Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0004

 

    Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Сү.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                       

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                           Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                            Н.Б

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                      М.Даваасүрэн

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А

         Хохирогчийн өмгөөлөгч                    М.Найдан

         Нарийн бичгийн дарга                      С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолтой  Н.Б-д холбогдох 1815002260130 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б овогт Н-ийн Б.

   Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутаг дэвсгэрт өөрийн гэрт иргэн Х.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н-ийн Б-г 10000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 нэгж буюу 10000000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн түүнийг 10450000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн шаазан аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар тус тус дурдаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 1010460 төгрөг гаргуулж хохирогч ... тоотод оршин суух Б овогт Х-ийн А /РД:ХД81012001/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13448500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн шаазан аяга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн 11.2-р зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж” гэдгийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдах өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Б-д ийм нөхцөл байдал үүссэн эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн хүч хэрэглэсэн, заналхийлсэн нотлох баримт алга гэсэн нь өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Бидний зан суртахуунд, хүмүүсийн хоорондын харилцаанд, ёс суртахууны шаардлагын хэм хэмжээнд хань нөхрийнхөө дэргэд бусдын өвөрт андуурч орох, бусдын эхнэрийг нөхрийнх нь дэргэд өвөртөлж унтах ёс зүй байдаг билүү. Ийм нөхцөл байдлыг харсан хүний сэтгэл санаа хэвийн байх уу. Хэвийн биш болж өөрийн мэдрэлээ алдсан нь хохирогч Г-ыг алнаа гээд Э ахыг зодоод байсан. Хүн аллаа шдээ гэж би хэлж салгасан гэдэг мэдүүлгээр нотлогдоно. Б-гийн энэ үйлдэлд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байна гэж үзэж буй тул зүйлчлэлийг өөрчлүүлэхээр мэтгэлцсэн болно... Шүүхээс гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 137-138-р хуудсан дахь Б-гийн хохирол төлсөн 1.700.000 төгрөгийн баримтыг андуурч хохирогч А-аас гаргасан мэтээр дүгнэснээс хохирол буруу тооцогдсон тул зөвтгөж шийдвэрлэж өгнө үү ... ” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо:

“ ... Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл авсны дараа хохирогч Х.Э бусадтай харилцах хэл ярианы болон 1 цагаас багагүй хугацаагаар босч явах үйлдэл хийх боломжтой байсан эсэх нь тодорхойгүй байна. Хохирогч Х.Э-ын болон ялтан Н.Б болон түүний эхнэр Л.Г нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээ төрүүлж байна. Шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ "... Өглөө нь эхнэр бид хоёр босоод үхэр малаа саачихаад ороод иртэл орон дээрээ унтаж л байсан. Тэгэхдээ хачин дуугараад хурхираад байгаа юм шиг дуу гаргаад унтаад байсан. Би охинтойгоо төв орж цагаан идээгээ зарчихаад 11, 12 цагийн үед эргээд ирэхэд эхнэр маань Э чинь ерөөсөө босохгүй унтаад байх юм. Яачихваа гэж хэлэнгүүт нь очоод хартал нэг л хачин байсан ... " гэж мэдүүлсэн нь бодит байдал дээр ямар үйл явдал болсон талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагүй байна.

Учир нь Н.Б хэзээ хохирогч Х.Э-ыг зодож эхэлсэн, хэзээ дууссан, тэдний хооронд ямар хэл яриа болсон, хэзээ тэр хоёр "гэрт" буцаж орсон талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, хохирогч Х.Э Н.Б-д зодуулсны дараа гэрээс гарах, гэрт орох чадвар байсан эсэх, Н.Б-ийн гэрт орны байрлал, хэрэг гарах үед хэн хэн хаана унтаж байсан нь тодорхойгүй байгаа болон Н.Б " ... өглөө нь ... үхрээ ... саачихаад ороод иртэл орон дээрээ унтаж л байсан. Тэгэхдээ хачин дуугараад хурхираад байгаа юм шиг дуу гаргаад унтаад байсан ... " гэсэн нь ойлгомжгүй, тэрээр хохирогчийг унтаж байгаа эсэх, ухаангүй байсан эсэхийн аль нь болохыг мэдсэн эсэх нь тогтоогдоогүй, хохирогчийн биеийн байдал "эрүүл" бус байгааг мэдсэн атлаа арга хэмжээ авалгүй улмаар "... төв орж цагаан идээгээ зарчихаад ... очоод хартал нэг хачин байсан" гэж тодорхой бус мэдүүлж байна.

Хавтаст хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлгийн явц байдал, шүүхээс хийсэн дүгнэлттэй харьцуулан дүгнэлт хийхэд "хохирогч Х.Э Н.Б-д зодуулснаас авсан гэмтэлдээ олон хоног ухаангүй байсан, ухаан орсноос хойш олон хоног өвчиндөө өвдөж шаналж зовсон, улмаар хэл ярианы чадавхигүй, эрүүл хүний хийх хөдөлгөөний чадваргүй болсон, хөдөлмөрийн чадваргүй, цаашид амьд явахын тулд бусдын байнгын асаргаа сувилгаанд ороход хүргэсэн гэж үзэхээр байна. Н.Б үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэх боловч гэмт хэргийн улмаас учруулсан эдийн болон эдийн бус хохирлыг төлөх санаачлага гаргаагүй, хохирогчийг асран тэтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлээгүй байхад шүүх түүнд 10 сая төгрөгөөр торгох хөнгөн ял оногдуулсан явдал нь шүүхийн шийтгэх тогтоол, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх шударга ёс алдахад хүргэсэн гэж үзэж байна.

Хохирогчийн бие хамгаалж чадахгүй байсныг далимдуулан олон удаагийн хүч хэрэглэсэн үйлдлээр зодож хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 "хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн"-т, мөн 2.3 "бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн" гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд Н.Б-д холбогдох Булган аймаг дахь сум, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

   шүүгдэгч Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн нутаг Мэнгэт гэх газарт өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Э-ыг “эхнэртэй нь хамт унтлаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “...гавал тархины битүү гэмтэл, зүүн талын зулай ба чамархай ясны хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн өөрийн эхнэр Л.Г-ыг “Э-тай хамт унтлаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, хацар шанаа зүүн доод зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь

хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Х.Э, Л.Г, насанд хүрээгүй гэрч Б.Е, гэрч Д.Ц, Д.Б, Б.М, Л.Г нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Б-гийн мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн 558, 193 дугаартай дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн “...Анхан шатны шүүх Б-гийн санаа сэтгэл нь цочрон давчдаж ийм нөхцөл байдал үүссэн эсэхэд дүгнэлт хийлгүй зөвхөн хүч хэрэглэсэн, заналхийлсэн нотлох баримт алга гэсэн нь өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна ... Шүүхээс гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 137-138-р хуудсан дахь Б-гийн хохирол төлсөн 1.700.000 төгрөгийн баримтыг андуурч хохирогч А-аас гаргасан мэтээр дүгнэснээс хохирол буруу тооцогдсон ... ” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Н.Б нь хохирогч Х.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Н.Б-г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Э-т хохирол төлсөн гэх баримтуудыг хохирогч Х.Э-ын нэхэмжилсэн хохирлын талаарх баримтууд хэмээн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Х.Э-ын гэм хорын хохиролд тооцон нийт 3.861.990 төгрөгийг төлсөн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтаар тооцогдсон хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд түүний өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын “... хохирлыг буруу тооцсон ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Х.А-ын гаргасан давж заалдах гомдлын тухайд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх Н.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг гарахад хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэргийг “Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн” гэдгийг хохирогчийг тохуурхан доромжлох зорилгоор зориуд нэр төр, алдар хүндийг гутаасан шинжтэй үйлдэхийг, харин “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж” гэдгийг “гэмт хэрэг үйлдэх үедээ үүсгэсэн байх”-ыг тус тус ойлгох бөгөөд Н.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нь дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон дээрх гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

Харин анхан шатны шүүх Н.Б-д оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар заагаагүй, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, сар бүр 290.277 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй” гэсэн заалт,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн заалтуудыг тус тус нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 1010460 төгрөг гаргуулж хохирогч ... тоотод оршин суух Б овогт Х-гийн А /РД:ХД81012001/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13448500 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж” гэснийг  “Шүүгдэгч Н.Б нь хохирогч Х.Э-т гэм хорын хохиролд 3.861.990 төгрөг төлсөн болохыг дурьдаж,” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Д-ийн давж заалдах гомдлын “... хохирлыг буруу тооцсон ...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР                           

                              ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН