Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 202/ÌÀ2017/00030

 

Л.Т-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай     

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2017/00331 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Дэлгэрэх сумын 2 дугаар  баг, Аман шанд гэх газар оршин суух, 57 настай, эрэгтэй, Сэдэд овогт Л.Т-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Л.Т-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1976 онд төгсөж, анхны илгээлтээр мал аж ахуй дээр гарч Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд  1976 оны 07 дугаар сарын 15-наас 1990 оны 07 дугаар сарын 15 хүртэл хонь маллаж ирсэн билээ. Одоо ч малаа маллаж байна. Би энэ хугацаанд Залуу хүч нэгдэлд 14 жил хонь маллаж ирсэн.  Гэвч тус сумын Засаг даргын Тамгын газарт 2001 оны 12 сарын 12-нд гал түймэр гарсны улмаас архивын баримт шатаж үрэгдсэнэс болж улсад ажилласан 14 жилийг тогтоох боломжгүй  болсон юм. Иймд намайг Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд 14 жил мал маллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Сэдэд овогт Л.Т-г 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйли йн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардаж аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Т давж заалдсан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2017/00331 дүгээр шийдвэр нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Миний бие Л.Т нь 1976.07.15-1990.07.15-ны хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд хоньчноор ажиллаж байсан бөгөөд тус шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар ажиллаж байсан хугацаа нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг маань бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Л.Т би Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газраас ажиллаж байсан хугацааны архивын лавлагаа, материалыг авах гээд хандсан боловч тус байгууллагаас 2001.12.12-ны өдөр архив шатсан талаар 2017 оны 01/288 дугаар албан бичиг өгсөн. Ингээд холбогдох байгууллагаас тодорхойлолтуудыг хэрэгт хавсаргасан. Мөн тухайн үед ажиллаж байсан Мөнхгэрэл, Бумуучигмаа нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрч Бумуучигмаа нь тухайн нэгдэл, бригадад ажиллаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна” гэж үзэн хамт намайг Залуу хүч нэгдэлд ажиллаж байсан хугацааг минь тогтоогоогүй. Гэвч уг гэрч Бумуучигмаа нь 2010 онд тус шүүхийн 375 дугаар шийдвэрээр тус нэгдэлд ажиллаж байсан жилээ тогтоолгож өндөр насны тэтгэвэрт гарч байсан.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авах татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж хуульчилсан тул анхан шатны шүүхээс хурлыг хойшлуулах эрхтэй байсан. Нотлох баримт цуглуулах хугацаа өгөлгүйгээр шүүх хуралдааныг товлосон бөгөөд өөрт ач холбогдол бүхий нотлох баримтуудаа холбогдох байгууллагаас цуглуулах хугацаагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2017/00331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ажилласан жилийг маань тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хүрэлмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр буюу нийт 14 жил хоньчноор ажиллаж байсан юм билээ. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  хангалттай нотлох баримт цуглараагүй байхад шүүхээс шүүх хуралдааныг товлон зарласан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа нотлох баримтуудыг цуглуулсан. 2001 онд Дэлгэрэх сумын Архивын газар шатсан, энэ талаар Онцгой байдлын газраас дүгнэлтийг хэрэгт хавсаргасан. Дорноговь аймгийн Архивын тасаг дээр очиж өөрийн биеэр шүүж үзэхэд Залуу хүч нэгдлийн удирдлагын тогтоол нь ирсэн байдаг. Тогтоолын тэмдэглэлийн ард шаардлагатай баримт бичгийг хавсаргаад явсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар тушаалаар Залуу хүч нэгдлийн бүртгэл гардан авсан хүмүүсийн гар бүртгэл, 1979 оны 03 дугаар сарын 24-ний өдөр малын суурьт анхан шатны бүртгэл хийгээд малчин Т-ийн малын суурьт бүртгэл хийсэн тухай бүртгэл олдсон. 1984 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Залуу хүч нэгдлийн даргын 17 дугаар тушаалаар Т-г Тээгийн талд байдаг 2 худгийн моторчноор авсан тухай даргын тушаал байдаг. Хоньчноор ажиллуулаад мөн давхар моторчноор ажиллуулах тухай тушаал олдсон. 1976 оны 12 дугаар сарын 30-нд болзол дүгнэх тухай 70 дугаар тогтоолоор Т-г 30 төгрөгөөр шагнасан тухай тогтоолыг архивын тасгаас олж авсан. Мөн гэрч Бумуучигмааг тухайн үед ажиллаж байсан нь тогтоогдоогүй гэж шүүхийн шийдвэрт үндэслэсэн байдаг, энэ шийдвэрийг мөн олсон. Иймд Л.Тгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Т нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд  1976 оны 07 дугаар сарын 15-наас 1990 оны 07 дугаар сарын 15 хүртэл нийт 14 жил  ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт /нэхэмжлэл/ гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Т давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох бөгөөд мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар энэхүү хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг буюу үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэдэг онцлог зохицуулалттайн гадна Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу явуулах учиртай.

     Гэтэл анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарлаж өгч, улмаар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан атлаа 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 331 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Л.Т-гийн ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцээгүй байна.

            Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч Т.Мөнхгэрэл, Н.Бумуучигмаа нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Л.Т-гийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Залуу хүч нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан байдал нь үгүйсгэгдээгүй байгааг анхаараагүй, шүүх эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нотлох баримтаа шүүхэд ирүүлэх 14 хоногийн хугацааг олгоогүй түүний эрхийг зөрчсөн гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч Л.Т-гийн давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2017/00331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Т-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ  

                                                                                  Н.БАТЧИМЭГ