Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0019

 

Пролианс ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнцогт, Н.Шажинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Баасанжаргал, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны дарга Н.Отгонбаяр, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Пролианс ХХК-ийн нэхэмжлэлтэй,Худалдан авах ажиллагааны газар, Худалдан авах ажиллагааны газрын ХААГ-Б-2013/07-10-78 дугаартай тендерийн үнэлгээний хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Пролианс ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаартай мэдэгдлүүд, 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмж болон тайлан, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Захиалагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Монгол эм импекс концерн ХХК, Си Ай Ти ХХК нарын түншлэлийн хооронд байгуулсан "Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах, 2013/07-10-78 тоот тендерийн Багц-2 Дуран оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэгч-ийг сонгон шалгаруулах тендерийг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хорооны дарга Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6 дахь хэсэгт Түншлэлийг "Хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч талуудыг хамтад нь "түншлэл", тус бүрийг нь "түншлэлийн гишүүн" гэсэн статустай байхаар тодорхойлсон. Мөн ТОӨЗ-ны 18.3 дахь хэсэгтТендерт оролцогч түншлэлийн чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлохын тулд түншлэлийн гишүүн доод тал нь 25 хувийг, түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн доод тал нь 40 хувийг хангах тухай заасан.

Гэтэл "Пролианс" ХХК болон "Карл Шторц" ХХК-иудын Хамтран ажиллах гэрээнд оролцогч талуудыг Үндсэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэж тодорхойлсон тул дээр дурьдсан чадварын шаардлагын 25 хувь ба 40 хувийг аль гишүүн хэдэн хувийг хэрхэн хангах нь тодорхойгүй байна. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйл мөн Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Эмнэлгийн тоног төхөөрөмж болон эм, эмнэлгийн хэрэгслийн нэр томьёоны утгыг зааж үндсэн зарчмыг тодорхойлж өгсөн байдаг. Манайхаас зарласан тендер нь дээрх хуульд заасны дагуу эм,эмнэлгийн хэрэгсэл биш, бараа худалдан авах жишиг баримт тул Сангийн яамнаас ирүүлсэн зөвлөмж дээр дурьдсан Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтыг тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулан үнэлгээ хийх боломжгүй юм.

Иймд энэхүү тендер шалгаруулалтаар авах бараа нь эм, эмнэлгийн хэрэгсэл биш эмнэлгийн тоног төхөөрөмж учраас Сангийн сайдын 2013 оны 194 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж, үнэлгээ хийх боломжгүй гэж үнэлгээний хороо үзэн өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж аж ахуйн нэгжүүдэд мэдэгдлийг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлсэн болно.

Захиалагч тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлохын тулд ТОӨЗ-ны 18.1 (б)-д заасан санхүүгийн чадавхийг харуулах ТШӨХ-д заасан тоо бүхий жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэхийг шаардана гэсний дагуу Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 18.1 (б)-д Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэхийг шаардсан. Энэ нь түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна. Сүүлийн 3 жил гэдэг нь 2010, 2011, 2012 оны санхүүгийн тайланг ирүүлэх ёстой. Тендерт оролцогч "Карл Шторц" ХХК нь 2012 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй нь дээрх шаардлагыг хангаагүй болно. Мөн Тендерийн баталгааг түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн бус Түншлэл хамтран гаргасан нь ТОӨЗ-ны 21.6-д заасан Түншлэлийн хувьд түүнийг төлөөлөх эрх бүхий гишүүн тендерийн баталгааг ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй байна. Тендерийн баталгаа нь захиалагчаас шаардсан үнийн дүнд хүрээгүй болно гэжээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" тендерийн Багц 2-т шалгарсан тендерт оролцогчидтой 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар ХААГ-265 дугаартай гурвалсан гэрээг байгуулсан.

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно, 7.7-д "Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ" гэж тус тус заасан бөгөөд Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, 43.4 дахь заалтуудыг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Төсвийн тухай хуулиар хүчингүйд тооцсон тул уг актын хэрэгжилтийг түдгэлзүүлснээр санхүүжилт олгогдохгүй нөхцөл байдал үүснэ.

Энэ төсөл, арга хэмжээний санхүүжилт нь 2014 оны Төсвийн тухай хуульд тусгагдаагүй тул 11 аймгийн иргэд оношлогооны болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх эрсдэл үүсч байна. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид хохирол учруулахаар байна. Худалдан авах ажиллагааны газраас зарласан "Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах" ХААГ-Б-2013/07-10-08 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын Багц-2 Дурангийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгч-ийг сонгон шалгаруулалтад оролцсон "Пролианс" ХХК, "Карл Шторц" ХХК-иудын түншлэлд 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434 дугаар албан бичгээр тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг өгсөн.

Тендер шалгаруулалтад оролцогч "Пролианс" ХХК, "Карл Шторц" ХХК-иудын түншлэл нь "Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах" ХААГ-Б-2013/07-10-08 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн дараах шаардлагуудыг хангаагүй материал ирүүлсэн байна. Үүнд:

1. Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 21.1-д: Багц 2-т 72 000 000 (далан хоёр сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлэхээр шаардсан бөгөөд тендерт оролцогч "Пролианс" ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулсан "Карл Шторц" ХХК-иар 49.100 (дөчин есөн мянга нэг зуу) ам. долларын тендерийн баталгааг гаргуулсан байсан.

Энэхүү баталгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.13-д Тендерийн баримт бичигт зааснаас өөр гадаад валютыг төлбөр тооцоонд хэрэглэх бол түүнийг хөрвүүлэх ханшийг тендер зарласан өдөр Монголбанкнаас зарласан ханшаар тооцно гэж заасантай зөрчилдсөн байна. Тендер зарласан өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Монгол банкны ханшаар ам.долларын ханш 1,462.75 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд 49.100 ам.доллар нь 71 821 025 болж байгаа нь тендерийн баталгаа 72 сая төгрөгт хүрэхгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар "Пролианс" ХХК-ийн тендерээс татгалзах үндэслэл болж байна.

Пролианс" ХХК-ийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой баримт бичгийн ТОӨЗ-ийн 18.2.г-д заасан шаардлагыг хангахгүй байна. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 21.4-д "түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээний дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна" гэж заасан бөгөөд "Пролианс" ХХК банкнаас бус харин Ньюком" ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр АБ-13/156 дугаартай албан тоотоор 3.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн албан бичиг ирүүлсэн нь уг шаардлагыг хангаагүй байна.

Мөн "Пролианс" ХХК, "Карл Шторц" ХХК-иудын түншлэлийн тендерийн материалд ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7-404/842 тоот тодорхойлолтод "...Пролианс" ХХК нь улайдаг харилцахын данстай ба үндсэн улайлтын лимит нь 37 000 000 (гучин долоон сая) төгрөг..." болохыг тодорхойлсон байгаа нь нэхэмжлэгч 37 000 000 төгрөгөөс дээш зээл авах боломжгүй гэсэн утга илэрхийлж байгаа бөгөөд "Пролианс" ХХК-ийн ирүүлсэн тендер нь ерөнхий шаардлагад нийцэхгүй байгаа тул хуулийн 20.5, ТОӨЗ 21.4, 21.7, 31.1 (г), 31.4, 7.3-т заасны дагуу түншлэгч компанийн тендерийг шалгаруулаагүй нь үндэслэлтэй гэжээ.

Хамтран хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганхөлөг шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн техникийн тодорхойлолтыг Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсний дагуу мэргэжлийн байгууллагын хувьд Худалдан авах ажиллагааны газар тендерийн ажиллагааг зохион байгуулж, тендерийн үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах зөвлөмж бүхий 6 хуудас материалыг ирүүлсэн байдаг.

Худалдан авах ажиллагааны газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмжөөр тендерийн 2 дугаар багц болох дурангийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн "Монгол эм импекс концерн" ХХК болон "Си Ай Ти" ХХК-иудын түншлэлтэй 6,472,915,000 (зургаан тэрбум дөрвөн зуун далан хоёр сая есөн зуун арван таван мянга) төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвлөмж болгосны дагуу тендерийн 2 дугаар багцад оролцогчидтой 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар ХААГ-265 дугаартай гурвалсан гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээг үндэслэн 11 аймагт нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссаны үндсэн дээр тухайн аймгийн иргэдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Гүйцэтгэгч байгууллагуудын хувьд Монгол Улсын 2013 оны төсөвт суулгасан санхүүжилтийн эх үүсвэрээс төлбөрөө бүрэн авсан бөгөөд энэ жилийн төсөвт дээрх тоног төхөөрөмжийг дахин нийлүүлэх нэмэлт санхүүжилт тусгагдаагүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Монгол эм импекс концерн ХХК болон Си Ай Ти ХХК-иуд шүүхэд гаргасан хариу тайлбартааХудалдан авах ажиллагааны газраас 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зарласан Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэгчииг сонгон шалгаруулах ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн 2 дугаар багц буюу Дурангийн оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт Монгол Эм Импекс Концерн, Си Ай Ти ХХК-иуд түншлэлээр оролцож шалгарсан ба Худалдан авах ажиллагааны газартай байгуулсан гэрээний дагуу тогтоосон хугацаанд тоног төхөөрөмжийг импортолж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Х.Жамбалмаагаар ахлуулсан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч С.Гончигсумлаа, санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн шинжээч Наранбаатар, Эрүүл мэндийн яамны Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Гэрэлт-Од, хэлтсийн мэргэжилтэн Б.Сансармаа, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн Энхзул нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт хүлээлгэн өгч, тендерийн санхүүжилтыг бүрэн авсан билээ.

Тендерийн ялагч Монгол эм импекс концерн ХХК-ийн 2011 оны санхүүгийн тайлан дутуу байсан талаар тайлбар гаргасан байна. Тус концерн нь байгуулагдаад 80 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн тайландаа аудит хийлгэдэг, 2011 оны санхүүгийн тайланд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дөлгөөн Хайрхан Уул Аудит ХХК аудит хийж дууссан, уг аудитын тайланг бүрэн эхээр нь тендерийн материалд хавсарган өгсөн.

Тендерийн ялагч Монгол эм импекс концерн ХХК-ийн өмнөх жилийн борлуулалт тендерийн үнийн 50 хувь буюу 3 тэрбум төгрөгөөс хэтрээгүй гэж дурдсан байна. Тус концернийн 2010 оны борлуулалтын орлого 7.4 тэрбум, 2011 оны борлуулалтын орлого 8.9 тэрбум, 2012 оны борлуулалтын орлого 13.3 тэрбум төгрөг байгаа бөгөөд тендерийн материалд өгсөн сүүлийн 3-н жилийн аудитын тайлангаас харагдаж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 418дугаар шийдвэрээр: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б, 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.5, 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-т заасныг баримтлан Пролианс ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмж, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тайлан, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлүүдийг хүчингүй болгон, үлдэх ...Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Монгол эм импекс концерн ХХК, Си Ай Ти ХХК нарын түншлэлийн хооронд байгуулсан "Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах, 2013/07-10-78 тоот тендерийн Багц-2 Дуран оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Пролианс ХХК-ийн ...Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Пролианс ХХК давж заалдах гомдолдоо1. Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайд:

"Пролианс" ХХК нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц-2-т холбогдох хэсгийн тендерийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд "тендерийн ажиллагаа" гэдэгт ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж, тайлан, Худалдан авах ажиллагааны газраас манай түншлэлд ирүүлсэн мэдэгдэл зэрэг тендер шалгаруулалтын үйл ажиллагааны явцад гаргасан эрх зүйн баримт бичгийг хамааруулан ойлгоно хэмээн тодруулсан.

Нэхэмжлэгчээс "Тендерийн ажиллагаа"-ны нэг хэсэг хэмээн үзэж байгаа Худалдан авах ажиллагааны газраас манай түншлэлд ирүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434 дугаар мэдэгдэл, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаар мэдэгдлийг анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ ".... хүчингүй болгуулахыг хүссэн албан бичгүүд нь тендерийн үнэлгээний хорооны гаргасан захиргааны актын талаар тендерт оролцогч нарт мэдэгдэх ажиплагаа байх бөгөөд хуульд заасан захирамжилсан, үр дагавар шууд бий болгодог байх зэрэг захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гэж шүүх үзлээ" хэмээн дүгнэж шаардлагыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгоогүй, захиргааны байгууллага, албан тушаалтны захирамжилсан үйл ажиллагааг захиргааны актанд хамааруулахаар хуульд заасантай нийцэхгүй байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгг "тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг" хэлнэ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт "захиргааны акт гэж эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг хамааруулна" хэмээн заасан байхад тендерийн ажиллагааг бүхэлд нь хяналгүйгээр зөвхөн тендерийн үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны газраас тендер шалгаруулалтын явцад гаргасан эрх зүйн баримт бичгийг захирамжилсан шийдвэр мөн эсэх талаас нь хянаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгон заримыг нь хүлээж авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч "Пролианс" ХХК нь ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны газраас "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерийг шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгохдоо хууль, ТОӨЗЗ, ТШӨХ-д заасан олон заалтыг зөрчсөн, илтэд хууль бусаар ажилласан болох нь баримтаар хангалттай нотлогдож байгаа учир энэхүү тендер шалгаруулалтын ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох шаардлагыг гаргасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрт тендерийн ажиллагааг хүчингүй болгох шаардлагын тухайд эрх зүйн дүгнэлт огт өгөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсанаар Худалдан авах ажиллагааны газраас манай түншлэлд ирүүлсэн мэдэгдлүүдийг зөвхөн үнэлгээний хорооны гаргасан захиргааны актын талаар тендерт оролцогч нарт мэдэгдэх ажиллагаа гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт зааснаар Худалдан авах ажиллагааны газар нь тендерийн үнэлгээний хорооны тайлан, зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргаж бусад оролцогчдод тендерээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлж байгаа, тендерт оролцогчид нь Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн мэдэгдлээр л тендерт шалгарсан эсэх, татгалзсан эсэх хариуг хүлээн авч байгаа учир дээрх мэдэгдлүүд нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн, захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, тендерт оролцогчдод шууд үр дагавар үзүүлэх захиргааны акт болно.

2. Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон "Монгол эм импекс" ХХК, "Си Ай Ти" ХХК нарын түншлэлийн хооронд байгуулсан "Тоног төхөөрөмж нийлүүлэх" гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгт ".... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3-т заасан "гэрээг хүчин төгөлдөр бус" гэж үзэх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүхээс тухайн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэсгүй..." хэмээн дүгнэж хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон "Монгол эм импекс" ХХК, "Си Ай Ти" ХХК нарын түншлэлийн хооронд байгуулсан "Тоног төхөөрөмж нийлүүлэх" гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн шийдвэр болжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дэх хэсэгт "захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан", 42 дугаар зүйлийн 42.1.3 дах хэсэгт "энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн" бол худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ хэмээн заасан байх бөгөөд шүүх тендерийн үнэлгээний хороо, захиалагч нь хуульд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан эсэхийг нотлох баримтад тулгуурлан хянах, нотлох баримтыг өөрийн дотоод итгэл, хэргийн нехцөл байдалд тулгуурлан үнэлэхээс бус харин хуулийн заалтыг хэргийн нөхцөл байдалд үндэслэн гэх шалтгаанаар биелүүлэхээс татгалзах эрхийг шүүх эдлэхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 56.2 дахь хэсэгт "тендер шалгаруулалттай" холбоотой гомдлыг гэрээнд гарын үсэг зурсанаас хойш зөвхөн шүүхэд гаргахаар хуульчилсан, хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас эрх нь зөрчигдөж байгаа этгээд хэлцлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрхийг хуульчилж өгсөн байхад анхан шатны шүүхээс "шүүх гэрээг хүчингүй болгох үндэсгүй" хэмээн өөрт хадгалагдах эрх хэмжээ биш мэтээр ойлгомжгүй шийдвэр гаргаж байгаа нь шүүхэд мэдүүлэх эрх, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус акт, үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийг хамгаалах хуульд заасан үүргээ зөрчсөн шийдвэр болсон бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэх эрх гагцхүү шүүхэд хадгалагдах нь ойлгомжтой юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ".... гэрээний үндсэн үүргээ талууд хэрэгжүүлж дууссан, уг гэрээгээр зохицуулсан харилцааны гол үр дагавар нь нийтэд чиглэсэн, төсвийн хөрөнгөөр санхүүжсэн, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн зэрэг байдлаар гэрээг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна" хэмээн дүгнэж нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзсан нь шүүх өөрт хуулиар олгоогүй эрх хэмжээг эдэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3 дахь хэсэгт Худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоход тендерийн үнэлгээний хороо, захиалагч хуульд заасан үнэлгээ хийх журмыг зөрчсөн, энэ нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд нөлөөлсөн байх нөхцлийг хуульчилсан, "гэрээний талууд болон бусад этгээдэд илтэд хохиролтой байвал гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохгүй байх" эрх хэмжээг шүүхэд олгоогүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн ажиллагааг бүхэлд нь хянаад тендерийн үнэлгээний хороо, Худалдан авах ажиллагааны газар нь манай түншлэлийн тендерээс Түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй, түншлэлийн гишүүн Карл Шторц ХХК-ийн 2012 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй, тендерт оролцогчдод тэгш бус, ялгамжтай хандаж тендерийн үнэлгээг хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмын дагуу хийж чадаагүй болохыг шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ дүгнэж, тогтоосон бөгөөд тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмж, тайлан, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар хурлын тэмдэглэл зэргийг хууль бус болох нь тогтоогдсон гэж хүчингүй болгон шийдвэрлэсэн учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42.1.3 дахь хэсэгт заасны дагуу "энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлж, хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлийг зөрчиж гэрээ байгуулсан байх тул "Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцох нь хуульд нийцнэ.

3. ХААГ-Б-2013/07-10-78 дугаар Тендерийн Багц 2-т холбогдох тендерийг дахин зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрт "....Нэхэмжлэгч компани тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг шаардсанаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх боломжгүй буюу тухайн тендерт шалгарах эсэх нь тодорхойгүй" гэх ганцхан үндэслэл зааж ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц 2-т холбогдох хэсгийн тендерийг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд "тендерийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох", "Тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийн биелэлт, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээх боломж нь ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц 2-т холбогдох хэсгийн тендерийг дахин зохион байгуулах ажиллагаа болно гэж үзэж нэхэмжлэлийн уг шаардлагыг гаргасан.

Анхан шатны шүүх дахин тендер шалгаруулалт зарласан ч нэхэмжлэгч шалгарах эсэх нь тодорхойгүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх боломжгүй хэмээн дүгнэж шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц 2-т холбогдох хэсгийн тендерийг дахин зохион байгуулснаар нэхэмжлэгч нь уг тендерт оролцох боломж нээгдэнэ, хуульд заасны дагуу "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерийг ирүүлсэн бол шалгарах, эсрэг тохиолдолд шалгарахгүй байх үр дагавартай, энэхүү үр дагавар нь шүүхийн шийдвэрээс бус нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн саналаас хамаарч байгаа бөгөөд тендерт оролцож санал ирүүлж байгаа явдал нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргээх боломж нь юм.

Нөгөө талаас анхан шатны шүүх ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тайлан, зөвлөмж зэргийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон атлаа тендерийг дахин зохион байгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь өөрийн шийдвэрийг ямар ч эрх зүйн үр дагаваргүй, биелэгдэх боломжгүй, жинхэнэ утгаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргэх боломжгүй байдалд хүргэж байгаа юм.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасны дагуу илтэд үндэслэлгүй гарсан Захиргааны хэргий анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:
 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХААГ-Б-2013/07-10-78 дугаартай Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нийт 10 багц тендер зарласан, нэхэмжлэгч Пролианс ХХК нь Карл Шторц компанитай түншлэл болж, уг тендерийн Багц-2-т өрсөлдөхөөр тендерийн материалаа ирүүлсэн боловч Үнэлгээний хороо түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй, түншлэлийн гишүүн Карл Шторц компанийн 2012 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр тэдний ирүүлсэн тендерээс татгалзаж, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны 6/3434, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.2-т захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгах-аар, 12.3-т захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэх-ээр тус тус заасан, Тендерийн баримт бичгийн Нэгдүгээр бүлгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа-ны 4.2.1-4.2.9, 17 дугаар зүйлд заасан эрх бүхий бус гэж үзэх үндэслэлүүдэд дээрх 2 шаардлага буюу түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй, түншлэлийн гишүүн нь 2012 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэсэн шаардлага хамаарахгүй байх тул захиалагч тендерийн баримт бичигт заагаагүй шалгуур үзүүлэлтээр тендерийг дүгнэх эрхгүй юм.

Мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6. Түншлэл 6.1-д Хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч... болж тендер ирүүлэх тохиолдолд Тендерийн шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол дараах шаардлагыг хангасан байна. (а)түншлэлийн бүх гишүүний хувьд тендер хүчин төгөлдөр байхаар тендерт гарын үсэг зурсан байх, (б) Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-д заасан бараа нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхэд бүх гишүүн хамтран болон тус тусдаа хүлээх хариуцлагыг тодорхойлж хамтран ажиллах гэрээнд тодорхойлсон байх, (в) түншлэлийн аль нэг болон гишүүний нэрийн өмнөөс үүрэг хүлээх, зааварчилгаа хүлээн авахад тэдгээрийг төлөөлөх эрх бүхий нэг гишүүн томилох, (г) нийт гэрээний гүйцэтгэл, түүний дотор төлбөр тооцоог зөвхөн төлөөлөх эрх бүхий гишүүнтэй харилцах, гүйцэтгэх тухай хамтран ажиллах гэрээгээр зохицуулсан байх, (д) түншлэлийн гэрээний хувийг тендерийн хамт ирүүлэх гэсэн шаардлагуудыг тавьжээ.

Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах ХААГ-Б-2013/07-10-78 дугаартай тендерийн Багц-2-т оролцохоор Пролианс ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ХБНГУ-ын Карл Шторц компанитай байгуулсан 02/2013 дугаар Хамтран ажиллах гэрээ нь дээрх тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны бүх шаардлагыг хангасан тухайлбал, гэрээгээрээ хамтын ажиллагааны хэлбэр, оролцогч талуудын эрх, үүрэг, тендерийн бичиг баримтыг бэлтгэх, Худалдан авалтын газартай төлөөлөн харилцах зэрэг асуудлуудаа бүрэн тохиролцсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дээрх 6 дугаар зүйлийн заалтад нийцсэн байхад тухайн гэрээг шаардлага хангахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч байгууллага 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаар мэдэгдэлдээ түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй гэсэн боловч хууль болон тендерийн баримт бичгийн ямар шаардлагыг хангаагүй талаар тодорхой тусгаагүй, хариуцагчаас Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.3-т заасныг хангасан эсэх нь тодорхойгүй гэх боловч Үнэлгээний хорооны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-т Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байх заалтыг зөрчжээ.

2.Тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ түншлэлийн гишүүн Карл Шторц компанийн 2012 оны санхүүгийн тайлан ирүүлээгүйг шууд тендерээс татгалзах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Тухайлбал, тендерт оролцогч сүүлийн гурван жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэхээс 2009-2012 он хүртэлх аудитын тайланг зохих ёсоор ирүүлсэн, Германы арилжааны хуулийн 325 дугаар зүйлд зааснаар санхүүгийн тайлан Германы Холбооны электрон сонинд баланс гарснаас хойш хамгийн ойрдоо л 12 сарын дараа хэвлэгддэг учир 2012 оны санхүүгийн тайлан нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар гадны байгууллагуудад танилцуулан тараах боломжгүй байдаг талаар албан бичгээр мэдэгдсэн байхад Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 30-д заасны дагуу дээрх асуудлаар баримт бичиг ирүүлсэн этгээдээс тодруулга авах боломжтой байжээ. Үүнээс гадна тендерт ялагчаар шалгарсан Монгол эм импекс концерн ХХК-ийн 2011 оны 4 дүгээр улирлын тайлан дутуу ирсэн, дээрх шаардлагыг мөн адил хангаагүй байхад тухайн тендерээс татгалзаагүй нь оролцогчдод тэгш бус хандсан, анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим-ыг хариуцагч зөрчсөн байна гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага... гомдлыг ...хянан хэлэлцэх ба ...энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасанчлан бүрэн эрхийнхээ хүрээнд Сангийн яамнаас 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/5256 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсэнтэй нийцүүлэн тендер шалгаруулалтын бүх багцын үнэлгээг дахин хийх шаардлагатайг захиалагчид мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу үнэлгээг дахин хийх ёстой байсан бөгөөд ийнхүү дахин үнэлгээ хийх нь хууль бус гэж үзвэл хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болох-оор зохицуулсан.

Гэтэл хариуцагч нь үнэлгээг хууль тогтоомжид заасны дагуу дахин хийлгүйгээр зөвхөн хурлаар хэлэлцсэн гэх агуулгаар урьд гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д эм, эмнэлэгийн хэрэгсэл, эмнэлэгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан байхад энэ зарлагдсан тендер нь дээрх хуульд заасан эм, эмнэлэгийн хэрэгсэл биш..., эмнэлэгийн тоног төхөөрөмжийг чанар болон үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо өгч үнэлэх тухай батлагдсан жишиг баримт бичиг байдаггүй тул үнэлгээ хийх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д эмнэлэгийн тоног төхөөрөмж гэж хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа, өвчин, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сэргээн засах, хянах зориулалтаар бүтээгдсэн болон гараар хийх үйлдэлд хэрэглэх зүйлийг, Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д эмнэлэгийн хэрэгсэл гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, сувилах болон бие махбодийн бүтэц, үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашигладаг туслах зориулалтын эд зүйлийг хамааруулахаар заасан, тендерээр худалдан авах оношилгооны тоног төхөөрөмжүүд нь дээрх хуулиудад дурьдсан эмнэлэгийн тоног төхөөрөмж, эмнэлэгийн хэрэгсэл гэсэн ойлголтод хамаарахаар байна.

Гэтэл хариуцагч ...хөвөн, бинт, зүү тариур, хиймэл эрхтэн гэх мэт дагалдах хэрэгсэл, өөрөөр хэлбэл харьцуулж шинжлэх боломжтой зүйлсийг худалдан авахад л чанарын үнэлгээ хийх асуудал яригдана гэж хуулийг буруу тайлбарлаж, багц-2 тендерийг чанар болон үнэлгээний харьцуулалтаар үнэлэлгүй хууль зөрчжээ.

4.Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдоос өөр бусад үндэслэлүүдийг тухайлбал, Пролианс ХХК нь Ньюком ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр АБ-13/156 дугаартай албан тоотоор 3.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн албан бичиг ирүүлсэн, мөн Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 08дугаар сарын 12-ны өдрийн 7-404/842 тоот тодорхойлолтод ...Пролианс ХХК нь Улайдаг харилцахын данстайба үндсэн улайлтын лимит 37.000.000 төгрөг...болохыг тодорхойлсонТөлбөр тооцоог үндэсний мөнгөнтэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монгол банкнаас албан ёсоор зөвшөөрсөн тохиолдолд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 16-р зүйлд зааснаас өөр валютаар тендерийн үнийг илэрхийлж болно..гэж заасны дагуу 42000 ам долларын тендерийн баталгааг ирүүлсэн, энэ нь тендерийн баталгааны үнэ 72.000.000 төгрөгт хүрээгүй, ТШӨХ болон ТОӨЗ-ийн 18.1.г-д зааснаар тендерт оролцогч компани нь гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт болгожсүүлийн 3 жилийн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлэхийг тендерийн хорооноос шаардсан байдаг боловч нэхэмжлэгч Пролианс ХХК, Карл Шторц ХХК-иудын түншлэл нь дээрх шаардлагыг хангаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч хариуцагчийн зүгээс дээрх үндэслэлийг зааж тендерээс татгалзаагүй байгаа тул шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны актыг гаргах болсон 2 үндэслэлийг хууль зүйн талаас нь нягтлан шалгаж дүгнэлтээ өгсөн, маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтыг шүүх тогтоох шаардлагагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч Пролианс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад Худалдан авах ажиллагааны газрын 6/3434, 6/3795 тоот мэдэгдлийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Худалдан авах ажиллагааны газрын дээрх албан бичгээр Пролианс ХХК, Карл Шторц ХХК-иудын түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй, түншлэлийн гишүүнКарл Шторц ХХК-ийн 2012 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр тендерээс татгалзсан талаар мэдэгдсэн байгаа нь захиргааны актын шинжийг агуулсан, харин Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тайлан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан тодорхой тохиолдлыг зохицуулсан, захирамжилсан болон эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш гэж үзэхээр байна.

Үнэлгээний хорооноос 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тендерийн нээлт хийж, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд Багц-2 тендерт Хамгийн сайн үнэлэгдсэн Монгол эм импекс концерн ХХК, Си Ай Ти ХХК-ийн түншлэлтэй 6.472.915.000 төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвлөмж болгосноор Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар, Монгол эм импекс концерн ХХК, Си Ай Ти ХХК-ийн түншлэлийн хооронд 3 талт гэрээ байгуулагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх нэгэнт хариуцагч нар тендер шалгаруулалтыг хууль бус явуулсан нь тогтоогдож байхад дээрх гэрээний үндсэн дээр талууд нэгэнт гэрээний үүргээ хэрэгжүүлж дууссан үндэслэлээр гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс ХААГ-Б-2013/07-10-78 тоот тендерийн Багц-2-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дээрх багцад тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг даалгах шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд дээрх багцад тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах боломжгүй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Аймгуудийн нэгдсэн оношлогооны төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах ХААГ-Б-2013/07-10-78 дугаар тендерийн Багц-2 Оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад Пролианс ХХК, Карл Шторц компанийн түншлэлийг тендер шалгаруулалтаас татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар зөвлөмж, 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл, Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3434, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3795 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, уг тендерт ялагчаар шалгарсан Монгол эм импекс концерн ХХК-ийн түншлэлтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газрын хооронд байгуулсан Дуран оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ХААГ/265 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, үлдэх ХААГ-Б-2013/07-10-78 тоот тендерийн Багц-2 Дуран оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэгч-ийг сонгон шалгаруулах тендерийг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан Тендерийн үнэлгээний хорооны 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Пролианс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Б. ТУНГАЛАГСАЙХАН