Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00449

 

Ж.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2019/00400 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар магадлалтай,

Ж.Г-ын нэхэмжлэлтэй,

 ЗХ  123 д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Г-ыг Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаар тушаалаар тус ангийн нягтлан бодогчоор жинхлэн томилсон байгаа. Энэ нь төрийн үйлчилгээний албан тушаал. ТҮ ангилал зэрэглэлээр цалинждаг албан тушаалд томилсон. Нягтлан бодогчийн хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байх явцад  ЗХ  123 йн саналаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/269 дугаар тушаал гарч Ж.Г-ыг хөгжимчний албан тушаалд буюу төрийн тусгай албан тушаалд түр томилох тухай тушаал гарсан байдаг. Энэ албан тушаалд ажиллаж байх явцад Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч дуудаж уулзаж энэ албан тушаалаасаа чөлөөлөгд гэдэг байдлаар өргөдөл бичүүлж аваад энэ өргөдлийн дагуу Зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/384 дугаартай тушаалаар Ж.Г-ыг хөгжимчний түр ажлын байрнаас чөлөөлсөн. Урьд ажиллаж байсан нягтлан бодогчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтийг Зэвсэгт хүчний 123-р ангид нэхэмжлэгч амаар удаа дараа тавьж байсан. Энэ хүсэлтийг одоо хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Г- нь манайд хамааралгүй болсон. Жанжин штабын даргын тушаалаар манайд томилогдсон боловч дээд удирдлагын байгууллагын мэдэлд шилжсэн. Манайд ямар нэгэн байдлаар хамааралгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Офицер, ахлагчийн албан тушаалд томилогдох хүн  ЗХ  123 д хамааралгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб болон Хуурай замын командлагчийн тушаал шийдвэрээр томилогдож, чөлөөлөгддөг.

Төрийн тусгай албан хаагчийг Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч томилох чөлөөлөх эрх мэдэл байдаггүй. Үйлчилгээний албан тушаалын хүмүүсээ ангийн захирагч ажилд томилж, чөлөөлдөг. Жанжин штабын даргын тушаалаар толилогдсон учраас манайд хамааралгүй. Шилжүүлэн томилоогүй ажилд орох хүсэлтээ Зэвсэгт хүчний Жанжин штабт гаргасан байж магадгүй. Манайд хамааралгүй гэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч  ЗХ  123 д холбогдох, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,104,826 /зургаан сая нэг зуун дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2019/00400 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1. “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2019/00400 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Ажил олгогч  ЗХ  123  нь ажилтан Ж.Г-ыг нягтлан бодогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг бичгээр гаргаж, гардуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүрэгтэй. Ажилтан Ж.Г- нь нягтлан бодогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогч  ЗХ  123 йн шийдвэрийг гардан авч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан эрхтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь ажил олгогчоос ажилтныг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж, түүнийг ажилтанд гардуулснаар гомдол гаргах хугацаа тоологдоно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар  ЗХ  123  Ж.Г-ыг нягтлан бодогчийн ажлаас халсан тушаалыг гаргаагүй нь тогтоогдсон байдаг.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаап, тогтоол, захирамж/ гаргах шаардлагатай. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй хууль зүйн факт нь үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр юм. Гэтэл  ЗХ  123 ас Ж.Г-ыг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй нь тэдний хоорондох хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоогүй гэсэн хууль зүйн дүгнэлтэд хүргэнэ. Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Ж.Г-ыг хөгжимчнөөр ахлагчийн ажилд түр томилж, улмаар Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчаас Ж.Г-ыг хөгжимчний түр ажлаас чөлөөлсөн үйл баримт нь дээрх хууль зүйн дүгнэлт бодитой болохыг давхар нотолж байна. Ийм байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт дурдсан “хөгжимчний ажилд томилогдсоноор Ж.Г-ын нягтлан бодогчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна. Ажилтныг өөр ажилд шилжүүлэх ойлголтыг хугацааны байдлаар нь бүрмөсөн шилжүүлэх, түр хугацаагаар  шилжүүлэх ангилдаг. Өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэх үед ажилтан нь өмнөх ажилдаа орох эрхээ хадгалдаг. Өөр ажилд түр шилжүүлсэн хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон Ж.Г-ыг  ЗХ  123  нь нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажиллуулах хууль зүйн үүрэгтэй. Гэтэл  ЗХ  123  нь Ж.Г-ыг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаж өгөхгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйл баримтыг ажлаас халсантай адилтган үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох гомдлыг хангах үндэслэл байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна.

Ж.Г- нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Ернарыг төрүүлсэн өөр ажилд түр шилжүүлсэн хугацаа дуусгавар болох үед А.Ернар 3 нас хүрээгүй байжээ.  ЗХ  123 ас Ж.Г-ыг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн ажиллуулах эсэх талаар ямар нэг шийдвэр гаргахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажилтны Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан баталгааг зөрчиж байна. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг хэрэглээгүйд гомдолтой байна.

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/269 дүгээр тушаалаар Ж.Г-ыг хөгжимчнөөр ахлагчийн ажилд энгийнээр түр томилж, улмаар Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2018 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн Б/384 дүгээр тушаалаар Ж.Г-ыг хөгжимчний түр ажлаас чөлөөлсөн зэргээс үзэхэд Ж.Г-ыг нягтлан бодогчийн ажлаас өөр ажилд түр хугацаагаар шилжүүлсэн нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Ж.Г-ыг төрийн тусгай албан хаагчаар жинхлэн томилоогүй, туршилтын хугацаагаар ахлагчийн албанд түр ажиллуулж байжээ. Ажилтныг өөр ажилд түр хугацаагаар шилжүүлэх эрх зүйн харилцааг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд зааснаар хязгаарласан давж заалдах шатны шүүхийн магадлалын хэсэгт дурдсан дүгнэлт хууль хэрэглээний алдаатай байна.

Ажил олгогч  ЗХ  123 йн захирагчаас ажилтан Ж.Г-ыг нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн ажиллуулна гэсэн амлалт өгсөн учраас л тэрээр хөгжимчний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан нь бодит үйл баримт.

Хэрэв нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн ажиллуулна гэсэн амлалт өгөөгүй бол Ж.Г- хөгжимчний ажлаас чөлөөлөх хүсэлтийг гаргах шалтгаан байхгүй юм.

Анхан, давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж, ажилтны гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, Ж.Г-ын  ЗХ  123 д холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Ж.Г- нь  ЗХ  123 д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1., 128 дугаар зүйлийн 128.1.11., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн 1 дэх заалтын “128.1.11.” гэснийг “128.1.2.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсчээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ж.Г- нь  ЗХ  123 йн захирагчийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 дугаар тушаалаар тус ангид нягтлан бодогчоор томилогдон ажиллаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/269 дүгээр тушаалаар Ж.Г-ыг мөн ангид хөгжимчнөөр, ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллуулахаар түр томилж, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/384 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3., Зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1., Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6. дахь заалтыг үндэслэн Ж.Г-ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Ж.Г- нь  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... ЗХ  123  нь намайг хөгжимчний ажлаас чөлөөлөгдсөн шийдвэр ирсэн даруйд нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажиллуулна гэж надаар өргөдөл бичүүлэн авч Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын хүний нөөцийн тасагт албан бичгээр хүргүүлсэн. ...Хөгжимчний ажлыг хүлээн авч, эд хөрөнгийн тооцоог дуусгасан боловч өнөөдрийг хүртэл нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох үүргээ биелүүлэхгүй байна.  ЗХ  123 йн захирагч нягтлан бодогчоор ажиллуулахгүй, өөр хүнийг ажилд авсан, чамайг энгийн ажлын байр гармагц эхний ээлжинд ажлаар хангана гэж хүлээлт үүсгэсэн атлаа энгийн орон тоо гарсан ч ажилд авахгүй байгаа, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн ажиллуулах эсэх талаар ямар нэг шийдвэр гаргахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа тул ажлаас халсантай адилтган үзэж нэхэмжлэл гаргасан.  ЗХ  123  намайг түр ажилд шилжүүлсэн тул нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөөгүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Ж.Г- нь өөрийн санаачилгаар нягтлан бодогчоор ажиллахаас татгалзаж, хөгжимчний ажилд томилогдсон тул түүнийг өөр ажилд түр шилжүүлсэн гэж үзэхгүй. 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөгжимчнөөр томилогдсноор түүнтэй байгуулсан нягтлан бодогчоор ажиллуулсан гэрээ дуусгавар болсон.  ЗХ  123  нь Ж.Г-ыг ажилд авах, халах асуудлыг шийдвэрлээгүй тул ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй. Тус анги хариуцагч биш...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр ажилтан өөрийн хүсэлтээр нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, хөгжимчнөөр ажилласантай маргаагүй тул Ж.Г-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.-д зааснаар дуусгавар болсон үзсэн. 

Түүнчлэн Ж.Г- нь нягтлан бодогчоор ажиллаж байсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсны дараа, хөгжимчнөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 08 дугаар сард хүү төрүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-т заасан шаардлага  ЗХ  123 д хамаарахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэнээс гадна нэхэмжлэгч нь хөгжимчний ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш 6 сар 23 хоногийн дараа нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2.-т заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2.-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн саналыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд ажлаас чөлөөлснөөс хойш амласан ажилдаа аваагүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, ажилд нь эгүүлэн томилоогүй байгааг мэдсээр байж хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэдийгээр ажил олгогчоос ажилд авна гэж хүлээлгэж байсан гэж тайлбарлах боловч тухайн тайлбараа нотолсон баримтгүй, нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй,  хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэх баримтгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр нягтлан бодогчийн ажлаас хөгжимчний албан тушаалд томилогдсон талаар маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д зааснаар түүнийг ажлын байраа орхисноос хойш 30 хоног өнгөрмөгц хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасны дагуу  ЗХ  123 тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул ажилтныг ажлаас халсан тушаал гараагүй үндэслэлээр тэдний хоорондох хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хэргийг хянан шийдвэрлэсэн хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “...ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, өөр ажилд түр хугацаагаар шилжүүлсэн тул өмнөх ажилдаа эргэж орох эрхтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг хэрэглээгүй...” гэх  үндэслэлийн талаар хуульд нийцүүлэн дүгнэлт хийсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД