Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2015/0363

 

КэТк-ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-, хариуцагч татварын улсын байцаагч Б.Б-, С.Ц- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр шийдвэртэй, КэТк-ХХК-ийн нэхэмжлэлтэй, С- дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-, С.Ц- нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч КэТк-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагчийн актаар 132,960.0 мянган төгрөгийн зөрчилд 23,932.8 мянган төгрөгийн дүн бүхий нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна.

Татварын улсын байцаагчийн зөрчил гэж үзэж хариуцлага ногдуулсан худалдан авалтын баримтууд нь бүгд хүчин төгөлдөр санхүүгийн баримтын шаардлагыг хангасан бөгөөд уг ажил гүйлгээ нь бодитой гарсан болох нь нотлогдож байгаа юм.

Татварын улсын байцаагч худалдан авалтын ажил гүйлгээг хүчин төгөлдөр анхан шатны баримтаар нотлогдож байгааг олж мэдсэн, энэ тухайгаа актад дурдсан боловч хариуцлага ногдуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд ...Татварын улсын байцаагч нарын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 253952 дугаар актыг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С- дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-, С.Ц- нар шүүхэд гаргасан тайлбартааКэТк-ХХК-ийн 2008 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/5-6769, 6770 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 7/2088 дугаар албан бичиг, С- дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын ажил хийх (25/13)5994 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч С.Ц-, Б.Б- нар хэсэгчилсэн шалгалт хийсэн.

Шалгалтаар КэТк-ХХК нь 2008 оны 5, 6, 7 дугаар саруудад хэв хашмал худалдаж авсан нь анхан шатны баримтаар нотлогдож байгаа тул бараа материалын өртөгт оруулан тооцож, харин нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа, үйл ажиллагаа явуулаагүй 2816628 тоот регистрийн дугаартай Л- ХХК-иас нийт 132960,0 мянган төгрөгийн худалдан авалт хийснээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан тул 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 253952 тоот актаар 23932,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч КэТк-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-гийн гаргасан С- дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б-, С.Ц- нарын тогтоосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 253952 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: шийдвэрийн үндэслэх хэсэгт Учир нь шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй байсан Л- ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт, цахим тайлан зэрэгт үзлэг хийхэд 2008 онд 7 ширхэг падаантай борлуулалтыг НӨАТ-ын тайланд тайлагнаагүй, борлуулалт хийгээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд борлуулалттай холбоотой баримт цаасан хэлбэрээр архивлагдаагүй байна гэжээ.

Анхан шатны шүүх Л- ХХК-ийн цахим тайланд үзлэг хийж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс тус компанийн 2008 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд болон Худалдан авалтын дэвтэр-т бүртгэгдсэн мэдээллийн жагсаалтыг нотлох баримт болгон гаргуулан авчээ.

Эдгээр нотлох баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, КэТк-ХХК-ийн хэрэгт хамаарах үндэслэлийг тодруулах ямар ч боломжгүй байхад ... 7 ш падаантай борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй, борлуулалт хийгдээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд... гэж дүгнэснийг шүүгчийн алдаатай шийдвэр гэж үзэж байна.

Зүй нь Л- ХХК-ийн 2008 онд тайлагнасан 5,634,691.7 мянган төгрөгийн орлогын дэлгэрэнгүй Борлуулалтын дэвтэр-ийн мэдээлэлд үндэслэж хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг гаргуулах боломжтой байсан.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь Л- ХХК-ийн худалдан авалт талыг нэг бүрчлэн цахим системд шивж оруулсан атлаа хуулийн дагуу тайлагнаж, татвараа төлсөн борлуулалтын орлого болох 5,6 тэрбум төгрөгийн задаргаа мэдээллээс нэг ч ширхэгийг цахим системд оруулаагүй бөгөөд ...цаасан хэлбэрээр архивлагдаагүй... гэж мэлзэх байдлаар татвар төлөгчдийг хэлмэгдүүлж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон худалдан авалтын жагсаалт нь нотлох баримт болж ирсэн байхад борлуулалтын дэвтрийн мэдээлэл байхгүй гэж тайлбарлаж байгааг ямар нэг санаатай үйлдэл гэж үзэж байна.

2012 онд Сангийн сайд, ҮСХ-ын даргын хамтарсан 82/51 дүгээр тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, тайлагналын маягтуудыг шинэчилсэн бөгөөд үүнтэй уялдуулан ҮТЕГ-ын даргын 326 дугаар тушаал гарч, цахим хэлбэрээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг авах шийдвэр гарсан юм. Өмнө нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан 3 хувь үйлддэг, татварын албанд сар бүр цаасан хэлбэрээр хүргүүлдэг байсан уламжлалыг халсан дээрх шийдвэр гарснаар татварын албанд хүлээн авсан байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн мэдээллийг цахим системд нөхөн шивж оруулах ажлыг татварын алба гүйцэтгэсэн.

Дээр дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлагналын шинэчлэлтэй холбоотой ажлыг гүйцэтгэх үед Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн ажилтнуудын гаргасан алдаа борлуулалтын дэвтрийн мэдээлэл цахим системд шивээгүй-г татвар төлөгчийн буруутай үйлдэл болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт Түүнчлэн цахим тайлангийн системд нэмэгдсэн өртгийн албан татварын 4222601 дугаартай падааныг КэТк-ХХК тайлагнасан байхаас гадна Мабуд гэх худалдан авагч мөн давхардуулан тайлагнасан, 4222562, 4222559 дугаар падаанаар бичигдсэн худалдан авалтаа КэТк-ХХК тайлагнаагүй зэргээс үзвэл хий бичилттэй падаан биш болох нь нотлогдохгүй байгаа болно гэжээ.

2008 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зөвхөн цаасан хэлбэрээр татварын албанд тушаадаг байсан бөгөөд татварын алба тайланг хүлээн авахдаа борлуулалт, худалдан авалтын мэдээлэл нэг бүрийг татвар төлөгчийн нэр, регистрийн дугаар, падааны дугаар, үнийн дүнтэй тулган үздэг байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан дээрх үндэслэл нь ямар ч утгагүй бөгөөд шүүгч хэргийн материалтай танилцаагүй, бодит нөхцөл байдлыг ерөөсөө ойлгоогүй гэж үзэж болно. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С- би энэ хэргийг эргэлзээгүй, ойлгомжтой байлгах зорилгоор бүх нотлох баримтуудыг нэг бүрчлэн нотариатаар баталгаажуулан шүүхэд хүргүүлж, хурал болгон дээр хангалттай тайлбарласан.

Тодруулж хэлбэл КэТк-ХХК нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, дүрэм, журамд нийцүүлэн татварын тайлангаа гаргасан, татварын алба нь хүлээн авч баталгаажуулсан нотлох баримтыг татвар төлөгч шүүхэд гаргаж өгсөн, хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч энэ нотлох баримтын хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрч актад дурдсан байхад ...тайлагнаагүй, хий бичилттэй падаан биш болох нь нотлогдохгүй байгаа болно гэж үзсэн бодит байдалд нийцэхгүй юм.

Татварын байцаагчид акт үйлдэхдээ КэТк-ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй Л- ХХК-иас хий бичилттэй падаан авсан, Улсын мөрдөн байцаах газар энэ үйлдлийг нь олж тогтоосон гэсэн үндэслэлээр хариуцлага ногдуулсан.

Гэтэл Л- ХХК нь хангалттай борлуулалт хийж, хуулийн дагуу татварт тайлагнасан нь Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдох ба мөн энэ компанийн ажилтнууд хуурамчаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдээгүй болохыг Улсын мөрдөн байцаах газраас тогтоож, прокурор тогтоол гарган баталгаажуулсан байдаг.

Бодит байдал дээр КэТк-ХХК болон Л- ХХК нь хуульд нийцүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргах, татвараа төлөх үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа юм.

Харин нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, тайлагналын байдал өөрчлөгдсөнтэй холбоотой үйл ажиллагааны явцад татварын алба үүргээ хариуцлагагүй биелүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт, тайлбараас харагдаж байна.

Иймээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С- дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 253952 дугаартай актыг хүчингүйд тооцуулах манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч КэТк-ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж Л- ХХК-иас 4222552 тоот падаанаар 19,090.9 мянган төгрөгийн, 4222553 тоот падаанаар 16,363.6 мянган төгрөгийн, 4222601 тоот падаанаар 19,090.6 мянган төгрөгийн, 4130833 тоот падаанаар 8,181.8 мянган төгрөгийн, 277552 тоот падаанаар 12,027.3 мянган төгрөгийн, 4222562 тоот падаанаар 18,136.4 мянган төгрөгийн, 4222559 тоот падаанаар 27,981.8 мянган төгрөгийн худалдан авалт хийснээр төсөвт төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн нийт 132,960,0 мянган төгрөгийн зөрчилд 13,296,0 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,988,8 төгрөгийн торгууль, 6,648,0 мянган төгрөгийн алданги ногдуулахаар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 253952 дугаар акт гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч татварын улсын байцаагч нар бараа материал худалдан авсныг анхан шатны баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй гэж татвар ногдуулсныг зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:, 14.1.1-т үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж, харин 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзвэл худалдан борлуулагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөө нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгах үүргийг худалдан авагч тал хүлээхээр байна.

Хэдийгээр нэхэмжлэгч КэТк-ХХК нь бараа материал худалдан авсан талаарх кассын зарлагын ордер, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Л- ХХК-ийн кассын орлогын ордер зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч зөвхөн эдгээр баримтаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн барааг худалдан авсан гэж үзэх боломжгүй юм.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Л- ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл маргаан бүхий актад дурдагдсан 7 ширхэг падаантай борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан, борлуулалт хийсэн байдал тогтоогдохгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор заажээ.

Нийслэл болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолуудад маргаан бүхий актад дурдагдсан 4222601 дугаарын падааныг КэТк-ХХК болон Мабуд гэх худалдан авагч давхардуулан тайлагнасан, 4222562, 4222559 дугаар бүхий падаанд бичигдсэн худалдан авалт КэТк-ХХК-ийн тайланд тусгагдаагүй талаар дурдсаны дээр КэТк-ХХК-ийн тухайд нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй, татвар төлөгчийн үүргээ биелүүлж татварын албанд тайлангаа тушаасан байгаа нь Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байгаа хэдий ч уг падаан хий бичилттэй гэдгийг Улсын Мөрдөн байцаах газрын ЭЗГХ-ээс тогтоосон байна.Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлтэй, ...Л- ХХК-тай холбоотой баримт бичигт борлуулалттай холбоотой баримт архивлагдаагүй байна. Иймд КэТк-ХХК-ийн тухайд үүргээ биелүүлж татварын албанд тайлангаа тушаасан байгаа нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамчаар үйлдээгй гэж үзэх боломжгүй байгаа тул ... хариуцлага тооцох нь хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус дүгнэсэн зэргээс үзвэл маргаан бүхий актад заасан падаануудыг хий бичилттэй падаан биш гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснээр алдаатай шийдвэр болсон... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлан үйл ажиллагаа явуулаагүй Л- ХХК-иас худалдан авалт хийснээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчил гаргасан гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ