| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0193/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2059 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2059
2020 12 16 2020/ШЦТ/2059
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан /ҮД:0726/,
Хохирогч, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А, Б.Б нарт холбогдох 2006 00000 2624 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой түлш” ХК-д оёдолчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 72 дугаар гудамжны 44 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, 72 дугаар гудамжны 36 тоотод түр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, Оожуу овогт Эын А /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Бугат суманд 1982 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, “Таван толгой түлш” ХК-д поны оператор ажилтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн 1 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Түмэннаст хотхоны 36-Б байрны 215 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар нийт 20 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, 2015 оны өршөөлийн хуулиар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Хар бүргэд овогт Бын Б /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А, Б.Б нар нь зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Аын хохирогчоор өгсөн: “Би хамартаа гэмтэл авсан. Үүдэн 4 шүд унасан. Миний 1 шүд нь хиймэл байсан. Шүдний эмнэлэгт оруулаад үзүүлэхэд хэдэн сарын дараа хийнэ гэж хэлсэн. Би бүхэл бүтэн эрхтнээ унагаачихсан, залуу хүнд салж наалддаг зүйл хэрэггүй гээд шүдний хэвээ өгсөн. Корона гээд бүх газар хаасан байна. Шүдэнд хийх эмчилгээний зардал 2.200.000, хамар 1.200.000 хавьцаа төгрөг болсон. Одоогоор эмчлүүлсэн зүйл байхгүй. Хамраа тэгшлүүлсэн. Шүд хийхэд бэлэн болсон. Хамрын хагалгаанд орох гэтэл шүд хамрын хагалгаа хамт хийнэ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бын хохирогчоор өгсөн: “Миний хамар болон зүүн гарын ядам хуруу гэмтсэн. Бид 2 харилцан зодолдох үед үүссэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын хохирогчоор өгсөн: “... Б “пизда минь, чи намайг хулгайч гэлээ” гээд баруун гараараа миний уруул хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Дараа нь заамдаж аваад шууд шүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь би 2-3 удаа гэдэс рүү нь цохисон. Тэгээд тэр үед Бын эхнэр ирээд миний гарыг бариад “боль чи rap” гээд гараас бариад байсан, тэр үед Б миний нүүр лүү цохиод дахиад шүд рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын хохирогчоор өгсөн: “... Миний хамрыг А нь гараараа 2-3 удаа тонгойлгож байгаад цохисон. Үүнээс болж хамар дотогш цөмөрч, 2 нүд маань хөхөрч, толгой маань өвчтэй болсон. Мөн миний зүүн гарын ядам хурууны дээд үеийн шөрмөс тасарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.33-34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын гэрчээр өгсөн: “... намайг “чи авчихсан байна пизда минь” гээд удаа дараа элэгдэж бас шанаадаж намайг зодоод, тэгээд би харилцан зодолдож түүний нүүр хэсэг рүү мөргөж тэгээд барьцалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.39-40/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10447 дугаартай:
“1. Э.Аын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, духны арьсны зулгаралт, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, дээд эрүүний зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.45-46/,
Батлан Хамгаалахын Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн шинжээч эмч Д.Мөнх-Оргилын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай:
“1. Б.Бын биед тархины доргилт, хамрын яс, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн сарвууны 4-р хурууны шөрмөсний урагдал, зулайн хуйх, зүүн гарын ядам хуруу, зүүн тохойн зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхи, хүзүүний урд хэсэг, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Б.Бын биед учирсан тархины доргилт, хамрын яс, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын ясны далд хугарал, зүүн сарвууны 4-р хурууны шөрмөсний урагдал, баруун зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Б.Бын биед учирсан зулайн хуйх, зүүн гарын ядам хуруу, зүүн тохойн зулгаралт, хүзүүний урд хэсэг, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.50-51/,
Эмчилгээний зардлын баримтууд /хх.8,11-25/,
Хувийн байдлын талаарх баримтууд /64-65, шинээр гаргасан 8 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.А, Б.Б нар нь зодолдож харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аын хохирогчоор өгсөн: “... баруун гараараа миний уруул хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Дараа нь заамдаж аваад шууд шүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь би 2-2 удаа гэдэс рүү нь цохисон... Б миний нүүр лүү цохиод дахиад шүд рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын хохирогчоор өгсөн: “... Миний хамрыг А нь гараараа 2-3 удаа тонгойлгож байгаад цохисон. Үүнээс болж хамар дотогш цөмөрч, 2 нүд маань хөхөрч, толгой маань өвчтэй болсон. Мөн миний зүүн гарын ядам хурууны дээд үеийн шөрмөс тасарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.33-34/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10447 дугаартай:
“1. Э.Аын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруулын няцарсан шарх, духны арьсны зулгаралт, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, дээд эрүүний зүүн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.45-46/,
Батлан Хамгаалахын Эмгэг Судлал, Шүүх Эмнэлгийн шинжээч эмч Д.Мөнх-Оргилын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 52 дугаартай:
“1. Б.Бын биед тархины доргилт, хамрын яс, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн сарвууны 4-р хурууны шөрмөсний урагдал, зулайн хуйх, зүүн гарын ядам хуруу, зүүн тохойн зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхи, хүзүүний урд хэсэг, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Б.Бын биед учирсан тархины доргилт, хамрын яс, баруун зүүн нүдний ухархайн дотор ханын ясны далд хугарал, зүүн сарвууны 4-р хурууны шөрмөсний урагдал, баруун зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Б.Бын биед учирсан зулайн хуйх, зүүн гарын ядам хуруу, зүүн тохойн зулгаралт, хүзүүний урд хэсэг, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.50-51/,
Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Аын хохирогчоор өгсөн: “Би хамартаа гэмтэл авсан. Үүдэн 4 шүд унасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бын хохирогчоор өгсөн: “Миний хамар болон зүүн гарын ядам хуруу гэмтсэн. Бид 2 харилцан зодолдох үед үүссэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.А, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Б, Э.А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Э.А, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Б.Б нь 241.580 төгрөгийн баримттай нэхэмжлэлээсээ татгалзсан учир Э.Аыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, Э.Аын баримтаар нэхэмжилсэн нийт 4.658.000 төгрөгөөс өвчтэй байсан 1 сарын цалин 1.071.000 төгрөг, шүдний мэс заслын урьдчилсан төлбөрийн 2.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхиж, үлдэх эмчилгээний зардал 1.487.000 төгрөгийг Б.Боос гаргуулж Э.Ат олгох нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлтэд зөвхөн 1 дүгээр шүд булгарсан гэх бөгөөд 3 ширхэг шүдний мэс заслын урьдчилсан төлбөрийн 2.100.000 төгрөгөөс 1 дүгээр шүдний төлбөр хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байна.
Хохирогч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Боос жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Э.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.А, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт зохих хэмжээний торгох ялыг харилцан ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.
Э.А, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Э.Аын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Э.А, Б.Б нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Э.А, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Оожуу овогт Эын А, Хар бүргэд овогт Бын Б нарыг “Хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Бод 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж, Б.Бод 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б, Э.А нарт сануулсугай.
5. Э.А, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, Э.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 1.487.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ат тус тус олгосугай.
8. Хохирогч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Боос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.А, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР