Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0003

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                             

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Ц.Сувдаа

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Дарьбазар

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолтой  Ц.Б-т холбогдох 1815001650118 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... Б овогт Ц-ын Б.

Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч Б.Ө-ыг албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Б овогт Ц-ын Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж, хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 / хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийг сар бүр 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөг төлж 12 / арван хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

 Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг, камерт үзлэг хийж бэхжүүлэгдсэн  СД  1 ширхэгийг хэрэгт хавсаргахыг тус тус дурьдаж,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо:

“... Ц.Б нь дэслэгч Б.Ө-д хүч хэрэглэсэн асуудал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй. Б.Ө-ын салтааруу өшиглөсөн гэж шүүгдэгчийг буруутгасан бөгөөд шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтэд энэ талаар дурьдаагүй.  Ц.Б Б.Ө-ын хүзүүг хумсаараа маажсан гэж гэрч Д мэдүүлсэн хэдий ч шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хүзүүнд зулгаралт үүссэн, энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэж тодорхойлогдсон тул гарын хумсаар маажиж хүч хэрэглэсэн гэх асуудал тогтоогдоогүй.

Хэрэгт хавсаргасан CD-д бичигдсэн Ц.Б-ийн үгэнд хууль сахиулагчийг хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн утга агуулга байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Б-ийг хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

Б овогт Ц-ын Б нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Ө-ыг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжлон улмаар түүнийг өвдөглөн, хүзүүг нь маажих зэргээр биед нь халдаж, хүч хэрэглэсэн болох нь

хохирогч Б.Ө-ын “...Б гэх эмэгтэй бууж ирээд над дээр ирээд би ахмад цолтой хүн байна. Гөлөг минь, пизда минь гэх мэтээр хэл амаар доромжилж миний биед халдаж төмсөг рүү нэг удаа өвдөглөсөн. Мөн миний хүзүүг багалзуурдаж хүзүү урсан... ” гэх мэдүүлэг,

гэрч  Б.Б-ын “...тэгтэл тэр эмэгтэй Ө-тай маргалдаж байгаад салтаа руу нь өшиглөх шиг болж хөл нь сарваганаж байсан. Ө ёо ёо эмзэг эрхтэн рүү өшиглөчихлөө гээд тонгойсон...” гэх мэдүүлэг,

гэрч О.Д-ын “...тухайн тээврийн хэрэгслээс Б гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бууж ирээд Ө-ыг чи муу 2 таван хошуутай бацаан, гөлөг, пизда гэх мэт хэл амаар доромжилж байгаад Ө-ын төмсөг рүү нь нэг удаа өвдөглөж, хүзүүгээр нь боож хүзүүг нь маажсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Ө-ын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 125 дугаартай “...Б.Ө-ын хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар нь “Ц.Б нь дэслэгч Б.Ө-д хүч хэрэглэсэн асуудал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй.... шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хүзүүнд зулгаралт үүссэн, энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна гэж тодорхойлогдсон тул гарын хумсаар маажиж хүч хэрэглэсэн гэх асуудал тогтоогдоогүй” гэх давж заалдах гомдол гаргасан байна.

   Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол няцаагдаж байх бөгөөд Ц.Б-ийг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР                           

                           ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ                                                                                  

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН