Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 55

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам 

Улсын яллагч  Б.Мөнхдөл

Шүүгдэгч Я.Пүрэвсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа,

Хохирогч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвадорж,

Иргэдийн төлөөлөгч Д.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Ядамсүрэнгийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 201608000082 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт суманд 1983 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4-1-12 тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэг үйлдэх үедээ Говьсүмбэр аймаг дахь Капитал банкны салбарын захирлаар ажиллаж байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигин овогт Ядамсүрэнгийн Пүрэвсүрэн, РД: ДР 83012614

Холбогдох хэргийн талаар

/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар /

Яллагдагч Я.Пүрэвсүрэн нь Капитал банкны Говьсүмбэр аймгийн салбарын захиралаар ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр хувийн ашиг сонирхлыг үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний хооронд Говьсүмбэр аймгийн салбарын харьяа Нийгмийн даатгалын тооцооны касс дахь бэлэн мөнгөнөөс 17 удаагийн үйлдлээр 14.272.332 төгрөгийг, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Оюунгэрэлийн нэр дээр тэтгэврийн зээл хуурамчаар гаргаж 9.320.926 төгрөгийг теллер М.Хандмаагаар гаргуулсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 03-13-ны хооронд 6 удаагийн үйлдлээр касснаас бэлнээр 51.500.000 төгрөгийг тус тус ашиглан нийт бусдад онц их хэмжээний буюу 75.093.258 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: Би “Капитал” банкны Чойр дахь салбарын захирлаар 2014 оны 11 дүгээр сард ажиллаж эхлээд 2015 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа банкныхаа касснаас 51.500.000 төгрөг, өөр хүний нэр дээр тэтгэврийн зээл, нийгмийн даатгал тооцооны касснаас бэлэн мөнгө авсан нь үнэн. Нийгмийн даатгал тооцооны төв дээр хийгдсэн гүйлгээ нь 17 удаагийн давтамжтай хийсэн гэж байна. Энэ нь банк хоорондын гүйлгээ нь хоорондоо 1.000.000 төгрөг дотор хурдан ордог. Тухайн үед сарын сүүл болсон учир 1.000.000 төгрөгөөр нь хийсэн учраас үйлдэл нь олон болсон. Сардаа багтаахын тулд ийм үйлдэл хийсэн. Тухайн үед тээврийн хөлс хийж байсан. Тээврийн орлого сардаа багтаж орж ирэхгүй байсны улмаас хүнээс хүүтэй мөнгө зээлж, банк хоорондын гүйлгээ хийсэн гэсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Лхагвадорж мэдүүлэхдээ: Капитал банкны Чойр дахь салбарын захирлаар ажиллаж байсан Я.Пүрэвсүрэнтэй холбоотой гэм хорын хохирол 2015 оны 07 дугаар сараас эхэлсэн. Тухайн үед дотоод хяналт, хуулийн шалгалтын хүрээнд хохирлын дүнг нийт 75.000.000 гаруй төгрөг гэж тогтоосон. Я.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сард багтааж хохиролыг бүрэн төлсөн. Банкны зүгээс дотоод хяналтын шалгалт Я.Пүрэвсүрэнг шалгаад  хохиролыг тогтоож 7 хоногийн дотор бүрэн хохирол төлөгдсөн байна. Тэгээд Я.Пүрэвсүрэнгийн ар гэрийн байдал нь бага насны 3 хүүхэд, банкны салбарт олон жил ажилласан байдлыг харгалзан үзэж хууль шүүхийн байгууллагад шилжүүлэхгүйгээр захирлын албан тушаалаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан. Үүнээс хойш Я.Пүрэвсүрэнтэй холбоотой нэр бүхий 10 гаруй хүний зээлийн материал дээр асуудал гарсан. Тэр материалыг судалж үзэхэд Я.Пүрэвсүрэн нь “Банкны тухай хууль” тогтоомж, ёс зүйг зөрчин зээлдэгч нарын авсан зээлээс мөнгө зээлэх, авсан зээлийг нь нэмэгдүүлэх, хувийн харьцаа үүсгэх зэргээр зээл олгосон байдал илэрсэн. Энэ дагуу Я.Пүрэвсүрэн болон зээлдэгч нартай зээлийг төлж дуусгах зорилгоор харилцан ярилцаж, уулзаж тохирсон. Ингээд зээлийн төлөлт удааширсан болохоор төв банкны удирдлагууд ярилцаад хууль бус үйлдлийг нь хууль, шүүхийн байгууллагаар тогтоолгож, хариуцлага тогтоох нь зүйтэй гэсэн шийдвэр гарган цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед “Банкны тухай хууль” зөрчсөн эрүүгийн гэмт хэргийн талаар шалгуулъя, банкинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэдэг зорилгоор гомдол гаргасан. Энэ явдалтай холбоотой зээлдэгч нар аймгийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Энэ дагуу шалгалт хийгээд иргэний харилцаа үүссэн, нэгэнт зээлдэгч нарын мөнгийг буцааж төлнө гэсэн бичгэн болон аман хэлцэл байсан гэж үзсэн учир холбогдсон үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Я.Пүрэвсүрэн нь хохирол төлбөрөө богино хугацаанд төлж барагдуулсан нь гаргасан үйлдэлдээ гэмшсэн харагдаж байгаа боловч Говьсүмбэр аймагт “Капитал” банкны нэр хүнд унасан. Я.Пүрэвсүрэн нь аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр ажилладаг байсан. Сум орон нутагт өөрийнх нь нэр хүнд, банкны нэр хүнд унаснаас гадна, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсд сөрөг үр дагавар үүссэн. Өөрөө үүнийг ухамсарлаад авсан зээлээс 5.250.000 төгрөг баримтаар төлсөн байна. Бусад зээлдэгч нарт төлбөр төлж байгаа гэсэн зүйлийг хэлсэн. Зээлийн харилцааг иргэн банк хоорондын үүссэн харилцаа гэж үзэх үндэслэлтэй боловч энэ зээлдэгч нарын хоорондын харилцаа нь тухайн аймагт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудын хооронд өрийн сүлжээ үүсгэсэн байсан. Үүнээс үзэхэд банкны захирлын ажлаа хийдэггүй, хувийн ажлаа хийдэг, банкыг хувийн банк шиг үзэж их хэмжээний мөнгө авсан нь харагдаж байна. Теллерүүдэд яагаад хяналт тавьдаггүй юм бэ? гэж байна. Теллерүүдийн мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу Я.Пүрэвсүрэнг шалгасан. Мөн дохиолол харуул хяналтанд байдаг. 09 цагаас 18 цаг хүртэл биечлэн хамгаалалт ажиллаж байгаад 18 цагаас хойш дохиоллын хамгаалалт ажилладаг. Банкинд орж 2 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг авсан нь дохиолол дээр бичигдсэн. Ийм шалтгааны улмаас шалгалт хийсэн. Я.Пүрэвсүрэнгийн хийсэн үйлдэлд банкны зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Зээлдэгч нарын хувьд Я.Пүрэвсүрэнгээс мөнгө төлүүлчихээд бид нараас зээлээ төлүүл гэсэн зүйл ярьдаг. Зээлийн хувьд банк эрсдэлээ үүрээд явах байх. Уул, уурхайн бизнесс хийж том машинтай тээвэрт явсанаар өрөнд орсон гэдгийг ойлгож байна. Зээлсэн мөнгөө зохицуулаад төлөөд явж байгаа нь сайшаалтай байна. Манай зүгээс Я.Пүрэвсүрэнд зохих хууль тогтоомжинд зааснаар хариуцлага тооцож, шүүхээс гарсан шийдвэрийг дэмжиж байна. Өөр нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг.

  1. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Я.Пүрэвсүрэнгийн: “...Би Капитал банкны Чойр дахь салбарын захирлаар 2014 оны 11 сараас 2015 оны 11 сар хүртэл ажилласан. Би захирлаар ажиллаж байхдаа банкныхаа касснаас 51.500.000 төгрөг мөнгө хэрэг болоод авсан. Манай ахлах теллер Нэргүй өвчлөөд би кассын түлхүүр мөнгийг хүлээн авсан. Тухайн үед хэдэн төгрөг хүлээн авснаа санахгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын эхээр гүйлгээ хаасны дараа 18 цагийн орчим гаднах хаалганы түлхүүрээр банкыг онгойлгоод ороод касснаас 8 сая төгрөг аваад Тахарын албаны дарга Цэрэндоржид бэлнээр 8 сая төгрөг өгсөн. Би Цэрэндоржоос 2015 оны 9 сард зээлсэн байсан юм. Мөн 2015 оны 11 дүгээр сард өдрийн цайны цагаар касснаас увуулж цувуулж 3, 4 хоногт нийт 28.500.000 төгрөг бэлнээр аваад хүмүүст өртэй байснаа өгсөн. Хэнд өгсөнөө санахгүй байна. 2015 оны 11 дүгээр сард теллер Бэрцэцэгийг 15.000.000 төгрөг гаргаад Цэцэгхорлоо гэдэг хүнд өгчих орой би өөрөө 15.000.000 төгрөг авчирч өгнө гэж хэлээд Цэцэгхорлоо гэдэг хүнд өгсөн. Би Цэцэгхорлоо гэдэг хүнээс 2015 оны 10 сард хүүгүй зүгээр зээлж авсан байсан юм.  2015 оны 10 дугаар сард өдөр ажил дээрээ ирэхэд теллер Хандмаа байхаар нь Оюунгэрэл гэдэг хүний нэр дээр тэтгэврийн зээл гаргачих гэж хэлээд 9.320.926 төгрөг гаргуулаад Хонгорзулын дансруу 2.870.000 төгрөгийг, 5.500.000 төгрөгийг Жамбаасүрэнгийн дансанд хийлгэсэн. 630.000 төгрөгийг Хонгорзулын зээлийн данс руу хийсэн. Би Жамбаасүрэн, Хонгорзулаас зээлсэн байснаа өгсөн. Үлдэгдэл 260.000 төгрөгийг би бэлнээр теллер Хандмаагаас аваад хувьдаа ашигласан. 2015 оны 08 дугаар сард Нийгмийн даатгалын касс дээр очоод теллер Насанжаргалтай уулзаад үдээс хойш тээврийн мөнгө орж ирэхээр нь өгчихье 1 сая төгрөг Батмөнх гэдэг хүний данс руу хийчих, 1.500.000 төгрөгийг Батцэцэг гэдэг хүний данс руу хийчих гэж хэлээд бэлэн мөнгө өгөөгүй хийлгэсэн. Батцэцэгээс 1.500.000 төгрөг зээлсэн байснаа өгсөн. Батмөнхөөс 1 сая төгрөг зээлсэн байснаа өгсөн. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын сүүлээр би хувьдаа том машин жоншинд явуулдаг байсан. Түүний шатахууны мөнгө өгөх болоод НИК ХХК-д 9 удаа 6 сая гаран төгрөг шилжүүлүүлсэн. Банк хоорондын гүйлгээ хийхэд 1 саяар хийгддэг учраас хувааж хийсэн юм. Мөн би өөрийн Хас банкны дансандаа тээврийн хөлс гэж 4 сая гаран төгрөг хийлгэсэн. Энэ мөнгө тээврийн мөнгө орж ирэхээр нь өгнө гэж хэлээд шилжүүлүүлсэн. Тэгээд би энэ мөнгийг 2015 оны 9 дүгээр сарын дундуур Насанжаргалд буцааж өгсөн. Би хувьдаа том машин жоншинд явуулдаг байсан. Жоншинд явуулж байхдаа шатахууныг НИК ХХК-тай гэрээ хийж авдаг байсан. Шатахууныг сарын сүүлээр тооцоо хийдэг байсан ба мөнгө олдохгүй болохоор би теллер Насанжаргалыг гуйж НИК-ийн данс руу шатахууны мөнгийг хийлгэсэн. Би Хас банкинд зээлтэй байсан учир 4 сая төгрөгийг зээлэндээ өгсөн ” гэсэн мэдүүлэг
  2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Лхагвадоржийн: “...Манай төв банкны хяналт шалгалтаас Говьсүмбэр аймаг дахь салбарт 2015 оны 11 дүгээр сард шалгалт ороход захирал Я.Пүрэвсүрэн нь кассын дутагдал 51.500.000 төгрөгний зөрчил гаргасан. Я.Пүрэвсүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 03-13-ны хооронд 10 хоногт 51.500.000 төгрөгийг касснаас бэлнээр авч ашигласан. Тухайн үед ахлах теллер Нэргүй өвчтэй байсан ба Пүрэвсүрэнд кассны түлхүүр дохиоллын код, банкны гадна түлхүүр өөрт нь ажил үүргийн хувьд байдаг. Мөн 2015 оны 11 дүгээр сард шалгалт орохоос өмнө Нийгмийн даатгалын салбарын тооцооны касснаас 17 удаагийн үйлдлээр 14.272.332 төгрөгийг банк хоорондын гүйлгээгээр хувьдаа ашигласан байсан. Мөн Б.Оюунгэрэл гэдэг иргэний нэр дээр харилцагчийг банкны байранд ирээгүй байхад грейпбанк программд бүртгэн 9.320.926 төгрөг теллер Хандмаагаар гаргуулж хувьдаа ашигласан. Нийт 75.093.258 төгрөгний хохирол учруулсан. 51.500.000 төгрөгийг 6 удаагийн шилжүүлгээр мөнгөө төлж барагдуулсан. Үлдсэн 23.593.258 төгрөгийг шалгалт орохоос өмнө төлсөн байсан. Я.Пүрэвсүрэнгээр тухайн үед банкийг хохиролгүй болгуулсан. Я.Пүрэвсүрэн ажлаас чөлөөлөгдсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/
  3. Мөрдөн байцаалтын шатанд Гэрч М.Хандмаагийн: “...Би Капитал банкны Чойр салбарт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр теллерийн ажилд орж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр туршилтын хугацаа дууссан ба цаашид ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр гарсан. ...Тухайн өдөр би цайндаа өдөр 12 цагаас яваад 13 цагт ажил дээрээ ирсэн. Тэгэхэд гаднаас Пүрэвсүрэн захирал орж ирээд намайг өрөөндөө ороод ир гэсэн. Тэгсэн чинь Пүрэвсүрэн захирал Оюунгэрэл гэдэг манай эгч байгаа юм тэтгэврийн зээл авъя гэсэн бичиг баримтыг аваад ирье гэсэн. Тэгээд би тэтгэврийн зээлийг программын дагуу оруулсан. Тэгээд байж байхад захирал өрөөндөө ороод ир гэхээр яваад орсон чинь манай эгч энэ хүний данс руу хийчих гээд байна гээд 2 хүний данс өгөхөөр нь би тэр 2 хүний данс руу тэтгэврийн зээлийг нь хийсэн. Хэд хэдэн төгрөг хийснийг санахгүй байна. Тэгээд тэр мөнгөнөөс 200 гаран мянган төгрөг үлдсэнийг би авъя гээд өөрөө бэлнээр авсан. Нийт 9 сая гаран төгрөгний тэтгэврийн зээл гаргасан. Тэгээд ахлах теллер Нэргүй ирэхээр нь би захирал бичиг баримтгүй хүний нэр дээр тэтгэврийн зээл гаргуулсан гэж хэлсэн. Тэгээд ажил тарахад нөгөө хүн нь ирдэггүй. Бичиг баримт дээр гарын үсэг зуруулах байсан зуруулаагүй. Захирал Пүрэвсүрэн намайг ганцааранг нь байхыг далимдуулж надаар тэтгэврийн зээл гаргуулсан гэж бодож байна. Миний ажил үүргийн хувиар гэвэл банкны бүх л орлого зарлагын гүйлгээ, тэтгэврийн зээл, хадгаламж барьцаалсан зээл, мөнгөн шилжүүлэг зэргийг хийдэг юм. Надаар урьд нь хүн нь байхгүй бичиг баримт нь байхад зээл гаргуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар хуудас/
  4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Цэцэгхорлоогийн: “...Би 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Капитал банкны теллер Бэрцэцэгээс 15.000.000 төгрөг авсан. Капитал банкны захирлаар ажиллаж байсан Я.Пүрэвсүрэн нь надаас 2015 оны 10, 11 дүгээр сард 15.000.000 төгрөг зээлсэн. Пүрэвсүрэнгийн ажил дээр ирээд мөнгөө авъя гэсэн чинь теллер дээр мөнгийг чинь бэлдсэн байгаа теллерээс авчих гэхээр нь би Капитал банкны теллерээс 15.000.000 төгрөг бэлнээр тоолж авсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38 дугаар хуудас/
  5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бэрцэцэгийн: “...Би Капитал банкны Чойр дахь салбарт 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс теллерээр ажилд орж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас гарсан. ...2015 оны 11 дүгээр сард ахлах теллерээр ажиллаж байсан Нэргүй өвчлөөд би баримт бичиг, кассын мөнгөн дүнг хүлээн авсан. Нэргүй надад кассаа шилжүүлж өгсөн. Надад сейфинд байгаа мөнгөнүүдээ хүлээлгэж өгсөн. Хэдэн төгрөг хүлээлгэн өгснийг одоо бол мэдэхгүй байна. Сейфны түлхүүрийг захирал Пүрэвсүрэн өөрөө авсан. Пүрэвсүрэн өглөө кассаа нээж мөнгө өгөөд орой ажил тарахад кассаа хаагаад түлхүүрээ өөрөө авдаг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үдээс хойш захирал Пүрэвсүрэн өрөөндөө дуудаж оруулж ирээд би сейфнээс 15.000.000 төгрөг авчих уу гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Тэгээд өөрөө өрөөнөөсөө гарч ирээд сейфнээс 15.000.000 төгрөг гаргаж ирээд С.Цэцэгхорлоо гэдэг хүн ирвэл энэ 15.000.000 төгрөгийг өгчихөөрэй гээд миний тавиур дээр тавьсан. Тэгээд үдээс хойш Цэцэгхорлоо гэдэг хүн ирээд Пүүжээ мөнгө үлдээсэн үү гэхээр нь би 15.000.000 төгрөгийг өгөхөд аваад явсан. Пүрэвсүрэн захирал дахиж миний хажууд мөнгө авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/
  6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Хонгорзулын: “Пүрэвсүрэн 2015 оны 10 сард  надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 4.800.000 төгрөг авсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний Хаан банкны 5990054227 тоот дансанд 2.870.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тэр өдөр миний Капитал банкны 2015024770 тоот дансанд 630.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/
  7. Гэрч Л.Жамбаасүрэнгийн: “...Миний 5990127079 тоот данс руу Капитал банкнаас Пүрэвсүрэн 5.500.000 төгрөг хийсэн. Энэ мөнгийг Пүрэвсүрэн надаас 2015 оны сүүлээр шиг санаж байна 5.500.000 төгрөг зээлсэн. Тэгээд нээх олон хонуулаагүй буцаагаад миний 5990127079 тоот данс руу Капитал банкны данснаас хийсэн юм. Пүрэвсүрэн жонш тээвэрлэдэг ВИ3 самосвал маркийн машинтай байсан. Тэгээд байгууллагатай түлшний гэрээ хийж сарын эцэст тооцоо хийдэг юм. Уг нь түлшээ Пүрэвсүрэн зээлээр сарын эхнээс авч байгаад сарын сүүлээр тооцоо хийдэг байсан юм. Тэр мөнгийг шатахууны үнэ гэж манай байгууллагын дансанд хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/
  8. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Мөнхбатын өгсөн мэдүүлэгт: “... Би Капитал банкны хяналт шалгалтын газар хянан шалгагч ажилтай. Хяналт шалгалтын газрын гэнэтийн шалгалтаар 2015 оны 11 дүгээр сард Говьсүмбэр аймгийн Капитал банкны үйл ажиллагаанд шалгалт хийхэд салбарын захирал Я.Пүрэвсүрэн нь салбарын касс дахь бэлэн мөнгөнөөс 6 удаагийн үйлдлээр нийт 51.500.000 төгрөгийг хувьдаа авч ашигласан байна. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр салбарын касс дахь бэлэн мөнгийг тоолж шалгахад 7.764.930 төгрөг тоологдож данс бүртгэлээс 51.499.496 төгрөг дутсан байдаг. Шалгалтын хугацаанд кассын дутагдал болох 51.500.000 төгрөгийг салбарын захирал Я.Пүрэвсүрэнгээр бүрэн төлүүлж банкийг хохиролгүй болгосон. Намайг шалгалтаар ирэхээс өмнө тэтгэврийн зээлийн 9.320.926 төгрөгнөөс 330.000 төгрөгийг төлсөн байсан. Намайг шалгалтаар ирдэг өдөр 8.500.000 төгрөгийг төлсөн байсан. Үлдэгдэл 490.926 төгрөгийг шалгалтын хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн. Пүрэвсүрэн нь төлбөр тооцоо кассын үйл ажиллагааны ерөнхий журмын хориглох заалтууд Капитал банкны ажилтны ёс зүйн дүрмийг ноцтойгоор зөрчиж онц их хэмжээний хохирол учруулсан. Пүрэвсүрэн нь тус банкинд одоо ямар нэгэн өр байхгүй тухайн үеийн ашигласан мөнгөнүүдийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 45-46 дугаар хуудас/
  9. Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Нэргүйгийн: “...Би Капитал банкны Говьсүмбэр аймгийн салбарт 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ахлах теллерийн ажилд ороод 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлаасаа гарсан. Тухайн үед Пүрэвсүрэн манай салбарын даргаар ажиллаж байсан. Касс болон сейфны түлхүүр надад байдаг юм. 2015 оны 11 дүгээр сарын эхээр миний бие өвдөөд Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр явахдаа би захирал Пүрэвсүрэн болон теллер Бэрцэцэг нарт кассанд байсан 28.000.000 төгрөг, касс болон сейфны түлхүүрээ үлдээгээд хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд намайг хотод байж байхад дээд газраас ирсэн шалгалтын хүмүүс утсаар дуудаад касснаас чинь мөнгө дутсан ашиглан гарсан байна хүрч ир гэсэн. Тэгэхэд би Пүрэвсүрэн захирлыг касснаас бэлэн мөнгө авсныг мэдсэн. Намайг эмнэлэгт хэвтэхээс 2, 3 хоногийн өмнө цайндаа явж ирчихээд орой тооцоогоо хийхэд Оюунгэрэл гэдэг хүний нэр дээр тэтгэврийн зээл гаргасан байсан. Би баримтуудаа хураахад Оюунгэрэл гэдэг хүний тэтгэврийн дэвтэр байхгүй болохоор нь Хандмаагаас асуусан чинь захирал өдөр зээл гаргуулж авсан хамаатны хүн нь эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн, дэвтрийг нь орой авчирч өгнө гэсэн гэхээр нь би захирал дээр ороод асуусан чинь манай хамаатны хүн тэтгэврийн зээл авсан юм. Дэвтрийг нь би авчирч өгнө гэж байсан. 9 сая төгрөгний тэтгэврийн зээл авсан юм шиг санаж байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 47 дугаар хуудас/
  10. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Насанжаргалын: “...Би Капитал банкны Чойр дахь салбарт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр теллерээр тушаал гарч ажилд орж байсан. Тэгээд төвдөө теллер хийж байгаад Нийгмийн даатгалын салбарт 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр теллерээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын хариуцлага алдсан үндэслэлээр халагдсан. Намайг Нийгмийн даатгалын тооцооны кассад теллерээр ажиллаж байхад Пүрэвсүрэн захирал тийм хүний данс руу хэдэн төгрөг шилжүүл гээд би тэр хүний данс руу нь мөнгийг нь шилжүүлсэн. Хэн гэдэг хүний данс руу хэдэн төгрөг шилжүүлж байсныг би санахгүй байна. Пүрэвсүрэн захирал нийгмийн даатгалын тооцооны кассанд ирж бэлэн мөнгөгүйгээр банк хооронд гүйлгээ хийсэн. Энэ нь программаар шууд шилжүүлсэн гэсэн үг. Тэр мөнгөө болохоор надад дараа нь өгнө гээд өгдөггүй байсан. Надад хэлэхдээ маргааш нь өгнө гэж хэлчихээд өгдөггүй байсан. Анх би Пүрэвсүрэн захиралд ингэж мөнгө шилжүүлж болохгүй гэж хэлж байсан боловч Пүрэвсүрэн захирал мөнгө шилжүүл гэж шаардаж байсан учраас дахин 15 удаагийн үйлдлээр 10 гаран сая төгрөг “НИК” ХХК-ны дансанд хийсэн. Мөн шатахууны зардал гэж гүйлгээний утга бичүүлж мөнгө шилжүүлж байсан. Би Пүрэвсүрэн захиралд өдөр болгон энэ шилжүүлсэн мөнгөнүүдийг өг гэж шаардаж байгаад 2015 оны 9 сард Пүрэвсүрэн захирал мөнгөнүүдээ бүрэн барагдуулж надад бэлнээр 10 гаран сая төгрөг өгч кассыг хохиролгүй болгосон. Энэ зөрчлүүд нь мөнгө төлөгдсөний дараа дээд газраас ирсэн шалгалтаар илэрсэн. Удирдлага шаардсан учраас би хий гэснийг нь хийсэн. Надад өөр ямар ч арга байгаагүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48 дугаар хуудас/
  11. Капитал банкнаас Говьсүмбэр аймгийн салбарт хийсэн иж бүрэн шалгалтын тайлан,  /хх-ийн 61-67 дугаар хуудас/
  12. Тэтгэврийн зээл болон гүйлгээ хийсэн баримтууд, /хх-ийн 68-83 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгч Я.Пүрэвсүрэн нь Капитал банкны Говьсүмбэр аймгийн салбарын захиралаар ажиллаж байхдаа шунахайн сэдэлтээр хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний хооронд Говьсүмбэр аймгийн салбарын харьяа Нийгмийн даатгалын тооцооны касс дахь бэлэн мөнгөнөөс 17 удаагийн үйлдлээр 14.272.332 төгрөгийг, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Оюунгэрэлийн нэр дээр тэтгэврийн зээл хуурамчаар гаргаж 9.320.926 төгрөгийг теллер М.Хандмаагаар гаргуулсан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 03-13-ны хооронд 6 удаагийн үйлдлээр касснаас бэлнээр 51.500.000 төгрөгийг тус тус ашиглан нийт бусдад онц их хэмжээний буюу 75.093.258 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

        Иймд Боржигин овогт Ядамсүрэнгийн Пүрэвсүрэнг шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

        Шүүхээс шүүгдэгч Я.Пүрэвсүрэнд ял оногдуулахдаа учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх, 17 удаагийн буюу давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 200000 төгрөгний эд хөрөнгө хурааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой байна гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Я.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овогт Ядамсүрэнгийн Пүрэвсүрэнг банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Пүрэвсүрэнгийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 200000 /хоёр зуун мянган/ төгрөгний эд хөрөнгө хурааж 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Пүрэвсүрэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Я.Пүрэвсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Пүрэвсүрэнд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОДНЯМАА

                                                     ШҮҮГЧИД                              Ш.ГАНДАНСҮРЭН  

                                                                                           Т.ЭНХМАНДАХ