Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Х.Еркебулан, шүүгдэгч Ц.Алтангэрэл өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хохирогч Г.Лхүндэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201621000118 дугаартай, 153/2015/0060/Э/ индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус  дунд боловсролтой, малчин, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  6-10 насны 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Чандмань сум Тахилт багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа 1210 толгой мал, Вонго Пронтор маркийн машин-1, мотоцикль-1-ийн  хөрөнгөтэй, гэр нэг, сард 800000-900000 төгрөгийн орлоготой, урьд ял шийтгэлгүй, ПН81031417 дугаарын регистртэй Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэл. /Гэрлээ хочтой/

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Алтангэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болгоомжгүй, хөнгөмсгөөр найдсаны улмаас Ховд аймгийн Чандмань сум Тахилт багийн нутаг дэвсгэр "Гуулин" гэх газарт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн 49-09 ХОҮ улсын дугаартай Муссо /Миззо/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас шороон замд онхолдож, улмаар зорчигч Л.Орхонтуулын амь насыг хохироон, насанд хүрээгүй хохирогч /6 настай/ А.Будгэрэлийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 3, 4-11 дүгээр хуудас/.

Цогцосны гадна үзлэг  хийсэн тэмдэглэлээр... 168 см урттай, толгойдоо 39 см урттай, хүрэн өнгийн үстэй,  хоёр нүдний зовхи аниастай, хүүхэн хараа хоёр талд жигд  өргөссөн, нүдний эвэрлэг бүдгэрсэн, хамар яс  мөгөөрс бүтэн, үзэгдэх нүд бүрэн,  чих, ам, хамарнаас  гарсан зүйлгүй. Цогцос хөрсөн, хөшсөн, хүүрийн  толбо ар дарагдаагүй хэсгээр ягаан өнгөөр туурсан, зүүн дух шанааг хамарсан 12x6 см хэмжээтэй тод хүрэн өнгийн зулгаралттай, баруун хөмсөгний дээд талд 2х0,5, 3х0,5 хэмжээтэй зулгаралтууд баруун хацар 3х8 см хэмжээтэй зулгаралт, хамрын нуруунд 4х0,5 см, хамрын зүүн үзүүрт 2х0,5 см зулгаралт, зүүн талын эрүүнд 2х,1 см эрүүний доод талд 0,5х2 см хэмжээтэй зулгарсан шарх  эгэмний  зүүн талд эгэмний голын шугаманд өнгөц хүрэн өнгийн зулгаралт,  баруун гуяны дотор дээд хэсэгт 2х0,5, 2х0,3, 2х1  см хэмжээтэй өнгөц зулгаралтууд, баруун өвдөгний дотор дээд хэсэгт 3х1 см хэмжээтэй бүдэг цус хуралт, 1х1 см хэмжээтэй зулгаралт зүүн өвдөгний дотно дээд хэсэгт 4х5 см хэмжээтэй цус хуралт, зүүн  бугалганы гадна дээд хэсэгт 10х2 см хэмжээтэй бүдэг хөх өнгийн  цус хуралттай 40 орчим насны эмэгтэй хүний цогцос байна. Нас бараад 8-12 цаг болсон байна гэжээ.... /хх-ийн 12 дугаар хуудас/

Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл ... / хх – ийн 13 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр... кабины оройн хэсгээр хэлбэр дүрсээ алдсан, баруун урд талын хаалга нээлттэй, хумигдсан эвдрэлтэй, шил нь хагарсан, баруун  кирло цааш чихэгдэж хонхойсон, копуд баруун урд хэсгээр зүүн тийш  муруйж хонхойж үрчийсэн, машины баруун урд гэрэл дохио хагарч баруун урд гупр хэсгээр зурагдаж хагарсан байдалтай, баруун хойд хаалганы шилний хүрээ хэсгээрээ гадагшаа гулзайж  муруйж шил  нь хагарсан байдалтай. Мөн урд салхины шил баруун урд хэсгээр хагарч бутарч рамнаасаа мултарсан, уг авто машины баруун талаас зүүн хэсэг нь налж гулзайж  нэлэнхүйдээ хазайсан, 2 толь сууриараа тасарч унасан. Мөн зүүн талын урд хаалганы шил хагарч 2 хаалга гажиж эвдэрсэн. Уг авто машины хойд шил хагарсан. Зүүн урд дугуйны хий гарч ободнаасаа мултарсан. Хойд хэвтээ тэнцвэржүүлэгч тасарч хугарсан. Авто машин дотор үзлэг хийхэд дотор рам хэсэг нь дотогш цөмөрсөн байдалтай байв...  гэх баримт, үзлэгийн гэрэл зураг /хх-ийн 15-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч /Чандмань сумын Хүн эмнэлэгт бага эмч ажилтай/ О.Мөнхтүвшингийн өгсөн "...Дуудлагаар очиход жолооч нь өөрийн эхнэр болох Л.Орхонтуулыг машинаас 5 орчим метрийн зайд тэвэрсэн байдалтай сууж, хэвтэж байсан. Тэгээд Л.Орхонтуул нь ямар ч ухаангүй, нөхөр болох Ц.Алтангэрэл нь орилсон байдалтай уйлаад сууж байсан. Хамт явж байсан 4 хүүхэд нь машины гадна байж байсан. Эмнэлгийн тусламж үзүүлэхэд Л.Орхонтуулын нүүрэн хэсэг цус болсон, ухаангүй байдалтай байсан. Бүгдийг нь машинд  суулгаад сумын эмнэлэгт хүргэсэн. Ц.Алтангэрэл нь нилээн согтуу, орилсон байдалтай үгэнд орохгүй байсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Л.Орхонтуул сумын эмнэлэгт ирээд эмчилгээ авахгүй 22 цаг 30 минутын орчимд амьсгал хураасан ..." Ц.Алтангэрэлийн том охин нь нурууны өвдөлттэй байсан.   Ц.Алтангэрэлийн бага хүү нь  хөлөндөө  гэмтэл авч явж чадахгүй байсан. Бусад нөгөө хоёр хүүхэд нь арай зовиур багатай байсан ..."  гэх мэдүүлэг  /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 27- ны өдрийн 38 дугаартай шинжээчийн ...  Л.Орхонтуулын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Л.Орхонтуулаас биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт/ хх-ийн 24 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 27- ны өдрийн 27 дугаартай шинжээчийн ....  Л.Орхонтуулын биенээс авсан гэх цус нь биологийн шинжилгээнд тэнцэнэ. Л.Орхонтуулын биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар О/I/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Энэбишийн 2016 оны 05 сарын 31-ний өдрийн  19 дугаартай  …. .Л.Орхонтуулын цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. Л.Орхонтуулын цогцосонд хийсэн шинжилгээгээр зүүн уушгины дээд дэлбээнд нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, зүүн талын 1-5 дугаар хавирга эгэмний шугамаар шууд хоёрлосон хугарал, зүүн талын 1-10 дугаар хавирга далны шугамаар шууд хугарлуудтай, духны зүүн хэсэг болон шанааг хамарсан 12x6 см зулгаралт, баруун хөмсгөнд 2x0.3 см, 3x0.3 см зулгаралтууд баруун хацарт 3x8 см зулгаралт, хамрын нуруунд 4x0.5 см, хамрын зүүн талын үзүүрт 2x0.1 см, эрүүний зүүн талд 2x0.1 см, эрүүний доод талд 0.5x2 см зулгарал, баруун гуянд 2x0.5 см, 2x0.3 см, 2x1 см цус хуралтууд, цээжинд 11x8 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Л.Орхонтуулын цогцосонд учирсан дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.10-д зааснаар /цээжний гэмтэл үүнд: цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын болон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

Л.Орхонтуул нь цээжний битүү гэмтэл, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал, уушгины нэвтэрсэн шархны улмаас нас барсан.

Л.Орхонтуул нь нас бараад 12 цагаас дээш цаг хугацаа өнгөрсөн байх боломжтой...гэх дүгнэлт  /хх-ийн 29-31 дүгээр хуудас/.

Гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-ийн 32-35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Нэргүйн өгсөн"...2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Ц.Алтангэрэл над руу утсаар залгаад: "хаана байгаа юм" гэхээр нь би: "ээжийн гэрт сумын төвд байна" гэсэн. Тэгсэн чинь Ц.Алтангэрэл манай ээжийн гэрт 2 литрийн Боргио пиво 2 ширхэгийг аваад ирсэн юм. Тэгээд намайг гаргаж өгч байна гээд задлаад уусан юм. Уг пивийг Ц.Алтангэрэл бид хоёр ихэнхийг нь  уусан. Манай эхнэр Б.Төмөртуяа 3 аяга уусан. Өөр хүн уугаагүй. Орой нь Ц.Алтангэрэл тэр 2 пивоо хувааж уучихаад "сайн яваарай" гэж надад хэлчихээд малруугаа явна гээд гараад явсан. Дахин эргэж орж ирээгүй. Өглөө нь сонсоход аваар гараад Ц.Алтангэрэлийн эхнэр  нь нас барсан байна гэдгийг мэдсэн. Эхнэр хүүхэдтэйгээ орж ирээд хамт ярьж хөөрч сууж байгаад л бүгд хамт гараад явсан. Манай эхнэр бид хоёр гэртээ үлдсэн. Манайд ирэхдээ машинтайгаа ирсэн байсан. Нэг их согтоогүй байсан. Бага зэрэг халчихсан байсан. Манайд байхдаа эхнэртэйгээ ямар нэгэн байдлаар маргалдаж муудалцсан юм байхгүй. Бид хоёр гэрээс гараагүй болохоор хэн нь машин барьж явсаныг мэдээгүй. Эхнэр нь ойр зуур машин барьж явдаг юм. Жолооны үнэмлэх байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/.

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Төмөртуяагийн өгсөн "...2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Ц.Алтангэрэл манай ээжийн гэрт 2 литрийн Боргио пиво 2 ширхэгийг аваад ирсэн юм. Тэгээд манай нөхөр болон намайг гаргаж өгч байна гээд задлаад уусан. Уг пивог Ц.Алтангэрэл, С.Нэргүй хоёр ихэнхийг уусан. Би аяганд хийгээд өгөхөөр нь 3 аяга уусан. Өөр хүн уугаагүй. Орой нь Ц.Алтангэрэл тэр хоёр пивоо хувааж уучихаад "сайн яваарай" гэж манай нөхөр бид хоёрт хэлчихээд малруугаа явна гээд гараад явсан. Дахин эргэж орж ирээгүй. Эхнэр нь ерөөсөө пиво уугаагүй, архи, пиво уудаггүй юм. Эрүүл уугаагүй байсан, эхнэр хоёр хүүхэдтэйгээ орж ирээд хамт ярьж хөөрч сууж байгаад л бүгд хамт гарч явсан. Манай нөхөр бид хоёр гэртээ үлдсэн. Нэг их согтоогүй байсан, бага зэрэг халчихсан байсан. Манайд байхдаа эхнэртэйгээ маргалдаж муудалцаагүй. Бид хоёр гэрээс гараагүй болохоор хэн нь машин барьж явсаныг мэдээгүй. Л.Орхонтуул машиныг нь бариад явчих байх гэж бодоод үлдсэн. Ойр зуур машин барьж явдаг юм. Жолооны үнэмлэх байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/.

Мөрдөн байцаалтад  Ц.Алтангэрэлийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн…Би Чандмань сумын Тахилт багийн иргэн мал маллаж амьдардаг. Манайх 3 хүүхэдтэй юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр  хөдөө Тахилт багийн нутаг Хүрэнтолгой гэдэг газарт  байдаг. Гэрээсээ эхнэр Л.Орхонтуул өөрийн хүүхэд А.Будгэрэлийн хамт “ манай хонийг маллаж байсан. С.Нэргүй гэдэг хүн хот шилжих “ гэж байна гээд уулзахаар сумын төв дээр ирсэн. Тэгээд би 15 цагийн үед С.Нэргүйтэй таараад хадам ээжийнд нь очоод би “хот явж байна гээд гаргаж өгч байна” гээд 2 ширхэг 2 литрийн бор савтай Боргио гэдэг пиво аваад тэрнийгээ С.Нэргүйгийн эхнэр Б.Төмөртуяа, манай эхнэр бид 4 сууж байгаад 2 пивоо ууж суугаад “за сайн яваарай”  гээд эхнэр бид хоёр  С.Нэргүйгийн хүүхдийг аваад өөрийнхөө 3 хүүхдийн хамт 20 цаг болж байхад сумын төвөөс хөдөө гэрлүүгээ явсан. Тэгээд урагшаа явж байхад цас орж байсан болохоор малруугаа яараад явж байсан. Гуулин гэдэг газарт явж байгаад машиныхаа арааг солиод хааз гишгэтэл машины хамар өндийгөөд босоод ирсэн. Тэгээд би сандарсандаа жаахан хажуу тийшээ дарах шиг болсон. Тэгтэл машин унах шиг болсон. Нэг мэдсэн машин өнхрөөд 4 дугуй дээрээ зогсчихсон би суудал дээрээ сууж байсан. Тэгээд би буух гээд хаалгаа онгойлгох гэсэн чинь огт онгойхгүй болохоор нь эсрэг талын хаалганы цонхоор нь гараад сууж явсан хүмүүсээ бас тэр цонхоор гаргасан. Харин манай эхнэр машин унахад гадаа уначихсан байсан. Очоод харсан чинь амьсгалж байсан. Тэгээд би дуудлага дуудсан. Дуудлага ирэх хооронд эхнэрийнхээ толгойг түшээд хажууд нь сууж байсан. Тэгтэл удалгүй дуудлага хүрч ирээд манай эхнэрт нэг тариа хийгээд машинд оруулаад бид нарыг бүгдийг нь аваад явсан. Эмнэлэг дээр ирээд жаахан байж байтал миний бие муудаад ухаан балартсан. Нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Би сайн мэдэхгүй байна. Миний бодлоор 60 километр цагийн хурдтай явж байсан байх. Их хурдан яваагүй. Цасаар шуурч байсан зам сайн харагдахгүй байсан. Хальтарч байсан нь мэдэгдээгүй явж байсан. Миний бодлоор 4 дүгээр  араатай явж байсан байх. Би сумын төвд С.Нэргүйтэй уулзаж байхдаа 2 том пиво хувааж уусан. Өөр архи пиво уугаагүй. Машинд манай эхнэр, манай 3 хүүхэд, дээр нь С.Нэргүйгийн нэг хүүхэд бүгд зургуулаа явж байсан.  Манай эхнэр урд талын суудал дээр 4 хүүхэд хойд талын суудал дээр сууж явж байсан. Миний бие 2 талын  бөөр, нуруу хэсгээр хөшиж, өвдөж байсан ил шарх байхгүй байсан. Харин манай хамгийн бага хүүхэд А.Будгэрэлийн шагай хэсгийн дээд талаар хавдсан байсан. Дунд охин А.Бямбасүрэн толгой, дух хэсгээр шалбарсан байсан. Том охин А.Алтантуул хүзүү, нуруу өвдөж байна гэж байсан. С.Нэргүйгийн хүүхэд зүгээр байсан. Талийгаач намайг яваад очиход газар дээр байсан амнаас нь цус гарч байсан өөр ямар шарх байсныг анзаараагүй. Би 2005 онд жолооч болсон. Би Эрүүгийн хуулийн 215 дугаар  зүйлийн 215.3-т  заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.  Ямар нэгэн санал хүсэлт алга байна ...  гэх мэдүүлэг  /хх-ийн 42-44, 126-127 дугаар хуудас/

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 09- ний өдрийн  №246 дугаартай ...

1. А.Бямбасүрэнгийн биед гэмтэл учирсан байна.

2.А.Бямбасүрэнгийн биед тархи доргилт, духны зүүн хэсэгт 4,5х3,5 см зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо.

3.А.Бямбасүрэнгийн гэх толгойн рентген зурагны хариунд тархи доргилтын шинж болох хуруу дардасны шинж үзлэгт нүдний алимны чичирхийлэлт, дагзны булчингийн хөшинги илэрсэн.

4. А.Бямбасүрэнгийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

5. А.Бямбасүрэнгийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. А.Бямбасүрэнгийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

7. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт: /хх-ийн 51 дүгээр хуудас/.

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №243 дугаартай ...

1. А.Алтантуулын биед гэмтэл учирсан байна.

2. А.Алтантуулын биед  нурууны Th1-р нугалмайн арын сэртэнд хөндлөн хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3.А.Алтантуулын гэх толгойн рентген зурагны хариунд тархи доргилтын шинж болох хуруу дардасны шинж үзлэгт нүдний алимны чичирхийлэлт, дагзны булчингийн хөшинги илэрсэн А.Алтантуулын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4.А.Алтантуулын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.А.Алтантуулын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

6.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/.

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №245 дугаартай...

1. А.Будгэрэлийн биед гэмтэл учирсан байна.

2.А.Будгэрэлийн биед баруун хөлийн шилбэ ясны доод 1/3 хэсгийн далд бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

3.А.Будгэрэлийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4. А.Будгэрэлийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.А.Будгэрэлийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

6.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/.

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №247 дугаартай...

1. Ц.Алтангэрэлийн биед гэмтэл учирсан байна.

2.Ц.Алтангэрэлийн биед тархи доргилт, зүүн бөөрний орчимд 9х8 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.Ц.Алтангэрэлийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

4. Ц.Алтангэрэлийн биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д заасан гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Ц.Алтангэрэлийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

6.Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт   /хх-ийн 64 дүгээр хуудас/.

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 26 тоот ...

1.  Ц.Алтангэрэлийн биенээс авсан гэх цус нь биологийн шинжилгээнд тэнцэнэ.

2.Ц.Алтангэрэлийн  биенээс авсан гэх цус нь моноклон оношлуураар В/III/ бүлгийн цустай байна... гэх дүгнэлт/ хх-ийн 69 дүгээр хуудас/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч: /хх-ийн 74-75 дугаар хуудас/.

Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Алтангэрэлийн шинжээчээр гаргасан 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №22 дугаартай...

1. Жолооч Ц.Алтангэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн.

2. Жолооч Ц.Алтангэрэл нь аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гаргасан байна...гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Лхүндэвийн өгсөн"...Би 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал манай хүүхдүүд утсаар яриад “ Ц.Алтангэрэл машинтай явж байгаад унаад бүгд эмнэлэг дээр ирчихсэн, Л.Орхонтуул ухаангүй байна" гэсэн. Тэгэхээр нь би сумын төв ороод эмнэлэг дээр ирсэн чинь манай охин Л.Орхонтуул нас барчихсан, Ц.Алтангэрэл нь нэг өрөөнд ухаангүй байсан.  Хүү А.Будгэрэл хөл нь өвдчихсөн унтсан байдалтай байсан. 2 охин нь толгой хэсгээр шалбарчихсан байдалтай байсан. Ц.Алтангэрэл нь архи уудаггүй, ууж байна гэж нэг их дуулдаад байдаггүй юм. Би тэр өдөр 15 цагийн үед сумын төв ороход манай хүү Л.Мягмарынд байж байтал манай охин Л.Орхонтуул ирээд “бид нар одоо гарах “ гэж байна гэж хэлээд хоол идээд гарсан. Би охиноо явсны дараа харих гээд явж байтал Ц.Алтангэрэл нь дэлгүүрийн хажууд машиндаа юм хийж байгаа бололтой 3 хүүхэд нь машин дотор тоглож байгаа юм шиг харагдсан тэгээд би очилгүй яваад өгсөн. Тухайн үед архи уусан нь мэдэгдэхгүй эрүүл зүгээр харагдаж байсан. Ц.Алтангэрэл нь зан аашны  хувьд элдэв зан төрх байхгүй, даруухан хүнд тусархаг, нэр хүнд сайтай манай хамгийн гайгүй хүргэний нэг юм аа. Урьд нь маргаж, хэрэлдэж байгаагүй. Би Л.Орхонтуулыг эмнэлэгт ороод харсан харахад хүзүүнээс дээгүүр нүүр хэсгээр шалбарсан шархнууд байсан. Ц.Алтангэрэл нь 1000 гаруй  малтай байх. А.Будгэрэл нь хөлний шуу хугарсан байсан. Одоо хөл нь эдгээгүй гишгэж чадахгүй байгаа. Нэхэмжлэх зүйл алга байна. Хохирлын талаар ямар нэгэн баримт алга байна, гаргах шаардлага байхгүй, миний болон бусад хүмүүсийн хувьд гомдол, санал алга байна. 3 хүүхдийг нь харах хүн байхгүй байгаа. Энэ асуудлыг хуулийн хүрээнд ял эдлүүлэхгүйгээр шийдэх боломж байна уу? гэж хүсэж байна. Бид нарт гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг. /хх-ийн 80-82 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч А.Будгэрэлийн өгсөн "...Би тэр өдөр хөдөөнөөс аав, ээжтэйгээ хамт машинаар сумын төв рүү ороод орой нь  хоёр эгч, аав, ээжтэйгээ  хамт буцаад машинаараа явсан. Тэгээд би ээжтэйгээ юм яриад явж байсан. Аав машинаа бариад явж байсан.  Би машин унасаныг мэдээгүй..."  Миний баруун талын хөл өвдсөн. Одоо эдгэж байгаа.  Надад нэхэмжлэх зүйл байхгүй …гэх мэдүүлэг. /хх-ийн 83-86 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч А.Бямбасүрэнгийн өгсөн...Миний толгой жаахан шалбарсан. Өөр гэмтэл байхгүй байсан. Одоо надад ямар нэгэн зовиур байхгүй. Би хойд талын суудал дээр аниа, дүүтэйгээ хамт сууж явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Цогтнарангийн өгсөн"... Ц.Алтангэрэл манай хүргэн ах байгаа юм. Манай эгчтэй гэрлээд 12 жил орчим болж байна. Зан байдлын хувьд  төлөв даруу бусдын үгийг авдаг.  Гэр бүлдээ халамжтай. Хааяа архи уучихдаг юм.  Архи уухаараа агсан хааяа тавьдаг юм. Надад агсам тавьж байгаагүй манай аавд нэг удаа агсам тавьж байсан. Архи уугаад машин тэргээ унадаг байсан. Тэднийх 3 хүүхэдтэй гэр бүлдээ халамжтай байдаг. Манайх хойд зүгт тэдний гэр урд зүгт байдаг болохоор нэг их таараад байдаггүй болохоор өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг  /хх-ийн 97 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтад гэрч Д.Алтантуяагийн өгсөн"...Би Тахилт багийн Засаг даргаар 2008 оноос хойш одоог хүртэл 8 жил хийж байна. Би багийнхаа бүх ард иргэдийг зан төрх аж амьдралын талаар сайн мэднэ.  Ц.Алтангэрэл нь зан аашны хувьд даруухан төлөв зантай, илүү дутуу зан муу зуршил байхгүй, архи, тамхи хэрэглэдэггүй , олонтойгоо эвсэг уур амьсгалыг бүрдүүлдэг баг хамт олны дунд нэр хүндтэй, бусдыгаа удирдан зохион  байгуулах ажилд үлгэр жишээч, манай багийн төдийгүй сум, аймгийн тэргүүний залуу сайн малчин юмаа. Ц.Алтангэрэл нь 2006 онд сумын сайн малчин, 2012 онд аймгийн сайн малчин тус тус болж байсан. Манай багийн хамгийн залуу тэргүүний малчин залуу юмаа. Гэр бүлийн талаар арчаатай ямар нэгэн маргаан зодоон үүсгэдэггүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/

Яллагдагч Ц.Алтангэрэлийн эзэмшлийн 49-09 ХОҮ улсын дугаартай Муссо /МUSSA/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 115-119 дүгээр хуудас/.

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн өгсөн ...  Би Ц.Алтангэрэл ахын гэрт очиж нүүлгэх гэж байсан. Тэгээд би Ц.Алтангэрэл ахын машинд суусан. Тэр машинд Ц.Алтангэрэл ах эхнэр, гурван хүүхэдтэйгээ бид зургуулаа явж байсан. Би яг яаж унасныг мэдэхгүй байна, нэг мэдсэн машин уначихсан. Тэгээд унасны дараа хамгийн түрүүнд би машины хаалганы шил хагарсан цонхоор нь гарсан. Тэгээд гарчихаад Ц.Алтангэрэл ахыг татаж гаргасан. Тэгээд дараа нь хүүхдийг нь гаргасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Алтангэрэл мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр  сумаас  гарахад  цасаар шуурч байсан. Харанхуй байсан.  Тухайн тээврийн хэрэгслийг би өөрөө барьж явсан. 2 литр пивоноос  2 аягыг л уусан. Хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлэхгүй байгаа. Мал эзэнгүй байсан тул гэрлүүгээ буцах  гээд яарч явсан.  Зөв талын урд дугуй хагарсан байсан.  Одоо би  гурван хүүхдээ би өөрөө асарч байна. Өмнө нь архи уудаггүй байсан. 3 хүүхэдтэйгээ үлдэж байгаадаа харамсаж байна. Миний энэ байдлыг харгалзан үзэж  хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? ... гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Лхүндэв мэдүүлэхдээ: Ц.Алтангэрэл манай хүргэн болоод 10 жил болж байна. Тухайн үед сумын төв дээр таараад зүгээр л явж байсан. Тэр өдөр цасан шуурга болж байсан.  Орой 8-9 цагийн үед дуудлага ирсэн.  Осол болж эхнэр Л.Орхонтуул буюу манай охин  нас барсан.  Ц.Алтангэрэл ч  өөрөө гэмтэл авсан юм шиг байна лээ.  Хааяа хэлсэн ярьсан зүйлээ санахгүй байгаа.  Хүүхдүүд нь эцгээсээ салахгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Насанд хүрээгүй 3 хүүхдийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон  хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэл нь 2016 оны 05 сарын 19-ний өдрийн 21 цагийн үед  Ховд аймгийн Чандмань сумын Тахилт  багийн нутаг Гуулин гэх газар согтуугаар өөрийн  эзэмшлийн  ХОҮ 49-09 дугаартай “MUSSA” маркын тээврийн хэрэгслийг жолоодож  явах үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын  болон  ашиглалтын журам  зөрчиж  аюул саад бий болсонд үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас машинаа онхолдуулж, улмаар эхнэр Л.Орхонтуулын амь насыг хохироож, хүү А.Будгэрэлийн биед хүндэвтэр гэмтэл, А.Бямбасүрэн, А.Алтантуул нарын биед хөнгөн гэмтэл тус тус  учруулсан гэмт хэрэг  үйлдсэн нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн байцаалтад гэрч О.Мөнхтүвшингийн ... намайг очиход эхнэр нь ухаангүй, машинаас 5 орчим метр зайд эхнэрээ тэвэрсэн байдалтай байсан. Эхнэрийнх нь нүүрэн хэсэг цус болсон, ухаангүй байсан тул эмнэлэгт авчирсан. Ц.Алтангэрэл нэлээн согтуу орилсон байдалтай, үгэнд орохгүй байсан. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Л.Орхонтуул нь сумын эмнэлэгт  ирээд эмчилгээ авалгүй 22 цаг 30 минутанд нас барсан ...  гэх мэдүүлэг, Л.Орхонтуул нь  цээжний битүү гэмтэл, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал, уушгины нэвтэрсэн шархны улмаас нас барсан... гэх шинжээчийн 19 дугаартай дүгнэлт,  Л.Орхонтуулын бүтцийн шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт , гэрч С.Нэргүйгийн... 2016 оны 05 сарын 19-ний өдөр манай хадам ээжийн гэрт Ц.Алтангэрэл,  түүний эхнэр Л.Орхонтуул нар ирсэн. Тэд 2 летрийн 2 пиво арчирж уусан. Ц.Алтангэрэл халамцуу байсан. Манай хүүхэд болон өөрийн 3 хүүхэд эхнэрийн хамт гэртээ харихаар явсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Төмөртуяагийн... 2016 оны 05 сарын 19-ний өдөр манай ээжийн гэрт Ц.Алтангэрэл түүний эхнэр Л.Орхонтуул нар 2 летрийн 2 ширхэг пиво авчирсан. Тэгээд “биднийг  гаргаж өгч байна “ гээд ирцгээсэн. Ц.Алтангэрэл манайхаас гарахдаа бага зэрэг халсан байсан ... гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Алтангэрэлийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн... 2016 оны 05 сарын 19- ний орой сумын төвөөс эхнэр 3, хүүхэд С.Нэргүйгийн нэг хүүхдийн хамт гэрлүүгээ явж байсан. Гуулийн гэдэг газар явж байгаад  араа солиод хааз гишгэтэл машины хамар өндийгөөд босоод ирсэн. Сандараад хажуу тийшээ дарах шиг болоход машин унасан. Манай эхнэр машин унахад гадна унасан байсан. Би дуудлага дуудсан. Эмч ирж биднийг эмнэлэг дээр авчирсан.  Би их архи уугаагүй бага зэрэг уусан байсан. Тухайн үед цасаар шуурч байсан тул мал руугаа яараад явж байсан. Одоо би 6-10 насны гурван  хүүхдийн хамт амьдарч байна. Эхнэр нас барсан. Цаашид хүүхдүүдтэйгээ хамт байх  боломж олгож  хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү?... гэх мэдүүлэг,  А.Бямбасүрэнгийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээчийн 246 дугаартай дүгнэлт, А.Алтантуулийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх 243 дугаартай дүгнэлт, А.Будгэрэлийн бид хүндэвтэр гэмтэл учирсан гэх 245 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, жолооч Ц.Алтангэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан... Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн  үед тээврийн хэрэгсэлийн  хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна “ гэснийг зөрчсөн гэх шинжээчийн 22 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Лхүндэвийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сумын төв дээр Ц.Алтангэрэл эхнэр хүүхдүүдийн хамт явж байсан. Тэгтэл орой 21 цагийн үед Ц.Алтангэрэл осол гаргалаа гэсэн дуудлага ирсэн. Сумын төв  дээр ирэхэд эхнэр нь болох манай охин Л.Орхонтуул нас барсан, нэг эрэгтэй хүүхдийн хөл  нь хугарсан байсан. Одоо Ц.Алтангэрэл 6-10 насны гурван хүүхдийнхээ  хамт үлдсэн. Хүүхдүүдийг нь харж хандах хүн байхгүй тул  ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. Бидэнд нэхэмжлэх  зүйл  байхгүй... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.Будгэрэлийн... Бид хөдөөнөөс тэр өдөр  сумын төв орж ирээд буцаад гэрлүүгээ явцгаасан. Би ээжтэйгээ юм яриад явж  байсан. Аав машин барьж явсан. Миний баруун талын хөл өвдсөн ... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Бямбасүрэнгийн... Би машины хойд талын  суудал дээр дүү болон эгчийнхээ хамт сууж явсан . Гэнэт машин унасан ... гэх мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч  А.Алтантуулын ... Би машины арын суудал дээр хоёр дүүгийн хамт сууж явсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн ... нэг мэдэхэд машин унасан. Би түрүүлж машинаас гарсан. Дараа нь хүүхдүүдийг нь гаргасан. Тэгээд Ц.Алтангэрэл ахын утсаар эгчтэйгээ ярьсан. Манай эгч дуудлага өгсөн. Л.Орхонтуул эгчийн нүүр шалбарсан байсан. Нэхэмжлэх зүйлгүй  ... гэх мэдүүлэг, А.Будгэрэлийн өвчтөний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Алтангэрэлийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын  болон ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар бусдын амь нас хохироосон  үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Алтангэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Алтангэрэл нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 22 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас “- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Алтангэрэлийн үйлдсэн гэмт хэргийн улмаас түүний эхнэр Л.Орхонтуулын амь нас хохирсон  нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэл, Харгайхан овогт Лхүндэвийн Орхонтуул нарын 2006 оны 01 сарын 24-ний өдөр  гэр бүл болж 2006 оны 04 сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын  гэрлэсний бүртгэлд бүргүүлсэн 04 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,  Харгайхан овогт Лхүндэвийн Орхонтуул 2016 оны 05 сарын 19-ний өдөр нас барсан тухай нас барсаны 0000158053 дугаартай гэрчилгээ, мөн хүү А.Будгэрэлийн биед хүндэвтэр, охин А.Алтантуул, А.Бямбасүрэн  нарын бие хөнгөн гэмтэл учирсан нь  хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч, хохирогч нарын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ц.Алтангэрэл 6-10 насны  гурван хүүхдийн хамт амьдардаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн  Наран олхонод овогт Алтангэрэлийн Алтантуулын ПН 06221301 дугаарын регистртэй, 0249223/09 дугаартай  төрсөний гэрчилгээ, Наран олхонод овогт Алтангэрэлийн Будгэрэлийн ПН10230317   дугаарын регистртэй, 0336094/17 дугаартай  төрсөний гэрчилгээ, Наран олхонод овогт Алтангэрэлийн Бямбасүрэнгийн ПН08220205 дугаарын регистртэй, 0121965/21  төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болон насанд хүрээгүй хохирогч А.Будгэрэлийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Алтантуул, А.Бямбасүрэн нарын мэдүүлэг, гэрч Л.Цогтнарангийн ... Ц.Алтангэрэл нь манай хүргэн ах. Тэд гэрлээд 12 жил болж байгаа ... гэх мэдүүлэг,  гэрч Д.Алтантуяагийн... Ц.Алтангэрэл нь манай багийн тэргүүний залуучуудын нэг. Тэр 2006 онд сумын аварга, 2012 онд аймгийн аварга малчин тус тус болж байсан, эхнэр Л.Орхонтуул, гурван хүүхдийн хамт амьдарч  байсан... гэх мэдүүлэг, 2015 онд 1210 толгой мал тоолуулсан  тухай мал тооллогын карт, Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн Засаг даргын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 13 дугаартай “ Цэндсүрэнгийн Алтангэрэл нь ам бүл-4, хүүхдүүдийн хамт тус багт байнга оршин суудаг. Ц.Алтангэрэл нь хань, үр хүүхдүүдээ халамжтай, баг хамт олондоо нэр хүндтэй, манай тэргүүний “ Аймгийн сайн малчин” болно гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Алтангэрэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл  байдал, хохирогч Г.Лхүндэвийн ... шүүгдэгч Ц.Алтангэрэлд  оногдуулах ялыг тэнсэж , хүүхдүүдээ асрах боломжийг олгож өгнө үү? ... гэсэн мэдүүлэг,   гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг  харгалзан Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн шударга энэрэнгүй ёсны зарчмуудыг удирдлага болгож, түүнд оногдуулах ялыг  биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн 201621000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болно.

 Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлийн өмчлөлийн болон эзэмшлийн хүрэн зүсмийн морь 1, хүрэн зүсмийн 5 настай морь нэг, нас гүйцсэн эр алаг сарлаг үхэр 1, сарлагийн алаг үнээ 1, хар алаг сарлаг үхэр нэг, MUSSA маркын 49-09 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 28, 07 сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус  хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын  амь нас хохироосон  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, 03 /гурван/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэлд оногдуулсан 03 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 201621000118 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлийн  өмчлөлийн болон эзэмшлийн хүрэн зүсмийн морь 1, хүрэн зүсмийн 5 настай морь нэг, нас гүйцсэн эр алаг сарлаг үхэр 1, сарлагийн алаг үнээ 1, хар алаг сарлаг үхэр нэг, MUSSO маркын 49-09 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 сарын 28, 07 сарын 05- ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус  хүчингүй  болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлд  оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Алтангэрэлд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил хүртэл хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг шийтгэл тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж тоолж, түүний 228257 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө  бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА