| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2017/00102/И |
| Дугаар | 174 |
| Огноо | 2017-05-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: аймгийн сумын -р багт оршин суух, Е овогт Нн Б //-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ‘’‘’ т холбогдох захирлын 2017.02.09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ‘’’’ т 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 сарын 15-ныг хүртэл ашиглалтын инженерээр, 2016 оны 06 сарын 15-наас лабораторийн эрхлэгч зэрэг үүрэгт ажлуудыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2017 оны 02 сарын 03-наас 2017 оны 02 сарын 06-09-ний өдрүүдэд ханиад хүрээд уушигны хатгалгаатай гэх өвчний улмаас эмчийн магадлагаатай гэртээ хэвтсэн. Боржигон, мандал өрхийн эмнэлэгийн эмч, сувилагч нарт үзүүлж эмчилгээ хийлгэж байсан юм. Би өөрөө гэртээ ганцаараа байдаг учир арга буюу хотод байдаг оюутан охиноороо сувилуулан хэвтээд арай гайгүй болж байхад захирал намайг утсаар ажил тасалсан, хүн дугаарлалаа гэж загнасан, ингээд тэр өдрөө хотоос ирээд 02 сарын 08-нд акт магадлангийн хугацаа дуусаагүй байхад ажилдаа орсны маргааш өглөө 02 сарын 09-нд ажил тасалсан гэх үндэслэлээр 2017.02.09-ний өдрийн Б/15 тоот тус байгууллагын захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тус байгууллагын захирал Б.О ажлаас чөлөөлөх тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4-р зүйлийн 4, 2 дахь заалтыг тус тус үндэслэн гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т ажилтан мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж заасан байна. Уг хуулийн 40.1, 2-т заасныг Улсын дээд шүүх тайлбарлахдаа мэргэжлийн ур чадвар болон эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байвал зохино гэж тайлбарласан. Байгууллагын дотоод журмын 4.4.2 нь чөлөө олгох асуудлыг зохицуулсан бөгөөд чөлөө авсан ажилтан чөлөөтэй хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дотор ажилдаа ирээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолыг зохицуулсан байдаг.
Н.Б би 2 сарын 3, 4-нд халуурах, хамраас өөрийн мэдрэлгүй нус гойжоод эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа хүний нөөцийн менежер Х.Эт ойлгомжтой ярьж мэдэгдэж байсан ба акттай байгаагаа тухайн өдрүүдэд гарч байсан жижүүрүүдэд хэлж байсан. Би тус байгууллагын зохион байгуулж буй олон нийттэй компанит ажлуудад ирдэвхтэй оролцож ирсэн. .........Лабораторийн эрхлэгчээр ажиллах хугацаанд гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй. Ажил үүргийн хуваарь гаргаагүй ажиллуулж байсан байж эцэст нь ийм байдалд хүргэсэнд гомдолтой байна.
Иймд ажил олгогчийн тушаал үндэслэлгүй гарсан байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ‘’‘’ т лаборторын эрхлэгчийн албан тушаалд 2017 оны 02 сарын 01-нээс Н.Бг томилж ажиллуулсан. Н.Бийн 2017 оны 2 сарын 1-9-ний өдөр хүртэл ажилдаа ирээгүй, 02 сарын 08-нд утсаар яриад яагаад ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг асуухад үдээс хойш ажилдаа очно гэсэн. Би өвчтэй байгаа тухайгаа хэнд хэлсэн бэ гэхэд утсаа тасалсан. Маргааш нь ажил дээр ирсэн боловч надтай уулзаагүй. Би ажилтнуудаас Б өвчтэй байгаа тухай хэнд хэлж хэнээс чөлөө авав гэхэд хамраас нус гойжлоо гээд хүний нөөцийн ажилтан Эт хэлж байснаас бус яг чөлөө авъя гэж тохироогүй гэдгийг сонссон болохоор манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4.1-д ажлын 1 өдөр хүртэл чөлөөг шууд удирдах ажилтан...олгоно. 1-3 хоногийн чөлөөг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэгжийн дарга зөвшөөрч жилд 2 удаа авна гэж заасан болохоор 9 хоног надаас ямар ч чөлөө зөвшөөрөл аваагүй, өргөдөл, хүсэлт гаргаагүй нь тодорхой. Мөн өвчтэй байсан эсвэл өвчтэй байгаа тухай акт , эмнэлэгийн магадлагаа авчирч үзүүлээгүй нь ажил тасалсан асуудал тул хөдөлмөрийн дотоод журмаа үндэслэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Манай байгууллагад тоолуурын лабораторийн эрхлэгчийн албан тушаалд инженер ажиллуулах тухай ажлын байрны тодорхойлолт байдаг учир цаашид Бг энэ албан тушаалд ажиллуулах боломжгүй болохыг тушаалд үндэслэл болгон заасан юм.
.....Гэвч тухайн үед ар гэрт гачигдал гарч амьдрал нь хүнд байсан учраас цалингийн сангаа зохицуулж 2016 оны 06 сараас 12 сарыг дуустал цалинжуулан ажиллуулж байсан. Улаанбаатар хотод сургалтанд явуулж ‘’тоолуурын лабораторийн ажилтан’’ гэсэн гэрчилгээтэй болгуулж улмаар лабораторийн эрхлэгчээр 2017 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн цалинжуулсан. Лабораторийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн цагаас өглөө ажилдаа цагтаа ирдэггүй, орой эрт тарж явдаг, үндсэн ажлаа ямар ч бүтээмжгүй хийдэг, алдаа зөрчлөө гаргасаар байсан. Шинээр томилогдсон албан тушаалд тохирсон хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлага тавьсан хүний нөөцийн ажилтанд шинээр гэрээ байгуулахгүй намайг ашиглалтын инженер гэсэн гэрээ байгуулна гэсэн шаардлага тавиад одоог хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Гарын үсэг зураагүй гэрээ хүний нөөцийн ажилтанд хадгалагдаж байгаа. Цаашид манай байгууллагад ажлын сахилга бат мөрддөггүй, мэргэжлийн бус, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг зөвшөөрдөггүй ажилтныг ажиллуулах боломжгүй болно.
Иймд Н.Бгийн ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргалаа гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сая ажлаа хүлээж авсан. Тиймээс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй. Ажил тасалсан гэсэн шалтгаанаар ажлаас халах тушаал гарсан байна лээ. Хуучин захирал нь надад хэлэхдээ нэхэмжлэгчийг ажил тасалсан, ажилд ирдэггүй гэж л танилцуулсан. Бусдаар нэхэмжлэгчтэй хамт ажиллаж үзээгүй болохоор тийм, ийм гэж хэлэх зүйл алга байна. Би хэргийн материалтай 2 удаа танилцсан. Нэхэмжлэгч өвчтэй байх хугацаанд ажлаас халсан гэсэн юм ярьдаг. Актаа бүрдүүлээд өгчихсөн. Шүүхээс манай байгууллагын цагийн бүртгэлийг шалгасан. 1 сарын 5-ны өдрийн хамт олны хурлын протоколыг үндэслэсэн. Нэхэмжлэгчийг ажил тасалдаг, ажилдаа ямар нэгэн үндэслэлгүйгээр ирдэггүй учраас ажлаас нь халсан юм байна лээ гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь ‘’‘’ ын захирлын 2017.02.09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Байгууллагын дотоод журмын 4.4.2-т заасан чөлөө авах журмыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж маргажээ.
Нэхэмжлэгч 2017 оны 02 сарын 03-наас 2017 оны 02 сарын 09-ний өдрүүдэд өвчтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан /хх-ийн 19-р хуудас/ эмнэлэгийн магадлагаагаар нотлогдож байна. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтныг ажлаас чөлөөлж буй тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө ажил олгогч мэдэгдэх үүрэгтэй байтал мэдэгдээгүй. Нэхэмжлэгч лобараторийн эрхлэгчээр ажиллаж байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд лобараторийн эрхлэгчээр ажиллахад инженер болон тодорхой нэг мэргэжил заасан тухай ажлын байрны тодорхойлолт байхгүй болох нь мөн зохигчийн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар чөлөөлөхдөө салбарын буюу тухайн байгуулагын мэргэжил, ур чадварыг түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрийг үндэслээгүй, тус байгууллагын лабораторийн эрхлэгчийн албан тушаалд инженер ажиллана гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн шийдвэрт заасан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирсон, тухайн ажлаас чөлөөлөгдөх үндэслэлийг бий болгож буй шалтгаан нөхцөл нь баримтаар тогтоогдсон байхыг Хөдөлмөрийн хууль шаарддаг тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч буюу ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох хэрэгт авагдсан 0136797 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дэх хөдөлмөрийн хөлсний бичилтийг харьцуулан ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 5-ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тодорхойлов.
Нэхэмжлэгчийн 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1 сарын дундаж цалингаас нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан /565285+638727+66600=1870012, 1870012:3=623337 1 сарын цалин, 623337:22=28333/ ба нэг өдрийн цалин 28333 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг түүний шүүх хуралдаанд гаргасан хугацаа буюу 2017 оны 2 сарын 9-нээс 2017 оны 5 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцохоор нийт ажлын 67 өдрийн цалинд 67*28333=1898311 /нэг сая найман зуун ерэн найман мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2 дахь хэсэгт ажил олгогч .......... зохих журмын дагуу сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэсэн байдаг тул нэхэмжлэгчийг ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг аймгийнорон нутгийн өмчит үйлдвэрийн газарт даалгах нь зүйтэй
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж байгаатай холбогдуулан хариуцагч байгууллагаас цалин 1898311 төгрөгийн шаардлагад 45323 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1898311 /нэг сая найман зуун ерэн найман мянга гурван зуун арван нэг/ төгрөгийн цалинг хариуцагч ‘’’’ аас гаргуулсугай.
2. Нэхэмжлэгч Н.Бгийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн дэвтрийн бичилт хийхийг ‘’’ т даалгасугай.
3. Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 45323 /дөчин таван мянга гурван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ