Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1029

 

2020       12         18                                       2020/ШЦТ/1029

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2020/1044/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Ц.Буянхишиг,

шүүгдэгч: Б.Х /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2009000001373 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Заамар сум, 2-р баг Төмстэй багт оршин суух хаягтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Голомт банкны Иргэдийн жижиг дунд бизнесийн газрын Борлуулалтын хэлтсийн утсан борлуулалтын албаны гэрээт ажилтнаар ажиллаж байсан Б.Х

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны Цамбагарав төв дээр ажиллаж байхдаа тус банкны харилцагч П.Тайнаа нь интернэт банкны нууц үг, нэвтрэх эрхийг солиулах хүсэлт тавьсны дагуу түүнд үйлчилгээ үзүүлэх явцдаа нууц үг, нэвтрэх эрхийг олж мэдэн улмаар 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн П.Тайнаагийн эзэмшлийн 1715008506 тоот данснаас нийт 86 удаагийн үйлдлээр 4.513.900 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс өөрийн гар утасны интернэт банкийг ашиглан шилжүүлж, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 4.513.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-н өгсөн: “Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Цаашид ажил төрөл хийнэ, уурхайд ажилд орохоор анкетаа өгсөн байгаа...хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс: 

Хохирогч Г.Жавхлангийн гэрчээр өгсөн: “...Манай компанийн Иргэдийн жижиг дунд бизнесийн газрын борлуулалтын хэлтсийн утсан борлуулалтын албаны гэрээт ажилтан Б.Х нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд манай банкны харилцагч П.Тайнаагийн 1715008506 тоот данснаас түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн интернэт банк руу нэвтэрч харилцагчийн данснаас нийт 4.513.900 төгрөгийг 86 удаагийн үйлдлээр өөрийн 1905022629 дугаартай данс руу 86 удаагийн үйлдлээр шилжүүлснийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр харилцагч П.Тайнаагийн Голомт банкинд гаргасан өргөдлийн дагуу Голомт банкны дотоод аудитын 13/77 дугаартай илтгэх хуудсаар Б.Хын хууль бус үйлдлийг илрүүлсэн. Б.Х нь 2.443.000 төгрөгийг П.Тайнаагийн данс руу шилжүүлсэн байсан бөгөөд уг үйлдэл нь илэрсний дагуу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 2.090.000 төгрөгийн хохирлыг Голомт банкны шаардлагын дагуу шилжүүлж Д.Тайнаагийн  хохирлыг барагдуулсан. Б.Х нь Голомт банкны Цамбагарав салбар дээр 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр харилцагч П.Тайнаа нь интернэт банкны нууц үгээ солиулах хүсэлт тавьсны дагуу Б.Х нь тухайн хүнд үйлчилгээ үзүүлэх явцдаа нууц үг, нэвтрэх нэрийг мэдэж авсан байсан. Б.Х нь гар утаснаас интернэт гүйлгээ хийх зөвлөгөө өгдөг ажилтан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/, 

Голомт банкны Дотоод аудитын газрын ахлах аудитор Н. Баттамирын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн: “...гэрээт ажилтан Б.Х нь харилцагчийн интернэт банкны эрхээр нэвтрэн өөрийн дансанд тогтмол мөнгө шилжүүлж авдаг байсан нь дансны хуулга болон ДАГ-т өгсөн тайлбараар нотлогдож байна. Уг зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүхий ноцтой зөрчил байна...” гэх илтгэх хуудас /хх-ийн 13-14 тал/,

Иргэн П.Тайнаагаас Голомт банкинд хандаж гаргасан: “...Миний бие тус банкинд 1715008506 тоот данс ашигладаг, 2020 оны 01 дүгээр сараас хойш надад мэдэгдэлгүйгээр мөнгө гарч, гүйлгээ хийгдсэн байна. Иймд хохирлыг шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 15 тал/,

Голомт банкны 1715008506 тоот Пунцаг овогтой Тайнаагийн дансны хуулга /хх-ийн 22-32 тал/,

Голомт банк болон Б.Х нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Хөлсөөр ажиллах/ажиллуулах гэрээ” /хх-ийн 16-17 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Б.Х нь Голомт банкны Иргэдийн жижиг дунд бизнесийн газрын Борлуулалтын хэлтсийн утсан борлуулалтын албаны гэрээт ажилтнаар Голомт банкны Цамбагарав төв дээр ажиллаж байхдаа тус банкны харилцагч Пунцагын Тайнаагийн интернэт банкны нууц үг, нэвтрэх эрхийг солиулах хүсэлт тавьсны дагуу түүнд үйлчилгээ үзүүлэх явцдаа банкны дансных нь нууц үг, нэвтрэх эрхийг олж мэдэн улмаар 2019.12.15-ны өдрөөс 2020.08.12-ны өдрийг хүртэлх хугацаанд түүний эзэмшлийн Голомт банкны 1715008506 тоот данснаас нийт 86 удаагийн үйлдлээр 4.513.900 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс болон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс өөрийн гар утасны интернэт банкийг ашиглан шилжүүлж, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 4.513.900 /дөрвөн сая таван зуун арван гурван мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд банкны эрх бүхий албан тушаалын ажлыг хийж байхдаа бусдын итгэлийг эвдэн харилцагчийн данснаас мөнгө хулгайлж, амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн шууд санаатай шунахай зан байдал нь нөлөөлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Х-н Голомт банкны харилцагч П. Тайнаагийн банкны дансанд хууль бусаар, нууцаар удаа дараа нэвтрэн 86 удаагийн үйлдлээр өөртөө мөнгө шилжүүлэн авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Жавхлан нь хавтаст хэргийн 9 дүгээр талд мэдүүлэхдээ “Б.Х нь Голомт банкны шаардлагын дагуу хохирлыг иргэн П.Тайнаа руу шилжүүлж, хохирлыг барагдуулсан” гэсэн байх тул шүүгдэгч Б.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б.Х-г нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.      

5. Шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР