Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/946

 

 

 

 

 

 

 

 

   2020           10           28                                    2020/ШЦТ/946

 

 

 

                              

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч П.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас П.Н-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005014991468 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамжны ...  тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 76а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 4 сар 12 хоногийн баривчлах ялаар,

Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай  2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн  Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан төлөгдөөгүй үлдсэн 200.000 төгрөгийн торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 төгрөгийг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 648.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд багтаан 648.000 төгрөгөөр тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүрэн биелүүлж дуусгасан, П.Н-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Н- нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 11-12 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СВД-3 байрны 18 тоотод оршин суух иргэн Ц.Дашдоржийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Дашдоржоос гэрээсээ явахыг шаардсаны хариуд маргаан үүсгэн нүүрэн тус газар нь  гараараа цохих, өшиглөх, гэдэс бие рүү нь өшиглөх, хоолойг нь боох зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн хоншоорын хөндийн урд хана, дотор хана, гадна хана олон тооны ясны хэлтэрхийнүүдтэй цөмөрч бяцарсан, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана зөрүүтэй нийлмэл хугарал, тархи доргилт, дух, нүүр, эрүү, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн зовхинд зулгаралт, баруун нүдний дотор булан, хэвлий, зүүн бугалгад цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.Н- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч П.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 1 дүгээр хавтас 9-11 дүгээр хуудас/

 

Хохирогч Ц.Дашдоржийн “... 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө 09 цагт гэрээсээ гарч Төв шуудангийн хойд талд байрлах Төрийн банкны төв салбараас захиалсан картаа авчихаад эргээд Саппоро орж үсээ засуулаад 1 шил 0,75 литрийн  Цагаан нэртэй архи аваад 12 цаг болж байхад гэртээ ирсэн. Би архиа гаргаж ширээн дээр тавьчихаад 1 давхарт 6 тоотод амьдардаг Болдоогийн гэрт ортол Наранбат, Болдоо, Бямбаа гурав дуусч байгаа шахуу архи тавьчихсан сууж байсан. Надад архинаасаа нэг хийж  өгөхөөр нь уугаагүй. Тэгээд би Болдоо, Бямбаа хоёрт би нэг шил архи авчирсан, манай гэрт орж миний хоёр найз ууя гэж хэлсэн. Тэгтэл Болдоо маргааш ажилтай би уухгүй гэж хэлсэн. 1 давхарт амьдардаг Бямбаа тэгье гэсэн. Тэгээд би эргээд гарах гэтэл Наранбат дээрэнгүй шинжтэй би орж болох юм уу гэхээр нь би өөрөө мэдэхгүй юу гэж хэлчихээд Бямбаа бид хоёр манай гэрт орсон. Архиа задлаад Бямбаа болон би нэг хундага уусан. Ингээд сууж байтал Наранбат ороод ирсэн. Тэгтэл Бямбаа би энэ хүнтэй уухгүй, ер нь одоо болсон гээд гараад явсан. Энэ үед эхнэр Амаржаргал босч ирээд Наранбатыг гэрээс яв гэж хөөхөд дуугүй сууж байсан. Тэгэхээр нь би Наранбатыг сууж бай  яахав эртээд уучлалт гуйсан гэж хэлтэл Амаржаргал түүнд уурласан уу гэрээс гараад явсан. Наранбатад архи хийж өгтөл уухгүй аргалаад өнгөрөөд байсан. Би өөрөө архи уусан. Архи талдаа ороогүй байхад Наранбатыг гаргах гээд татахад унтсан болоод зүүрмэглэж байгаа дүр эсгэсэн. Тэгтэл Наранбат өөдөөс харж сууж байснаа гэнэт босч ирээд цамцны захаар багалзуур шахаад зүүн талын шанаа руу өмсөж явсан орос хромон гутлаараа өшиглөсөн. Энэ үед би баруун гар талын тавиурыг баруун талаараа өшиглөсөн. Дараа нь дахин гутлынхаа өсгийгөөр урдаас эгч хамар, уруул, баруун нүд рүү өшиглөсөн. Энэ үед хоолой боосон гараа тавьсан. Тэгээд дараа нь дахин гэдэс рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн. Ингээд би ухаан алдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 31-34 дүгээр хуудас/

“... Манай гэрт Наранбат бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Наранбатыг гэрт орж ирэх үед эхнэр Амаржаргал гар гээд уурлахаар нь би яах гэсэн юм бэ гэсэн чинь Амаржаргал уурлаад тогны мөнгөө тушаана гээд гараад явсан байхад намайг зодсон. Ер нь бол манай гэрт тэр болгон орж ирээд байдаггүй. Эхнэр дургүй учир оруулаад байдаггүй. Намайг залуу эхнэртэй хөгшин хүн учир эхнэрийг маань элэг барьж дээрэлхэх гээд байдаг байдал гаргаад байдаг учир Наранбаттай тэр болгон харьцаад байдаггүй. Яахав нэг байранд байдаг учир мэндийн зөрүүтэй өнгөрч байсан. Урьд нь манай гэрт хоёр  удаа орж ирээд агсам тавих байдал гаргаж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 35-37 дугаар хуудас/

“... Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Миний хохирлыг барагдуулчих юм бол би бас уг асуудлыг шийдвэрлүүлчих боломжтой гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 38-40 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Амаржаргалын “2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн үед манай байрны 1 дүгээр давхарт амьдардаг нөхрийн найз Бямбаа гэх залуу манайд орж ирээд бид гурав архи уусан. Тэгээд 14 цагийн үед би ажил руугаа яваад буцаад 14 цаг 45 минутад ирэхэд манай нөхөр У.Дашдоржийн эрүү хэсэг нь хавдсан, хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд би 102 дугаар луу өөрөө дуудлага өгсөн. Манай байрны 3 дугаар давхарт амьдардаг Наранбат гэх залуу зодсон гэж манай нөхөр хэлсэн. Өмнө нь манай нөхрийг удаа дараа заналхийлж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 1 дүгээр хавтас 41 дүгээр хуудас/

“... Дашдоржийн нүүр нь  хавдаад фудволка нь цус болоод хоолойг нь боосон шинжтэй улаасан байдалтай буйдан дээрээ сууж байсан. ...”  гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/

 

Гэрч П.Бямбасүрэнгийн “... Тэгээд Дашдоржийн гэрт ороод байж байтал араас Наранбат ороод ирсэн. Би Дашдоржийн гэрт ороод яасан Дашка гэсэн чинь зүгээр, зүгээр чамтай харин жоохон юм ярьж суудаг юм билүү гээд ширээн дээрээ 0,75 граммын шилтэй архи задлаагүй, шинээр нь тавьсан байсныг харин үүнийг уух гээд гэхээр нь би өө завгүй, эхнэр хүлээж байгаа завгүй гэж хэлээд би гэрээс нь гарсан. Дашдоржийн гэрт Наранбат, Дашдорж хоёр үлдсэн. Тэгээд би Дашдоржийн гэрээс гарч ирээд эхнэрээ дагуулаад эмнэлэг явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 56-58 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4974 дугаартай:

“1. Ц.Дашдоржийн биед зүүн хоншоорын хөндийн урд хана, гадна хана олон тооны ясны сэлтэрхийнүүдтэй цөмөрч бяцарсан, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана зөрүүтэй нийлмэл хугарал, тархи доргилт, дух, нүүр, эрүү, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн доод зовхинд зулгаралт, баруун нүдний дотор булан, хэвлий, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №727 дугаартай:

“1. Ц.Дашдорж нь 2020.05.01-ний өдөр ГССҮТ-д шанааны нумны хугарлыг эвлүүлж гайморын хөндийн баруун талын өмнөд гадаргууг сэргээх, баруун нүдний ухархайн урд ирмэг, ухархайн доод ханын цөмөрсөн хугарлыг эвлүүлэх, титан тороор нөхөх мэс ажилбар хийлгэсэн байна.

2.3 Хийлгэсэн мэс ажилбар нь урьд гаргасан №4974 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно. Ц.Дашдоржийн биед тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ц.Дашдоржийн биед зүүн хоншоорын хөндийн урд хана, дотор хана, гадна хана олон тооны ясны сэлтэрхийнүүдтэй цөмөрч бяцарсан, зүүн нүдний ухархайн доод хана, гадна хана зөрүүтэй нийлмэл хугарал, тархи доргилт, дух, нүүр, эрүү, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн доод зовхинд зулгаралт, баруун нүдний дотор булан, хэвлий, зүүн бугалгад цус хуралт, шанаа, хоншоорын хөндий, ухархайн хананы хугарал эвлүүлэх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.

5. ГССҮТөв болон Орбита эмнэлгийн нүдний эмчийн үзлэгээр Ц.Дашдоржийн нүдний хараанд гэмтэлтэй холбоотой өөрчлөлт тогтоогдоогүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 75-76 дугаар хуудас/

 

Шинжээч О.Оюунбаясгалангийн “2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №727 дугаартай дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн  3 ширхэг компакт диск гавал тархины КТГ-р дүгнэлтийг гаргахдаа бороолсон зүүн 6 дугаар хавирга далны шугам нь бороолохдоо 20-90 хоногийн хугацаанд явагддаг ба бүрэн эдгэрэл нь 2 жилийн хугацаанд явагддаг. Ингэхээр дээрхи хугацаанд уг гэмтэл үүссэн гэж үзнэ. Хамар ясны хуучин хугарал нь мөн бороолсон байх ба таславч мурийлт удаан хугацааны  явцад үрэвсэл үүссэнээс таславч цоордог. Ингэхээр уг үзүүлэгчийн дээрхи гэмтэл нь архаг явцтай байсан нь харагдана. Хамрын яс нүдний ухархайн хугаралд хаван хавдар үүсэхээс гадна  ясны хөндийнүүдэд цус хурдаг. Уг гэмтэлд тухайн үед ийм өөрчлөлтүүд байгаагүй. Гайморовын хөндийн цустай хэсэг гэдэг нь хацар, хоншоор ясны хугаралтай холбоотой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 82-83 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний 21486 дугаартай түүхийн хуулбар. /хэргийн 1 дүгээр хавтас 93-103 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1014 дугаартай:

“1. Урьд гарсан шүүх эмнэлгийн 4978 тоот, нэмэлт материалаар гаргасан 727 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 111-116 дугаар хуудас/

 

П.Н-ын яллагдагчаар өгсөн “... Би Ц.Дашдоржийн нүүр лүү нь баруун гараараа дараалаад 2 удаа цохисон. Би Ц.Дашдоржийн биед учруулсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаас гадна тухайн хүнээс уучлалт гуйсан. Удахгүй ажил хийж байгаад эмчилгээний зардлыг 100 хувь төлж барагдуулж ямар нэгэн хохирол гомдолгүй болгож өгнө. Би хийсэн  хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 124-126 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч П.Н-ад гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Н- нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 11-12 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СВД-3 байрны 18 тоотод оршин суух иргэн Ц.Дашдоржийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Дашдоржоос гэрээсээ явахыг шаардсаны хариуд маргаан үүсгэн зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Дашдорж нь “П.Н-аас 850.000 төгрөгийг авлаа. Гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болно.

 

Шүүх, шүүгдэгч П.Н-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Н-ыг оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Н- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, П.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ