Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгч М.Баянжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Баянжаргалд холбогдох 2123001150189 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 08-нд Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Бор адуу овогт Мягмарбатын Баянжаргал, /Регистрийн дугаар: ИЙ80110814/

Шүүгдэгч М.Баянжаргал нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн нутаг “Ар сайхан” гэх газраас иргэн М.Түвшинжаргалын 1 тооны морийг хулгайлж 1200000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Мягмарбатын Баянжаргал нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн нутаг “Ар сайхан” гэх газраас иргэн М.Түвшинжаргалын 1 тооны морийг хулгайлсан хэргийн үйл баримт нь дормон тамгатай бор зүсмийн морио алдсан талаараа мэдүүлсэн хохирогч М.Түвшинжаргалын “...Отгон сумын Хужирт багийн нутаг “Ар сайхан” гэдэг газар манай адуу байсан. манай адуунаас дормон тамгатай бор морь алга болчихсон ...зөндөө хайж эрэл сурал хийгээд зөндөө явсан боловч олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2021 оны 05 дугаар сарын 08-нд очиж үзэхэд манай адуу бүрэн байсан тэгээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны үед очиж адуугаа үзэхэд манай бор морь байхгүй байсан ...миний өөрийн унаган адуу ...хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.Ган-Эрдэнийн “...Түвшинжаргал нь Хужирт багийн нутаг Ар сайханд байсан адуунаас нэг ширхэг бор морь алга байна гэж хэлж байсан. Ямар тамгатай морь гэж байсныг бол сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед адууныхаа тамгыг бол хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.Гандолгорын “...ах нь энэ зун нэг морио хулгайд алдчихсан юм, тэгээд цагдаад тэмдэглүүлэх гэсэн чинь өргөдлөө бичээд хүрээд ир гэж байна гэж над дээр орж ирээд гарсан. Тийм болохоор л би Түвшинжаргалыг морио хулгайд алдсан юм байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн бор зүсмийн морийг худалдан авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.Дэлгэрцогтын “...2021 оны 06 дугаар сард ...Отгон сумаас ирсэн нэг залуу морь ...800.000 төгрөгөөр зарна гэхээр нь “морийг чинь хоёулаа очоод үзээдхэе, хаана байгаа юм” гэсэн чинь манай сумын төвийн доод талын гүүрний тэнд байсан. ...би тэр морийг 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг адууг өвлийнхөө идшэнд идчихсэн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Н.Өлзийхуягийн “...Би энэ зун хөдөө явж байгаад Баянжаргалтай таарсан. Баянжаргал тухайн үед 3 тооны морьтой явж байсан. Тэгээд надтай уулзаж мэнд мэдчихээд л яваад өгсөн. Нэг бор зүсмийн, хоёр бараандуу зүсмийн адуутай явж байсан. Онцлох содон шинж тэмдэг тамгыг нь сайн хараагүй. Бор морь нь хөгшиндүү гурвалжин тамгатай морь байсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн М.Баянжаргалын “...Эрдэнэбат гэдэг хүн намайг Цахир сумаас мал туугаад ирээч гээд гуйсан. Тэгээд би ганцаараа Цахир сум руу явж байхдаа “Ар сайхан” гэх газраас Түвшинжаргал гэдэг хүний эзэмшлийн адуунаас нь нэг бор морь хулгайлаад авч явсан. Тэгээд тэрийгээ Цахир сум оруулаад Дэлгэрцогт гэх хүнд долоон зуун мянган төгрөгнөөс өгсөн. Би тэр хүний адуунаас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэг тооны адуу хулгай хийсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.Баянжаргалын үйлдлийн улмаас хохирогч М.Түвшинжаргал 1200000 төгрөгийн хохирол учирсан нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай үнэлгээгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч М.Баянжаргал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөлд байгаа бор зүсмийн морь буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бэлчээрээс шунахай сэдэлтээр авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт” хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ. Иймд шүүгдэгч М.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч М.Баянжаргал нь хохирогч М.Түвшинжаргалд 1200000 хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчийн “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дууссан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч М.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч М.Баянжаргалд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 09 /есөн/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Баянжаргалын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хүрэн зүсмийн морь”-ийг үнэлүүлсэн ба үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 1100000 төгрөгийг шүүгдэгч М.Баянжаргалаас гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй. Шүүгдэгч М.Баянжаргалын эд хөрөнгийг битүүмжлээгүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бор адуу овогт Мягмарбатын Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч М.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 09 /есөн/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Баянжаргалд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баянжаргалд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баянжаргалд тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шүүгдэгч М.Баянжаргалд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Баянжаргалын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хүрэн зүсмийн морь”-ийг үнэлүүлсэн ба үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 1100000 төгрөгийг шүүгдэгч М.Баянжаргалаас гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч М.Баянжаргалын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА