Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0401

 

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “Э” ХХК.

          Хариуцагч: НМХГ.

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т.

          Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Б.

          Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Э.

         Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Тын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0066529, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Бий 0176773, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Эийн 0140915 тоот шийтгэлийн хуудаснуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч К.С, хариуцагч Ө.Б, Б.Т, Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Днар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  даргын 2019.02.01-ний өдрийн 02-01/59 тоот “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, ААН, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Э” ХХК- ны уурын зуухны үйл ажиллагаанд 2019.02.26-ны өдөр шалгалт хийжээ.

         Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  даргын 2019.02.01-ний өдрийн 02-01/59 тоот удирдамжийн зорилгод: “...зохих хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль сахин мөрдөлт болон эрсдэлийг тодорхойлж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахад шалгалтын зорилго оршино”. Мөн удирдамжийн 8.2-т: “Хяналт шалгалтын дүнг шалгуулагчид танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллана” гэжээ.

         Гэтэл “Э” ХХК-ны уурын зуухны үйл ажиллагааг шалгасан БОХУ-ын байцаагч Ө.Б, ХХУ-ын байцаагч Н. Э, ЭХХУ-ын байцаагч Б. Т нар улсад татвар төлөгч субьектэд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч хамтран ажиллахын оронд улсын байцаагч тус бүр шууд л зөрчлийн хэрэг үүсгэн, нэг дор гурван торгууль оногдуулан дээрх удирдамжийн зорилгын ач холбогдлыг алдагдуулжээ. Дээрх удирдамжийн 8-д "Шалгалтын дүнг танилцуулах”-д 8.2-т:         “Хяналт шалгалтын дүнг шалгуулагчид танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг ч, биелэлтэд хяналт тавьж ажиллана” гэжээ. Зүй нь шалгалтын хэсэг “Э” ХХК-ны уурын зуухны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтээ нэгтгэж, нэгдсэн  зөвлөгөө аргачлал өгөх ёстой байжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

        Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би жишээ татаж тайлбар хийе. Нийслэлийн Дулаан, шугам сүлжээний газар 1974 онд дулааны шугам сүлжээнд жижиг засвар хийхээр тухайн жилийн битүүний өдөр гадаа хасах 34 градусын хүйтэнтэй байхад 9 дүгээр магистриал шугамыг хааснаас болж дэвшил сангийн аж ахуйг бүхэлд нь хөлдөөж, улсад 700 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнээс сургамж болгон  дагуу жил бүрийн 8 дугаар сард Эрчим хүчний яамны сайдын тушаал гардаг. Жишээ болгож Эрчим хүчний сайдын нэг тушаалыг уншиж танилцуулав. Үүнээс харахад гадна агаарын температур буурч, өвлийн ачаалалд шилжихтэй холбогдуулан сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүй байх, огтлогоо авахгүй байхыг шаарддаг байна.

      Гэтэл шалгалт хийх үе буюу 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр олон жилийн дунджаас 2.5-4.5 дахин хүйтэн байх үед зуух хэвийн ажиллаж байсан ч зуух тэр үед намар, өвлийн турш ажилласан байсан.

        Зуухны температур 900-1200 градусын халуунтай, дулаан ураас гарч буй температур нь 140 градус орчим халуунтай байдаг. Ийм халуунтай байхад засвар хийх боломжгүй, заавал зогсоох шаардлагатай байдаг. Бид зууханд ноцтой биш ч завсар хийх шаардлагатайг мэдэж байсан. Хэрвээ зогсоосон бол зарим албан байгууллагууд хөлдөх аюул учрахаар байсан. Бид сайдын тушаалд заасан 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүлээж байсан.

         Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх байх гэж хүлээж байсан боловч зөвлөгөө, илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөлгүйгээр шийтгэл оногдуулан санхүүгийн хүнд байдалд оруулан торгосныг хүлээн зөвшөөрөхгүй

       2015 оны оноос хойш дулааны үнийг нэмээгүй энэ үед 5 сая төгрөгөөр торгох нь бидний бүтэн жилийн ашгаас илүү гарч, хүндрэл үүсээд байна. Манай компанийн хэрэглэгч нарын хувьд гэр хорооллын 2 цэцэрлэг нийлээд 600 гаруй хүүхэд, 2 сургуулийн нийлээд 2000 гаруй хүүхэд сурч байх үед дулаан таслах боломжгүй байсан юм” гэв.

        Улсын байцаагч Н.Эийн 300,000, Улсын байцаагч Ө.Бий 500,000 төгрөгийн торгуулийг төлсөн. Б.Т байцаагчтай уулзаад дулаан ороогүй байгаа тул засвар хийх боломжгүй байгаагаа хэлсэн. Б.Т байцаагчийн шийтгэлийн хуудастай зөрчил шалган шийдвэрлэх хэрэг ажиллагаанд явж байх үед Зөрчил хянан шалгах хэлтсийн прокурор н.Уртнасантай уулзахад нэг удирдамжаар шалгаж байгаа байцаагч нар нэг багц арга хэмжээ авах ёстой. Б.Т байцаагч гурав дахь удаагаа дахин арга хэмжээ авч болохгүй гэж надад хэлсэн.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.С шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлт болон тайлбартаа: “Тус шүүхэд “Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлээс БОХУБ Ө.Бий тавьсан 500,000 төгрөг, ХХУБ Н.Эийн ногдуулсан 300,000 төгрөгийн торгуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.

        Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/59 тоот Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Э" ХХК-ийн уурын зуухны үйл ажиллагаанд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шалгалт хийжээ.

         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/59 тоот удирдамжийн зорилго нь зохих хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль сахин мөрдөлт/ болон эрсдэлийг тодорхойлж, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах. Мөн удирдамжийн 8.2-т “Хяналт шалгалтын дүнг шалгуулагчид танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч биелэлтэд хяналт тавьж ажиллана” гэжээ.

         Гэтэл “Э” ХХК-ийн уурын зуухны үйл ажиллагааг шалгасан Эрчим хүч хяналтын улсын байцаагч Б Т улсад татвар төлөгч субъектэд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч хамтран ажиллахын оронд шууд л зөрчлийн хэрэг үүсгэн, торгууль оногдуулан дээрх удирдамжийн зорилгын ач холбогдлыг алдагдуулжээ.

     Дээрх удирдамжийн 8-д “Шалгалтын дүнг танилцуулах: “Хяналт шалгалтын дүнг шалгуулагчид танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллана" гэжээ. Зүй нь шалгалтын хэсэг “Э” ХХК-ийн уурын зуухны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтээ нэгтгэж, нэгдсэн зөвлөгөө аргачлал өгөх ёстой байжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн “Агаар бохирдуулагч томоохон үүсвэр ашиглагч иргэн, ААНБ-д хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “Э” ХХК-д 2019.02.26-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар Эрчим хүчний хяналтын улсын Б.Тын Зөрчлийн тухай хуулийн 12.8.5-д оногдуулсан 0066529 тоот шийтгэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Бий Зөрчлийн тухай хуулийн 7.1.1 -д зааснаар оногдуулсан 0176773 тоот шийтгэлийн хуудас, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Эийн Зөрчлийн тухай хуулийн 10.15-д зааснаар оногдуулсан 0140915 тоот шийтгэлийн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

      Нэхэмжлэлд дурьдсан шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

      Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” ийн 9.3.1-д хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих” гэж заасан эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

       Хяналт шалгалтыг явуулахдаа мөн хуулийн 5.1-д /Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна/ гэсэн заалт, 5.2-д Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана.

5.2.1. он.сар. өдөр, удирдамжийн нэгдсэн дугаар

   5.2.2. Шалгалтын зорилго, үндэслэл

  1. Шалгалтын төрөл, арга, хэлбэр
  2. Шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр
  3. Шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч
  4. Шалгалтын эхлэх болон дуусах хугацаа
  5. Өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл

Мөн  МХЕГ-ын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын Б норматив-д

    1.Удирдамж баталсан албан тушаалтны нэр, гарын үсэг, албан тушаал

    2.Хяналт шалгалт хийх чиглэл, хамрах хүрээ

    3.Хяналтын хуудасны нэр

4.Шалгалтын дүнг хэнд, хэзээ, хэрхэн танилцуулах талаар тусгана.

    5.Удирдамжийн хугацааг сунгах, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тухай тэмдэглэгээ аар заасан байна.

Түүнчлэн “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 109.12-д “хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ноогдуулах”, Зөрчлийн тухай “ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д, захиргааны хэм хэмжээний акгыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан, эс үйлдэхүйг ЗӨРЧИЛ гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэдийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл ноогдуулна” гэж заасан байна. Дээрх байдлаас үзэхэд:

 Нэг.Хяналт шалгалт хийх эрх зүйн үндэслэл болсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, ААНБ- т шалгалт хийх тухай” удирдамж нь хууль , захиргааны хэм хэмжээ тогтоосон актын агыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Хоёр.Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнаас “Э” ХХК-д ,тын чиглэл тус бүрээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Гурав.“Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 5.4-д” Хяналт шалгалтыг холбогдох лын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсний удирдамжид шийтгэл оногдуулах тухай заалт оруулах шаардлагагүй болно.

Дөрөв. Хяналт шалгалтын удирдамжид зааснаар улсын байцаагч Б.Т, Ө.Б, Н.Э нарын нэр заагдсан хяналт шалгалт явуулах эрх үүссэн байх ба ажлын байрны “тодорхойлолтод заасан тус бүрийн чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна.Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу улсын байцаагч нар нь хуульд заасны дагуу хууль тогтоомж болон  нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих үүрэгтэй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг заавал удирдамжийн дагуу хийдэг,  Удирдамжийг манай газрын дарга өөрөө баталсан. Мөн удирдамжид ямар зүйл багтах талаар зохицуулснаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 207 тоот тушаалаар байгууллагын удирдамжийн стандартыг тодорхой тогтоож өгсөн, 2017 оны А/47 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон. Манай хяналт шалгалт хийх удирдамж нь дээрх хууль эрх зүйн актуудад нийцсэн.

Шалгалт хийх удирдамжид заасны дагуу дээрх гурван байцаагч нь эрсдэлийг тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөгүй гэсэн байна. Бид хяналт шалгалтын явцад арга зүйн зөвлөгөөг өгдөг тогтсон практиктай. Тодорхой, хууль, тогтоомж зөрсөн актууд дээр хугацаатай үүрэг даалгавар өгдөг. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг үйлчилж эхэлсэнтэй холбогдуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүхий л ажиллагаа прокурорын хяналт дор явагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. “Э” ХХК-ийн захирал нь гаргасан зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн, Зөрчлүүд бүгд ил тодорхой байсан учраас хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгасан. Мөн хуулийн 7.4-т заасны дагуу зөрчлийн үүрэг даалгаврыг арилгуулахаар албан даалгавар өгсөн. Иймээс эдгээр гурван байцаагч нарын хийсэн хяналт шалгалт хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Эдгээр байцаагч нар маань бүгд бие даасан чиг үүрэг, бүхий байцаагч нар нэг нь хөдөлмөр, эрчим хүч, байгаль орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлсэн. Тэрнээс нэг зөрчилд гурван талаас нь шийтгэл оногдуулаагүй. Иймд байцаагч нарын авсан арга хэмжээг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Т би Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/59 тоот “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа эрхлэгч “Э” ХХК-ийн зуухны үйл ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Б, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Э нартай хамтарсан хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар “Э” ХХК-ийн зуух нь үнс барих системийн их бие цоорч орчноо бохирдуулсан нь “Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дүрэм”-ийн 3.4.1 дэх /Хатуу түлшээр ажилладаг зуухны газрын үнс шаарга зайлуулах системийн үйл ажиллагаа нь үнс шааргыг тасралтгүй найдвартай зайлуулахын зэрэгцээ, ашиглалт, үйлчилгээний ажилтнуудын аюулгүй ажиллагааг бүрдүүлэх ба орчныг бохирдолт, тоосролтоос хамгаалах шаардлагыг хангасан байх ёстой./

Химийн ус бэлтгэлийн төхөөрөмж байхгүй нь “Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дурэм"-ийн 3.5.2 дахь /Зуухны усыг түүнд орохоос өмне буюу тогоон дотор нь цэвэрлэж боловсруулах төхөөрөмж тавиагүй нөхцөлд уурын ба ус халаах зуухыг ашиглахыг хоргилно./

Хянах хэмжих хэрэгслийн баталгаажилт байхгүй байгаа нь “0.07 МПа/0.7,кгх/см/- аас бага даралттай уурын зуух ба 388К /115С/-ээс доош температуртай ус халаах зуухыг /ус халаагуурыг/ төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.12 дахь /Манометрт 12 сард нэгээс доошгүй шалгалт хийж лац тэмдэг тавьсан байна, Түүнээс гадна байгууллага, аж ахуйн нэгж нь ажлын манометрийг түүнтэй ижил нарийвчлалтай шалгалтын буюу ажпын манометртэй жишиж дүнг хэмжүүрийн шалгалтын журнал (тэмдэглэлийн дэвтэр) дээр тэмдэглэсэн байвал зохино./ заалтуудыг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн.

Тус зөрчил нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь /хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага,  тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх/ заалтыг хангахгүй байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь /Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, стандарт, дүрэм, журам, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолыг зөрчсөн/ хэсэгт заасны дагуу 5000 нэгжийн торгуулийн шийтгэл оногдуулж ажилласан.

“Э” ХХК-ийн захирал Б.Бод 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр №0219/5374 дугаартай баталгаат гардуулалтын хуудсаар шийтгэлийн хуудсыг хүргүүлсэн болно.

Зөрчлийн хэргийн материалыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.У 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянаж баталгаажуулсан болно” гэжээ.

Хариуцагч Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төлөвлөгөөт шалгалт хийх явцад “Э” ХХК нь “Ус халаагуурыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах” тухай дүрмийн 5.4.12, “Дулаацуулгын зуухны техник ашиглалтын”дүрмийн 3.4.1-т заасан зөрчлүүд илэрсэн.

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг, нээж холбогдогч мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад уурын зууханд холбогдох бичиг баримтын бүрдэл дутуу, химийн ус зөөлрүүлэх төхөөрөмж байхгүй, үнс барих системгүй  байсан тул Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шийтгэл оногдуулсан. Зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулах шаардлагагүй, шийтгэлийн хуудсыг хүлээн авалгүй явсан тул баталгаат гардуулалтын хуудсаар шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн байгаа.

Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх” гэж заасан байдаг. Дээрх заалтад дурдагдсан дүрэмд Ус халаагуурыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах, Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дүрмүүд хамаарч байгаа. “Э” ХХК нь дүрмийг зөрчин үнс барих, ус зөөлрүүлэх систем буюу зэврэлтээс хамгаалах тоног төхөөрөмжтэй байх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн” гэв.

Хариуцагч Н.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Э би 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02- 01/59 тоот “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18-р хороонд үйл ажиллагаа эрхлэгч “Э” ХХК-ийн зуухны үйл ажиллагаа Аж ахуйн нэгжид хамтарсан хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар “Э” ХХК-ийн захирал Б.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдлын батлагдсан төлөвлөгөөний дагуу хийвэл зохих ажлыг бүрэн хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг сахин хангуулах үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан тул шийтгэл оногдуулсан. Миний шийтгэлийн хуудсыг прокурор хянаж баталгаажуулсан. Надад холбогдох асуудал шийдэгдсэн гэж үзэж байгаа” гэв.

Хариуцагч Ө.Б шүүх уралдаан дээр гаргасан тайлбатраа: “Миний бие 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Э” ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 59 дүгээр удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар гомдол гаргагч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж, ажиллаагүй зөрчил илэрсэн. “Э” ХХК-ийн захирал Б.Б нь  гаргасан зөрчил тодорхой, зөрчлөө хүлээн зөвшөөрч, нэмж баримт цуглуулах шаардлагагүй гэсэн тул 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 504 тоот өрөөнд холбогдогчийн мэдүүлэг авахад гаргасан зөрчилөө хүлээн зөвшөөрсөн тул Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу 500,000 төгрөгийн торгуул ногдуулсан. Захирал Б.Б нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийн баримтаа ирүүлсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материалыг прокурор хянасан” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Тын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0066529, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Бий 0176773, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Эийн 0140915 тоот шийтгэлийн хуудаснуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Бий 0176773, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Эийн 0140915 тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Тын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0066529 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэв.

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/59 дугаар “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч “Э” ХХК-ийн зуухны үйл ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шалгалт явуулж илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулсан эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй.

          Учир нь тус компанийн дулаан үйлдвэрлэх зуух нь үнс барих системийн их бие цоорч орчноо бохирдуулсан, химийн ус бэлтгэх төхөөрөмж байхгүй, хянах хэмжих хэрэгслийн баталгаажилтгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх.”, Түлш эрчим хүчний яамны сайдын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаалаар батлагдсан “Дулаацуулгын зуухны техник ашиглалтын дүрэм”-ийн 3.4.1-д “Хатуу түлшээр ажилладаг зуухны газрын үнс шаарга зайлуулах системийн үйл ажиллагаа нь үнс шааргыг тасралтгүй найдвартай зайлуулахын зэрэгцээ ашиглалт, үйлчилгээний ажилтнуудын аюулгүй ажиллагааг бүрдүүлэх ба орчныг бохирдолт тоосролтоос хамгаалах шаардлагыг хангасан байх.”, 3.5.2-т “Зуухны усыг түүнд орохоос өмнө буюу тогоон дотор нь цэвэрлэж боловсруулах төхөөрөмж тавиагүй нөхцөлд уурын ба ус халаах зуухыг ашиглахыг хориглоно.” гэсэнтэй нийцсэн гэж дүгнэв.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Э” ХХК хууль, дүрэм журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулаагүй болох нь эрх бүхий захиргааны байгууллагын шалгалтын явцад илэрсэн бөгөөд энэхүү илэрсэн зөрчилд  нь холбогдох хуулийн хүрээнд хариуцлага ногдуулсныг буруутгахааргүй байна.

          Тодруулбал нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг,....дулаан хангамжийн дүрэм,...засвар ашиглалт, аюулгүй ажиллагааны норм стандарт зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжийн торгуулийн шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

          Нөгөө талаар хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийх удирдамжийн зорилгын ач холбогдлыг алдагдуулж, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг артщилгуулан хамтран ажиллахын оронд шууд торгож байгаа нь хууль бус гэх нэхэмжлэгч,  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

          Иймд нэхэмжлэгч Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Бий 0176773, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Эийн 0140915 тоот шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Тын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0066529 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ө.Бий 0176773, Хөдөлмөр хамгааллын улсын байцаагч Н.Эийн 0140915 тоот шийтгэлийн хуудаснуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5, Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Тын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0066529 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай.

          4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР