| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2017/00155/И |
| Дугаар | 190 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: банкны аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: аймгийн сумын -р баг, -р байрны тоотод оршин суух Аовогт Гын А //, Х овогт Эийн Ц // нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 61435298 /жаран нэгэн сая дөрвөн зуун гучин таван мянга хоёр зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчбанкны аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.А, Э.Цд нар нь 2014 оны 04 сарын 02-ны өдөр тус банкнаас 55000000 /таван таван сая/ төгрөгийг 180 сарын хугацаатай жилийн 6 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар, зээлийн барьцаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 7-р байр 7 тоотод байрлах 36 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, 4 ханатай гэр 1 ширхэг, 42 инчийн телевизор, буйдан зэрэг хөрөнгийг барьцаалан зээл авсан. Улмаар 2016 оны 02 сарын 08-ны өдөр нэмэлт зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хүүг 21,6 хувь болгосон.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 6.1.1-т заасан нөхцлийг зөрчин удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн болон хүүний төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд үндсэн зээлийн төлбөр 50328386.85, зээлийн хүүний төлбөр 10884336.00, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 212575.21 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 10000 төгрөг нийт 61435298.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны харилцагч Э.Ц, Г.А нар нь 2014 оны 4 сарын 2-ны өдөр тус банкнаас 55 сая төгрөгийн орон сууцны зээлийг 180 сарын хугацаатай жилийн 6 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Зээлийн барьцаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 7-р байрны 7 тоотод байрлах 36 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууц, 4 ханатай гэр, 42 инчийн телевизор, буйдан зэрэг хөрөнгийг барьцаалж зээл авсан байдаг. Улмаар 2016 оны 2 сарын 8-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээ байгуулж жилийн хүүг 21,6 хувийн хүүтэй болгосон байдаг. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтыг зөрчсөний улмаас удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар нийт 332 хоног хугацаа хэтэрч зээлийн төлөлт хийгдээгүй байна. Ийм учраас үндсэн зээлийн төлбөр болох 50328386 төгрөг 85 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр болох 10884336 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 212575 төгрөг 21 мөнгө, нотариатын үйлчилгээний төлбөр 10000 төгрөг, нийт 61435298 төгрөг 06 мөнгө, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465126 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Хариуцагч 2014 оны 4 сарын 2-ны өдрийн 14/795 тоот гэрээнд заасны дагуу 2016 оны 3 сарын 5-наас үл маргах журмаар зээлийн гэрээ нь ердийн орон сууцны зээлийн хүүнд шилжих байсан гэж тайлбарлаж байна. Ингэж шилжихээр нийт нэхэмжлэлийн шаардлагаас 669662 төгрөг хасагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 669662 төгрөгөөр бууруулж болно гэжээ.
Хариуцагч Г.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Дундговь аймгийн Дэрэн сумын ХААН банкинд 2002 онд ажилд орж байсан. 2014 оны 04 сарын 02-нд ХААН банкны ажилчдын 6 хувийн хүүтэй орон сууцны 55000000 төгрөгний зээлийг 180 сарын хугацаатай авсан билээ. Уг зээлийг ажил эрхэлж байсан хугацаандаа хугацаа хэтрүүлж байгаагүй хуваарийн дагуу төлж байсан. 2016 оны 02 сарын 05-нд ХААН банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажилгүй болсон. Дөнгөж ажлаас халагдсанаас 3 хоногийн дараа буюу 2016 оны 02 сарын 08-нд намайг дуудаж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед би 13 жил ажилласан ажлаасаа халагдсан, бас орон сууцны зээлтэй учраас маш их сэтгэл санааны дарамттай байсан учир ямар гэрээн дээр гарын үсэг зурж байгаагаа ч ойлгоогүй. Эхний зээлийн гэрээ буюу 2014 оны 04 сарын 02-ны ЗГ14/795 тоот гэрээний 2.1.4.2-т Зээлийн хүүг өөрчлөх: Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө Банктай байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол Банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно гэсэн заалтаа мөрдөлгүй тэр хугацаанаас өмнө гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. 2017 оны 04 сарын 11-ний байдлаар ХААН банкнаас үндсэн зээл 50328386.85 төгрөг, хүү 10884336.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212575.21 төгрөг, нотариатын хураамж 10000 төгрөг, нийт 61435298.06 төгрөг нэхэмжилсэн. Би орон сууцаа зарах зар өгсөн боловч зарагдахгүй байгаа анх худалдаж авсан үнэ нь 65000000 төгрөг, одоо зарах ханш нь 45000000 төгрөг бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөх үнэлгээ 45500000 төгрөг байгаа нь 20000000 төгрөгийн алдагдалтай миний амьдралд маш хүнд тусч байна. 2014 оны 04 сарын 02-ны ЗГ14/795 тоот гэрээний хүү буюу 6 хувиар бодож гаргахад үндсэн зээл 49405444.72 төгрөг, хүү 242340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 212575.21 төгрөг, нийт 49860359.93 төгрөг төлнө. Нотариат батлуулахад миний бие өөрийн биеэр байгаагүй. Харин ХААН банкны нэхэмжилсэн 11574938.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ХААН банкны хөдөлмөрийн гэрээг 1.5.2-т зааснаар 2013 оны 05 сарын 23-наас эхлэн хугацаагүй байгуулан ажиллаж байсан. Намайг ажлаас чөлөөлөлгүйгээр албан тушаал бууруулж өөр ажилд шилжүүлэн ажиллаж болох байсан гэж ойлгож байгаа.
Орон сууцны зээл олгох нь байгууллагаас ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох бодлого байсан. Гэтэл миний бие ямар ч сануулах арга хэмжээгүйгээр шууд ажлаас чөлөөлөгдөж амьдралд маш том эдийн засгийн хохирол учирлаа. Иймд анх байгуулсан 2014 оны 04 сарын 02-ны ЗГ14/795 тоот орон сууц худалдан авах гэрээний дагуу төлөх боломжоор асуудлыг шийдэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банкны аймаг дахь салбар нь хариуцагч Г.А, Э.Ц нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 61435298 /жаран нэгэн сая дөрвөн зуун гучин таван мянга хоёр зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч анх байгуулсан 2014 оны 04 сарын 02-ны ЗГ14/795 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу жилийн 6 хувийн хүүтэйгээр төлөх боломжоор асуудлыг шийдэж өгнө үү гэж маргажээ.
Зохигч талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр жилийн 6 хувийн /хувьсах хүү/ хүүтэй 180 сарын хугацаатай 55000000 /тавин таван сая/ төгрөгийн ЗГ14/795 тоот Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцаааны гэрээ тус тус байгуулагдаж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0814000157 дугаартай Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг 7-7 тоот 36 мкв талбай бүхий орон сууц, 4 ханатай гэр, зурагт led42, буйдан тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт /орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ/-уудаар тогтоогдож байна. Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2016 оны 2 сарын 08-ны өдөр байгуулсан болох нь зохигчийн тайлбар болон хэргийн 12-р хуудсанд авагдсан ЗГ14/795-1 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Талуудын байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээнүүд нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ. Хариуцагч Г.Ань зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн талаар маргаж тайлбараа баримтаар гаргаагүй байх тул хууль болон гэрээнд зааснаар, зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нэхэмжлэгч талаас шаардсан 61435298.06 төгрөгийг төлөх нь зүйтэй боловч нэхэмжлэгч тал 2014 оны 04 сарын 02-ны ЗГ14/795 тоот орон сууцны зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4.2-т заасан хугацааны дараа /Зээлийн хүүг өөрчлөх: Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө Банктай байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол Банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 5-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно/ зээлийн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлээгүй зээлийн гэрээнд заасан хугацаанаас өмнө шилжүүлсэн болох нь хэргийн 12-р хуудсанд авагдсан ЗГ14/795-1 тоот Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 2 сарын 8-ны өдрөөс 2016 оны 3 сарын 5-ны өдрийг хүртлэх хүүг 6 хувиар тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 669662 төгрөгийг бууруулсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Г.А, Э.Ц нараас нэхэмжлэлийн шаардлага болох 60765636 төгрөгийг гаргуулж нкны аймаг дахь салбарт олгох нь хуульд нийцэж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд барьцаанд тавигдсан хөрөнгөөс гаргуулан шийдвэрлүүлэх шаардлага гаргажээ. Зохигчийн хооронд байгуулсан Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тусгагдсан барьцаа хөрөнгө болох 4 ханатай гэр, зурагт led42, буйдан зэргээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах боломжгүй байна. Учир нь 4 ханатай гэр, зурагт led42, буйдан нь хэний өмчлөлийн болох, хаана байгаа эсэх, ямар өнгө, хэлбэр, хэмжээтэй эсэх нь тодорхойгүй байна. Харин хариуцагч үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд улсын бүргтгэлийн Ү-0814000157 дугаартай Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг 7-7 тоот 36 мкв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465126 /дөрвөн зуун жаран таван мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А, Э.Ц нараас 461778 /дөрвөн зуун жаран нэгэн мянга долоон зуун далан найм/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Ц нь хариуцагч Г.Ад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулах итгэмжлэл олгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 669662.34 /зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун жаран хоёр төгрөг, гучин дөрвөн мөнгө/ төгрөг бууруулсныг дурьдаж, хариуцагч Г.А, Э.Ц нараас 60765636 /жаран сая долоон зуун жаран таван мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкны аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А, Э.Ц нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн төлбөрийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Y-0814000157 улсын бүртгэлийн дугаартай Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг 7-7 тоот 36 мкв талбай бүхий орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465126 /дөрвөн зуун жаран таван мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А, Э.Ц нараас 461778 /дөрвөн зуун жаран нэгэн мянга долоон зуун далан найм/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ