугаар | 0452 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 0452
2020 оны 07 сарын 01 өдөр Дугаар 128/ШШ2020/0452 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЭУ” ХХК /РД:
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.
Нэхэмжлэлийн шаардлага: “ЭУ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-14031... , XV-13211 тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах[1], Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031... , XV-13211... тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах”[2].
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “ЭУ" ХХК-аас тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуулийн зөрчилгүй тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “ЭУ” ХХК-ийн хайгуулын талбайн 2017 он, 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 он, 2020 онд шилжүүлэн тооцохыг даалгах.
Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл: Манай компани нь 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах Аргалын ууланд “Хар чулуут” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-013211... дүгээр тусгай зөвшөөрлийг. 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Хартан овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014031... дүгээр тусгай зөвшөөрлийг авч, хууль ёсны дагуу эзэмшдэг.
Дээрх хайгуулын талбайнуудад 2009-2017 онуудад геологи, хайгуулын ажилд нийт 2.660.006.000 төгрөгийг зарцуулсан бөгөөд тус талбайнуудад ашигт малтмалын нөөцийг илрүүлэн цаашид үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байсан. Гэтэл Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолоор Өргөн сумын Аргалийн уулыг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авсан бөгөөд манай компанийн XV-013211..., XV-014031... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай бүхэлдээ тус газартай давхцаж байгаа болно.
Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх шийдвэрийн улмаас манай компани өөрийн эзэмшлийн XV-013211... , XV-014031... дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэгжийн дотор төлнө” гэж заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18/04 дүгээр албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргад, мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18/05 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны даргад тус тус хандсан.
Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2018 оны 07/11 дүгээр тогтоолуудаар тусгай хэрэгцээнд авч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэдий ч тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр байх тул бидний зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 2017 он, 2018 оны тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг бүрэн төлсөн болно.
Ингээд “ЭУ” ХХК-аас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “ЭУ” ХХК-аас тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуулийн зөрчилгүй тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга тэдгээрийн агентлагуудад мэдэгдэх, “ЭУ" ХХК-ийг хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулах боломжоор хангах” тухай тодорхой шийдвэр гаргуулахаар Ашигт малтмалын тухай хуульд заасан тус байгууллагын эрх хэмжээтэй холбоотой хүсэлт гаргасан.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/6200 дугаар албан бичгээр “тусгай хамгаалалтад авсан тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагааг явуулахгүй байгаа үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэж мэдэгдээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Ашигт малтмал, газрын тосны газрын уг албан бичигт “ЭУ” ХХК-ийн XV-01321..., XV-014031... дугаар тусгай зөвшөөрлүүд Кадастрын бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй байна гэсэн атлаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр талбайд үйл ажиллагаа явуулахтай холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээгээ Ашигт малтмал газрын тосны газар хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна.
Иймд “ЭУ” ХХК-аас тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуулийн зөрчилгүй тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “ЭУ” ХХК-ийн хайгуулын талбайн 2017 он, 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 он, 2020 онд шилжүүлэн тооцохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болон тодруулсан шаардлагадаа[3]: “ЭУ” ХХК-иас тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуулийн зөрчилгүй тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхийг даалгах, 2. “ЭУ” ХХК-ийн хайгуулын талбайн 2017, 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарснаас хойшхи үеийн төлбөрт шилжүүлэн тооцохыг даалгах;
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэл: “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”, 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдлэнэ” гээд 21.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “ЭУ” ХХК нь хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлнэ”, 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 1 1.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу нэгдсэн хяналт тавих чиг үүргийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хэрэгжүүлэн ажиллахаар байна.
Ийнхүү хариуцагч хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд нэгдсэн хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч компани нь хайгуулын талбайдаа үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд “ЭУ” ХХК-аас тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуулийн зөрчилгүй тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийг Хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тоггоож, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхийг даалгаж, “ЭУ” ХХК-ийн хайгуулын талбайн 2017, 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарснаас хойшхи үеийн төлбөрт шилжүүлэн тооцохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулахдаа[4]: ““ЭУ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14031....Х, 13211....Х тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах,
Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031..., XV-13211 ....тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ[5]: “ЭУ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14031....X, 13211....X тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах.
“ЭУ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14031...X, 3211...X тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 үгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг мөр үзэхэд Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 07/11 дүгээр тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан талбайг улсын тусгай хамгаалалтад авах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
Үүний дагуу Байгаль орчин аялал, жуулчлалын яамны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/1711 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр Дорноговь аймгийн тусгай хамгаалалтад авсан Аргалын уулыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан ажиллагаа буюу улсын тусгай хамгаалалтад авах хуулийн урьтач нөхцөл бүрдсэн байна.
Нөгөө талаар Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгчийн хайгуулын талбайг тусгай хамгаалалтад авсны улмаас нөхөх олговор олгох санхүүгийн бололцоо байхгүй гэдгээ удаа дараагийн төрийн байгууллагуудад хандсан хүсэлтүүдээр илэрхийлсэн байна.
Тиймээс хууль зүйн хүрээнд авч үзвэл Ашигт малтмал газрын тосны газраас нэхэмжлэгчийн хайгуулын талбайд нөхөх олговор олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байдаг...
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны дагуу нөхөх олговрыг шийдвэрлэх процесс нь төрийн байгууллагын үүрэгт хамаарахаар байх бөгөөд Монгол Улсын хэмжээнд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болохын хувьд хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Иймд “ЭУ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14031... X, 13211... X тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ЭУ ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14031...X, 13211...X тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олгох дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах, тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж төлбөрүүдийг нөхөн тооцож даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолоор Аргалын Уул түүний орчмын газар нутгийг байгаль түүхийн дурсгалт газрын ангиллаар 60 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Үүний дараа мөн аймгийн иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0711 дугаар тогтоолоор Өргөн сумын Аргалын Уул нэртэй газрыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад 30 жилийн хугацаатай авсан байдаг.
Уг шийдвэртэй холбоотой нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий газрууд нь давхцаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр байсан тул 2017-2019 онуудын тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлсөн. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн талбайдаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байсан боловч эрх бүхий байгууллагаас тухайн газрыг тусгай хамгаалалтад авсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж 2017 оноос хойш бид бодит байдалд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. ... Орон нутгийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хамгаалалтад авсантай холбоотой нөхөн олговор олгох боломжгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн. ... Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн газрыг тусгай хамгаалалтад авсан хэдий ч нөхөн олговрыг олгоогүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн албан бичгүүдийг өгч байсан.
Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ хэрэгжүүлсэн тул Ашигт малтмал, газрын тосны газраас бидний үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангах үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа[6]: "Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдох “ЭУ” ХХК-аас тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуулийн зөрчилгүй тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “ЭУ” ХХК-ийн хайгуулын талбайн 2017, 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019, 2020 онд шилжүүлэн тооцохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Тус компанид ашигт малтмалын хайгуулын ХV-014031..., ХV-013211... тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр Дорноговь аймгийн Өргөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аргал уул” нэртэй 63524.87 гектар талбайг түүх соёлын зориулалтаар 60 жилийн хугацаагаар, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/11 дүгээр тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус авсан байна.
Тусгай хамгаалалтад авсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д нөхөн олговрыг 1 жилийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохоор заасан ч “ЭУ" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-014031..., ХV-013211... тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн геологи, хайгуулын ажлын зардалд зарцуулсан 2 тэрбум 660 сая төгрөгийн зардлыг орон нутгийн зүгээс гаргах боломжгуй тул геологийн ижил нөхцөлтэй газарт талбай дүйцүүлэн олгох хүсэлтийг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж хуульчилсан тул асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уламжилсан” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа[7]: “... Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлөх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлснээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлтэй тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг шилжүүлэн тооцох боломжгүй болно.
Иймд “ЭУ” ХХК-аас тусгай зөвшөөрлийн талбайдаа хайгуулын үйл ажиллагаа явуулахад хуулийн зөрчилгүй тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, тэдгээрийн агентлагуудад мэдэгдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “ЭУ” ХХК-ийн хайгуулын талбайн 2017, 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019, 2020 онд шилжүүлэн тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа[8]: “... Нэхэмжлэгчийн эзэмшиж буй Дорноговь аймгийн Өргөн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумдын нутгийг дамнасан “Хартан овоо” нэртэй 12900.62 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-014031... тоот, Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг “Хар чулуут” нэртэй 10940.38 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-013211 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аргал уул” нэртэй 63524.87 гектар талбайг түүх соёлын зориулалтаар 60 жилийн хугацаагаар, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/11 дүгээр тогтоолоор Байгалийн нөөц газрын ангиллаар орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус авсан байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх үүрэгтэй. Хэрэв тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байхаар заасан.
Нэхэмжлэгч компанийн хайгуулын ажилд гаргасан зардлыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэг жилийн дотор төлөөгүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.
Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заалт нь Улсын Их Хурлын, Засгийн газрын тогтоол шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хамгаалах зорилгоор улсын тусгай хамгаалалтад төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалт болно.
Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээс бусад тохиолдолд тусгай хэрэгцээнд авсан үед талбай дүйцүүлэн олгох эрх зүйн боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ЭУ” ХХК нь хайгуулын 2 тусгай зөвшөөрөлтэй ба 014031X тоот тусгай зөвшөөрөл нь Дорноговь аймгийн Өргөн сум, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумыг хамарсан Хартан овоо гэх газар болон Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Хар чулуут нэртэй газарт 013211...X тоот тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг. Нэг тусгай зөвшөөрөл бүхий газар бүтэн давхцалтай байх ба нөгөө нь хэсэгчлэн давхцалтай байгаа.
Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын 013211...X тоот тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дууссан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн 12 жилийн хугацаа дууссан учир дахин цааш нь сунгах боломжгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг жил бүр урьдчилан төлөх ёстой. Үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь хадгалагддаг. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хойш нь шилжүүлэн тооцох хуулийн зохицуулалт байхгүй” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тогтоосон. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар Засгийн газар улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор газрыг тусгай хэрэгцээний газарт авч болно. Гэхдээ нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Засгийн газар тусгай хамгаалалтад аваагүй орон нутаг тусгай хамгаалалтад авсан учраас “ЭУ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд нэхэмжлэгч “ЭУ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ЭУ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 14031...Х, 13211...Х тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах, Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031..., XV-13211... тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах”[9] гэж тодруулсан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
I. ““ЭУ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031..., XV-13211... тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
“ВТР” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газраас 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах “Хар чулуут” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-013211... дугаартай, 10950 гектар талбайтай, тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 0867 тоот шийдвэрээр “ЭУ” ХХК-д шилжүүлснийг 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэжээ[10].
Мөн “ВТР” ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймгийн Өргөн, Баяндэлгэр сумдуудын нутагт байрлах “Хартан овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014031... дугаартай, 12917 гектар талбайтай, тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 0868 тоот шийдвэрээр “ЭУ” ХХК-д шилжүүлснийг 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэжээ[11].
Дээрх байдлаар нэхэмжлэгч “ЭУ” ХХК нь дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, ХV-013211... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, XV-014031... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгуулан үйл ажиллагаа явуулж байжээ.
Мөн ХV-013211... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх, XV-014031... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаагаар тус тус төлсөн байна.
Нэхэмжлэгч компанийн дээрх хоёр ашигт малтмалын хайгуулын ХV-013211...., XV-014031... дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 14 дүгээр зүйлийн 14.1.[12]-д заасан үндэслэлээр Дорноговь аймгийн Өргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 01 дүгээр тогтоолоор Аргалийн Уул нэртэй 63524.87 гектар талбайг түүх соёлын зориулалтаар 60 жилийн хугацаагаар, мөн Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 07/11 дүгээр тогтоолоор Өргөн сумын Аргалийн уулийг байгалийн нөөц газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад 30 жилийн хугацаатай авсан байна.
Нэхэмжлэгч компани нь дээрх шийдвэрүүдтэй маргаан үүсгээгүй байх бөгөөд орон нутгийн иргэдийн шийдвэрт хүндэтгэлтэй хандсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага нь зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх зохицуулалттай байна.
Нэхэмжлэгч “ЭУ” ХХК-ийн тухайд 2009-2017 онуудад геологи, хайгуулын ажилд нийт 2.660.006.000 төгрөгийг зарцуулсан талаар танилцуулдаг бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагууд болох Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд нь нэхэмжлэгч компанийн геологи, хайгуулын ажилд нийт 2.660.006.000 төгрөгийн хэмжээн дээр маргаагүй байх тул нөхөх олговрын хэмжээн дээр маргаангүй байсан байна гэж үзэхээр байна.
Орон нутгийн зүгээс нөхөх олговрын хэмжээтэй маргаан байхгүй гэх боловч орон нутгийн зүгээс ийм хэмжээний зардлыг гаргаж шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр одоог хүртэл нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй байна.
Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байх боловч одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй байна.
Хуулийн 9 дүгээр зүйл. “Засгийн газрын бүрэн эрх” 9.1.13. “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9[13]-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл Засгийн газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлсэн тохиолдолд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болох зохицуулалттай байна.
Мөн хуулийн 11 дүгээр зүйл. “Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг”, 11.1.14. “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл ашигт малтмалын чиглэлийн Төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмал, газрын тосны газар байх бөгөөд тус байгууллага нь улсын хэмжээний хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүрэгтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын ХV-013211..., XV-014031... дугаартай тусгай зөвшөөрөлтэй Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан талбайнуудын нөхөх олговрыг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13.-т зааснаар шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах боломжтой байна гэж үзэв.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн дээрх шаардлагаа Засгийн газарт уламжилж, шийдвэрлүүлэх гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулиар шийдвэрлүүлэх үүргийг хүлээгээгүй бөгөөд шийдвэрлэх эрх нь Засгийн газарт байх тул шийдвэрлүүлэхийг даалгах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ЭУ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 14031...Х, 13211...Х тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
II. “Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031..., XV-13211... тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
Нэхэмжлэгч “ЭУ” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт байрлах “Хар чулуут” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-013211... дугаартай, 10950 гектар талбайтай, тусгай зөвшөөрлийг, Дорноговь, Сүхбаатар аймгийн Өргөн, Баяндэлгэр сумдуудын нутагт байрлах “Хартан овоо” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-014031... дугаартай, 12917 гектар талбайтай, тусгай зөвшөөрлийг “ВТА” ХХК-иас Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 0867 тоот шийдвэрээр шилжүүлэн авч, хайгуулын үйл ажиллагаа явуулж байхад нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг Дорноговь аймгийн Өргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр, Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07/11 дүгээр тогтоолуудаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.
Дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууддаа хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
Нэхэмжлэгч “ЭУ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ХV-013211 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, XV-014031... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгуулан, ХV-013211... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх, XV-014031... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаагаар тус тус төлсөн байна.
Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаас хойш одоог хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлтэй талбайнууддаа хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй гэх үйл баримттай талууд маргаагүй болно.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнууддаа хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй байж тусгай зөвшөөрөлтэй байх хугацаагаа тооцуулсан, мөн үйл ажиллагаа явуулаагүй байж ХV-013211... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх, XV-014031... дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаагаар тус тус төлсөн нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбайнуудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэхдээ Ашигт малтмалын тухайд хуульд үйл ажиллагаа явуулаагүй жилүүдийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулан тооцуулах, мөн үйл ажиллагаа явуулаагүй жилүүдэд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрөө дараагийн жилүүдэд шилжүүлэн тооцуулах зохицуулалт байхгүй байх тул нэхэмжлэгчийн “Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031..., XV-13211... тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “ЭУ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-14031..., XV-13211... тоот тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговорт дүйцэх талбай олгуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх Тусгай хамгаалалтад авсны улмаас тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй 3 жилийн хугацаагаар XV-14031..., XV-13211... тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, уг хугацааны төлбөрүүдийг нөхөн тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ