Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0002

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                              

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Сувдаа

         Шүүгдэгч                                              Ө.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Э.Алтан-Уяа

         Хохирогчийн өмгөөлөгч                       П.Ган-Очир                                               

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолтой  Ө.Б-д холбогдох 1715001470180 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ө.Б-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... Ш овогт Ө-ын Б.

Ө.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух Б.Э-ын амбаарт нэвтрэн хөлдөөгч, мах, айраг, сүү зэрэг эд зүйл хулгайлж 510000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Ш овогт Ө-ын Б-ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-аас 45000 /дөчин таван мянга/ төгрөгийг  гаргуулж хохирогч Б.Э-т олгож, хохирогч нь хөлдөөгчинд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг эрхтэйг дурьдаж,

            Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болхыг тус тус  дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж,  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие хохирол төлбөрийг бүрэн барагдуулж хохирогчийг гомдолгүй болгосон. Тиймээс миний хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү. Би хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар Ө.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл

Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух Б.Э-ын амбаарт нэвтэрч хөлдөөгч, хөлдөөгчин дотор байсан мах, сүү, айраг зэрэг эд зүйлийг хулгайлж 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Ө.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаарх баримтаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тул хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд  оногдуулсан 2 жилийн хорих ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д зааснаар  хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд шүүгдэгч Ө.Б-ын “... Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж гомдолгүй болгосон. Хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд ял шийтгэлийг минь багасгаж өгнө үү”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2 /хоёр/ жилийн...” гэснийг “...1 /нэг/ жилийн...” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ө.Б-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Ө.Б нь хохирогч Б.Э-т хохирлын 45 000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  М.ХҮРЭЛБААТАР                                   

                              ШҮҮГЧ                                                    С.ЦЭЦЭГМАА                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ё.БЯМБАЦЭРЭН