| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2017/00158/И |
| Дугаар | 197 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 197
Нэхэмжлэлийн шаардлагыг харицагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би ‘’Жи мобайл’’ ХХК-ний нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг, Бумбатад оршин суух Сул овогт Балдангийн Болормаа /ЗЖ78042801/-д холбогдох 37856 /гучин долоон мянга найман тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 04 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ‘‘’Жи мобайл’’ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Болормаа нь Жи мобайл ХХК-тай 2011 оны 10 сарын 15-ны өдөр ‘’Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх’’ гэрээ байгуулан 98116021 дугаарын хэрэглэгч болсон. ...Ярианы төлбөрөө барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно.
Иймд Б.Болормаагийн ярианы төлбөр 55238 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 30000 төгрөгийг хасч тооцон 25238 төгрөг, алданги 12617 төгрөг, нийт 37856 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ‘‘’Жи мобайл’’ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ‘‘’Жи мобайл’’ ХХК-ний гаргасан хариуцагч Б.Болормаагаас ярианы төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь ярианы төлбөр 25238 төгрөг, алданги 12617 төгрөг, нийт 37856 төгрөгийг төлж манай компанийг хохиролгүй болгосон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ‘‘’Жи мобайл’’ ХХК нь 37856 /гучин долоон мянга найман тавин зургаа/ төгрөгийг хариуцагч Б.Болормаагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага 37856 /гучин долоон мянга найман тавин зургаа/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ‘’Жи мобайл’’ ХХК-ний нэхэмжлэлтэй, Б.Болормаад холбогдох 37856 /гучин долоон мянга найман тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, улсын орлогоос 2275 төгрөг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ‘’Жи мобайл’’ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР