Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0447/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Г.Бт холбогдох эрүүгийн 1918003270483 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Г.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ ..... оны ..... дугаар сарын .....-ний өдрийн ..... цагийн орчим ...... аймгийн ...... сумын ..... дугаар багийн .....-ийн .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух иргэн Д.Цгийн гэрт орж 40 литрийн бидон, хар өнгийн платье, хар өнгийн юбка, эрэгтэй хүний хар өнгийн савхин хүрэм, гоёлын бүс, зурагтын төхөөрөмж зэрэг нийт 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйл авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Бийн өгсөн: Мөнгө олж хоолны материал авахаар хулгай хийсэн. Авсан эд зүйлээ зарж архи авч уусан. Ажил хийгээд хохирол төлбөрт 100.000 төгрөг төлсөн. Буруу зүйл хийсэн харамсаж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Цгийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай хүү сургуулиасаа гэртээ ирэхэд манай гэрийн юмыг сандаачаад хаясан, хулгайч орсон байдалтай байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 40 литрийн бидон, хүүгийн савхин хүрэм, миний хар өнгийн платье, хар өнгийн юбка, гоёлын бүс, зурагтын төхөөрөмж зэрэг эд зүйлс алга болсон. 40 литрийн бидоныг буцааж авсан. Хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч Х.Мын өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16:00 цагийн үед цагаан өнгийн футболка, ажлын гутал өмссөн, дунд зэргийн нуруутай нэг залуу түүхий эд авдаг зах дээр 40 литрийн бидон авах уу? гээд явж байсан. Би хулгайн эд зүйл биш биз дээ? гээд 6500 төгрөгөөр авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би 6500 төгрөгийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Б.Аийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад намхан, цагаан өнгийн майк өмссөн залуу орж ирээд 40 литрийн бидон бариад орж ирсэн. Манай эзэн З гэх хүн “хулгайн эд зүйл биш биз дээ?” гэхэд “биш” гээд мөнгийг нь өгөөд гаргасан. Тэр залуутай нэг нь улаан өнгийн цамцтай, нүүр нь шалбарчихсан, бандгар эмэгтэй, нөгөө нь туранхай эмэгтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Н.Эын өгсөн: ...бидоныг худалдаж авсан хүнээс ямар хүн авч ирж өгсөн талаар асуухад “архи уугаад явж байдаг эмэгтэй байсан. Дархан сумын 5 дугаар багийн 64 дүгээр брак байранд байж магадгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь очиж шалгахад Ггийн Б нь их хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Г.Б нь хар өнгийн платье өмссөн байсан нь хохирогчийн хэлж байсан хувцастай таарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрч Ц.Цийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр туранхай, цагаан өнгийн цамцтай эрэгтэй, улаан өнгийн цамц, саравчтай малгай өмссөн махлаг эмэгтэй, нөгөө эмэгтэйг нь сайн ажиглаж хараагүй 3 хүн манай хашааны урд хэрэлдэж байгаад явсан. Гартаа 40 литрийн бидон, тортой зүйл барьчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Д.Цбын өгсөн: ...хичээлээ тараад гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарыг хойш нь ухраагаад завсар гаргаад хулгайч орсон байсан. 40 литрийн бидон, савхин хүрэм, зурагтын төхөөрөмж алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр архи уучихсан явж байхад энэ айл тааралдаад амбаарынх нь завсраар ороод 40 литрийн усны сав, ойр зуурын хувцас авсан. Тэгээд гараад явж байхдаа танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй таараад ууж байсан архинаас нь уусан. Тэгээд дахиад архи авах гэхэд мөнгө байхгүй гэхээр нь “энэ савыг зараад архи авч ууя” гэж хэлсэн. Тэгээд 40 литрийн савыг 6000 төгрөгөөр зараад архи авч уусан гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

..... сумын ..... дугаар баг ...... тоотод очиход гэр, шавар байшин байх ба гэрт ороход хойморт байрлах шүүгээнд байсан эд зүйлийг газарт унагаасан байдалтай, зурагтын зүүн талд хар төхөөрөмж залгах зориулалттай утаснууд салсан байдалтай, доод шүүгээнд байсан хувцсыг шалан дээр хаясан байдалтай байсныг тэмдэглэл болгон бичив... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 6-11/,

...хөнгөн цагаан өнгийн материалтай 40 литрийн бидоныг хураан авч, хохирогч Д.Цд хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “Д.Цгийн гэрээс алдагдсан 40 литрийн бидон 1 ширхэг, хар өнгийн платье 1 ширхэг, хар өнгийн юбка 1 ширхэг, эрэгтэй хүний савхин хүрэм 1 ширхэг, гоёлын бүс 1 ширхэг, зурагтын төхөөрөмж 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 270.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл /хх-ийн 68/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Г.Бийн согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчидийн 9 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Д.Цгийн гэрт орж 40 литрийн бидон, хар өнгийн платье, хар өнгийн юбка, эрэгтэй хүний хар өнгийн савхин хүрэм, гоёлын бүс, зурагтын төхөөрөмж зэргийг авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Цд 270.000 төгрөгийн хохирол учирсан, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.     

Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цд 270.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь 40 литрийн бидоныг буцаан авсан, шүүгдэгчээс хохирол төлбөрт 100.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Цгийн “...40 литрийн бидоныг буцааж авсан. Хохирол төлбөрт 100.000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхийн хамт амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР