Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2066

 

 

  2020         12         17                                       2020/ШЦТ/2066

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн /ҮД:3156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Мт холбогдох 1906 00763 2606 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1965 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, махны технологич мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хар усны 3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дархан хотын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Дархан-Уул аймгийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 265/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялд өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 138 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, тэдгээр ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг тэнсэн сулласан 8 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 870 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1908 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар тус тус тогтоосон, Б овогт Оы М /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 56 дугаар гудамжны 788-3 тоотод оршин суух Б.Саруултөгсөөс “Мах импекст ажилладаг, мах авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 480.000 төгрөг,

Мөн “гар аргаар хийсэн 250.000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг ээмэг худалдан авна” гээд мөнгийг өгөлгүй хуурч, нийт 730.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Саруултөгсийн өгсөн: “... нэг эмэгтэй яриад “та сайхан эд зүйл хийдэг юм байна, таны хийсэн зүйлүүдээс авъя” гэсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед манайд нэг намхан эмэгтэй өөрийгөө М гээд нэг хүн ирсэн. Би нийт 480.000 төгрөг эмэгтэйд өгсөн. Мөн 130.000 төгрөгийн зүйл аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хонгорзулын өгсөн: “... М гэх эмэгтэй хамт байсан. Ээж надаар 10 ширхэг ээмэг боолгуулж би өгсөн. Тэрний дараа тэр эгч “Мах импекст ажилладаг, ажилчдадаа баярын үеэр махаа хямдралтай үнээр өгдөг, би танд тусалъя, мах хямдхан аваад өгье” гээд ээж хонь, үхрийн мах авахаар болсон. Ээж “бэлнээр өгөхгүй, дансаар өгье” гэсэн, би ээжийн картыг уншуулж, 480,000 төгрөгийг бэлнээр авч О.М гэх эгчид өгсөн...” гэх мэдүүлэг /хх.31/,

 “Дамно” ХХК-й 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн БЗД3-20-449 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 56 дугаар гудамжны 788-3 тоотод оршин суух Б.Саруултөгсөөс “Мах импекст ажилладаг, мах авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 480.000 төгрөг,

Мөн “гар аргаар хийсэн 250.000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг ээмэг худалдан авна” гээд мөнгийг өгөлгүй хуурч, нийт 730.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Саруултөгсийн өгсөн: “... Би нийт 480,000 төгрөг эмэгтэйд өгсөн. Мөн 130.000 төгрөгийн зүйл аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.26-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хонгорзулын өгсөн: “... М гэх эмэгтэй хамт байсан. Ээж надаар 10 ширхэг ээмэг боолгуулж би өгсөн. Тэрний дараа тэр эгч “Мах импекст ажилладаг, ажилчдадаа баярын үеэр махаа хямдралтай үнээр өгдөг, би танд тусалъя, мах хямдхан аваад өгье” гээд ээж хонь, үхрийн мах авахаар болсон. Ээж “бэлнээр өгөхгүй, дансаар өгье” гэсэн, би ээжийн картыг уншуулж, 480,000 төгрөгийг бэлнээр авч О.М гэх эгчид өгсөн...” гэх мэдүүлэг /хх.31/,

 “Дамно” ХХК-й 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн БЗД3-20-449 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.53/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

О.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч О.Мээс хохирлын 730.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Саруултөгсөд олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.Мийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

          О.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч О.Мийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд түүнд хорих ялын доод хэмжээг оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг хүлээн авах үндэслэлгүй юм.

О.Мийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Оы Мийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, О.Мт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 4 жил 6 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Мт оногдуулсан 4 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, О.Мийг урьд нь цагдан хорьсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай..

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мээс 730.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Саруултөгсөд олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР