Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2015/0020

 

Дархан хөвөн ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Х.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ариунболд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Дархан хөвөн ХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан хөвөн ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжийн Нако түлш ХК-д холбогдох хэсэг, Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжийн Эрдэс хөвөн ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрдэс хөвөн ХК нь 19972000 оны хооронд 1.2 га газрыг эзэмшиж ашиглаж байхдаа газрынхаа төлбөрийг нэг ч удаа төлөөгүй ба тухайн үед Сум дундын шүүхийн шийдвэр гарч газрын төлбөр болох 2.062.216 төгрөгийг төлж барагдуулахаар болсон боловч төлөөгүй байна. Эрдэс хөвөн ХК нь нэмж авсан 2 га газраа 2004 оноос хойш тэр огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй ирсэн, төлбөр хийгдээгүй. Тухайн үед энэ газар нь манай кадастрын бүртгэлд бүртгэгдээгүй байсан одоо ч нэгдсэн бүртгэлийн санд ороогүй, 3.2 га газрыг эзэмших талаар холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаж байгаагүй. Аймгийн Засаг даргын 2012 оны 219 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.2 дахь заалтуудыг баримтлан Эрдэс хөвөн ХК нь газрын төлбөрөө барагдуулаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн 3.2 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон. Харин энэ компанийн хувьд Аймгийн Засаг даргын 2012 оны 332 дугаар захирамжаар өөрийнх нь газрын албанд гаргасан хүсэлтийг үндэслэн барилга байгууламж барих зориулалтаар 2,3 га газрыг эзэмшүүлсэн эзэмшлийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгсөн.

Гуравдагч этгээд Нако түлш ХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани 2009 онд газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүсэлт, материалаа бүрдүүлж өгсний дагуу Дархан хөвөн ХК-ийн зүүн талын 1,4 га газрыг олгох тухай аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 тоот захирамж гарч гэрчилгээжүүлснээр хууль ёсны эзэмшигч болсон юм.

Тухайн үед уг газар ашиглагдаагүй, хоосон газар байсан. Хуулийн дагуу газар эзэмших эрхийг авснаарүйлдвэрийн талбай дээр тоног төхөөрөмж суурилуулах, барилга байгууламж барих ажлууд хийгдэж, нийт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон ба 2009 оноос утаагүй түлшний үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Бид хуулийн дагуу газар авсан учраас Дархан хөвөн компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дархан -хөвөн ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжийн Нако түлш ХК-д холбогдох хэсэг, мөн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжийн Эрдэс хөвөн ХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Нако түлш ХК давж заалдах гомдолдоо1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 293 дугаар магадлалд тодорхой зааж үүрэг болгосон асуудлыг шалгаагүй. Тухайлбал,

а) газар олгосон гэх 88 тоот захирамж, түүнд орох иргэд аж ахуйн нэгжийн бүртгэлд Дархан хөвөн (Эрдэс хөвөн) ХК-ийн нэр байхгүй байсан боловч захирамжгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон нөхцөл байдлын талаар ямар дүгнэлт гаргаж байгааг шүүхийн шийдвэрт тусгаагүй. Түүнчлэн,

б) Хариуцагч "Дархан хөвөн" ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зурагт тусгасан газар нь бусад этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, тухайлбал Улсын нөөцийн газрын төмөр зам, Эрэл компанийн төмөр замтай давхцуулан газар эзэмших эрх олгосон нөхцөл байдлыг анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт тусгасан боловч шүүхэд энэ талаар нотлох баримтыг цуглуулж судлаагүй.

в) Шугам сүлжээ бүхий газарт сумын Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэн газар олгож илт хууль бус шийдвэр гаргасан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүйгээр газар олгосон байхад Дархан хөвөн ХК -д 3,2 га газар олгосон шийдвэр /хэрвээ ийм шийдвэр байгаа гэж үзвэл/ хууль ёсны эсэхийг судлаж дүгнэлт хийгээгүй.

Дээрх бүх нөхцөл байдлыг нотлох баримтын үндсэнд судлаж, хууль зүйн үнэлэлт хийгээгүй атлаа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 219 тоот захирамжийг Дархан хөвөн ХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

88 тоот захирамжид Эрдэс хөвөн /Дархан хөвөн/ ХК-ийн нэр байхгүй, захирамжгүйгээр газар олгосон, эсхүл шүүхээс захирамж гарсан гэж дүгнэсэн ч хуульд заасан бүрэн эрхгүй этгээд гаргасан илт хууль бус захирамж байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 тоот захирамж түүнчлэн 219 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

293 тоот магадлалын Хянавал хэсгийн 1-т нэхэмжлэгч компани нь маргаан бүхий захиргааны актын талаар хэдийд мэдсэн тухай нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй байна гэжээ. Шүүх газрын тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг тооцох эрх зүйн ач холбогдолтой энэхүү нөхцөл байдал, түүнчлэн маргаан бүхий захиргааны акт гарахад шууд болон шууд бусаар нөлөөлсөн бусад нөхцөл байдлын талаар нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх 293 тоот магадлалд заасан болон маргаан бүхий захиргааны акт гарахад нөлөөлсөн бусад нөхцөл байдлын талаархи зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримтыг цуглуулаагүй, нэгэнт цуглуулсан нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж, дүгнэж байгааг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

Тухайлбал, 2009 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Нако түлш ХК тус газар дээр үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж бий болгож бүтээн байгуулалт хийж, тасралтгүй үйл ажиллагаа явуулсан нотлох баримт (хөрөнгийн үнэлгээ) хэрэгт авагдсан байгаа нь Дархан хөвөн ХК эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн, мэдэх ёстой байсныг нотлох хангалттай баримт юм. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дархан хөвөн ХК нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдсэн байх ёстой хугацаа, түүний дараа Дархан хөвөн ХК-ийн газрын албанд ирүүлсэн хүсэлт, тайлбар, үйл ажиллагаа, ялангуяа Нако түлш ХК-д олгосон газрын талаар маргахгүй тухай тайлбар өгч тус газар дээр үйлдвэр байгуулж байгаа Нако түлш ХК-ийн зүгээс улам их хөрөнгө оруулалт хийхэд хүргэсэн байгааг нотлох баримтын хувьд үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь алдаатай гэж үзэж байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн эрх зүйн үр дагавар бүхий үйлдэл, тайлбар, үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь анх газар олгох шатанд, түүний ашиглалтын явцад хууль тогтоомж зөрчсөн, Газрын талаар маргаан гаргахгүй тухай хүсэлт газрыг албанд удаа дараа гаргаж байсан, газар эзэмшүүлэх захирамжаа өөрийн хүсэлтээр шинэчлэн гаргуулсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмаар шинэчлэн аваагүй, шинэчлэн авах талаар ямар ч оролдлого хийгээгүй, хоорондоо зөрчилтэй олон янзын тайлбар, шийдвэр гаргаж, удаа дараа газрын хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмших эрхийг шууд цуцлахад хүргэх хэд хэдэн төрлийн зөрчлийг гаргасан Дархан хөвөн ХК-ийн үйл ажиллагааг нь шүүхээс зөвтгөж, газрын төлбөр төлж хуульд заасан үүргээ биелүүлсээр Нако түлш ХК-ийн эрхийг ноцтой зөрчихөд хүргэж байгаа үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 219 тоот захирамжийг хүчингүй болгохдоо нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийн 219 тоот захирамжид хамаарах хэсэгт өөрчлөлт оруулахаар байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор судалж, үнэлээгүй. Тухайлбал хэрэгт авагдсан дараах нотлох баримт нь нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40.1.6-г зөрчсөнийг нотлож байна.

2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт "... Дархан хөвөн ХК яах аргагүй
санхүүгийн бэрхшээлд орсон, .... хуулийн дагуу ажиллагаа 2007 он хүртэл
тасралтгүй явагдаж байсан.... 2012 оны 05 сард компанийнхаа эрхийг аван үйл
ажиллагаа явуулах гэтэл бүх зүйл өөрчлөгдчихсөн байсан..." гэж 2007 оноос
хойш үйл ажиллагаа явуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн.

Хавтас-1, 17-р хуудсанд байгаа Хариуцагчийн Нэхэмжлэгчид явуулж байсан
2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 874 тоот албан бичигт "...танай компани 2004 онд нэмж авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй..." гэж тусгасан бөгөөд Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт мөн дурьдсан.

Шинжээчийн дүгнэлтэд "...Дархан хөвөн ХК нь 2007 онд хийгдсэн кадастрын нэгдсэн зургаас харахад гэрээнд заасан газраа хүндэтгэх шалтгаангүйгээр ашиглаагүй...байдал нь Нако түлш ХК-д газар давхцуулан олгосон үндэслэл болжээ..." гэж дүгнэсэн нь 2007-2009 оны байдлаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохыг нотлож байна.

Хариуцагчийн тайлбар, Газрын албаны баримт бичигт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлийг тус тус үзвэл нэхэмжлэгч өөрийн эзэмшил газрыг барьцаалсан гэрээг газрын албанд бүртгүүлээгүй, 2005 онд байгуулсан Барьцааны гэрээний 1.3-т заасны дагуу барьцааны зүйл, тухайлбал газар эзэмших эрхээ Газрын албаны зөвшөөрөлгүйгээр Капитал банкинд шилжүүлсэн, Дархан хөвөн ХК-
ийн 2009 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт газар нь Капитал банкны эзэмшилд байгаа бөгөөд газрын төлбөрийг Дархан хөвөн ХК хариуцахгүй тухай тайлбарууд нь Дархан хөвөн ХК Газрын тухай хуулийг зөрчиж газрыг 2005 онд банкны эзэмшилд шилжүүлсэн, газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй
болохыг нотлож байна.

Газрын төлбөрт жил бүр 1,8 сая гаруй төгрөг төлөх ёстой боловч 1997 оноос
2009 онд (өнөөдрийг хүртэл) нийт 0,2 сая төгрөг төлж ганц ч удаа Газар
эзэмших гэрээнд заасан улирлын төлбөрийг бүрэн хийгээгүй, газраа хянан
баталгаажуулалтанд хамруулаагүй, түүгээр ч зогсохгүй үйлдвэрийн барилга,
тоног төхөөрмжийг бүрэн тонож, үйлдвэрийн үйл ажиллагаа 2007 оноос
эхлэн бүрэн зогссон нь газраа зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа
явуулаагүй болохыг шууд бусаар нотлон харуулж байгаа юм.

Ийнхүү Дархан хөвөн ХК нь анх 2004 онд газар олгосоноос хойш 2009 он хүртэлх 5 жил гаруй хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, Нако түлш ХК-д газар ашиглах эрхтэй холбоотой ямар ч шаардлага маргаан гаргаагүй бөгөөд 2012 оны 6 сард Нако түлш ХК-тай газрын маргаан гаргахгүй тухай Газрын албанд бичгээр тайлбар өгч байсан, Газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь өмнө дурьдсан нотлох баримтаар нотлогдож байна. Шүүх Дархан Уул аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 тоот захирамжийг хүчингүй болгохдоо газрын төлбөртэй холбоотой хуулийн заалтыг баримтлаагүй байна гэжээ.

Дархан хөвөн ХК нь газрын төлбөр төлөөгүй тухай үйл баримт нь нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнээс гадна Нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт юм.

2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 499 тоот шүүгчийн захирамжаар Дархан хөвөн ХК-ийн төлөгдөөгүй байгаа газрын төлбөрийг төлүүлэхээр Газрын албаны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болохыг дахин нотлох шаардлагагүйгээр
нотолж тогтоосон байна. Мөн газар эзэмших гэрээнд заасан төлбөрийн хэмжээ, түүнээс хойш газрын төлбөр төлсөн хэмжээ, Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг үзэхэд нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүргээ зөрчсөн болох нь хангалттай нотлогдож байна.

219 тоот захирамжийн үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэл болгосоноос гадна, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзолыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж бусад үндэслэлийг заасан. Мөн 219 тоот захирамжийн хавсралт хэсэгт Газрын төлбөр төлөөгүй, Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлийг захирамжид тодорхой тусгасан байна. Газрын тухай хуулийн 40.1.5, эсхүл 40.1.1-р зүйлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаагүй нь 219 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэл болох ёсгүй бөгөөд Газрын төлбөр төлөөгүй, гэрээг ноцтой зөрчсөн тухай захирамжид тодорхой тусгасан нь 219 тоот захирамжийг үндэслэлтэй болгож байгаа бөгөөд тус захирамжид хамаарч байгаа илэрхий тодорхой үйл баримт, түүнээс гадна дээр дурьдсан аль ч үндэслэл, түүний дотор 40.1.6-р зүйлд заасан үндэслэл нь дангаараа газар эзэмших эрхийг хүчингүй болгох хангалттай үндэслэл юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн бүрэн эрхийг нотлох баримтыг бүрэн судлаагүй бөгөөд Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шаардлагатай нотлох баримтыг судлан үзэх шаардлагатай. Нэхэмжлэгч төлөөлөх эрхгүй этгээд болох нь нотлогдсон тохиолдолд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй. Дархан хөвөн ХК нь 2010 оноос хойш хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй тул Компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болсон байна.

ТУЗ-ийн энэ хугацаанд гаргасан бүх шийдвэр, гэрээ, түүний дотор гүйцэтгэх захирал Байгалийг томилсон 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ, Дархан Хөвөн ХК-ийн ТУЗ-аас 2014 оны 04 дүгээр сарын 24-нд дахин Захиргааны хэргийн шүүхэд хандах, Байгальд сануулах арга хэмжээ авах тухай ТУЗ-ын тогтоол нь хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан Байгаль нь нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг барцаалсан гэрээг газрын албанд бүртгүүлээгүй, Газар эзэмших эрх нь зөрчигдсөн тухай өргөдөлийг 2009 онд Нако түлш ХК-д газар олгох, Газар дээр үл хөдлөх хөрөнгө байгуулах үед буюу 2009 онд гаргаагүй, Газар эзэмших эрхийг хүчингүй болсныг мэдэж байсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ажлын 10 хоногт шүүхэд гомдол гаргаагүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг сэргээх асуудлаар ямар ч дүгнэлт хийгээгүй, шийдвэр гаргаагүй атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээр дурьдсанаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн А/29 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Дархан хөвөн ХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжийн Нако түлш ХК-д холбогдох хэсэг, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжийн Эрдэс хөвөн ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

1. Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжаар Нако түлш ХК-д Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр, Өмнөд үйлдвэрийн район, Дархан хөвөн ХК-ийн зүүн талд 14000 мкв газрыг 20 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлжээ.

Харин Эрдэс хөвөн /2007 онд нэрээ Дархан хөвөн ХК гэж өөрчилсөн/ ХК нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 1997 оны 222 дугаар захирамжийг үндэслэн Дархан сумын үйлдвэрлэлийн районд 1,2 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээ, 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Дархан сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтантай байгуулсан газар эзэмших гэрээний дагуу 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2008 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эзэмших эрхтэй болсон байна.

Улмаар ДарханУул аймгийн Дархан сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 080100053 дугаар бүхий 32716,76 мкв газрыг 20 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт гуравдагч этгээд Нако түлш ХК-д 14000 мкв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, хэдийгээр хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2004 оны 88 дугаар захирамжид нэхэмжлэгчийн нэр тусгагдаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчид газар нэмэгдүүлэн олгоогүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь хуулийн дагуу 32716,76 мкв газар эзэмших эрхтэй байсан болох нь эрх бүхий захиргааны байгууллагаас Эрдэс хөвөн ХК-д олгосон 080100053 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, уг гэрчилгээг үндэслэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээр, харин уг эзэмших эрх бүхий 3,27 га газрын 1,05 га газрыг давхардуулан Нако түлш ХК-д эзэмшүүлсэн нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнээс гадна Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн 32716,76 мкв газрыг хүчингүй болгосон байх ба үүгээр 2009 онд Нако түлш ХК-д 1,4 га газрыг газар эзэмшүүлэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр байсан болох нь давхар тогтоогдож байна.

Иймээс анхан шатны шүүхээс маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаар захирамжаар Нако түлш ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2. Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь заалтыг үндэслэн Эрдэс хөвөн ХХК-ийн 32716 мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба хариуцагчаас газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж захирамжийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байх бөгөөд уг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд захиргааны байгууллага тухайн үндэслэлийг хянан шалгаж, тогтоосон байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь эзэмших эрх бүхий 3,27 га газартаа компанийнхаа конторын барилга, аж ахуйн хашааны хамт ашиглаж байсан байхад газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй, түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг газраа ашиглаагүй гэдгийг хэрхэн шалгаж тогтоосон нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй, харин түүний эзэмшил газраас 1,05 га газрыг 3 жилийн өмнө хууль бусаар Нако түлш ХК-д давхардуулан олгосон нь дээрх байдлаар тогтоогдсон байна.

Мөн хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нэг нөхцөлийг үндэслэн захиргааны акт гаргасан атлаа уг актын үндэслэлийг мөн хуулийн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж үндэслэл нэмэгдүүлэн тайлбарлаж байгаа нь захиргааны актын агуулга тодорхой байх материаллаг эрх зүйн шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага албан тушаалтан баримтад тулгуурлан хуульд нийцүүлэн захиргааны актыг гаргах ёстой.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх учир дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдийн нэхэмжлэгч нь маргаан бүхий аймгийн Засаг даргын 2012 оны 219 дүгээр захирамжийг мэдсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 874 тоот албан бичгээр маргаан бүхий асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэх хариуг авснаас хойш 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандсан буюу хуульд заасан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлангуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН