Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/914

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           10           21                                      2020/ШЦТ/914

 

 

                            

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Н.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Н.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905047691462 тоот хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх болон хамтран амьдрагчийн хамт  ... аймгийн ... сумын ... дугаар баг ... оршин суух бүртгэлтэй, Хан-Уул  дүүрэг .. дүгээр хороо ... хорооллын ... дугаар байрны ... дугаар давхарт цахилгаан шатны дэргэдэх өрөөнд оршин суух,

урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 467 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Н.С-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.С- нь “Unegui.mn” сайтад “байр түрээслүүлнэ” гэх зарыг байршлуулж хохирогч П.Мөнгөнхундагыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохимол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Батхуягийн 5108135453 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Н.С- нь “Unegui.mn” сайтад “байр түрээслүүлнэ” гэх зарыг байршлуулж хохирогч П.Мөнгөнхундагыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохимол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Батхуягийн 5108135453 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсангэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Хохирогч П.Мөнгөнхундагын  “2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73-79 тоотод гэртээ байхдаа “Unegui.mn” сайтад парадоксын автобусны буудлын урд талд 2 өрөө, тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөг өгнө, урьдчилгаа 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг өгвөл би таныг баталгаажуулаад зараа хаалаа гээд байхаар нь би итгээд 5108135453 тоот Хаан банкны Батхуяг гэсэн дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн эмэгтэй надад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагт уулзая гэсэн боловч утсаа салгаж алга болсон. Би огт харж байгаагаа яриаг нь сонсох нь эмэгтэй л хүн байсан. Энэ шилжүүлсэн данс нь миний нөхрийн данс гэж хэлээд та урьдчилгаагаа шилжүүлчих гэж хэлсэн. Би огтхон ч харж байгаагүй ээ. Би 200.000 төгрөгний хохиролтой байна. Миний хохирлыг барагдуулахад тусална уу. ... ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-15 дугаар хуудас/

       

          Эд зүйлд үзлэг хийсэн “... Үзлэг хийсэн 2 бичлэг, 4 зурагт тухайн эмэгтэйгийн баруун гар талд зогсож байгаа нүдний шилтэй, үсээ дээрээ боосон, саарал үслэг хүрэм, хүрэн өнгийн цамц, эрээн өнгийн хормойтой цамц, хар өнгийн өмд, хар урт түрийтэй гутал, цэнхэр өнгийн жижиг хавтгай утас барьсан байна. Харин түүнтэй хамт яваа эмэгтэй нь хар өнгийн шил, хар урт куртик өмссөн байгааг тодорхойлон бичив. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 22-26 дугаар  хуудас/

 

          Мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “...1. Эрүүгийн 1905047691462 дугаартай хэрэгт Хаан банкны АТМ-ын бичлэг бүхий цагаан өнгийн СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 27 дугаар хуудас/

 

         Хаан банкны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29/12495 дугаартай албан бичиг, Б.Батхуягийн эзэмшлийн 5108135453 тоот депозит дансны дэлгэрэнгүй  хуулга. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

         Мобиком корпораци ХХК-ны 18/413 дугаартай албан тоот бичиг. /хэргийн 34-36 дугаар хуудас/

 

          Гэрч Б.Батхуягийн “... Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын Хаан банкны АТМ дотор мөнгө авч байх үед үл таних хоёр эмэгтэй орж ирээд ахаа таны данс руу ээжээрээ 200.000 төгрөг шилжүүлээд авьчихъя тэгэх үү  гээд гуйгаад байхаар нь даарчихсан өрөвдөлтэй санагдахаар нь тус болъё гэж бодоод дансныхаа дугаарыг хэлж өгсөн. Тэгтэл мөнгө нь орж ирэхгүй удаад байхаар нь би энэ чинь удах юм биш үү гэхэд ахаа та түр хүлээж бай, би танд мөнгө орохоор нь 10.000 төгрөг өгчихье гэхээр нь за за гээд 10 гаруй минут хүлээж байгаад 200.000 төгрөг ирэхээр нь дансаа шалгаад мөнгийг нь авч өгөөд би 10.000 төгрөг авсан. Тэгтэл миний дансыг хязгаарласан байна. Би тэр хоёр эмэгтэйг харвал танина. Малгайтай хар куртик өмссөн 155 орчим см өндөртэй, 23-25 орчим насны, туранхай, бордуу царайтай, урт куртикныхаа малгайг өмсчихсөн байсан ба тэр охин нь цуг дагаад яваад байсан. Харин нөгөө охин нь бор шаргалдуу урт куртиктэй, цайвардуу царайтай, дээрээ бондгор ноосон малгайтай, туранхайдуу, 155 орчим см өндөртэй эмэгтэй нь надтай яриад надаас гуйгаад 10.000 төгрөг өгье мөнгө аваад өгчих гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

           

        Гэрч Э.Хос-Эрдэнийн ... 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би эрүүгээ хугалаад Орбитод эгчийндээ шинэ он гартал байсан. Тэр үед манай дүү Солонго над дээр ирж байсан. Солонго миний төрсөн дүү байгаа юм. Харин Номиндалай нь миний эхнэр. Би мөнгийг аваагүй. Тухайн үед Солонго, Уянгатай хамт тэдний гэрт нь амьдардаг байсан. Би бичлэг дээрх хүмүүсийг шууд таниж байна. Нэг нь манай дүү Солонго байна. Харин нөгөө нь Уянга байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дугаар хуудас/

        

         Гэрч Э. Уянгын ... Солонгоог цагдаагийн байгууллагаас гурван удаа асууж ирсэн. Эхний удаад нь би өөрөө олж өгсөн. Солонго манай аавын эмэгтэй дүүгийнх нь охин. Бид хоёр үеэлүүд байгаа юм. Манай гэрт 2019 оны 11 дүгээр сарын эхнээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл амьдарч байсан. Хамгийн сүүлд Цээнэ гэх эмэгтэйтэй хамт гарч явсан. Миний сонссоноор дандаа байр түрээслүүлэхээр залилан хийж миний нэрийг мөн регистрийн дугаарыг хэлээд залилсан гэсэн. Би одоо хаана байгааг нь мэднэ. Нөхөр нь Гэмтлийн ард талын хороолол тийшээ явдаг ТҮЦ-нд суудаг гэж хэлсэн. Мөн тэрээр нөхөртэйгөө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байр түрээслэж байгаа гэсэн.

          ... Би тэр өдөр Солонготой хамт гэрийнхээ доод талын Хаан банкны АТМ-ээс мөнгө авсан. Тухайн үед хэнээс хэдэн төгрөг авах гэж байсан талаар мэдэхгүй. Тухайн үед Солонго нэг таньдаг хүнтэй ярьж байгаа юм шиг утсаар нэлээн удаан ярьж байгаад гадаа гараад АТМ-нд байсан үл таних эрэгтэй хүнээс ахаа би ээжээсээ мөнгө шилжүүлж авах гэтэл  картгүй болчихоод байна, таны данс руу мөнгө шилжүүлээд авчихъя, тэгээд танд 10.000 төгрөг өгье гэж хэлээд хэсэг хүлээж байгаад дансаар мөнгө шилжүүлж аваад тэр залууд 10.000 төгрөгийг өгсөн. Тэгээд дэлгүүр орж идэж уух зүйл, чихэр, печень аваад манай гэрт очиж хоночихоод маргааш өглөө нь гараад явсан. Тухайн үед би чи миний картыг авахгүй яасан юм бэ гэхэд яах юм бэгээд байхаар нь за за л гэсэн. Би сүүлд цагдаа ирээд хүнээс мөнгө залилсан байна даа гэж хэлсэний дагуу мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 52-54 дугаар хуудас/

 

         Гэрч О.Номиндалайгийн ...Би бичлэгийг харлаа. Энэ бичлэг дээр Солонго, Уянга нар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 55-56 дугаар хуудас/

 

          Н.С-  яллагдагчаар өгсөн “ ... Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байр түрээслэнэ гэж зар тавьж үүний дагуу холбогдсон эмэгтэйгээс 200.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын байрны буудлын Хаан банкны АТМ-д үл таних эрэгтэй хүнээс гуйж байгаад дансаар шилжүүлэн авхуулж тухайн эрэгтэйд 10.000 төгрөгийг өгч бусдыг залилсан хэрэг үйлдсэн. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-93 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохимол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч Н.С- уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Мөнгөнхундагад учруулсан 200.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргасан өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч Н.С- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Н.С- нь гэмт хэргийн учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр өмнө нь энэ аргаар бусдын эд хөрөнгийг залилаж авч эрүүгийн  хариуцлага хүлээж байсан, засарч хүмүүжээгүй байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Нэргүйн Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохимол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н.Солонгыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Н.С-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ