| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1828/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1859 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1859
2020 10 26 2020/ШЦТ/1859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч О.Баярсайхан,
Нарийн бичгийн дарга Н.Солонго,
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э холбогдох эрүүгийн 2006 03512 2382 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Марал овогт Готовын Энхтайван, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-эхийн автобусны буудлын орчим О.Б-тэй маргалдан улмаар түүнийг зодож зүүн өвдөгний тойг ясны хугарал, тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Г.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв[1],
Шүүгдэгч Г.Э-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ 0,33 литрийн хэмжээтэй Хараа архи ууж хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна, дэлгүүр орох гээд гэрээсээ гарсан. Тэгээд нэг мэдэхэд танихгүй хүнтэй маргалдаж байсан, тэгтэл уг хүн миний зүүн нүд рүү тас хийтэл цохисон. Тэгээд би тэр хүнийг түлхсэн, тэр хүн газарт унасан. Тэгээд тэр хүнтэй барьцалдаж байсан. Цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд хүмүүс салгаж байсан...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би гэрээсээ гараад Хас зах руу явж байхад дунд буудал руу ордог зам нь хаагдсан байхаар нь Хас захын доод талын дэлгүүр рүү явж байхад автобусны буудлын орчимд үл таних хүн тамхи байна уу? гэхээр нь ах нь тамхи татдаггүй гэхэд тэгвэл утас байна уу? гэхээр нь утас байхгүй гэж хэлсэн. Тэгтэл миний баруун талын мөрнөөс татсан ба би зүүн гар байхгүй тул түүнийг татахаар нь зүүн талаараа хажуу тийш харж газарт унасан. Тэгээд намайг газарт унахад миний зүүн талын өвдөг рүү өшиглөсөн үү, юмаар цохисон уу гэдгийг нь би мэдэхгүй. Тэгтэл толгой тархигүй өшиглөөд зодоод байсан би зодуулснаасаа болоод хэсэг ухаан балартсан. ...өндийх гэхэд миний зүүн талын өвдөг болохгүй байсан...” гэх мэдүүлэг[3],
Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш гадаа хашаан дотроо байхад гадаа гудамжинд пид пид гээд чимээ гараад хүн орилоод байхаар нь надад харагдахгүй байхаар нь гарааш дээр гараад харахад 2 хүн зодолдож байсан ба нэг хүн газарт атийгаад хэвтсэн нөгөө хүн нь түүний цээж, толгой орчимд олон удаа өшиглөөд зодож байснаа унадаг дугуйгаа түрээд явсан...” гэх мэдүүлэг[4],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8989 дугаартай:
“1. О.Б-ийн биед зүүн өвдөгний тойг ясны хугарал, тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Бусдад зодуулсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
5. дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.
6. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт[5]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн хуулбар[6],
Оршин суух газрын тодорхойлолт,[7]
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[9] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь-эхийн автобусны буудлын орчим О.Б-тэй маргалдан улмаар түүнийг зодож зүүн өвдөгний тойг ясны хугарал, тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Г.Э-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр хүнийг түлхсэн, тэр хүн газарт унасан. Тэгээд тэр хүнтэй барьцалдаж байсан...” гэх[10] ,
Хохирогч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний баруун талын мөрнөөс татсан ба би зүүн гар байхгүй тул түүнийг татахаар нь зүүн талаараа хажуу тийш харж газарт унасан. Тэгээд намайг газарт унахад миний зүүн талын өвдөг рүү өшиглөсөн үү, юмаар цохисон уу гэдгийг нь би мэдэхгүй. Тэгтэл толгой тархигүй өшиглөөд зодоод байсан би зодуулснаасаа болоод хэсэг ухаан балартсан. ...өндийх гэхэд миний зүүн талын өвдөг болохгүй байсан...” гэх[11] ,
Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг хүн газарт атийгаад хэвтсэн нөгөө хүн нь түүний цээж, толгой орчимд олон удаа өшиглөөд зодож байснаа унадаг дугуйгаа түрээд явсан...” гэх мэдүүлгүүд [12], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8989 дугаартай дүгнэлт[13] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г.Э нь хохирогч О.Б-ийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч О.Б-ийн биед Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8989 дугаартай дүгнэлтээр “зүүн өвдөгний тойг ясны хугарал, тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Э нь хохирогч О.Б-ийг газарт унаган өшиглөсөн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд 8,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний төлбөрт 130,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Э гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулж 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Г.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгчийн хувийн байдал, 58 настай, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 130,000 төгрөг төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардалаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 50 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас