Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/586

 

 

 

 

 

 

   2020         06         18                                    2020/ШЦТ/586

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

            Шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, Бүрэн хайрхан овогт Ламжавын Лад холбогдох эрүүгийн 2009 00922 0570 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Л нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 24-92 тоотод байрлах иргэн Г.Нийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч 666.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28/-р тал, хохирогч Б.Цэгмэдийн мэдүүлэг /хх-ийн 32-34/-р тал, гэрч Г.Нийн мэдүүлэг /хх-ийн 37-39/-р тал, яллагдагч Л.Лын мэдүүлэг /хх-ийн 4-7, 40-42, 43-45/-р тал, Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №СБ2-20-334 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 57-59/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөвд тооцсон болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Л нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 24-92 тоотод байрлах иргэн Г.Нийн эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч 666.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Энхбаясгалан нь өөрийн гэм буруугийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд маргаагүй, нөгөөтэйгүүр шүүгдэгч Д.Энхбаясгаланг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ “... Би яг тухайн айлруу орж хулгай хийснээ сайн санахгүй байна, яагаад гэвэл би архи уусан үедээ өөрийнхөө юу хийж байгаа болохыг тэр болгон санаад байдаггүй, архи уусан үедээ хулгай хийсэн байдаг. Гэхдээ би хулгай хийсэн болох нь хэрэгт авагдсан камерийн бичлэгээр харагдаж байна...” гэжээ. /хх-ийн 40-42/-р тал,

Хэдийгээр шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн талаараа тайлбарлаж байгаа боловч энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Лыг дарамталсан, эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Иймд шүүгдэгч Л.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт улмаас хохирогч Г.Цэгмэд нийт 666.400 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Л нь 250.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хасч үлдэх 416.400 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Цэгмэдэд олгох нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтэдээ “... Шүүгдэгч Л.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгч Л.Л эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтэдээ “... Би хохирлоо төлж барагдуулах тул ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

 

Шүүгдэгч Л.Л нь энэ хэргийн учир 02 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сд-1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Л-ын Лыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Лд 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан 04 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лын урьдчилан цагдан хоригдсон 02 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лас нийт 416.400 төгрөг гаргуулж, хохирогч  Бугат овогт Баярсайханы Цэгмэд /РД:ЗЮ80090861/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР